Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2020/00461

 

Г.А-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 881 дүгээр шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 91 дүгээр магадлалтай,

Г.А-н нэхэмжлэлтэй,

Д-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Г.Ан хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч Г.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Энэрэл цогцолбор сургуулийн захирлын 2009 оны 08 сарын 27-ны өдрийн №23 тоот тушаалаар дотуур байрны багшийн ажилд орсон. Ингээд тасралтгүй 5 жил гаруй ажиллаж байхад буюу 2013 оны 09 сард манай сургуулийн захирлаар Ж.Маанийдаарий томилогдон ирж, ирсэн даруйдаа аав минь хүнд өвчтэй байхад дарамталсаар байгаад 2014 оны 08 сарын 28-ны №37 тоот тушаалаараа намайг дотуур байрны багшийн ажлаас чөлөөлж, үйлчлэгч болгосон билээ. 2017 оны 10 сарын 02-ны өдрийн Б/38 тоот тушаалаар үйлчлэгчээс чөлөөлж, сургуулийн эмчээр томилсон ч үйлчлэгчийн цалингаар цалинжуулж, мөн хөдөлмөрийн гэрээгээ шинэчлэхгүй байсан нь ажил хийхэд дарамттай байсан. Иймээс өөрийн хүсэлтээр 2017 оны 12 сарын 01-ний өдрийн Б/51 тоот тушаалаар Энэрэл цогцолбор сургуулиас гарч, 6-р цэцэрлэгт эмчээр ажиллаж байтал 2018 оны 08 дугаар сард Н.Сүхбаатар захирал Та манайд эргэж ирээд ажиллаач, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асаргаа сувилгаа мөн тусгай олимпийн тамирчин сурагчдын биед асаргаа сувилгаа хийх шаардлагатай байна гэсэн санал тавьсны дагуу олон жил ажиллаж дасал болсон Д-даа Н.Сүхбаатар захирлын 2018.09.06-ны өдрийн Б/37 тоот тушаалаар дотуур байрны багшийн албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн.

2019.04.11-ний өдөр би ажлаа хийгээд сууж байтал манай ажлын Б.Энхжаргал, Ц.Жаргалсайхан, Д.Нинжбадгар гурав миний ажлын байранд ирж Ж.Маанийдаарий захирлын 2019.04.11-ний өдрийн Б/15 тоот тушаалын конандсан хуулбарыг надад үзүүлж, ажил хүлээлцье гэсэн. Би тухайн үед түр тушаалаар ажиллаж байсан хэдий боловч энэ байгууллагадаа сүүлийн 10 жил ажиллаж байгаа хүн. 2018.09.06-ны өдрийн Б/37 тоот тушаалаар би дотуур байрны багшийн ажилд томилогдон ажиллаж байхад надтай хамт дотуур байрны багшаар Д.Нинжбадгар бид хоёр л ажиллаж байсан. Гэтэл намайг ажлаас халснаас хойш Д.Нинжбадгар, дикридтэй байсан н.Амгаланжаргал хоёр дээр бас нэг эмэгтэй дотуур байрны багшаар авч одоо 3 багштай болсон байна.

Иймээс сүүлд авсан багшийн оронд намайг ажиллуулах боломжтой байсаар байтал миний эрх зүйн байдлыг дордуулж ажилгүй болгосонд гомдолтой байна. Учир нь би жил хүрэхгүй хугацааны дараа тэтгэвэрт гарах эрх үүсэх хүн. 4 сарын 25-ны өдөр ажилгүйдлийн тэтгэмжийн материал бүрдүүлэх сүүлийн өдөр байсан тул бичиг хэргийн ажилтан Б.Түвшинтүшигээс ажлаас халагдсан тушаалаа эх хувиар нь авъя гэхэд тойрох хуудсаа зуруулж байж ав, тушаал 1% үйлдэгдсэн учир өгч болохгүй, захирал битгий өг гэсэн гээд өгөхгүй байсан учраас аргагүйн эрхэнд тойрох хуудсыг нь авч зуруулсан.

