Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2015/0553

 

2015 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2015/1553

Улаанбаатар хот

 

Г.Б нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Д, хариуцагч Б.У нарыг оролцуулан хийж, Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 06 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С-ийн гаргасан давж заалдах гомдлоор, Г.Б нэхэмжлэлтэй, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын Газрын даамал, байгаль орчны байцаагч Г.Быг 2015 оны 05 дугаар сарын 06-ны Б/30 дугаар тушаалаар албан үүргээ хангалтгүй биелүүлж сахилгын шийтгэл авагдсан, удирдлагаас өгсөн хууль ёсны үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, биелүүлэхээс зайлсхийсэн, 2014 оны Орон нутгийн хөгжил сангийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажлын зургийн цомгийг гүйцэтгүүлэхээр иргэн Ш.Штай гэрээ байгуулж гүйцэтгүүлсэн боловч захиалагчийн шаардлагыг хангаагүй байхад акт үйлдэлгүй хүлээж авсан, 2015 оны Орон нутгийн хөгжил сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэх Залуучуудын нийтийн талбайд мод тарих, ногоон байгууламж бий болгох ажлыг Засаг даргын Тамгын газартай зөвшилцөлгүй дур мэдэн 500 ширхэг мод хүлээн авсан, 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Засаг даргын орлогчийн өрөөнд хуралтай байхад зөвшөөрөлгүй орж ирж Засаг даргын Тамгын газрын даргыг удаа дараа хэл амаар доромжилсон зэрэг ёс зүйгүй үйлдэл гаргасан гэх үндэслэлээр ажлаас халсан.

Гэтэл иргэн Ш.Шын ажлыг захиалагчийн шаардлагыг хангаагүй байхад акт үйлдэлгүй хүлээж авсан гэдэг нь Тамгын газрын даргын орлон гүйцэтгэгч байхад болсон асуудал. 500 ширхэг мод хүлээн авсан төсөвт суутгагдан ирсэн мод бөгөөд үүнийг хүлээн авах нь газрын даамлын үүрэгт ажил. Засаг даргын Тамгын газрын даргатай зөвшилцөх шаардлага байхгүй. Нэхэмжлэгч Г.Быг Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдөр байгаль орчны байцаагч, газрын даамлаар томилсон бөгөөд Баянтал сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн эрхийг 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын Б/255 дугаар тушаалаар олгосон. Ажлаас халах байсан бол Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Улсын байцаагчийн эрх цуцлагдсаны дараа халах байсан нь хууль тогтоомж зөрчиж гаргасан тушаал мөн.

Иймд Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Б/30 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин болон Нийгмийн даатгалын шимтгэл, Эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.У тайлбартаа: Б.У миний бие нь Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг хүлээн авах үед Г.Б нь үүрэгт ажлаасаа халагдсан байсан бөгөөд тус шийдвэрийг өмнөх Тамгын газрын дарга Б.Б гаргасан байсан. Тус шийдвэрийг яагаад гаргасан талаар судалж үзэхэд үндэслэлтэй, зөв шийдвэр гаргасан.

Нэхэмжлэгч Г.Б нь тус сумын Засаг даргын Тамгын газрын газрын даамал, байгаль орчны хяналтын улсын байцаагчийн үүргийг гүйцэтгэж байхдаа хариуцсан ажил үүрэгтээ хайнга хандах, чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлэх байдлыг удаа дараа гаргадаг байсан. Эдгээрийг үүрэг даалгаврын дэвтэр дээр бичигдсэн олон удаагийн үүрэг даалгаврыг биелүүлээгүй баримтаар нотлогдоно. Нэхэмжлэгч Г.Б нь ажил үүргээ хэрэгжүүлж байхдаа бусадтай бүдүүлэг харьцах, төрийн жинхэнэ албан хаагчийн ёс зүйг зөрчин, удирдах удирдуулах ёсны зарчмыг огт баримталдаггүй, удирдлагын эрхийг дур мэдэн хэрэгжүүлсэн зэрэг үйлдлүүдийг нэлээдгүй гаргадаг байсан байна. Үүнийг Засаг даргын орлогч М.Наранмандах, Тамгын газрын дарга байсан Б.Б нар гэрчилнэ. гэжээ.

Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 06 дугаар шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Г.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сайнтөрийн Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Газрын даамал, байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.Быг ажлаас халах тухай Б/30 дугаар тушаалыг хүчингүй болгуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах мөн Нийгмийн даатгалын шимтгэл, Эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Са давж заалдах гомдолдоо: Үндэслэх нь хэсгийн 1-д Т.Б нь албан үүргээ хангалтгүй биелүүлж сахилгын шийтгэл авагдсан гэдэгт нь 2014 оны 0 дүгээр сарын 26-ны өдөр авагдсан сахилгын шийтгэлийн хөөн хэлэлцэх хугацаа дуусч 1 жил өнгөрсөн, 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 6/29 тоот тушаалаар үндсэн цалинг 1 сарын 10 хувиар бууруулахаар авагдсан сахилгын шийтгэл нь урд нь Тамгын газрын даргын үүрэг орлон гүйцэтгэгчийн ажилтай холбогдуулан Б.Б авсан арга хэмжээ бөгөөд хэрэв Тамгын газрын даргын үүрэг орлон гүйцэтгэгчийн ажилтай холбогдуулан сахилгын арга хэмжээ авч байгаа бол түүнийг томилсон эрх бүхий албан тушаалтан авах ёстой .Энэ нь Тамгын газрын даргын эрхийн асуудал биш. Иймд Г.Быг урд нь сахилгын шийтгэл авагдаж байсан гэж үзэх үндэслэлгүй юм.

Үндэслэх нь хэсгийн 2-т заасан иргэн Ш.Штай гэрээ байгуулж, гүйцэтгүүлсэн боловч захиалагчийн шаардлага хангаагүй байхад акт үйлдэлгүй хүлээн авсан" гэдэг нь мөн Тамгын газрын даргын үүрэг орлон гүйцэтгэгчийн ажилтай байхад хийгдсэн ажил. Мөн хэсгийн 3-д заасан "3асаг даргын тамгын газрын даргатайзөвшилцөлгүй дур мэдэн 500 ширхэг мод авсан" гэдэг нь дээрх модыг тендерээр хийгдсэн ажил. Энэ ажил хийгдэх үед Г.Б нь Тамгын газрын даргын үүрэг орлон гүйцэтгэгч байсан тул захиалагч байсан. Харин мод захиалгын дагуу ирэхэд Г.Б нь Газрын даамал, Байгаль орчны хяналтын улсын байцаагч болсон байсан гэсэн хэдий ч ирэх ёстой захиалгын дагуу мод ирж байгаа дээр нь хугацаа алдаж модыг үхүүлэлгүй унаатай байгаа дээрээ аваад явъя гэж авчраад тарьсан. Энэ модыг 80-90 хувьтай ургаж байгааг шүүх хуралдээр бүгд баталсан. Дээрх үйлдлээс болж учирсан хохирол байхгүй. Г.Б нь шийдвэр гаргах үед захиалагч байсан. Үүнийг захиалагчтай зөвшилцөөгүй гэж шууд буруутгах үндэслэл байхгүй гэж үзэж байна. Дээрх 500 модыг авчирахыг шинэ захиалагчтай зөвшилцсөн байсан ч эргээд газрын даамал, байгаль орчны хяналтын улсын байцаагч өөрөө авчирч суулгах л байсан. Энэ нь Г.Б үүрэгт ажил юм.

Үндэслэх нь хэсгийн 4-д заасан "Ажлын байранд чанга ярих, бусадтай маргалдах, хараалын үг хэл хэрэглэх, бусдыг доромжлох зэрэг зохисгүй үйлдэл гаргахыг хориглоно" гэсэн дотоод журам зөрчсөн гэж буруутгахдаа иргэн Д.Энхбаярын мэдүүлгийн нотлох баримтаар иш татсан гэтэл шүүх хурал дээр Д.Энхбаяр нь Г.Быг танихгүй энэ хүн маргаагүй харин М.Наранмандах даргыг дуудаж байсан харин нэгэн эмэгтэй чанга чанга дуугарч маргалдаж байх шиг байсан гэж Г.Быг эхнэрийг хэлж гэрчилж байсан. Үүнийг М.Наранмандах ч баталдаг.

