Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 2020/ШЦТ/886

 

                      

 

 

                             

 

 

  

 

 

                    

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга  Б.Бөхбаяр хөтлөн

улсын яллагч Г.Билгүүжин

шүүгдэгч Х.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Б-эд холбогдох эрүүгийн 2005020701318 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

         Шүүгдэгч: Монгол улсын иргэн,.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Х.Б- нь 2020 оны 5 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны АТМ-ээс хохирогч П.Г-ын эзэмшлийн Хаан банкны 0000000000 дансны дугаартай картыг ашиглан 2 удаагийн гүйлгээгээр нийт 1.300.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлан авсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь: 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

        

         Шүүх хуралдаанд шүүгдэгч Х.Б- мэдүүлэхдээ “Яллах дүгнэлтийг зөвшөөрч байна.  Ганбаатарын мөнгийг би авсан нь үнэн” гэв.

 

         Xавтаст хэргээс хохирогч П.Г- мөрдөн байцаалтанд “Би 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 50 дугаар байрны гадна А.Х.Б-гэх найзынхаа приус-20 маркийн машинд Ганхуяг, Энхбат, Нүдээ нарын хамт 5-лаа 0.75 литрийн хараа гэх нэртэй 2 шилийг хувааж ууцгаасан юм. Тэгээд Ганхуяг, Энхбат, Нүдээ нар нь ууж байсан газраа үлдээд Х.Б-намайг Баянгол дүүргийн 11 дүгээр хороо 77-66 тоот гэрт  хүргэж өгөхөөр Батсүхийн машинтай ууж байсан газраасаа хөдөлсөн юм. Тэндээс машинтай хөдлөөд би их согтсон байсан...Тэгээд 5 дугаар сарын 22-ны өдөр 12 цагийн үед гар утсаа хартал 1.300.000 төгрөгийн зарлага гарсан гэсэн мессеж ирсэн байсан. Дансны хуулгаа харахаар 5 дугаар сарын 21-ний өдрийн 11 цаг 4 минутад зарлага гарсан байсан гэтэл би энэ цаг хугацаанд гэртээ байсан байж таараад байгаа юм. Миний Хаан банкны карт алга байна лээ 2 өдөр хамт архи уусан энэ хугацаанд дэлгүүр болон бэлэн мөнгөний машинаас мөнгө авахдаа нууц кодоо мэдэгдэхээр хийсэн. Миний картны нууц кодыг мэдэж байсан, уг нь багаасаа найзалж байсан хүн гайхаад байна. Би 5 дугаар сарын 22-ны өдөр залгаад яагаад карт аваад явсан юм мөнгө авчихсан байх юм гэсэн чинь мөнгийг чинь өгчихнө жаахан хүлээчих гэж хэлсэн...Х.Б-намайг гэрт оруулчихаад дараа нь миний картнаас мөнгө авсан байсан намайг гэрт 11 цаг 02 минутын үед оруулсан байдаг. Харин АТМ-ээс мөнгө авсан нь 11 цаг 21 минутын үед авсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-17/

 

 Гэрч Ж.Мөнх-Эрдэнэ мөрдөн байцаалтанд “Би 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 11 цаг орчимд манай гэр болох Баянгол дүүргийн 11 дүгээр хороо 77/1 байрны 3 дугаар орц 64 тоот гэрийн хаалгыг тогшихоор нь би хаалга тайлахад манай нөхөр Ганбаатар гаднаас согтуу орж ирсэн. Тэгээд би хувцсыг нь тайлаад хувцасных нь халааснуудыг бүгдийг нь үзээд дотор нь байсан эд зүйлсийг нь гаргаж тавиад Ганбаатарыг өрөөнд оруулаад унтуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23/

 

Гэрч П.Отгончимэг мөрдөн байцаалтанд “...Манай дэлгүүрийн ПОС машины данс Ганбаатарын банкны данстай холбоотой байдаг. Тус данснаас мөнгө татахаар болбол би өөрөө нууц кодыг нь мэддэг учир шууд шилжүүлчихдэг юм ямар нэгэн байдлаар бэлнээр мөнгө гаргах  шаардлага байдаггүй юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27/

 

