Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2020/0410

 

2020 оны 06 сарын 15 өдөр                 Дугаар                                     Улаанбаатар хот

                                                      128/ШШ2020/0410

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн гуравдугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: “М” ХХК

Хариуцагч: БОАЖС

Нэхэмжлэлийн шаардлага: “БОАЖСын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/******* дугаар тушаалын “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э түүний өмгөөлөгч Д.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч компаниас БОАЖСад холбогдуулан 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/******* дугаар тушаалын нэхэмжлэгч компанид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үндсэндээ ******* дугаар тушаалаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцалж өмнө нь газар олгосон 2016 оны А/******* дугаар тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсгийг зөрчиж аялал жуулчлалын зориулалтаар хууль зөрчиж олгосон гэдэг үндэслэлийг заасан. Нэхэмжлэгчийн хувьд энэ газарт өмнө нь 24 га газар эзэмшиж байсан компанитай хамтран ажиллах гэрээний дагуу энэ газар дээр зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулж байсан. Амралт барих төслөө хэрэгжүүлээд холбогдох хөрөнгө оруулалтыг анх хийж байсан. 2016 онд хамтран ажиллах компани нь санхүүгийн чадамжгүй болсон тул тухайн газрыг өөрийн хүсэлтээр улсад буцааж өгсөн. А/******* дугаар тушаалын хавсралтад тодорхой харагдана. 2013 оноос хойш үндсэндээ энэ газарт хөрөнгө оруулалт хийгээд улсын төсвийн хөрөнгөөр татах боломжгүй байсан бол цахилгаан дэд станцыг татаад мөн цэвэр эко аялал жуулчлалын цогцолборт зориулсан үнэлгээ хийлгэж цэвэр бохир усыг татаад ой хамгаалах хашаа болон шинээр мод тарих жимс ургуулах талаар энэ газарт хөрөнгө оруулалт хийсэн.

Гэтэл газар дээр ямар үйл ажиллагаа явуулж байгаа талаар шалгаж тогтоосон зүйл байхгүй. Тийм учраас актын холбогдох хэсгийг хүчингүй болгож газар ашиглах эрхийг сэргээж өгнө үү гэж хүсч байна гэв.

Хоёр. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.О 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Захиргааны актын тухайд хариуцлагын үндэслэл биш юм. Зөвшөөрлийн дагуу аялал жуулчлалын цогцолбор барьсан талаар хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа. Хариуцагч сонсох ажиллагаа явуулсан гэж маргаж байгаа. Мэдэгдэх, сонсох ажиллагааны тухайд тус захиргааны акт гарахаас өмнө хийгддэг ажиллагаа юм. Захиргааны акт гаргаад түүнийгээ мэдэгдсэнийг мэдэгдэх, сонсох ажиллагаа хийсэн гэдэг байдлаар захиргаа тайлбарлаж байна. Хариуцагчийн гаргаж байгаа тайлбар нь баримтаар няцаагдаж байгаа нэг ч зүйл байхгүй байна. Зөвхөн таамаглалын шинжтэй байна. Ийм байдлаар хууль ёсыг эрхэмлээгүй учир тухайн захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлтэй юм гэв.

Гурав. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Анх 2016 онд 6.2 га газрыг хязгаарлалтын бүсэд олгосон. Дархан цаазат газарт газар олгохгүй гэдэг үндэслэлээр цуцалсан. 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хэвлэж нийтэд мэдээллэсэн юм гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  нь “БОАЖСын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/******* дугаар тушаалын “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар  хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судалж, нэхэмжлэлийн шаардлагыг дараахь байдлаар дүгнэж, шийдвэрлэв.

