Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 128/ШШ2020/0444

 

 

 

 

 

 

2020 оны 06 сарын 29 өдөр                 Дугаар                                     Улаанбаатар хот

                                                      128/ШШ2020/0444

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн тавдугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

         Нэхэмжлэгч: И.М

           Хариуцагч: ЭХЗХ

          Гуравдагч этгээд: “Б” ХХК

         Нэхэмжлэлийн шаардлага: “ЭХЗХны 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 300 дугаар тогтоолын хавсралтад Б дүүргийн 8 дугаар хороонд байрлалттай 0.74 Гкал/ц-ийн дулааны ачаалалтай , -- дугаар орон сууц, 1 ус дулаан дамжуулах гэж нэмэлт оруулсан нь илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, А.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ө.А, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн И.М нь цагдаагийн академийн өргөн чөлөө -- дугаар тоот хаяг дээр байрлах газар дээрээ орон сууц барьсан.

Энэ орон сууцандаа өөрийн хөрөнгөөрөө ус дамжуулах шугам сүлжээ барьж ашиглалтад оруулсан.Энэ  ашиглалтад  оруулахад  зохих хэмжээний зөвшөөрөл авдаг. Эдгээр тусгай зөвшөөрлүүдийг авсан.  Шүүхэд гаргаж байгаа шаардлага гэвэл уг -- дугаар байрны ус дулаан дамжуулах шугам сүлжээг 2019 оны 300 тоот тогтоолоор” Б” ХХК-ийн өмчлөлд нь шилжүүлж мөн энэ орон сууцанд үйлчилгээ үзүүлэх зөвшөөрлийг нь нэмж олгосон байсан. Нэмж олгосон үйлдэл нь иргэн И.Мийн хөрөнгө “Б” ХХК-ийн өмчлөлд нь хууль бусаар  шилжин очсон учраас Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 заасны дагуу “... өөрийн хөрөнгөөр бий болгосон эрх хууль ёсны ашиг сонирхолд халдсан” гэж үзэж байгаа учир ЭХЗХноос хуулиар олгосон эрх хэмжээгээ хэтрүүлсэн гэх нэхэмжлэлийг гаргасан гэв.

Хоёр. хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ЭХЗХны дүрмийн 8 дугаар зүйлийн 8.4 заасан нотлох баримтуудыг бүрдүүлж 300 дугаар тогтоол гарсан байгаа. 8 дугаар зүйлийн 8.4.1 буюу хүсэлт гаргасан албан бичиг “БЖ" ХХК-ийн 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 19030102 тоот албан бичиг нь хавтаст хэрэгт байгаа. "Б" ХХК-ийн 2019 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 1965 тоот албан бичиг, гэрээнүүд байгаа. Техникийн нөхцөл болон бусад бичиг баримтуудыг мэргэжилтэн тайлбарлана. Аж ахуйн харилцааны дүрэмд заасны дагуу манай байгууллагаас бүх нотлох баримтуудыг бүрдүүлсний үндсэн дээр өөрчлөлт оруулсан байгаа. Яагаад гэвэл энэ цаагуураа өмчлөлтэй холбоотой асуудал байсан учир бид өмч хөрөнгийн маргаангүй аль аль талуудад хүсэлт гаргаад бүх нотлох баримтуудыг шаардлага хангуулах хүрээнд өөрчлөлт оруулаад байгаа. Иргэн И.М гэж нэхэмжлэгч талаас дурдаж байгаа боловч "БЖ" ХХК гэдэг бол И.Мийн нэг иргэний өмч гэдэг нь тодорхой байгаа. Манай байгууллагад ирүүлсэн бүх хүсэлт бичиг баримтан дээр бүгдээрээ дээр нь И.Мын гарын үсэг байгаа. Иргэн И.Мын эрх ашгийг энэ "БЖ" ХХК-тай байгуулсан гэрээгээр зөрчөөд байна гэж байгаа болов энэ бүхний цаана И.М өөрөө гарын үсгээ зуран, гэрээгээ байгуулан, хүсэлтээ тавьсан байгаа. Иргэн И.Мын эрх ашгийг хөндөөд байна гэж байгаа боловч И.М гэдэг нь “БЖ” ХХК юм гэв.

