Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 2020/ШЦТ/03

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2019/0473/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,

Шүүгдэгч И.Г- /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Ишдоржийн Ганбатад холбогдох эрүүгийн 1918007590561 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн,ИГ төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, урьд ял шийтгэлгүй.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч И.Г- нь 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 18 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “МТ” шатахуун түгээх станцын урд иргэн Н.Э-ийн эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

   ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

-Шүүгдэгч И.Г-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2019 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн өглөөгүүр Н.Э- бид 2 хогоо түүж байгаад өдөр /цагийг нь хэлж мэдэхгүй байна/ явж байсан чинь Н.Э-ийг таньдаг залуутай таараад тэр залуу архи авч өгөхөөр болоод дэлгүүр явж байгаад Н.Э-тэй тэр залуугийн гэрт очих очихгүй талаар юм ярьж байгаад маргалдсан. Тэгээд тэр архиа уучихаад дахиж архи аваад Хабитат руу явахаар болсон. Тэр үед орой болж байсан. Тэгээд явж байгаад замдаа дахиад Н.Э-тэй маргалдаад би уурандаа газар байсан модыг аваад толгой руу нь цохисон.

...Гэм буруугийн тал дээр маргаан байхгүй. Хохирогчтой эвлэрч, тохиролцсон.” гэх мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 2/,

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргий 3-5/,

-119 см урттай, 17 см өргөнтэй модыг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хэргийн 6/,

 

- Хохирогч Н.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би Г-тээ 2001 оноос хойш найзалж байна. Г сүүлийн 8-9 жил шинэ Дарханд хог түүж байгаа. Би бол Г-тээ цуг явж байгаад архины шавхруу олдвол уучихдаг. Тэрнээс хог түүгээд байдаггүй. 2019 оны 10 сарын 26-ны өдөр Ганбат бид 2 явж байгаад М гэдэг залуутай таараад тэр залуу нэг шил архи авч өгөхөөр нь би З,М очиж ууя гэсэн чинь М тэгье гэхэд Г эндээ уучихъя гэсэн. Тэрнээс болоод Ганбат бид 2 маргалдсан. Тэгээд М-ийн гэр лүү буюу Хабитат руу явж байсан чинь Г надтай маргалдаж байснаа намайг бариад авахаар нь би тавиулсан чиньГ газар байсан модыг аваад миний толгой руу цохиход толгойноос цус гараад тэгээд эмнэлэг дуудсан.

...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний биед үүссэн гэмтэл одоо бүрэн эдгэрсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 8/,

 

-Гэрч Г.-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 26-ны орой 18 цаг 50 минутын үед ажлын байран дээрээ автомашинд түгээлт хийгээд шатахуун түгээх станцын гадна талд зогсож байхад шинэ хорооллын 27 дугаар байрны орчмоос 3 согтуу хүн ирж явсан бөгөөд миний хажуугаар өнгөрсөн тэр 3 эрэгтэй хүний хамгийн урд нь 60 гаруй насны өвөө 4 орчим метрийн зайтай явсан. Харин ард нь өндөр, нам 2 эрэгтэй хүн явсан. Өндөр залуу нь гартаа нэлээн урт мод барьж явсан бөгөөд ямар ч үгийн зөрүүгүй намхан биетэй залуугийн толгой руу нэг удаа цохисон. Тэгсэн нөгөөх нь колонкийн хажууд суухад нөгөө модоороо дахиад толгой руу нь маш хүчтэй цохисон. Тэгсэн нөгөө намхан залуугийн духны зүүн дээд хэсэг нь хагарч цус гарч байсан. Тэгээд дахиад цохих гэхээр нь би очоод “болиоч ээ, та нар нэгийгээ аллаа шүү дээ” гэхэд “зүгээр, зүгээр наадах чинь үхэхгүй.” гээд байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 9-10/,

 

-“…Н.Э-ийн биед духны зүүн хэсгийн урагдсан шарх тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх байх боломжтой.Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Н.Э-ийн биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 968 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 13-14/,

 

-Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Н.Э-т яаралтай тусламж үзүүлсэн хуудас /хэргийн 15-16/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч И.Г- нь 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 18 цагийн орчимшатахуун түгээх станцын урд иргэн Н.Э-ийн эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болох нь Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 968 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хэргийн 13-14/ нотлогдож байх тул шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

 

Иймд шүүгдэгч И.Г-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Э-ийн эрүүл мэндэд “духны зүүн хэсгийн урагдсан шарх” бүхий хөнгөн гэмтэл учирсан бөгөөд хохирогч Н.Э- нь мөрдөн байцаалтын шатанд “...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний биед үүссэн гэмтэл одоо бүрэн эдгэрсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 8/ өгсөн байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч И.Г-аас гаргуулах төлбөргүй байна.

 

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч И.Г- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байх бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч И.Г- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй байгаа байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт 240 цаг зам талбай цэвэрлэх нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 6.10 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч И.Г-ын энэ хэрэгт 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 5 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагтай нийцүүлэн тооцон 40 цагийг нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасч, үлдэх 200 цагийн ялыг эдлүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг 119 см урттай, 17 см өргөнтэй модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэснийг тус тус дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч И.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч И.Г-г Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар зам талбай цэвэрлэх нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,  6.10 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч И.Г-ын энэ хэрэгт 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 5 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагтай нийцүүлэн тооцон 40 цагийг нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасч, үлдэх 200 цагийн ялыг эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч И.Г- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч И.Г-ад анхааруулсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг 119 см урттай, 17 см өргөнтэй модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шүүгдэгч И.Г-ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Я.ТУУЛ