| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2017/02392/И |
| Дугаар | 102/ШШ2017/02893 |
| Огноо | 2017-10-31 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 102/ШШ2017/02893
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А.М-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Ц-д холбогдох,
Нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.М-н өмгөөлөгч Т.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие болон миний төрсөн дүү А.Ц, төрсөн эгч А.У нар нь Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамж 56/2 байр, 8 тоот хаягт байршилтай, 63 м.кв талбайтай, 3 өрөө, орон сууцны хамтран өмчлөгч бөгөөд улсын бүртгэлийн 000512766 дугаар гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205026121 дугаарт бүртгэлтэй байдаг. Гэтэл миний эгч А.У нь надад болон миний дүү А.Ц нарт мэдэгдэлгүйгээр, биднийг байлцуулахгүйгээр нотариатч Б.Ц-аар 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “Үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээ бусад хамтран өмчлөгчид бэлэглэх гэрээг байгуулж, хуурамчаар гарын үсэг зурж, түүнийгээ үндэслэн дээрх орон сууцыг зөвхөн өөрийн нэр дээр шилжүүлэн авсан байна. Уг гэрээнд зурсан А.М, А.Ц нарын гарын үсэг нь бидний гарын үсэг биш бөгөөд биднийг байлцуулахгүйгээр ийнхүү гэрээг байгуулж байгаа нь Нотариатын тухай хууль болон нотариатын үйлдэл хийх заавар зэргийг ноцтой зөрчиж байна. Хэдийгээр Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/634 дүгээр захирамжаар миний эгч А У нь дүү А Ц бид хоёрын хууль ёсны харгалзан дэмжигчээр тогтоогдсон байдаг боловч миний бие уг гэрээг байгуулах үед 18 насанд хүрсэн байсан тул Гэр бүлийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т дараахь тохиолдолд асран хамгаалах, харгалзан дэмжих үүрэг дуусгавар болно”, 3.2,3-т “харгалзан дэмжүүлэгч насанд хүрсэн” гэж тус тус заасны дагуу харгалзан иэмжигчийн эрх үүрэг дуусгавар болж, миний бие өөрийгөө бүрэн төлөөлөх насанд хүрсэн байхад миний зөвшөөрөлгүйгээр миний хамтран өмчилдөг үл хөдлөх хөрөнгийг өөртөө болон бусдад шилжүүлэх эрхгүй гэж үзэж байна. Ийнхүү хууль бусаар нотариатаар батлуулсан гэрээг үндэслэн А.У нь орон сууцыг өөрийн нэр дээр бүртгүүлэн, улмаар иргэн С.З, А.Б гэх мэт хүмүүст худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлж, бид орон гэргүй болоход хүрээд байна. Иймд нотариатч Б.Ц-ийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “Үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээ бусад хамтран өмчлөгчид бэлэглэх гэрээ” баталсан нотариатын үйлдлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч А.Мгын өмгөөлөгч Т.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч А.М, н.Ц, н.У нар нь Баянгол дүүрэг, 56-2-р байрны 8 тоот 3 өрөө орон сууцыг хамтран өмчилдөг байсан. Гэвч эгч н.Ун нь А.М, н.Ц нарт мэдэгдэлгүйгээр тус байрыг 2016 оны 11 сарын 17-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгийг бусад хамтран өмчлөгч нарт бэлэглэх гэрээгээр өөрийн нэр дээр шилжүүлж, бусдад барьцаанд тавьж, зарж борлуулах замаар бусдад шилжүүлсэн байдаг. Үүнтэй холбоотойгоор А.М, н.Ц нар нь аав, ээжээсээ өвлөж авсан байраа алдахад хүрсэн бөгөөд н.Ууганцэрэнгийн хийсэн гэрээг хууль бус байна гэж үзэж байгаа. Мөн хамтран өмчлөгч н.У-г Баянгол дүүргийн засаг даргын захирамжаар А.Мгийн харгалзан дэмжигчээр тогтоосон боловч А.Мг харгалзан дэмжих хугацаа нь дуусгавар болсон. Гэвч түүний зөвшөөрөлгүй н.Ууганцэрэн нь тус байрыг өөр дээрээ шилжүүлэн авч бусдад шилжүүлсэн. Одоо тус байр нь А.М, н.Ц, н.У нарын нэр дээр байдаггүй. Иймд Гэр бүлийн тухайн хуулийн 73.2.3-т зааснаар харгалзан дэмжүүлэгч насанд хүрсэн учир харгалзан дэмжих ажиллагаа дуусгавар болсон. Мөн Гэр бүлийн тухай хуульд харгалзан дэмжигч, харгалзан дэмжүүлэгч нар нь хоорондоо гэрээ хийхийг хориглодог. Иймд н.Ууганцэрэнгийн хийсэн үйлдэл нь хууль бус байна. Мөн хариуцагч Б.Ц нь Хууль зүй дотоод хэргийн яамны сайдын 2011 оны тушаалаар батлагдсан нотариатын үйлдэл хийх зааврыг ноцтой зөрчсөн байгаа. Иймд 2016 оны 11 сарын 17-ны өдрийн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгийг бусад хамтран өмчлөгч нарт бэлэглэх гэрээг баталсан нотариатч Б.Цийн үйлдлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Ц шүүхэд гаргасан хариу тайлбараа: Нэхэмжлэгч А.