Иймд ажилд минь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Ж.Маанийдаарий шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Дотуур байрны багш Г.А нь дотуур байрны багш С.Амгаланжаргалыг жирэмсний болон амаржсаны амралттай байх хугацаанд тус ажлын байранд томилогдон ажиллаж байсан. С.Амгаланжаргал нь ажилдаа орох хүсэлт гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.3, 35.1.4 дэх заалтын дагуу Г.Аг дотуур байрны багшийн түр ажлын байрнаас чөлөөлж С.Амгаланжаргалыг хуулийн дагуу дотуур байрны багшийн ажилд нь томилсон болно.

Г.А нь миний биеийг элдвээр доромжилж худал хуурмаг зүйлүүдийг бичиж ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж шүүхэд хандаж байгаа нь ч ёс зүйгүй үйлдэл гэж үзэж байна. Боловсролын байгууллагад багш мэргэжилтэй багшлах эрхтэй олон хүмүүст ажил олдохгүй байхад багш биш, дээд боловсролгүй, багшлах эрхгүй хүнийг н.Сүхбаатар захирал дотуур байрны багшаар ажиллуулсан нь үүний цаана ашиг сонирхлын зөрчил байна гэж хардахад хүргэж байна. Дээрх байдал нь хүүхдийн эрхийг зөрчөөд зогсоогүй холбогдох хууль журмуудыг зөрчсөн үйлдэл болсон. Иймээс Г.Аг дотуур байрны багшийн ажлаас чөлөөлсөн нь хуулийн дагуу явагдсан үйл ажиллагаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 881 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар нэхэмжлэгч Г.Аг Дийн дотуур байрны багшийн ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5-д зааснаар ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 3,094,972 төгрөгийг хариуцагч Диас нөхөн гаргуулж нэхэмжлэгч Г.Ад олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Ан шүүхийн шийдвэрээр олгогдох цалингаас нэг удаа нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төвлөрүүлэн санд тушаан, дэвтэрт нөхөн бичилт хийхийг ажил олгогчид даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Г.А нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Диас улсын тэмдэгтийн хураамжид 64 470 төгрөг гаргуулж Төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 91 дүгээр магадлалаар: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 881 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Г.Агийн хариуцагч Д-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 134 670 төгрөг төлснийг төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар гаргаж, буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Г.А хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.10.28-ны өдрийн 91 дугаартай магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч, ИХШХШтХ-ийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.1 дэх хэсгийг баримтлан дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Тус иргэний хэргийн шийдвэрлэсэн Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.09.20-ны өдрийн 881 дугаар шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй шийдвэр байсан. Гэтэл тус хэргийг хариуцагчийн гомдлоор хянан шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн 91 дугаар магадлал шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүйн улмаас нэхэмжлэгч Г.А миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчөөд байна.

Миний бие өндөр насны тэтгэвэрт гарах хугацаа ойртсон, мөн миний ажиллаж байсан дотуур байрны багшийн 3 орон тоо тус сургуульд байгаа бөгөөд сул байгаа орон тоон дээр намайг ажилпуулахгүйгээр сонгон шалгаруулалт зарлаж түүнийгээ надад мэдэгдэхгүйгээр намайг шууд ажлаас халсан нь иргэн миний хөдөлмөрлөх эрх, улмаар улсад хөдөлмөрлөснийхөө үр шимийг хүртэж тэтгэвэр тогтоолгох эрхийг минь давхар зөрчиж эрх зүйн байдлыг минь дордуулаад байна. Энэ талаар анхан шатны шүүхийн шийдвэрт үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байхад давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг хүчингүй болгосонд гомдолтой байна.

Мөн давж заалдах шатны шүүх магадлалынхаа тогтоох хэсэгт ямар ч хуулийн заалт үндэслээгүй яг ямар хуулийн зохицуулалтаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоод байгаа нь тодорхойгүй байна.

