Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2017/02967

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хүсэлттэй

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Б.М-ыг албадан эмчилгээнд явуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Э.О, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов ТОДОРХОЙЛОХ  нь:

 

Хүсэлт гаргагч Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийг төлөөлөгч хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Э.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өчигдөр эрүүлжүүлэхэд хоносон байгаа. н.Хишигжаргал нь дуудлага өгсөн бөгөөд манай 83 настай өвөөгийн бичиг баримтыг аваад архи уусан гэсэн. 2012 оноос хойш тасралтгүй архи уусан гэсэн бөгөөд 10 жил ууж байгаа. 2-3 хоног тасралтгүй архи уусан тул эрүүлжүүлэгдсэн. Өмнө нь Б.М нь 6 удаа эрүүлжүүлэгдэж,  6 удаа захиргааны арга хэмжээ авагдсан бөгөөд 1 удаа архины албадан эмчилгээнд явж байсан. Иймд Б.М-ийг архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү” гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай эмэгтэй дүү сэтгэцийн өвчтэй, би татдаг манай хүү энэ жил 12 дугаар ангиа төгсөнө. Манай 2 эмээ саяхан зэрэг нас барсан. Иймд би архины албадан эмчилгээнд явахыг зөвшөөрч байгаа ч богино хугацаагаар явах хүсэлтэй байна. Өмнө нь 2017 оны 01 сарын эхээр архины албадан эмчилгээнд явж байсан. Архины албадан эмчилгээнд явахыг зөвшөөрч байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлсэн бүгд зөв.” гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс нь тус шүүхэд Б.М-ийг архины албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлтийг гаргажээ.

Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д зааснаар Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс нь шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.  

Б.М нь согтууруулах ундаа байнга хэрэглэдэг болох нь хэрэгт авагдсан Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хүсэлт, Б.М-ийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хохирогчоос авсан мэдүүлэг, бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Б.М өмнө нь захиргааны журмаар архины албадан эмчилгээг 1 удаа хийлгэж байсан хэдий ч байнга архидан согтуурч, архинд донтож байгаа тул түүнийг албадан эмчилгээнд явуулах үндэслэлтэй байна. 

Түүнчлэн Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2017 оны 11 сарын 07-ны өдрийн Сонгтуурах, мансуурах донтой өвчтэй эсэхийг тогтоосон тухай эмнэлгийн дүгнэлтэд Б.М-ийг архинд донтох өвчний 3 дугаар зэрэг, эмчилгээнд оруулж болно" гэжээ.  

Иймд Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хүсэлтийг хангаж, Б.М-ийг архины албадан эмчилгээнд явуулахаар шийдвэрлэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.М-ийг захиргааны журмаар албадан эмчлүүлсүгэй. 

2.Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар Б.М-ийг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт хүргэх ажиллагааг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгасугай. 

3.Согтуурах мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2 дахь хэсэгт зааснаар албадан эмчилгээний хугацаа нь эмчилгээний үр дүнг харгалзан мэргэжлийн эмч нарын комиссын дүгнэлтийг үндэслэн дуусгавар болохыг мэдэгдсүгэй.  

4.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дэх хэсэгт зааснаар хїсэлт гаргагч Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурдсугай. 

            5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

  

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.АЗБАЯР