Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2020/0448

 

2020 оны 06 сарын 30 өдөр                 Дугаар                                     Улаанбаатар хот

                                                      128/ШШ2020/0448

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн нэгдүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

         Нэхэмжлэгч: “У” ХХК

           Хариуцагч: НЗД

         Нэхэмжлэлийн шаардлага: “НЗД 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай А/******* дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх журамд үндэслээд 2016 оны 12 дугаар сарын 6-ны өдөр У банктай газар эзэмших, эрх шилжүүлэх гэрээг байгуулснаар Ч дүүргийн  1 дүгээр хорооны газар нутагт байрлах 700 мкв талбайн эрхийн гэрчилгээг шилжүүлэн авсан. Улмаар НЗД-ын 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн А454 дүгээр захирамж дээр үндэслээд 2017 оны 6 дугаар сарын 29-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээг эзэмшсэн байдаг. Нэхэмжлэгч нь Газрын тухай хууль болон  хариуцагч тал байгуулсан гэрээгээр газар эзэмшигчийн хүлээсэн үүргийн хүрээнд газрын төлбөрт 1,358,000 төгрөгийг 2018 оны дөрөвдүгээр улирлын байдлаар төлсөн байдаг.

 Уг газар нь компанийн тайланд 421,428,000 төгрөгөөр бүртгэгдсэн. Хуулийн дагуу газар эзэмшиж байх явцад хариуцагчийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн А******* дугаар захирамж гарсан. Энэ маргаан бүхий актад Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2 хэсэгт заасныг тус тус үндэслээд энэхүү нэхэмжлэгчид газар олгосон тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэлдээ дурдсанаар бол захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-д үндэслэж нөлөөлөл бүхий захиргааны акт гэж үзсэн. Захиргааны актыг хүчингүй болгоод энэхүү боломжит хугацаа нь 2016 оны 3 дугаар сарын 25 ны  өдрөөр дууссан тиймд 48 дугаар зүйлийн 48.2.2 дэх хэсгийг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь энэхүү захирамжид 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 261 дүгээр захирамжийг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-д заасны дагуу энэ 5 жилийн хугацаа өнгөрсөн учраас үндэслэлгүй гэж үзэж байгаа. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсгийг үндэслээд хоёр жил уг газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзсэн. Зориулалтын дагуу ашиглаагүй байх нөхцөл нь 2019 оны 6 дугаар сарын 29-ны өдрөөр буюу 2017 оны 6 дугаар сарын 29-ны өдөр газрын гэрчилгээг авч энэ газрыг эзэмшсэн 6 дугаар сарын 29-ны өдрөөр дуусах ёстой байсан байтал хариуцагч хуульд заасан 2 жилийн хугацаа дуусаагүй байхад 6 дугаар сарын 5-ны өдөр энэхүү захирамжаар хуульд заасан нөхцөл бүрдээгүй байхад Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 баримтлан шийдвэр гаргасан нь ямар ч үндэслэлгүй гэж үзэж байна.

Хариуцагч нь маргаан бүхий актаа Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль 29 дүгээр зүйлийн 29.3, 61 дүгээр зүйлийн 61.1-т үндэслэж шийдвэрээ гаргасан байсан. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль 29 дүгээр зүйлийн 29.3-т заасныг хэрэглэх үндэслэл нь “засаг даргын захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол хүчингүй болгон” гэж заасан гэтэл энэ заалтыг хэрэглэх урьдчилсан нөхцөл нь газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон захирамж хууль тогтоомжид нийцээгүй буюу, зөрчсөн гэж байгаа. Энэ бол маргаан бүхий газар дээр хууль тогтоомж зөрчиж газар олгосон гэх ямар ч нөхцөл бүрдээгүй.