            Гурав. хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу дулаан түгээх хангах үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөлтэй хуулийн итгээд гүйцэтгэх ийм хуулийн зохицуулалттай. Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.13 “ .. нийтийн зориулалттай орон сууц барьсан иргэн хуулийн итгээд эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигчид шилжүүлэх үүрэгтэй”. Төвлөрсөн дулаан хангамж холбогдох техник нөхцөлийн 6 дугаар зүйлийн 6.4 дээр Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.13 дахь заалтыг хангасан тохиолдолд шугам сүлжээнд холбоно гэж тухайн нийтийн зориулалттай -- дугаар байрыг бариад төвлөрсөн дулаан хангамжид холбосон шугам сүлжээ, тоног төхөөрөмжийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид шилжүүлнэ гэсэн энэ утгаараа тусгай зөвшөөрөл эзэмшигч “Б” ХХК-д, “БЖ” ХХК-ийн 100%-ийн хувьцаа эзэмшигч, төлөөлөх эрх бүхий итгээд И.М өөрөө 3 дугаар сарын 01-ний өдөр албан бичиг бичээд ЭХЗХнд болон Улаанбаатар дулааны шугам сүлжээнд “ тухайн байшингийн дулаан түгээх шугам сүлжээ, тоног төхөөрөмжийг тусгай зөвшөөрөл эзэмшигч “Б” ХХК шилжүүлсэн. ЭХЗХ тусгай зөвшөөрөл эзэмшигч болон хэрэглэгчдийн эрх ашгийг тэнцвэртэй хамгаалах үүрэгтэй. Тухайн -- дугаар байр 2019 оны 01 дүгээр сард ашиглалтад орсон үүнээс хойш иргэн И.М хууль зөрчиж үйл ажиллагаа явуулж байсан. Үүний дагуу шугам сүлжээ тоног төхөөрөмжийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид шилжүүлж тухайн -- дугаар байранд орсон оршин суугчдын үйл ажиллагааг нь тусгай зөвшөөрөл эзэмшигчээр үйл ажиллагааг нь хариуцуулж ажиллах үүднээс тухайн гэрээг байгуулж ашиглалт үйлчилгээг нь шилжүүлсэн болно. Энэ үйлчлэх хүрээгээр зөвхөн “Б” ХХК-д -- дугаар байранд дулаан түгээх, хангах үйл ажиллагаа явуулах эрхийг олгож байгаа. Өмч хөрөнгийг шилжүүлэх асуудлыг ЭХЗХ хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд  шийдвэрлэсэн. Иймд ЭХЗХны 300 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