М нь Баянгол дүүргийн тойргийн нотариатч Б.Ц миний гэрчилсэн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “Үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээ бусад хамтран өмчлөгчид бэлэглэх гэрээ” үйлдлийг хүчингүй болгуулах шаардлага гаргажээ. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. А.У, А.М, А.Ц нар нь 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “Үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч өөрт ноогдох хэсгээ бусад хамтран өмчлөгчид бэлэглэх гэрээ” хэлцэл хийлгэхээр хандсан бөгөөд үйлчлүүлэгч нарын хүсэлтээр гэрээг нь гэрчилж өгсөн. Гэрээнд байгуулах үед А.У, А. М, А.Ц нар нь өөрсдөө гарын үсэг зурсан болох нь Нотариатчийн үйлдлийн бүртгэлийн дэвтэр, мөн гэрээнд зарсан гарын үсгээр нотлогдоно. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. /хх-ийн 15 дугаар тал/
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.М нь хариуцагч Б.Цд холбогдуулан 2016 оны 11 сарын 17-ны өдөр А.М, А.Ц, А.У нарын байгуулсан “Үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээ бусад хамтран өмчлөгчид бэлэглэх гэрээ”-г гэрчилж, нотариатын бүртгэлийн 436 дугаарт бүртгэгдсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл байна гэж үзэв.
Хариуцагч нотариатч Б.Ц нь 2016 оны 11 сарын 17-ны өдөр А.М, А.Ц, А.У нарын байгуулсан “Үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээ бусад хамтран өмчлөгчид бэлэглэх гэрээ”-г гэрчилж, нотариатын бүртгэлийн 436 дугаарт бүртгэсэн байна.
Тус гэрээг нотариатчаар гэрчлүүлэх үед нэхэмжлэгч А.М, А.У нар 18 насанд хүрсэн, А.Ц 16 настай байсан болох нь А.М, А.У нарын иргэний үнэмлэхийн лавлагаа, Засаг даргын тодорхойлолт зэргээр нотлогдож байна. /хх-ийн 4, 8, 9 дүгээр тал/
Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “нотариатын үйлдэл хийлгэж байгаа этгээд /цаашид “үйлчлүүлэгч” гэх/-ийн хувийн байдлыг тогтоох”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Нотариатч үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоохдоо түүний иргэний баримт бичиг, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийг үндэслэх бөгөөд итгэмжлэл, төлөөлөл нь зохих ёсоор бүрдсэн эрх зүйн чадамжтай эсэхийг шалгаж, шаардлагатай бол эрх бүхий байгууллагын тодорхойлолт, эсхүл тухайн хүнийг таних хоёр гэрчээр тодорхойлуулан тогтоож болно” гэж заажээ.
Шүүхээс томилсон шинжээчийн дүгнэлтэд “2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “Үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээ бусад хамтран өмчлөгчид бэлэглэх гэрээний арын нүүрэнд зүүн дээд хэсэгт бусад хамтран өмчлөгчид бэлэглэх гэрээний арын нүүрэнд зүүн дээд хэсэгт “БЭЛЭГЛЭГЧ: А.М гэж бичсэн нэрийн ард, мөн Нотариатын бүртгэлийн дэвтэр /2016 он 11 сар/-ийн 19-р хуудсанд байх 2016.11.17-ны өдрийн 426 дугаарын сүүлийн баганад байх А.Мгийн гэх гарын үсгүүд нь А.Мгийн чөлөөт болон туршилтын гарын үсгийн загвартай тохирохгүй байна” гэсэн байх тул хариуцагч нь А.М-ийн хувийн байдлыг зөв тогтоогоогүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Түүнчлэн гэрээг гэрчлүүлэх үед А.Ц насанд хүрээгүй байсан тул Иргэний хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т заасны дагуу түүнд хуулиар зөвшөөрснөөс бусад хэлцлийг хууль ёсны төлөөлөгч /эцэг, эх, харгалзан дэмжигч/-ийн бичгээр олгосон зөвшөөрөл авсан байх шаардлагатай. Гэвч түүний хууль ёсны төлөөлөгч нь хэн болох, ямар баримтыг үндэслэн гэрээг гэрчилсэн болохоо хариуцагч нотолж чадаагүй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагч Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоох, мөн хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу нотариатын үйлдэл хийхээс татгалзах үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд 2016 оны 11 сарын 17-ны өдөр А.М, А.Ц, А.У нарын байгуулсан “Үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээ бусад хамтран өмчлөгчид бэлэглэх гэрээ”-г гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасны дагуу 2016 оны 11 сарын 17-ны өдөр А.М, А.Ц, А.У нарын байгуулсан “Үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээ бусад хамтран өмчлөгчид бэлэглэх гэрээ”-г гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ц-аас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.М-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АЗБАЯР