  Яллагдагч Х.Б- мөрдөн байцаалтанд “2020 оны 5 дугаар сарын 21-ний өглөөний 7 цаг 30 минутын үед намайг найз Ганбаатар “Аянчин” гэх нэртэй зочид буудалд дуудсан. Тухайн үед Нүдэн, Хуягаа нар хамт байсан тэгээд бид 4 хамт буудлаас гараад Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байдаг 50 дугаар байрны гадна дэлгүүрээс архи аваад миний 46-41 УНМ улсын дугаартай цагаан өнгийн приус-20 маркийн машинд сууж ууцгаасан.  Тэр үед Батааг бас утсаар дуудаад ирүүлсэн тэгээд хамт 0.75 литрийн хараа архи 2 ширхгийг хувааж ууцгаасан. Тэгээд Ганхуяг, Нүдээ, Батаа гурав тэр гэр лүүгээ харьцгаасан. Ингээд Ганбаатар бид хоёр үлдсэн ба би Ганбааг Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд байрлах байрны лифтэнд нь суулгаж өгөөд эхнэр Мөнхтуул руу өөрийнхөө утаснаас залгаад Ганбааг цахилгаан шатанд нь суулгачихлаа эхнэр рүү нь залгаж хэлээрэй гэж хэлээд Ганбаагийн байрнаас гарсан. Тэндээсээ гараад Ахуй үйлчилгээнд байрлах Хаан банкны АТМ-ээс мөнгө аваад зогсож байсан. Яг ямар зорилготой мөнгө авсан талаар хэлж мэдэхгүй байна, тухайн үед би нэлээн согтуу байсан...Би Ганбаатарт буцаан 1.300.000 төгрөгийг нь бүрэн бүтэн төлсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-37/

 

Хохирогч П.Г-ын эзэмшлийн Хаан банкны 0000000000 дугаартай дансны хуулга /хх-ийн 6/, Гэрч Ж.Мөнх-Эрдэнийн гар утасны ярианы хуулга /хх-ийн 7/,

Камерийн бичлэгт үзлэг хийсэн: “...Уг сидиний гадна эсэгт 5511 дугаар бүхий бичилттэй бах ба дотор бичлэгийг нээхэд 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 11:05-11:20 минутын АТМ-ийн хяналтын камерын дүрс бичлэг байх ба уг бичлэгт саарал өнгийн амны хаалт зүүсэн цайвар өнгийн сорочкон цамц, гадуур хувцас өмссөн 40-45 орчим насны эрэгтэй хүн Хаан банкны АТМ дотор мөнгө авахаар орж ирж байгаа бөгөөд 2 удаагийн үйлдлээр нийт 1.300.000 төгрөг авч байгаа бичлэг харагдаж байна..” гэсэн тэмдэглэл /хх-ийн 11-12/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой шүүгдэгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 40/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан гэх  ял шалгах хуудас /хх-ийн 47/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

       Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

 

       Шүүхийн дүгнэлт:

       Шүүгдэгч Х.Б-  2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 11:05-11:20 цагийн хооронд Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт  байрлах Хаан банкны АТМ-ээс хохирогч П.Г-ын эзэмшлийн Хаан банкны картнаас 2 удаагийн гүйлгээгээр нийт 1.300.000 төгрөгийг өөрт нь мэдэгдэлгүйгээр хулгайлан авсан болох нь:

хохирогч П.Г-ын“...Тэгээд 5 дугаар сарын 22-ны өдөр 12 цагийн үед гар утсаа хартал 1.300.000 төгрөгийн зарлага гарсан гэсэн мессеэж ирсэн байсан. Дансны хуулгаа харахаар 5 дугаар сарын 21-ний өдрийн 11 цаг 4 минутад зарлага гарсан байсан гэтэл би энэ цаг хугацаанд гэртээ байсан байж таараад байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-17/,  гэрч П.Отгончимэгийн“...Манай дэлгүүрийн ПОС машины данс Ганбаатарын банкны данстай холбоотой байдаг. Тус данснаас мөнгө татахаар болбол би өөрөө нууц кодыг нь мэддэг учир шууд шилжүүлчихдэг юм ямар нэгэн байдлаар бэлнээр мөнгө гаргах  шаардлага байдаггүй юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27/, Х.Б-ийн “...Би Ганбаатарт буцаан 1.300.000 төгрөгийг нь бүрэн бүтэн төлсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-37/, хохирогч П.Г-ын эзэмшлийн Хаан банкны 0000000000 дугаартай дансны хуулга /хх-ийн 6/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11-12/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Х.Б- хохирогч П.Г-ын картнаас 2 удаагийн үйлдлээр  нийт 1.300.000 төгрөг авсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

 

         Х.Б-ийн дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул тэдгээрт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

        Гэм буруугийн талаар улсын яллагчаас Х.Б-ийг “Бусдын эд хөрөнгө хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

         Иймд шүүгдэгч Х.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт гэм буруутайд шүүх тооцов.

 

          Шүүгдэгч Х.Б-эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд хамаарна.

 

         Шүүгдэгч Х.Б-ийн  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу бусдын өмчлөх эрхэд хууль бусаар халдсан, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хэр хэмжээ, хор уршгийн шинж чанар, үйлдсэн гэмт хэргээ шударгаар мэдүүлж байгаа  зэргийг тус тус  харгалзан эрүүгийн хуулийн  шударга ёсны болон гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  хоёр зуун жаран  цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.

 

         Хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэргийн хамт ирүүлсэн 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй.

 

         Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус  удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Х.Б- бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

         2. Шүүгдэгч Х.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун жаран цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

        3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг  мэдэгдсүгэй.

        

        4. Х.Б- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүйг тус тус дурдсугай.

 

        5. Хэрэгт хураагдсан нэг ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай. 

 

        6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Б-эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

     

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.ДАЙРИЙЖАВ