| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2017/02813/И |
| Дугаар | 102/ШШ2017/02928 |
| Огноо | 2017-11-02 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 102/ШШ2017/02928
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А ХХК-д холбогдох 21,575,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, хариуцагчийн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:“ “А” ХХК-ийн захирал Б.А нь М ХХК-тай 2015 оноос эхэлж хамтран ажиллаж барилгын ОСП хавтан зээлээр худалдан авдаг байсан. 2016 оны 12-р сарын 31-ний өдрийн байдлаар “А” ХХК нь 27,775,000 төгрөгийн өртэй байсан ба уг өрийг төлж барагдуулахыг удаа дараа шаардсан боловч 6,200,000 төгрөгийг төлж үлдэгдэл төлбөр болох 21,575,000 төгрөгийг төлөхгүй өнөөдрийг хүрч байна. Дээрх өр нь 2016 оны 05-р сарын 11, 2016 оны 08-р сарын 18, 2016 оны 09-р сарын 06-ны өдрийн 12 мм зузаантай ОСП хавтан зээлээр худалдан авалтаар үүссэн бөгөөд “А” ХХК нь тодорхой бус шалтгаан хэлж бидний итгэлийг эвдэн манай зомпанид төлбөр төлөлгүй хохироож байгаа болно. Иймд 21,575,000 төгрөгийг “А” ХХК-иас гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.
Зохигч шүүх хуралдаанд эвлэрсэн эвлэрлийн гэрээнд: “М ХХК-ийн нэхэмжлэлтэй А ХХК-д холбогдох 21,575,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч А ХХК нь 21,575,000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар нэхэмжлэгч талтай харилцан тохиролцож талууд эвлэрлийн гэрээ байгуулсан болно” гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч А ХХК-д холбогдуулан 21,575,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Шүүх хуралдаанд хариуцагч А ХХК нь нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжилсэн 21,575,000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигчийн эвэлэрэл нь хууль зөрчөөгүй гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч А ХХК нь нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжилсэн 21,575,000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч М ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 265,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А ХХК-иас 132,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэх болохыг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АЗБАЯР