Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 2017/ ШЦТ/424

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж, нарийн бичгийн дарга Ц.Золзаяа, улсын яллагч Д.Нямсүрэн, шүүгдэгч Ч.Л нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Харнууд овогт Чгийн Лд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1711005510118 дугаартай хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1969 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа, гавъяа шагналгүй, урьд 2002 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Сүхбаатар дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсгээр 50.000 төгрөгөөр торгох ялаар, 2010 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Чингэлтэй дүүргийн шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сар баривчлах ялаар тус тус шийтгүүлсэн, Харнууд овогт Чгийн Л,

Шүүгдэгч Ч.Л нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ НЬ: Шүүгдэгч Ч.Л нь 2017 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Дэнжийн 5-83 тоотод Д.Батбаатарын толгойн тус газарт архины шилээр цохиж түүний биед дух, хацарт шархтай, чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Батбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “ ...2017 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 19 цагийн орчимд Сүхбаатарын талбайн ойролцоо зүс таних Ч.Латай таарч 2 шил архи уугаад манай гэрт очоод хоноё гэхээр нь дагуулаад гэртээ ирсэн. Манай гэрт бид 2 нэг шил архи уусан. Унтаж байгаад би гарч би бие засаад орж ирээд орон дээрээ сууж байсан чинь Ч.Л босч ирээд архины шил аваад миний толгойн тус газарт нэг удаа цохисон. Архины шил нь хагарсан. Тэрнээс хойш юу болсон талаар мэдээгүй, нэг сэрэхэд эмнэлэг дээр байсан. Миний баруун хөмсөгний дээд тал, баруун нүдний доод хэсэг шилэнд зүсэгдсэн байсан. Согтуу байсан болохоороо юунаас болж маргалдсанаа мэдэхгүй байна. Миний зүгээс гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 15х/, Гэрч Д.Тунгалаг /хх-ийн 18х/, Б.Эрдэнэчимэг /хх-ийн 19х/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн хохирогч Д.Батбаатарын биед үзлэг хийсэн №11061 тоот дүгнэлт /хх-ийн 27х/, хэргийн газрын үзлэг тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-11х/ болон бусад хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Иймд шүүгдэгч Ч.Лхагвыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч Ч.Лхагвыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Харнууд овогт Чгийн Лыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Лыг 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Ч.Л нь торгуулын ялыг төлөх хугацааг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ч.Л нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар сольсугай. 5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай. 6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     С.БАТГЭРЭЛ