Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 101/ШШ2017/03747

 

 

 

 

 

 

2017 оны 11 сарын 22 өдөр          Дугаар 101/ШШ2017/03747          Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Амаржаргалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, Тээвэрчдийн гудамж, 0 дүгээр байр, 0 тоотод оршин суух, 34 настай, эрэгтэй, Д овогт Бын Эгийн /***********/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 байрны 0 тоотод оршин суух, 34 настай, эмэгтэй, Ц овогт Эийн Зд /*********/ холбогдох,

Хүүхэдтэй уулзуулахыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Э, хариуцагч Э.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Нарантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:

Б.Э миний бие шүүхэд өмнө нь гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна. Э.У охиныг байнгын асрамжинд үлдээх шаардлагаа өөрчилж байна.

Охины эрх ашгийг хүндэлж, эцэг болох би хуулийн дагуу 7 нас хүртэл хугацаанд тогтмол уулзаж байхыг хариуцагчид даалгаж өгнө үү. Тогтмол гэдэг нь, амралтын нэг өдөр бүтэн /өдрийн болон шөнийн цагаар/, ажлын нэг өдөр хагас /оройн болон шөнийн цагаар/ хамт байх хүсэлтэй тул ийнхүү хамт байлгахыг хариуцагчид даалгана гэжээ.

 

Хариуцагч Э.З шүүхэд гаргасан тайлбар, шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:

Миний бие Б.Эгийн нэхэмжлэлтэй танилцсан ба хариу тайлбар өгье.

Нэхэмжлэгчийн эрх, ашгийг тэргүүнд тавихаасаа өмнө охин Э.Уын эрх, ашгийг мөн харгалзан үзнэ үү. Охин Э.У нь 1 ой, 3 сартай. Одоогоор ээжээсээ өөр хүний асрамж халамжийг мэдэхгүй жоохон байна. Цэцэрлэгт явдаг ч байнгын хяналтад байдаг. Охиныг минь 3 нас хүртэл ээжээс нь хоногоор холдуулах нь хүүхдийн сэтгэл зүй, эрүүл аюулгүй байдалд нь эрсдэлтэй гэж үзэж байгаа тул хүүхдийн эрх ашгийг дээдлэн үзэж амралтын өдрөөр 3 нас хүртэл цаг товлон уулзуулах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.  

 

Зохигчдын шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар, шүүх хуралдааны үед нэхэмжлэгчийн гаргасан тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Э.Зд холбогдуулан хүүхдийг 7 нас хүртэл хугацаанд эцэгтэй нь хамт байлгах, уулзуулахыг /амралтын нэг өдөр бүтэн буюу өдрийн болон шөнийн цагаар, ажлын нэг өдөр хагас буюу оройн болон шөнийн цагаар/ хамт байхыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Э.З нь хүүхдийг 3 нас хүртэл зөвхөн амралтын аль нэг өдөр тодорхой цагаар уулзуулж болно, орой, шөнийн цагаар уулзуулах хамт байлгах боломжгүй, харин 3 наснаас дээш тухайн хугацаагаар хамт байлгахыг хүлээн зөвшөөрнө гэж тайлбарлаж байна.

Шүүх хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбарт үндэслэн дараах байдлаар нэхэмжлэгч Б.Эгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж шийдвэрлэв.

Б.Э, Э.З нар нь 1998 онд танилцан 2015 оны 06 дугаар сараас хамтран амьдрах болсон, тэдний дундаас 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр охин Эгийн У төрсөн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан хүүхдийн 1110550088 бүртгэлийн дугаар бүхий төрсний гэрчилгээний хуулбараар тус тус /х.х-ийн 44 дэх талд/ нотлогдож байна.

Зохигчид гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй боловч хүүхдийг эцэг Д овогт Бын Эгээр овоглосон бөгөөд захиргааны журмаар эцэг тогтоосон байна. /х.х-ийн 44 дэх талд/

Зохигчид 2016 оны 10 дугаар сараас тусдаа амьдрах болсон бөгөөд одоо охин Э.У нь эх Э.Згийн асрамжинд амьдарч байна. Охин Э.У 1 настай, эрүүл өсч, хүмүүжиж байгаа нь зохигчдын тайлбар, “Эмнэхүй”  Өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт /х.х-ийн 21 дэх талд/, “Тэнгэрлэг багачууд” цэцэрлэгийн бага бүлэгт суралцаж байгаа талаарх цэцэрлэгийн эрхлэгчийн тодорхойлолт /х.х-ийн 22 дахь талд/ зэргээр тус тус нотлогдож байна.

Хүүхдийг эцэг эхийн хэний асрамжинд үлдээх талаар шүүхээр шийдвэрлүүлэх маргаангүй, энэ талаар болон хүүхдийн тэтгэлгийн талаар шаардлага гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй. 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээр хүүхдийн эцгийн хувьд хүүхэдтэйгээ уулзах, хамт байлгахыг даалгах шаардлага гаргасан.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дахь хэсэгт, “Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ.” гэж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, 26.2 дахь хэсэгт зааснаар, эцэг эх, хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадал олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд туслах үүргийг адил хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглох зохицуулалтыг мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар зохицуулсан байна.