Г.Быг газрын даамал, байгаль орчны хяналтын улсын байцаагч ажилтай байхад нь ажлаас чөлөөлөөд 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл Баянтал сумын Засаг даргын тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллуулаад буцааж газрын даамал, байгаль орчны хяналтын улсын байцаагчаар томилсон тушаалгүй ажиллуулсан байдаг. Засаг даргын тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилохдоо ажил хавсран ажиллаж байгаа болон Хөдөлмөрийн хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т Ажилтан үндсэн ажлынхаа зэрэгцээ мэргэжил, ажил, албан тушаал хавсран буюу хослон ажилласан, эзгүй байгаа ажилтны үүргийг орлон гүйцэтгэсэн бол үндсэн цалингаас нь тооцон нэмэгдэл хөлс олгоно гэсэн заалтын үг үсэг ч байхгүй ажиллуулаад шууд буцаан хуучин албан тушаалд нь ажиллуулахдаатушаал гаргаж үр дүнгийн гэрээ байгуулаагүй байдаг. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн11.6-д заасан төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харьцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг хөдөлмөрийн хуулиар зохицуулна гэсний дагуу Хөдөлмөрийн хуулийн 24 дүгээр зүйл, 24.1-д ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй, 24.3-д хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажилтнаас ажил, үүрэг гүйцэтгэхийг шаардаж болохгүй гэсэн заалтууд зөрчигдсөн гэж үзэж байна. Баянтал сумын Засаг дарга,Засаг даргын Тамгын газрын даргын томилсон, чөлөөлсөн тушаал гаргахдаа өөрийн үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан, ажлын байрны тодорхойлолт нь баталгаажуулагдаагүй, үр дүнгийн гэрээ байгуулаагүй зэргээс болж ажилтан Г.Б хохирох ёсгүй. Үр дүнгийн гэрээ байгуулаагүй байж ажлын хариуцлагыг зөвхөн Төрийн албан хаагчийн ёс зүйгээр тооцож болохгүй гэж үзэж тухайн шийдвэрт гомдол гаргаж байгаа тул дахин хянаж холбогдох хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлж, Төрийн албаны тухай хуулийг буруу хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, Г.Б гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Давж заалдах гомдолд ... сахилгын арга хэмжээ авагдсанаас хойш 1 жил өнгөрсөн, сүүлд Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байх үед авагдсан арга хэмжээтэй холбогдуулан сахилгын арга хэмжээ авч байгаа бол Засаг дарга авах ёстой, Тамгын газрын даргын эрхийн асуудал биш ... гэжээ.

Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/45 дугаар тушаалаар Г.Быг байгаль орчны байцаагч, газрын даамлаар томилон ажиллуулж байгаад тус сумын Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/26 дугаар тушаалаар Засаг даргын Тамгын газрын даргын ажлыг түр орлон гүйцэтгэгчээр томилохдоо өмнө эрхэлж байсан байгаль орчны байцаагч, газрын даамлын албан тушаалд нь өөр этгээдийг томилоогүй, 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Б/06 дугаар захирамжаар Тамгын газрын даргын түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлөхдөө өмнө эрхэлж байсан албан тушаалд томилолгүй үргэлжлүүлэн ажиллуулснаас үзвэл дээрх хугацаанд уг хоёр албан тушаалыг хавсран ажиллаж байсан гэж үзэхээр байна.