            Дөрөв. гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ө.А 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Б" ХХК, "БЖ" ХХК хоёр 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөр гэрээ байгуулсан. Энэ гэрээний зохицуулалтаар дулаан дамжуулах эрхийг Б авч үүний дараа бусад баримтууддаа үндэслээд ЭХЗХнд хүсэлтээ гаргасан. Өөрийнхөө тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг нөхцөл шаардлагыг хангаж баталгаажуулж өгнө үү гэх. Энэ хүсэлтийг ЭХЗХ хүлээж аваад 2019 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 300 тоот тогтоолоор Б ХХК-д 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 424 дүгээр тогтоолоор баталсан тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын 22-т нэмэлт оруулах байдлаар Б дүүргийн  8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрших -- дугаартай байр, дулаан, ус дамжуулах гэж нэмэлт оруулсан. ЭХЗХ энэ шийдвэрийг гаргах үүрэгтэй. Хэрвээ энэ байгууллага шийдвэрээ гаргаагүй бол хуулийн хариуцлага хүлээх асуудал гарч ирнэ. ЭХЗХ хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн. Гаргасан шийдвэр нь хууль ёсных бөгөөд ямар нэгэн хууль тогтоомж зөрчсөн үндэслэл байхгүй. Энэ ус дулаан дамжуулах төв нь Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийн 13 дахь хэсэгт зааснаар нийтийн эзэмшлийн орон сууц барих тохиолдолд  барьсан эрчим хүчний дэд станц, шугам сүлжээг тусгай зөвшөөрөл эзэмшигчид шилжүүлэхийг хэрэглэгчийн үүрэг гэж заасан байдаг. Тухайн ус дулаан дамжуулах төвийг барьсан бүх зардлыг иргэн И.М 1-- айлд тухайн орон сууцыг зарахдаа үнийг нь оруулаад тооцуулаад авчихсан. Гэтэл одоо нэмж өмчилнө би өмчлөгч нь гээд маргаад байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.  ЭХЗХны 2019 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 300 тоот тогтоолыг илт хууль бус гэж тогтоолгоход хууль зүйн үндэслэл заавал хэрэгтэй. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан үндэслэлд энэ гаргаж байгаа нэхэмжлэл байхгүй. Иймд илт хууль бус болохыг тогтоох хуулийн үндэслэл байхгүй гэж үзэж байна.  ЭХЗХны дүрэм дээр нотариатаар баталгаажуулна гэж заасан болохоос биш яг ямар үйлдэл хийхийг нь зааж өгөөгүй. Энэ тохиолдолд Б ХХК нь баталгаажуулсан процесс нь Нотариатын тухай хуулийн зүйл заалтыг зөрчсөн гэсэн үндэслэл байхгүй. Нотариатын тухай хуультай холбоотой асуудал хууль зүйн үндэслэлгүй байна. Өнөөдөр тэр ус, дулаан дамжуулах төв И.Мын өмчлөл биш. Хэрвээ тухайн захиргааны актын улмаас И.М гэх хүний ямар эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөд хөндөгдөөд байгаа юм. 300 дугаартай тогтоолыг илт хууль бус болохыг шүүх тогтоолоо гэхэд тэр ус дулаан дамжуулах төв нь И.Мын өмчлөлд оччихгүй. Ийм ямар ч бодит бололцоо байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “ЭХЗХны 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 300 дугаар тогтоолын хавсралтад Б дүүргийн 8 дугаар хороонд байрлалттай 0.74 Гкал/ц-ийн дулааны ачаалалтай , -- дугаар орон сууц, 1 ус дулаан дамжуулах гэж нэмэлт оруулсан нь илт хууль бус болохыг тогтоолгох” гэж тодорхойлжээ.

Шүүх хуульд заасан журмаар хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, болон нэхэмжлэгч, хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлага тус бүрийг дараах байдлаар дүгнэлээ.

Нэхэмжлэгчээс “...ЭХЗХ 2019 оны 300 дугаар тогтоолоор Б ХХК-д эрх олгож шийдвэрлэхдээ хуульд заасны дагуу нөхцөл байдлыг тогтоох, холбогдох нотлох баримтыг болон хүсэлт гаргагчийн эрх зүйн байдлыг нягтлан үзэлгүйгээр илт хууль захиргааны акт гаргасан...” гэж  хариуцагчаас “...И.М нь БЖ ХХК-ийн хувьцааг ганцаараа эзэмшдэг, уг компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд учраас Б ХХК-тай хийсэн гэрээнд өөрөө гарын үсэг зурж нотариатаар гэрчлүүлсэн байсан нягтлан шалгах үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй юм” гэж маргаж байгаа болно.

 “БЖ” ХХК нь ЭХЗХнд Улаанбаатар хотын Б дүүргийн 8 хороо, Цагдаагийн академийн өргөн чөлөөнд байрлах -- дугаар байрны 1-- айлын 16 давхар, орон сууцны барилга, байгууламж, дулааныг дамжуулах түгээх шугам сүлжээ болон цэвэр ус дамжуулах, түгээх, бохир ус цуглуулах, татан зайлуулах шугам сүлжээг “Б” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэн өгөхийг хүссэн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 19/03/01-2 тоот албан бичиг, “Б” ХХК-ийн 2019 оны 5 дугаар  сарын 26-ны өдрийн 19/65 тоот албан бичиг, “БЖ констракшн” ХХК болон “Б” ХХК-ийн хооронд байгуулсан 2019 оны 3 дугаар  сарын 01-ний өдрийн 19/04 дугаартай гэрээ болон бусад холбогдох баримтуудыг ирүүлжээ.