У банканд анх эзэмшүүлэхдээ 700 мкв талбай бүхий банкны үйл ажиллагааны зориулалттай газар нь Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 29.3 дэх заалтуудын “..төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газар” гэдэгт хамаарахгүй байгаа. Энэ бол  үлдсэн газар эзэмшүүлэх шийдвэр гаргах журмыг баримтлаагүй гэж хүчингүй болгох нь хууль зүйн хувьд ямар ч боломжгүй юм. Нийтээр ашиглах зам талбай бүхий газрыг газар эзэмших эрхийн гэрчилгээг У ХХК-д шилжүүлэхдээ Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дугаар зүйлд “.. энэ хуулийн 35.1.4, 35.1.6-д заасан төрийн байгууллагад бол хамаарахгүй” гэж заасан газар эзэмшигчийн эрхийг хасуул мөн уг хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т “...эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг гаргахдаа дараах баримт бичгийг хавсаргана” гэж заасныг зөрчсөн гэж хариуцагч тал тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.3 зааснаар НЗД буюу хариуцагчийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн А/******* тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.

Хоёр. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Н 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Захиргааны шүүхэд нэхэмжлэгч маргаан бүхий актын хууль зүйн үндэслэл нь захиргааны байгууллага өөрийнхөө гаргасан шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх эрхтэй гэж үзээд байгаа хэдийч Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3 дугаар заалтуудыг үндэслэх хууль зүйн нөхцөл бололцоо бүрдээгүй байсан. Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.6-д заасан хуульд заасан хоёр жилийн хугацаа болоогүй байсан байна. Энэ маргаан бүхий актыг дэмжих хууль зүйн бололцоо байхгүй гэж үзэж байна. Мөн энэ захирамжийн 4 дүгээр зүйлд нийцүүлэн захирамжилснаас нь үзвэл дурдсан үйл баримтууд нь хуульд нийцэхгүй. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3 дахь хэсгүүдийг үндэслээд анхнаасаа У ХХК-д газар эзэмших эрх олгосон тушаалыг, эзэмшүүлэх эрх шилжүүлсэн энэ хоёр тушаалыг дурдаад энэ захирамж гарснаа хойш тус тус хүчингүй болгосонд тооцсугай гээд 4 дүгээр зүйлийн 4.1 дүгээр зүйлээр захирамжилсан. Ингэж захирамжлахдаа анхны эрх үүсгэсэн захирамжийг хүчингүй болгох хуульд заасан хугацаа үүссэн байсан. Мөн нэхэмжлэгчийн итгэлийг хамгаалах зарчим илэрхий зөрчигдөөд байгаа. Захиргааны байгууллага өөрийн гаргасан шийдвэрийг хүчингүй болгуулах эрхтэй ч хуульд заасан үндэслэл бүрдсэнээр хуулийн дагуу эрхээ хэрэгжүүлэх боломжтой болно. Улаанбаатар банканд газар олгосон шийдвэрийг хүчингүй болгох эрхээ эдлэх боломжтой болсон байсан. Захиргааны байгууллага өөрөө энэ хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх гэрээ байгуулахдаа холбогдох баримт материал бүрдүүлээд хүсэлтийг хуульд заасан журмын дагуу хянаад шийдвэрлэх ёстой. Хариу тайлбартаа тодорхой үндэслэл гаргаагүй байдаг.

Гурав. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: НЗД-ын 2011 оны 261 дүгээр захирамжаар У банканд Ч дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, төв шуудангийн хойно 700 мкв газрыг банкны үйл ажиллагааны зориулалттайгаар олгосон байдаг. 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа нь дуусгавар болсон. Хуулиар 30 хоногийн өмнө хүсэлтээ гаргаж хугацаагаа сунгуулах ёстой. Гэсэн хэдий ч хугацааг нь 2016 оны 12 сарын 06-ны өдөр У банканд шилжүүлэн гэрээ байгуулагдсаны үндсэн дээр шилжүүлсэн байдаг. НЗД нь газар эзэмшүүлэх зөвшөөрөл олгохдоо дуудлага худалдаа төсөл сонгон шалгаруулалтын зарчмаар эзэмшүүлэх ёстой. Төсөвт байгууллага байх юм бол энэ заалт хамаардаггүй. НЗД-ын 2011 оны 261 дүгээр захирамж нь Нийслэлийн барилга, хот байгуулалт төлөвлөлтийн газар, У банканд банкны үйл ажиллагааны чиглэлээр 5 жилийн хугацаагаар хамтран газар эзэмших эрх олгосон нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 заасны дагуу Төсөв сонгон шалгаруулах зарчмаар явуулахгүй байх үүднээс хоёр байгууллага дээр анх эзэмших эрх нь олгогдсон. 2011 оны 261 дүгээр захирамжид үндэслээд энэ газар эзэмших эрхийг “У” ХХК-д эрх шилжүүлсэн. Энэ нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дугаар зүйлд заасан төрийн байгууллага газар эзэмших эрхээ будад шилжүүлэхгүй гэсэн заалтыг зөрчсөн. Газар эзэмших эрхийг шилжүүлсэн захирамж нь хуульд нийцээгүй учраас газар эзэмших эрхийг нь хүчингүй болгож шийдвэрлэсэн. Энэ газар нь ямар нэгэн үйл ажиллагаа явагдаагүй нийтээр эзэмшиж ашиглаж байсан. “У” ХХК-аас одоо хүртэл ямар нэгэн үйл ажиллагаа явагдаагүй байна гэдэг нь газрын үзлэгээр тодорхой болсон.   