Хариуцагч Засаг даргын Тамгын газрын дарга нь 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн Б/30 дугаар захирамжаар Г.Быг албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэж үзэж Төрийн албаны тухай хуулийн 25.1.1-д зааснаар байгаль орчны байцаагч, газрын даамлын үүрэгт ажлаас халахдаа чухам аль албан тушаалын албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих ямар үйл ажиллагааг буруу гүйцэтгэсэн, тогтоосон журмыг зөрчсөн гэдгийг шалгаж тогтоогоогүй, тухайн хугацаанд Г.Бод захирах, захирагдах 2 албан тушаалыг хавсран гүйцэтгүүлж байснаа харгалзаагүй, мөн албан үүрэг биелүүлэхтэй холбоогүй сахилгын болон ёс зүйгүй үйлдэл гаргасныг албан үүргээ биелүүлээгүй гэдэгт хамааруулсан нь үндэслэлгүй болжээ.

Тодруулбал, хариуцагч нь 2014 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгүүлсэн ажлын зургийн цомгийг захиалагчийн шаардлага хангаагүй байхад иргэн Ш.Шаас акт үйлдэлгүй хүлээн авч албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж Г.Быг буруутгасан боловч нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан Ажил гүйцэтгэх гэрээнээс үзвэл уг асуудал нь байгаль орчны байцаагч, газрын даамлын үүрэгт ажилд хамааралгүй, тухайн үед түр орлон гүйцэтгэж байсан захиалагч буюу Засаг даргын Тамгын газрын даргын үүрэгтэй холбоотой байна.

Түүнчлэн Засаг даргын Тамгын газрын дарга нь Г.Быг урьд нь Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байхдаа сахилгын шийтгэл авагдсаныг болон 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хуралтай байхад зөвшөөрөлгүй орж ирж өөрийг нь хэл амаар доромжилсон ёс зүйгүй үйлдэл гаргасныг халах үндэслэлээ болгосон нь Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д хамааралгүй байна.

Харин Г.Быг ажлаас халсан Б/30 дугаар тушаалд дурдсан ... Тамгын газрын даргатай зөвшилцөлгүй дур мэдэн 500 ширхэг мод худалдан авсан ... гэсэн нь Г.Б эрхэлж байсан байгаль орчны байцаагч, газрын даамлын албан тушаалд нь хамаарах асуудал мөн байх боловч Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан ... удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн... гэдэгт хамаарахгүй. Өөрөөр хэлбэл төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халах нөхцөл буюу 2 ба түүнээс дээш удаа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх нөхцлийг хангахгүй байна.

Мөн хариуцагчаас Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын биелэлт гэх гараар үйлдсэн дэвтрийн хуулбарыг шүүхэд ирүүлсэн байх боловч уг дэвтэрт Г.Бод хамаарах гүйцэтгэл 0%, биелүүлээгүй гэж тэмдэглэгдсэн ажлуудыг маргаан бүхий захиргааны актад дурдаагүйгээс гадна Г.Бтой үр дүнгийн гэрээ байгуулаагүй, ажлын байрны тодорхойлолтыг Сумын Засаг дарга батлаагүй байх тул Г.Быг албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлснийг нотлох албан ёсны баримт гэж үзэхээргүй байна.

Дээрх байдлаар Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн Б/30 дугаар тушаалын улмаас Г.Б мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасан төрийн жинхэнэ албан хаагч нь энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.З-дзааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх нэмэгдэл баталгаагаар хангагдах эрх зөрчигдсөн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сайнтөрийн давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Г.Б нь 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсантай холбоотой хэрэгт авагдсан цалингийн картыг үндэслэн /хэргийн 102 дугаар хуудас/ давж заалдах шатны шүүхээс тооцож шийдвэрлэх боломжгүй байх тул байгаль орчны байцаагч, газрын даамлын ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг зохих журмын дагуу тооцож олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.2, 88.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 06 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Б/30 дугаар тушаалыг хүчингүй болгож, Г.Быг урьд эрхэлж байсан байгаль орчны байцаагч, газрын даамлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Б ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хууль тогтоомжид заасны дагуу тооцон олгох, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутган төлж, дэвтэрт нь нөхөн бичилт хийхийг Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газарт даалгасугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасны дагуу нэхэмжлэгч Г.Боос нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос буцаан олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ О.НОМУУЛИН

ШҮҮГЧ Д.БАТБААТАР

ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