Дээрх баримтуудыг үндэслэн хариуцагчаас 2019 оны 300 дугаар тогтоолыг гаргаж, тус дулаан дамжуулах, түгээх шугам сүлжээ болон цэвэр бохир ус дамжуулах, түгээх, бохир ус цуглуулах, татан зайлуулах төвийг “Б” ХХК-ийн өмчлөлд шилжүүл, түүний үйлчлэх хүрээнд өөрчлөлт оруулжээ.

ЭХЗХ 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн “Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг хавсралтад нэмэлт оруулах тухай” 300 дугаар тогтоолыг Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 9.2, 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэг, ЭХЗХны 2019 оны 181 дүгээр тогтоолоор батлагдсан “Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэм”-ийн 5.1, 8.2 дахь заалтыг үндэслэн “Б” ХХК-ийн ирүүлсэн хүсэлтийг үндэслэн ЭХЗХны 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 424 дүгээр тогтоолоор баталсан “Б” ХХК-ийн дулаан түгээх, хангах тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын хавсралтын 22 дугаар мөрөнд “Б дүүргийн 8 дугаар хороонд байрлалтай, 0.74 Гкал/ц-ийн дулааны ачаалалтай, -- дугаартай орон сууц, 1 ус дамжуулах дулаан дамжуулах төв” гэж нэмжээ.

Эрчим хүчний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар ЭХЗХ нь эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, диспетчерийн зохицуулалт хийх, хангах үйл ажиллагааг зохицуулах, үнэ тарифыг тогтоох, эрчим хүч хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй байгууллага байх бөгөөд тус хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 9.1.2-д зааснаар Зохицуулах хороо нь тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгч цахилгаан, дулаан нийлүүлэх, авах зорилгоор цахилгаан, дулаан дамжуулах, түгээх сүлжээнд холбогдоход шаардагдах санхүү, техник, цаашид бусад хэрэглэгчийн холболтын журам батлах, хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох бүрэн эрхтэй, харин шийдвэр гаргахдаа 9 дүгээр зүйлийн 9.2-д зааснаар шийдвэрлэх асуудлаа зохицуулагчдын зөвлөлийн хурлаараа хэлэлцэж, хурлын шийдвэр тогтоол хэлбэртэй гарч, Тогтоолыг тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгч дагаж мөрдөхөөр заажээ.

ЭХЗХны 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн “Дүрэм батлах тухай” 181 дүгээр тогтоолоор батлагдсан Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрмийн 8.2-д зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигчээс энэ дүрмийн 8 дугаар зүйлийн 8.4-д заасан баримтыг бүрдүүлж, тус дүрмийн 8.1-д зааснаар хариуцагч хүсэлтийг хүлээн авснаас хойш ЭХЗХ нь 30 хоногийн дотор шийдвэрлэхээр заасныг зөрчөөгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан “БЖ” ХХК, “БЖ” ХХК-ийн хүсэлт, Барилга байгууламж, дулааны дамжуулах түгээх болон цэвэр ус дамжуулан түгээх, бохир ус цуглуулах, татан зайлуулах шугам сүлжээг хүлээлцсэн акт, Үндсэн хөрөнгө шилжүүлсэн акт, “Б” ХХК-ийн хооронд 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 19/04 тоот гэрээ, газар эзэмших гэрээ, гэрчилгээ, техникийн нөхцөлүүд, архитектур төлөвлөлтийн даалгавар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт авагдсан 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 19/04 дугаартай гэрээг үзвэл “БЖ” ХХК Б дүүргийн 8 дугаар хороо -- дугаар байрны 1-- айлын орон сууцын барилга байгууламж, дулааныг дамжуулан түгээх шугам сүлжээ болон Цэвэр ус дамжуулах түгээх, бохир ус цуглуулах, татан зайлуулах шугам сүлжээн “Б” ХХК-ийн  өмчлөлд  үнэ төлбөргүй шилжүүлж, хүлээлгэн өгч, өмчлөлд шилжүүлэн өгөх эд хөрөнгийн үнэлгээг хавсралтаар гаргаж, тус компанийн захирлууд тамга дарж гарын үсгээ зурж баталгаажуулжээ.