Иймд гомдлыг минь хүлээн авч Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.10.28-ны өдрийн 91 дугаартай магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалд хууль хэрэглээний талаар нэмэлт өөрчлөлт оруулж, магадлалыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Г.А Д-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т зааснаар Г.Аг Ерөнхий боловсролын 12 дугаар сургуулийн дотуур байрны багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 3 094 972 төгрөгийг хариуцагчаас гаргуулан олгож, ажилтны ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгч Г.А хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэлээ: “...давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй, ...нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн, анхан шатны шүүхийн шийдвэрийг ямар хуулийн заалтыг үндэслэж хүчингүй болгосон нь тодорхойгүй, магадлалын тогтоох хэсэгт ямар ч хуулийн заалт үндэслээгүй байна. ...Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү...” гэж тайлбарлажээ.

Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлын заримыг хангах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Г.А нь  Дийн захирлын 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Б/37 дугаартай тушаалаар жирэмсний амралтаа авах хүсэлт гаргасан тус  сургуулийн дотуур байрны багш С.Амгаланжаргалын оронд дотуур байрны багшийн ажилд түр томилогдсон байна.

Дотуур байрны багшийн ажлын байр нь байнгын ажлын байр, ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1.-д зааснаар байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах үүрэгтэй ч хуулийн 23.2.2.-т байнгын ажлын байранд талууд харилцан тохиролцсноор хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж болно, 23.2.3.-т ажил, албан тушаал нь хууль болон бусад шийдвэрийн үндсэн дээр хэвээр хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллах ажилтантай эзгүй байгаа ажилтныг ажилдаа эргэж орох хүртэл хугацаагаар хөдөлмөрийн гэрээг байгуулахаар зохицуулжээ.

Ажилтан Г.А жирэмсний амралттай байгаа багшийн ажлын байрны орон тоонд түр томилогдсон тул тэдгээрийн хооронд хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулагдсан, өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3.-т зааснаар жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтныг ажилд орох хүртэлх хугацаагаар талууд хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэж үзэх үндэстэй.

Г.Аг ажил үүргээ гүйцэтгэх явцад буюу 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр тус сургуулийн дотуур байрны багш С.Амгаланжаргал “хүүхэд харах хүнтэй болсон” гэх үндэслэлээр 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ажилдаа орох хүсэлт гаргасан тул ажил олгогч 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Б/15 тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3.-т зааснаар С.Амгаланжаргалын оронд түр томилогдсон Г.Агийн хөдөлмөрийн гэрээг 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Ажил олгогч ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3. дахь заалтыг баримталсан нь оновчгүй боловч энэ нь тушаалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй, тушаалын агуулгаас үзвэл талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний харилцан тохиролцсон хугацаа дууссан, цаашид сунгагдахгүй болсон гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж үзэх тул ажил олгогчийн тушаал хууль зөрчөөгүй гэж үзнэ.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т заасан ажил олгогч ажилтныг ажлаас буруу халсан гэх үндэслэлгүй тул түүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох тухай нэхэмжлэлийг хангах боломжгүй юм.

Нэхэмжлэгч ажил олгогчтой байнгын ажлын байранд түр хугацаагаар гэрээ байгуулан ажиллаж байсан талаар маргаагүй боловч ажилтныг ажлаас чөлөөлсний дараа дотуур байрны багшийн албан тушаалд шинээр багш авч ажиллуулсан, сүүлд авсан багшийн оронд ажиллуулах боломжтой байтал эрх зүйн байдлыг дордуулж ажилгүй болгосон, ажлын байраар хангаагүй гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

 Ажил олгогч  нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь сургуулийн дотуур байрны багшийн орон тоо нэмэгдсэн, ажилтан шинээр авсан үйл баримттай холбоогүй.

Анхан шатны шүүх ажилтныг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаал хууль зөрчөөгүй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч тус сургуулийн дотуур байранд дахин нэг багшийн орон тоо сул байхад дээрх орон тоонд ажиллуулаагүй, ажлын байраар хангаагүй нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс засч, зөвтгөсөн нь хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэгдсэн, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Хөдөлмөрийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалтыг магадлалд заагаагүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй, харин магадлалыг хүчингүй болгох үндэслэлгүй тул гомдлын энэ шаардлагыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 91 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...хүчингүй болгож,” гэсний дараа “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул” гэж нэмж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч Г.Ан гомдлын заримыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД