| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2017/02608/И |
| Дугаар | 102/ШШ2017/02976 |
| Огноо | 2017-11-07 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 102/ШШ2017/02976
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Э-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,
Бие даасан шаардлага гаргаагүй гурвдагч этгээд: П ХХК ,
Анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Э-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “П ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 629 дугаар шийдвэрээр Б.Э-аас 149,021,766 төгрөг гаргуулж, П ХХК-д олгохоор шийдвэрлэсэн шийдвэрийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд албадан гүйцэтгэх ажиллагаа хийж байгаа болно. Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгө болох Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 51 дүгээр байр, 84 тоот орон сууцыг анхны албадан дуудлага худалдаанд 2017 оны 06 сарын 21-ний өдрийн 10 цагт оруулах болсныг 2017 оны 06 сарын 09-ний өдөр мэдэгдлийг хүлээн авч мэдсэн. Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 51 дүгээр байр, 84 тоот орон сууцны үнэлгээг 88,000,000 төгрөгөөр үнэлсэн байхад шийдвэр гүйцэтгэгч Ж.А нь 61,600,000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулж буй нь хууль зөрчиж байна. Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 51 дүгээр байр, 84 тоот орон сууцыг анхны албадан дуудлага худалдаанд үнэлгээ бууруулан оруулж байгаа нь хууль бус үчир анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Б.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхны албан дуудлага худалдаанд үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчийн дүгнэлтээр 88,000,000 төгрөгөөр үнэлсэн. Анхны дуудлага худалдаанд хөрөнгийг 61,600,000 төгрөгөөр оруулсан нь үл хөдлөх эд хөрөнгийг хэт үнэгүйдүүлж нэхэмжлэгчид хохирол учруулж байгаа тул анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү. Тус нэхэмжлэл нь үнэлгээтэй холбоотой гомдол биш, албадан дуудлага худалдааг хүчингүй болгох гомдол тул шүүхээр шийдвэрлүүлэх нь зүй ёсны хэрэг гэжээ.
Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 629 дугаар шийдвэрээр Б.Э-аас 149,021,766 төгрөгийг гаргуулж П ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Б.Э-ын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Ц.С, Д.М нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 51 дүгээр байр, 84 тоотод байрлах 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 171/01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 171/03 дугаартай тогтоолоор хураан авсан. Төлбөр төлөгч Б.Э, өмчлөгч Ц.С, Д.М нараас 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу дээрх орон сууцыг үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаанд оруулах үнийн саналыг авахад 300,000,000 төгрөгөөр үнийн санал өгсөн ба төлбөр авагч П ХХК-ын зүгээс үнийн саналыг хүлээн зөвшөөрөхгүй хөрөнгийн шинжээч томилох хүсэлт гаргасан. Иймд орон сууцанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйл, 37 дугаар зүйлүүдэд заасны дагуу үнэлгээ хийх эрх бүхий “М” ХХК-ийг 2016 оны 8 дугаар сарын 1-ний өдөр шинжээчээр томилж үнэлгээ тогтоолгоход уг орон сууц нь 88,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн байна. Төлбөр төлөгч Б.Э, өмчлөгч Ц.С, Д.М нарт үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 3/25469 дугаартай мэдэгдлийг хүлээлгэн өгч тэмдэглэл хөтөлсөн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Б.Э нь 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасны дагуу анхан шатны шүүх хурал явагдаж тус шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2016/01586 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Б.Эын шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 403 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж гомдлыг хангахгүйгээр шийдвэрлэсэн. Улсын дээд шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 001/ХГ2017/00564 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж гомдлыг хангахгүйгээр шийдвэрлэсний дагуу барьцаа хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу үнэлгээний тогтоосон зах зээлийн үнэ болох 88,000,000 төгрөгийн 70 хувь болох 61,600,000 төгрөгөөр анхны дуудлага худалдаанд 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр оруулахад үнийн санал ирээгүй худалдан борлогдоогүй. Үл хөдлөх хөрөнгийг анхны албадан дуудлага худалдааны талаар 2017 оны 6-р сарын 09-ний өдрийн 3/16739 дугаартай мэдэгдлийг хүлээлгэн өгч тэмдэглэл хөтөлсөн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул Б.