Мөн “БЖ” ХХК-ийн захирал И.М нь ЭХЗХнд 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр дээрх -- дугаар байрны орон сууцны ашиглалт үйлчилгээг “Б” ХХК-д шилжүүлж өгөх хүсэлтээ  гаргасан зэрэг баримтуудаас үзвэл нэхэмжлэгчийн “эрх бүхий этгээдээс эрх олгогдоогүй байхад тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын үндэслэлийг шалган нягтлах үүргээ биелүүлээгүйн улмаас хөрөнгийн эрхийг бусдад олгосон” гэж хариуцагч захиргааны байгууллагыг буруутгаж байгааг Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.13-д нийтийн эзэмшлийн орон сууцны барилга барих тохиолдолд барьсан эрчим хүчний дэд станц, шугам, тоноглолыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид шилжүүлэх гэж зааснаар хүлээн авах боломжгүй байна.

Учир нь Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д хуулийн хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсч, хуульд заасан журмын дагуу татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болох бөгөөд 26.4-д зааснаар хуулийн этгээд удирдах байгууллагаараа дамжуулан иргэний эрх зүйн харилцаанд оролцож, 26.5-д зааснаар хуулийн этгээдийн удирдах байгууллагын эрх зүйн байдлыг хууль буюу үүсгэн байгуулах баримт бичгээр тодорхойлно гэж заажээ. Тэгвэл хавтаст хэрэгт авагдсан  Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн газраас ирүүлсэн  хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар  “БЖ” ХХК-ийн  хувьцаа эзэмшигч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь И.М бүртгэлтэй байна.

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...дээрх маргаан бүхий актын хавсралтыг шүүх нотлох баримтаар аваагүй байна” гэж байгаа хэдий ч ЭХЗХноос гаргасан 2019 оны 300 дугаар тогтоолоор  ”Б” ХХК-ийн  дулаан түгээх, дулаанаар хангах тусгай зөвшөөрлийн 2018 оны 424 дүгээр тогтоолын хавсралтын 22 дугаар мөрөнд “Б дүүргийн 8 дугаар хороонд байрлалтай, 0.74 Гкал/ц-ийн дулааны ачаалалтай, -- дугаартай орон сууц, 1 ус дамжуулах дулаан дамжуулах төв” гэж нэмсэн болохыг тайлбарлах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч маргаан бүхий захиргааны актыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж маргаж байгаа бөгөөд дээрх үндэслэлүүдээр ЭХЗХ 2019 оны 300 дугаар тогтоолоор  ”Б” ХХК-ийн  дулаан түгээх, дулаанаар хангах тусгай зөвшөөрлийн 2018 оны 424 дүгээр тогтоолын хавсралтын 22 дугаар мөрөнд “Б дүүргийн 8 дугаар хороонд байрлалтай, 0.74 Гкал/ц-ийн дулааны ачаалалтай, -- дугаартай орон сууц, 1 ус дамжуулах дулаан дамжуулах төв” гэж нэмснийг илт хууль бус захиргааны акт гэж үзэх боломжгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14 дахь заалтыг удирдлага болгон

                                           ТОГТООХ нь:

1. Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 9.2, Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.5, 30 дугаар зүйлийн 30.1.13, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг баримтлан  иргэн И.Мийн нэхэмжлэлээр ЭХЗХнд холбогдуулан гаргаснаар “ЭХЗХны 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 300 дугаар тогтоолын хавсралтад Б дүүргийн 8 дугаар хороонд байрлалттай 0.74 Гкал/ц-ийн дулааны ачаалалтай , -- дугаар орон сууц, 1 ус дулаан дамжуулах гэж нэмэлт оруулсан нь илт хууль бус болох”-ыг тогтоолгохыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

                                 ШҮҮГЧ                            Д.ЧАНЦАЛНЯМ