Нэхэмжлэгчээс “...манай компани газар ашиглах гэрээнд заасны дагуу газрыг ашиглан, хуульд заасан эрх үүргээ хэрэгжүүлэн ажиллаж 6,826,236,900.00 төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд анх эрх олгосон тушаалыг хүчингүй болгож байгаа нь хуульд үндэслэх, хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг зөрчиж байна...” гэж, хариуцагчаас “...Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн заалтыг буруу хэрэглэн тушаал гаргаж, дархан цаазат газар аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх олгох ёсгүй байтал байгалийн цогцолборт газрын зориулалт болох аялал жуулчлалын зориулалтаар олгосноор хуулийг хэрэгжүүлэх боломжгүй, нийтийн эрх ашиг зөрчигдөж байгаа тул нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон...” гэж маргаж байгаа болно.

Анх “М” ХХК-д Байгаль орчны сайдын 2016 оны 5 дүгээр сарын 12-ний өдрийн А******* дүгээр тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын зөвшөөрөгдсөн бүсэд Жаргалантын ам гэх газарт аялал жуулчлалын зориулалтаар 6.1 га газрыг ашиглуулахаар шийдвэрлэж, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр “М” ХХК-д 5 жилийн хугацаатай газар ашиглах гэрчилгээ олгожээ.

            БОАЖСын 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/******* дугаар тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 3 дахь “байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн ашиглах барилга байгууламжийг батлагдсан зураг төсөл, зөвшөөрлийн дагуу барих үйл ажиллагаа явуулж болно” гэсэн хэсгийг баримтлан “дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар хууль зөрчин олгосон” үндэслэлээр “М” ХХК-д анх газар ашиглах эрх олгосон сайдын 2016 оны 5 дүгээр сарын 12-ны өдрийн А******* тоот тушаалыг хавсралтын 9 дэх хэсгээр хүчингүй болгосон байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно”, 36 дугаар зүйлийн 36.1-д “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана” гэсэн заалтыг үндэслэн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны саналын дагуу улсын тусгай хамгаалалттай газрын зөвшөөрөгдсөн бүсэд иргэн, аж ахуйн нэгжүүдэд газар ашиглах эрх олгосны дотор нэхэмжлэгчид Байгаль орчны сайдын 2016 оны 5 дүгээр сарын 12-ний өдрийн А******* дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Жаргалантын аманд 6.1га газрыг “аялал жуулчлал”-ын зориулалтаар 5 жилийн хугацаагаар газар ашиглуулахаар шийдвэрлэсэн нь дархан цаазат газрын зөвшөөрөгдсөн  бүсэд хамаарч байна.                                     

1994 онд батлагдсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар тусгай хамгаалалттай газар нутгийн ангилал, тэдгээрийн бүс, бүсийн дэглэм, тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн байгууллагуудын, төрийн захиргааны төв байгууллагын эрх хэмжээг зохицуулдаг бөгөөд нэхэмжлэгчид анх дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглуулах эрх олгосон шийдвэр гаргах үеийн болон одоогийн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн зохицуулалт хэвээр бөгөөд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.8 дахь хэсэгт тусгай хамгаалалттай газар нутгийн зөвшөөрөгдсөн бүс дэх суурин газрын ерөнхий төлөвлөгөө, шинээр байгуулах аялал, жуулчлалын бааз, амралт, сувиллын байршил, төслийг холбогдох төрийн захиргааны төв байгууллагуудтай хамтран хянан батлах эрхийг тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад олгожээ.

Байгаль орчны асуудал эрхэлсэн сайд хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар хууль зөрчин олгосон гэсэн үндэслэлээр өмнөх 2016 оны А******* дугаар тушаалаа хүчингүй болгох эрхтэй хэдий ч дархан цаазат газрын зөвшөөрөгдсөн бүсэд гэрчилгээнд заасан зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн  бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрт зарцуулагдсан төсвийг тооцож үзэхээр байжээ.

Учир нь нэхэмжлэгч компани 6,826,236,900.00 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэж тайлбарлаж байгаа бөгөөд энэ нь шүүхийн үзлэг болон хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Эко амралт, аялал жуулчлалын баазын эскиз зураг, амрагчдын байр 1, 2, цахилгаан хангамжийн 35/0.4ква, 630 ква-ын дэд станц, цахилгаан дамжуулах агаарын шугам, гадна ариутгах татуургын шугамын ажлын зураг, бохир усны шугам, цэвэрлэх байгууламж угсарсан ажлын төсөв, байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тайлан, байгаль орчны төлөв байдлын үнэлгээ зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Дээрх баримтууд нь бүгд тухайн газарт хийгдсэн ажлын төсөв тайлан болох нь шүүхийн үзлэгээр тогтоогдсон бөгөөд  мөнгөн дүнгээр тооцох их хэмжээний зардлыг маргаан бүхий газарт нэхэмжлэгч зарцуулсан байгаа тул нэхэмжлэгч хуулийн этгээд захиргааны байгууллагаас Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д заасан үр нөлөөтэй байх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, хууль ёсны итгэлийг хамгаалах зэрэг захиргааны үйл ажиллагаанд  баримтлах тусгай зарчмуудыг баримтлахыг шаардах эрхтэй.

Мөн Богдхан уулын дархан цаазат газрын зөвшөөрөгдсөн бүсэд нэхэмжлэгчтэй адил нөхцөлөөр буюу аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрхийг энэ хугацаанд буюу 1996 оноос хойш иргэн, хуулийн этгээдэд олгосон бөгөөд цаашлаад аялал жуулчлалын зориулалтаар инженерийн шугам сүлжээнд холбогдсон аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулж байгаа болох нь шүүхийн үзлэгээр тогтоогдсон үйл баримт юм.

Нэхэмжлэгчийн тухайд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан дархан цаазат газарт хориглох үйл ажиллагаа явуулаагүй, суурьшлын зориулалттай байшин барилга бариагүй, хариуцагч захиргааны байгууллагаар ашиглах эрхийг цуцлахдаа Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй, маргаан бүхий газарт очиж бодит байдлыг тогтоолгүйгээр маргаан бүхий актыг гаргасан нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөнджээ.

Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т заасанчлан захиргааны байгууллага гаргасан шийдвэрээ хүчингүй болгох эрхтэй ч иргэн, хуулийн этгээдэд эерэг үйлчлэл үзүүлсэн шийдвэрийн хувьд хүчингүй болгоход  “хууль, захиргааны хэм хэмжээний актаар, эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан”, “бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн”, “захиргааны актаар олгосон эрхийг хэрэгжүүлээгүй”, “захиргааны актыг гаргуулахдаа хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авлига өгөх буюу бусад хууль бус аргыг хэрэглэсэн”, “нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан” бол гэх тодорхой хязгаарлалтуудыг тавьсан байх бөгөөд нэхэмжлэгч  эдгээр хязгаарлалтыг зөрчсөн болох нь тогтоогдохгүй байна.

Мөн газар ашиглагч нь байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээнд заагдсан ажиллагааг хэрэгжүүлээгүй, түүний газар ашиглах эрхийг дуусгавар болгох үндэслэл тогтоогдоогүй, мэргэжлийн байгууллага болох дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас аливаа санал хүргүүлээгүй байх тул дархан цаазат газрын хязгаарлалтын бүсийн дэглэм зөрчигдсөн гэх байдал нотлогдохгүй байна.

Нөгөө талаас Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зааснаар захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа  бодит нөхцөл байдалд тохирсон байх ёстойн дээр төрийн үйл ажиллагаанд тэгш байдлыг хангах зарчимтай.

Иймд дээрх үндэслэлүүдээр маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож, шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.   

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.1.12 дахь заалтыг үндэслэн ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4, 4.2.8, 40 дүгээр зүйлийн 48 дугаар зүйлийн 48.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7, 33 дугаар зүйлийн 33.1, 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, БОАЖСын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/******* дугаар тушаалын “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

                          ШҮҮГЧ                            Д.ЧАНЦАЛНЯМ