Эын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “П” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг харахад Иргэний хуулийн 177.1, 177.4-т заасны дагуу шүүхийн шийдвэрээр барьцаа хөрөнгийн үнэлгээг 70, 50 хувиар бууруулна гэдгийг юуг нь ойлгохгүй байна вэ. Зөвхөн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулж, зогсоох гэсэн зорилготой байх. 2017 оны 07 сарын 01-ний өдрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63.4-т зааснаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хөрөнгийг албадан худалдан борлуулах шийдвэрийн талаар болон хөрөнгийн үнэлгээний талаар энэ хуулийн 55.7-д заасны дагуу шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн бол тухайн асуудлаар хөрөнгө албадан худалдан борлуулах ажиллагааны явцад шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй гэж заасан. Иймд иргэний хэрэг үүсгэж байгаа нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсоож байна. Иймд гомдол гаргах эрхгүй этгээдийн гомдлыг шүүх хүлээж авсан нь үндэслэлгүй. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 25.3, 8.4, 63.4 дэх заалтуудыг анхаарч үзэх ёстой. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 4 сар түдгэлзсэн бөгөөд Б.Э нь зүгээр явж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. 3 шатны шүүхийн шийдвэр гарсан байхад нэхэмжлэлийг хүлээж авах үндэслэлгүй. 88,000,000 төгрөгөөр шинжээч үнэлснийг 70 хувиар тооцож 61,600,000 төгрөг болгосныг мэдэхгүй байгаа биш зөвхөн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг л удаашруулж байгаа. Иймд нэхэмжлэлийг буцааж өгнө үү гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШШ2016/00629 дугаар шийдвэрээр хариуцагч Б.Эаас 148,123,200 төгрөг гаргуулан “П ХХК-д олгож, Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 51 дүгээр байрны 84 тоотод байрлах, 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.
Дээрх шүүхийн шийдвэрийг Б.Э сайн дураар биелүүлээгүй тул шүүхийн шийдвэрт 2016 оны 04 сарын 19-ний өдөр гүйцэтгэх хуудас бичигдсэнээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... 2016 оны 06 сарын 21-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн анхны дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдлийг 2017 оны 06 сарын 09-ний өдөр хүлээн авч мэдсэн. ...Анхны албадан дуудлага худалдаанд хөрөнгийн үнэлгээг 70 хувь болгон бууруулж, 61,600,000 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулсан нь хууль бус” гэж тайлбарлажээ.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2016/01586 дугаар шийдвэрээр Б.Э-ын гаргасан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 403 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 001/ХТ2017/00564 дугаар тогтоолоор тус тус хэвээр үлдээж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байх тул анхны албадан дуудлага худалдаанд оруулах эд хөрөнгийн үнэлгээг хуулийн дагуу тогтоосон нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон гэж үзнэ.
2002 оны 01 сарын 10-ны өдөр батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т “Төлбөр авагч, төлбөр төлөгч нь шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаа, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөхгүй бол ажиллагаа явагдсан өдрөөс, уг ажиллагаа хэзээ, хаана явагдсаныг мэдээгүй бол өөрт мэдэгдсэн өдрөөс хойш гомдлоо долоо хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргана. Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж тогтоол гаргах бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл долоо хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно” гэж, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Төлбөр төлөгч, төлбөр авагч эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч 2016 оны 06 сарын 21-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн анхны дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдлийг 2017 оны 06 сарын 09-ний өдөр хүлээн авч мэдсэн боловч дээрх хуульд заасан хугацаа, журмын дагуу гомдол гаргаагүй тул түүнийг гомдол гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гомдол гаргах хуульд заасан хугацааг нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн байдал хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх явцад тогтоогдоогүй, нэхэмжлэгч энэ талаар тайлбар, нотлох баримт тайлбар гаргаагүй.
Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч Б.Эын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 34 дүгээр зүйлийн 34.3-т заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч Б.Эын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Эаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АЗБАЯР