Мөн “У” ХХК-ийн зүгээс нийтээр эзэмшиж ашиглаж байсан гэдгийг хүлээн зөвшөөрч байсан. Одооч нийтээр эзэмшиж ашиглаж байна гэдэг дээр гаргасан гомдол байхгүй. Захиргааны акт гаргах процесс ажиллагааны хувьд манай байгууллагын зүгээс Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас 2019 оны албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн энэ мэдэгдэлд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгох гэж байгаа учир сонсох ажиллагаа хийж байна гэх албан бичиг явуулсан. “У” ХХК-аас Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2 дахь хэсэгт заасан 5 жилийн хугацаа өнгөрсөн байна гэж маргаж байна. 2019 оны ******* дугаар захирамжаар НЗД-ын 2017 оны 464 дүгээр захирамжийг хүчингүй болгож байгаагаараа хамгийн сүүлийн эрх үр дагавар бүхий шийдвэрийг хүчингүй болгож байгаа. Энэ нь 5 жилийн хугацаандаа гарсан байгаа учир хөөн хэлэлцэх хугацаа нь дуусаагүй байна гэж үзэж байна. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3 дугаар заасан, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар эрх зүйн үндэслэлгүй, урьдчилсан нөхцөл бүрдээгүй байна. Үүн дээр үндэслээд газар эзэмших эрхийг нь шилжүүлсэн 2017 оны 464 дугаартай захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй байгаа учир хүчингүй болгуулах эрх зүйн үндэслэл нь байгаа. Энэ тухайн нөхцөл байдалд тохирсон шийдвэр учир шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа  “НЗД 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай А/******* дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах” гэж тодорхойлжээ.

Шүүх болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар  хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судалж, нэхэмжлэлийн шаардлагыг дараахь байдлаар дүгнэж, шийдвэрлэв.

Анх НЗД-ын 2011 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмшүүлэх эрх олгох тухай” 261 дүгээр захирамжаар Ч дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэр Х-ийн баруун талд байршилтай 0.07 га газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлэх эрхийг банкны үйл ажиллагааны зориулалтаар У банкинд олгожээ.

НЗД-ын 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/464 дүгээр захирамжаар  Улаанбаатар  хотын банкинд эзэмшүүлсэн 0.07 га газрыг түүний 100 хувийн хөрөнгө оруулалттай охин компани болох “У” ХХК-д 15 жилийн хугацаагаар шилжүүлэн эзэмшүүлсэн байна.

Нэхэмжлэгчээс “...маргаан бүхий акт хууль болон зорилгодоо нийцээгүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шууд зөрчсөн ...” гэж, хариуцагчаас “... газар эзэмшигч тухайн газраа гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй, цаашид эзэмшиж ашиглах боломжгүй нийтийн эдэлбэрийн зам талбайг хэвээр байлгах нь нийтийн ашиг сонирхолд нийцнэ...” гэж маргажээ.