Хуульд зааснаар охин Э.Уыг эцэгтэй нь уулзуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага нь хуульд заасан агуулгаар хүүхдийн өмнө хүлээсэн үүргээ адил тэгш эдлэх үүднээс эцгийн хувьд гаргаж байгаа шаардлага гэж үзэх боломжтой, хүүхдийн хувьд эцэг байх эрхэд хамаарах шаардах эрх гэж үзэв.

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлээр хүүхдийн эсэн мэнд амьдрах эрхийг зохицуулсан байх бөгөөд 5.3-т, “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй.” гэж заажээ.

Нэг талаас хүүхдийн хувьд эцэг байх эрх, нөгөө талаас тусдаа амьдарч байгаа эцэгтэйгээ байнгын харилцаатай байх хүүхдийн эсэн мэнд амьдрах эрхийн агуулгаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Харин нэхэмжлэлийн шаардлага болох хүүхэдтэйгээ 7 нас хүртэл хугацаанд амралтын нэг өдөр бүтэн /өдөр, шөнө/, ажлын нэг өдөр хагас /орой, шөнийн цагаар/ хамт байх шаардлагын хувьд бүхэлд нь хангаж шийдвэрлэх боломжгүй тул хэсэгчлэн хангаж шийдвэрлэв.

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т, “хүүхдийн нас, төлөвшлийн байдлыг харгалзан, түүний үзэл бодолд хүндэтгэлтэй хандах;” зарчмыг хүүхдийн эрхийн хамгаалахад баримтлахаар зохицуулжээ.

Охин Э.У нь 1 нас 3 сартай байх бөгөөд хүүхдийн эхийн тайлбараар шөнийн цагаар анхаарал халамж, асаргаа шаардлагатай талаар тайлбарлаж байна.

Хүүхдийн нас, сэтгэхүйн онцлог байдлыг харгалзан үзэж 3 нас хүртэл хугацаанд шөнийн цагаар эхээс тусад нь байх болон өөр орчин нөхцөлд байлгах нь хүүхдийн сэтгэхүйд сөргөөр нөлөөлөх магадлалтай гэж үзэв. Энэ үндэслэлээр 3 нас хүртэл хугацаанд шөнийн цагаар хамт байлгахыг даалгах шаардлагыг хангах бодит боломж бүрдээгүй байна.

Харин хүүхэд одоогийн байдлаар цэцэрлэгт өглөөний 8 цаг 30 минутаас эхлэн орой 19 цаг хүртэл бусдын асрамжинд хүмүүжиж байгаа нөхцөл байдлыг харгалзан амралтын нэг өдөр дурдсан цагаар буюу 9 цагаас 19 цаг хүртэл хугацаанд эцгийн хамт байх, түүнийг хүүхдийн хувьд хүлээх үүргээ эхийн адил тэгш эдлэх боломжийг олгох нь зүйтэй.

Харин 3-7 нас хүртэл хугацаанд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд амралтын нэг өдөр бүтэн /өдөр, шөнө/, ажлын нэг өдөр хагас /орой, шөнийн цагаар/ хамт байх нь хүүхдийн эрх, ашиг сонирхолд нийцнэ гэж үзэв. Энэ насанд хамаарах шаардлагын талаар зохигч талууд маргаагүй, хариуцагч хүлээн зөвшөөрч байгааг дурдах нь зүйтэй.    

Хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хангах үүднээс хүүхдийн асрамжийн асуудал болон хүүхдийн тэтгэлэг гаргуулах эрхийг хангахад чиглэгдсэн аливаа шаардлагыг шүүхэд гаргахад энэ шийдвэр саад болохгүй болно.

Хүүхдийг эцэгтэй нь уулзуулах талаарх энэхүү шийдвэрийн дагуу эцэг, эх хэн аль нь хүүхдийн өмнө хуулиар хүлээсэн үүргээс чөлөөлөхгүй бөгөөд хэвээр хадгалагдах болохыг дурдах нь зүйтэй.             

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин Э.Уыг 3 нас хүртэл хугацаанд амралтын нэг өдөр 9 цаг 00 минутаас 19 цаг 00 минут хүртэл  хугацаанд түүнчлэн 3-7 нас хүртэл хугацаанд амралтын нэг өдөр бүтэн /өдөр, шөнө/, ажлын нэг өдөр хагас /орой 17 цагаас, хэрэв цэцэрлэгт хүмүүжиж байгаа бол цэцэрлэг тарах цагаас эхлэн шөнийн цаг буюу өглөөний 09 цаг 00 минут хүртэл,  цэцэрлэгт хүмүүжиж байгаа бол цэцэрлэгт хүргэх хүртэл хугацаанд/ эцэг Дэлгэрэхийн Этэй уулзуулах, хамт байлгахыг хариуцагч Э.Зд даалгаж, 3 нас хүртэл хугацаанд ажлын нэг өдрийн орой болон шөнийн цагаар, амралтын өдрийн орой, шөнийн цагаар хамт байлгахыг даалгах талаарх нэхэмжлэлийн шаардлагын хэрэгсэхгүй болгосугай.  

2. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.

3. Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Эгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Згаас 35 100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Эд олгосугай.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Г.АМАРЖАРГАЛАН