Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 1261

 

 

 

 

 

 

 

                                                                                   

 

“ТА глобал капитал ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2017/00906 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “ТА глобал капитал ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Уянгад холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 37 256 300 төгрөг гаргуулах, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Кадирбекийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Эрдэнэ-Очир, Б.Түвшинтөгс

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Кадирбек

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Уянга нь 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр зээлийн гэрээ байгуулан, 30 000 000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар зээлсэн. Гэрээнд нэмэгдүүлсэн хүүг 1.2 хувь, эхний 5 сар зээлээ төлөхгүй, зөвхөн зээлийн хүүг төлөх, 6 дахь сард зээлийг бүрэн төлөхөөр тохирсон. Зээлийн гэрээний үүрэгт Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол/16064/, хд-86 байрны 80 тоот дахь, хариуцагч Б.Уянгын өмчлөлийн, 40 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалж, барьцааны гэрээг байгуулсан. Б.Уянга 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн хүртэл 4 сарын хүүг төлсөн. 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс хойш төлбөр хийгээгүй. Хариуцагчаас үндсэн зээл 30 000 000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 4 сарын 21 хоногийн хүү 8 820 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 087 200 төгрөг, нотариатын хөлс 13 100 төгрөг, нийт 39 920 300 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Зээлийн гэрээний үүргийг барьцааны хөрөнгөөр хангуулж өгнө үү” гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагаас 4 687 200 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй. Зээл 30 000 000 төгрөгийг төлнө. Хариуцагч 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэгчээс 30 000 000 төгрөгийг, 6 сарын хугацаатай, сард 6 хувийн хүүтэй зээлсэн. 4 сарын хүүд 7 200 000 төгрөг төлсөн. 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс хойш төлбөр төлөөгүй. Нэхэмжлэгч 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд нэмэгдүүлсэн хүүг бодохдоо холбогдох журмыг зөрчсөн. Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан журмын дагуу хүүг тооцоход дараах зөрүү гарч байна. 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл 105 хоног байна. Нэхэмжлэгч тал 105 хоногийн хүүг 6 600 000 төгрөг гэж тооцсон байна. Зээлийн гэрээний 3.1.2-т заасны дагуу сарын хүү 1 800 000 төгрөг буюу нэг хоногийн хүү 60 000 төгрөг тул 105 хоногийн хүү 6 300 000 төгрөг болно. Үндэслэлгүйгээр хүүд 300 000 төгрөг илүү тооцсон байна. Мөн энэ хугацаанд нэмэгдүүлсэн хүүг тооцсон нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалтыг зөрчиж байна. Уг заалтад зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан. Зээлд нэмэгдүүлсэн хүүг 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс тооцох байсан. Иймд нэмэгдүүлсэн хүүд илүү тооцсон 643 200 төгрөгийг хасч өгнө үү. Санхүүгийн зохицуулах хорооноос 2008 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр баталсан “зээлийн хүү тооцох аргачлал”-ын 2 дахь заалтад зээлийн төлбөрийн аль нэг нь гэрээнд заасан төлөгдөх хугацаанаас хойш 90 хоногийн дотор төлөгдөөгүй бол 91 дэх хоногоос хүүг зогсоохоор заасан. Хариуцагч 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд хүүг төлж чадаагүй тул нэхэмжлэгч 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс хүүг зогсоох ёстой байтал 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хүүг үргэлжлүүлэн тооцож, шүүхэд хандсан байдаг. Иймээс журам зөрчиж, 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл 18 хоногийн нэмэгдүүлсэн хүүд нэхэмжилсэн 1 080 000 төгрөгийг төлөхгүй. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага нь хохирол уу, эсхүл үүрэг шаардаж байгаа юу гэдэг нь ойлгомжгүй байна. 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэгч зээлийн гэрээг дуусгавар болгосон. Гэтэл 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Иймд нэмж нэхэмжилсэн 2 664 000 төгрөг буюу нийт 4 687 200 төгрөгийг төлөх үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Барьцааны зүйлээр үүргийг хангуулах шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Б.Уянгаас 39 165 840 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ТА глобал капитал ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 754 460 төгрөгийг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч үүргээ сайн дураар эс биелүүлбэл Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол/16064/, хд-86 байрны 80 тоот байрлах, 2 өрөө орон сууцыг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаж, орорн сууцны үнээс дээрх үүргийг гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60, 63 дугаар зүйлийн 56.2, 60.1, 63.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 401 806 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэгчээс 70 200 төгрөгийг улсын орлогод төлүүлж, хариуцагчаас 423 979 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Кадирбек давж заалдах гомдолдоо “...Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний төлбөр гаргуулах мөнгөн дүн, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг бодож гаргахдаа үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Зээлдүүлэгчийн зүгээс 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр №32/ЗГ-г тоот зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулахаар шүүхэд хандсан байдаг. Үндэслэл нь №32/ЗГ-тоот зээлийн гэрээний график 2016 оны 09 дүгээр сарын 29-нөөс хойш зөрчигдөж эхэлсэн тул 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр гэрээг цуцалж, шүүхэд хандсан байдаг. Улмаар 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж нийт 2 664 000 төгрөг нэмж гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Зээлдүүлэгч энэхүү гэрээг цуцалж, үндсэн зээл болон зээлийн хүүг хуримтлуулахдаа Санхүүгийн зохицуулах хорооноос 2008 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр баталсан 05 тоот журмыг зөрчсөн. Тухайлбал тус журмын 3.2-т “Зээлийн хүүгийн бүртгэлийн талаар зохицуулсан бөгөөд зээлийн үндсэн өр, хүүгийн төлбөрийн аль нэг нь гэрээнд заагдсан төлөгдөх хугацаанаас хойш 90 хоногийн дотор төлөгдөөгүй бол 91 дэх хоногоос эхлэн хүүг хуримтлуулж бүртгэхийг зогсооно гэж заасан байдаг.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртлэх 90 хоногт зээлийн хүүг хуримтлуулах ёстой байтал 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл хугацаанд зээлийн хүүг хуримтлуулан тооцсон. Учир нь Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 13.4 дэх заалтад "...зээл төлөгдөхөд учирч болзошгүй алдагдлаас хамгаалах сан. гадаад валютын болон бусад зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг Санхуүгийн зохицуулах хорооноос тогтоосон журмын дагуу хангаж биелүүлнэ" гэж зааснаар ББСБ нь өөрсдийн зээл олгох үйл ажиллагаанд Санхуүгийн зохицуулах хорооноос баталсан 05 тоот журмыг баримтлах нь зайлшгүй юм. Нөгөө талаар шүүх иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалтад хэтэрсэн хугацааны хүү төлнө...гэдэг нь Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4-д заасан диспозитив хэм хэмжээний дотор хэрэглэгддэг учир Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүртлэх 17 хонгийн хуримтлуулсан хүү 1 хоног /60 000 төгрөг х 18/ 1 080 000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн нийт 2 664 000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч “ТА глобал капитал ББСБ” ХХК нь хариуцагч Б.Уянгад холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 37 256 300 гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 39 920 300 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талуудын хооронд 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр №32/ЗГ дугаартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдаж, хариуцагч нь 30 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэйгээр нэхэмжлэгчээс зээлж, үүргийн гүйцэтгэлийн биелэлтийг хангуулахаар Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол /16064/, хд-86 байрны 80 тоотод байрлах, 40 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалсан болох нь хэрэгт авагдсан дээрх зээлийн болон барьцааны гэрээнүүд, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, гэрээний үүргээ биелүүлэх тухай мэдэгдэл, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон, дээрх зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр байгуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлагыг хангасан байна. /хх 11-14, 16, 17, 48-50/

 

Иймд анхан шатны шүүх зохигчдын хооронд байгуулсан гэрээний харилцааг зөв тодорхойлж банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ гэж дүгнэн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд зээл, түүний хүүг хугацаанд нь төлөх”, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно”, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү тус тус төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан зохицуулалтыг зөв хэрэглэн нэхэмжлэгчийн хариуцагчаас үндсэн зээл, зээлийн болон хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхийг зөв тодорхойлжээ.

 

Нэхэмжлэлийн шаардлагаас 39 165 840 төгрөгийг хангаж, үлдэх 754 460 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн тооцоолол хэргийн баримтад нийцсэн, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч сайн дураар үүргээ гүйцэтгээгүй бол үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2205050817 дугаарт бүртгэгдсэн Нийслэлийн Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол хд-86 байрны 80 тоот байршилтай, 40 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Үүрэг гүйцэтгэгч нь гэрээний хугацаанд үүргээ гүйцэтгээгүй ба үүрэг гүйцэтгүүлэгч нь тохирсон хугацаа дууссанаас хойш үүрэг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлтэй. Үүрэг гүйцэтгэх хугацаа дууссан байхад гэрээг цуцлах Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан зохицуулалт хамаарахгүй юм. Иймд энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2017/00906 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчитгэмжлэгдсэн төлөөлөгч А.Кадирбек давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                               

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                         ШҮҮГЧИД                                           А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                                     Д.ЦОГТСАЙХАН