Газрын тухай хуулийн 21 дүгээр дүгээр зүйлийн 21.2.3-д “нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна”, захиргааны байгууллага, албан тушаалтан газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-д “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно” зааснаас үзвэл анх 2011 онд НЗД-ын захирамжаар “У банк”-нд  0.07 га газрыг эзэмшүүлсэн нь эрх мэдлээ хэтрүүлсэн гэж үзэхгүй, харин хуульд заасан эрхээ хэрэгжүүлэхдээ Газрын тухай хуульд заасан газар эзэмшүүлэх шийдвэр гаргахад шаардагдах нөхцөлүүдийг хангаагүй гэж үзэхээр байна.                                                               Хариуцагчаас “...нэхэмжлэгчид газар олгохдоо анхнаасаа хууль зөрчиж олгосон...” гэж тайлбарлаж байгаа бөгөөд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар “У банк”-аас газар эзэмших хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан  загварын дагуу гаргасан байх гаргасан байх бөгөөд эрх бүхий байгууллага, албан тушаалтны буруутай шийдвэрээр нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй тул энэхүү тайлбарыг хүлээн авах боломжгүй юм. 

Газрын тухай хуульд зааснаар Монгол Улсын хилийн доторх бүх газар өмчийн төрөл, хэлбэрээс үл шалтгаалан газрын нэгдмэл санг бүрдүүлдэг бөгөөд түүнийг газар ашиглалтын үндсэн зориулалт хэрэгцээг харгалзан ангилдаг.

Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.3-д зам, шугам сүлжээний газрыг төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашиглахаар, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-д Монгол Улсын газрын нэгдмэл санг зам, шугам сүлжээний газар хэмээн ангилж, Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-д нийтийн эдэлбэр газарт  суурины гудамж, талбай, зам, хамаарна заажээ.

Тэгвэл тухай тохиолдолд маргаан бүхий газарт хийгдсэн шүүхийн үзлэг болон Авто замын газрын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2/3312 дугаартай “Ч дүүргийн 1 дүгээр хороо, гудамж, Т араас Х баруун талаар Ж гудамж хүртэлх авто зам нь 1975 онд ашиглалтанд орсон бөгөөд 2009 онд их засвар, шинэчлэлтийг ажил хийгдсэн” гэсэн утга бүхий албан бичиг зэргээр тус газар нь нийтийн зам талбай болох нь тогтоогдож байна.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэхээр заасан бөгөөд НЗД-ын 2011 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 261 дүгээр захирамжаар “У банк”нд Ч дүүргийн 01дүгээр хорооны нутаг дэвсгэрт 0.07 га газрыг таван жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2012 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр таван жилийн хугацаатай гэрчилгээ олгогдсон байна.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглож,  энэ хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-т зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээ болон гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй бол тухайн газар эзэмших эрх дуусгавар болохоор заасан.

Дээрх хуулийн заалтаас үзвэл НЗД-ын 2011 оны 261 дүгээр захирамжаар  “У банк”-нд Ч дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэр Х-ийн баруун талд байршилтай 0.07 га газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлж, 2012 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гэрчилгээ олгосон үйл баримтаар “У банк”-ны газар эзэмших эрх 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр дуусаж, эзэмшигч нь Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргаж,мөн хуулийн  37.2-д зааснаар Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргаж, уг шийдвэрийг үндэслэн газрын алба бүртгэх ажиллагаа явуулахаар байна.

Гэтэл “У банк” дээрх хуулийн заалтыг хэрэгжүүлэхгүйгээр, харин өөрийн охин компани болох “У” ХХК-тай 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж, нийслэлийн Газрын албанд 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр эрх шилжүүлэх хүсэлтийг гаргаж, 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хурлаар хэлэлцүүлэн хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэж мэдэгдэж, дараа нь дахин дүгнэж, НЗД 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/464 дүгээр захирамжаар нэхэмжлэгчид маргаан бүхий газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр эрх шилжүүлэн шийдвэрлэж, 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр гэрчилгээ олгосон нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн байна.

Дээрх үйл баримтыг дүгнэвэл “У банк” Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т заасан “хүсэлт” гаргаагүй, захиргааны байгууллагаас 37.2-д заасан “шийдвэр” гараагүй байхад эрх шилжүүлэх хүсэлт гаргаж, гэрчилгээг шинэчлэн олгосноор газар эзэмших эрх сунгагдсан гэж үзэх үндэслэлгүй, 2011 оны 261 дүгээр захирамжаар  газар газар эзэмших эрхийг таван жилийн хугацаагаар олгосон байх ба Газрын тухай хуулийн 39.1.1-д газар эзэмшигчийн  газар эзэмших  эрх дуусгавар болох үндэслэлийг заасан байх тул “У банк”-ын 0.07 га газар эзэмших эрх нь 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр дуусгавар болсон гэж үзэхээр байна.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх гэрээ хийгдсэнээс хойш хоёр жилийн дотор газар эзэмшигч нь  тухайн газраа  гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу эзэмшээгүй болохыг ойлгох бөгөөд тухайн тохиолдолд нэхэмжлэгч захиргааны байгууллагатай 2017 оны 6 дугаар сарын 28-ний өдөр гэрээ байгуулсан тул хуульд заасан хоёр жилийн хугацаа дуусаагүй байна.

Гэхдээ нэхэмжлэгч талаас  уг газар дээр гэрээнд заасан зориулалтын дагуу баригдах банкны барилгын батлагдсан зураг төсөл, санхүүжилтийн тооцоо болон батлагдсан техникийн нөхцөлүүд хийгдсэн эсэх талаарх баримтуудыг гаргаж өгөөгүй болно.

Харин Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж,... зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно гэж, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-д нийтийн ашиг сонирхол сөргөөр нөлөөлсөн бол  эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг хүчингүй болгохоор заажээ.

 Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг хэрэглэх үндэслэл нь “төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйлдэл газрын тухай хууль тогтоомжийг зөрчсөн байхын зэрэгцээ бусад газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн нөхцөлд тухайн шийдвэрээ хүчингүй болгох эрхтэй байх юм.

 Энэ тохиолдолд захиргааны байгууллага нь нэхэмжлэгч хуулийн этгээдэд газар эзэмшүүлэхдээ Газрын тухай хууль зөрчсөн, тухайлбал үйлчилгээний зориулалтаар газар эзэмшүүлэх бол дуудлага худалдааны журмыг хэрэглэх ёстой атал хэрэглэвэл зохих журмыг хэрэглээгүй, төсөл сонгон шалгаруулах журмыг хэрэглэж, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсгийг зөрчсөн, мөн төсөл сонгон шалгаруулалтын журмыг зөв хэрэгжүүлээгүй, мэргэжлийн байгууллагын дүгнэлт, техникийн нөхцөл батлуулаагүй зэргээр нэхэмжлэгчид газар эзэмших эрх хуулийн дагуу үүсээгүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг хүчингүй болгох тохиолдлыг нэрлэн заасан, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2 дахь хэсэгт зааснаар бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн бол захиргааны байгууллагаас уг хууль бус захиргааны актыг 5 жилийн дотор хүчингүй болгож болохоор заажээ.

Тухайн маргааны тухайд нэхэмжлэгчид эзэмшүүлсэн газар нь нийтийн эзэмшлийн зам талбайтай, давхцалтай болох нь үзлэг хийсэн тэмдэглэл8 бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон тул хуулийн дээрх заалтыг хангасан буюу захиргааны байгууллагын шийдвэр хууль зөрчөөгүй байх тул итгэл хамгаалагдах зарчим үйлчлэхгүй, нэхэмжлэгчийн “захиргааны байгууллагын хууль зөрчсөн үйл ажиллагаа нь нэхэмжлэгчид хамааралгүй” тухай гомдлыг хангах үндэслэлгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2,  106.3.14 дахь заалтыг удирдлага болгон

                                           ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 21 дүгээр зүйлийн 21.2.3, 33 дугаар зүйлийн 39 дүгээр зүйлийн 39.1.1т заасныг баримтлан “У” ХХК-ийн нэхэмжлэлтэй НЗДд холбогдуулан гаргаснаар “Нийслэлийн Засаг дарга 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай А/******* дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах”-ыг хүсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

                                 ШҮҮГЧ                            Д.ЧАНЦАЛНЯМ