Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 1262

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Ундармаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч

 Б.Болортуяагийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2017/01289 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Н.Ундармаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болортуяагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ш.Гантөмөрт холбогдох

21 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болортуяагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Болортуяа

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Ганбат

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болортуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Н.Ундармаа Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт Цагаан дэглий зочид буудлыг түрээслэн ажиллуулж байхдаа А.Нарангэрэл, Ш.Гантөмөр нартай танилцсан. Тэгээд тэд өөрсдийн өмчлөлийн “Панорама” зочид буудлыг сарын 3 000 000 төгрөгийн үнэтэйгээр, 5 жилийн хугацаатай түрээслүүлнэ гэхэд нь итгээд, хамгийн гол нь урт хугацаатай юм чинь ашиг өгнө гэж итгээд түрээслэхээр тохирсон байдаг. Хэрвээ 1 жилийн хугацаатай гэж байсан бол түрээслэхгүй байсан. Тийм учраас Цагаан дэглий зочид буудлын эзэн н.Тунгалагтай байгуулсан гэрээгээ цуцлаад 8 100 000 төгрөгөө аваад 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Ш.Гантөмөрт өгсөн. Мөн өдрөө 12 000 000 төгрөгийг Ш.Гантөмөрийн хамт явж Голомт банкны “Варьета” дахь салбараас очиж аваад Ш.Гантөмөрт өгсөн байдаг. Үлдсэн 900 000 төгрөгийг хэд хоногийн дараа өгсөн. Гэтэл тухайн буудал тэднийх биш байсан. “Панорама” зочид буудлын жинхэнэ эзэн нь н.Бямбадорж гэдэг хүн байсан. 5 жилийн хугацаатай ажиллуулж болно гэсэн боловч гэрээ хийе гэхэд А.Нарангэрэл, Ш.Гантөмөр нар гэрээ хийлгүй алга болсон. Эд материалыг хүлээлгэж өгөөгүй алга болсон тул хүний үнэтэй, цайтай эд хогшлыг хаяад явж чадаагүй. Ингээд 2 сарын дараа буюу 07 дугаар сарын 09-ний өдөр А.Нарангэрэл ирсэн. Тэгээд А.Нарангэрэлтэй гэрээ байгуулсан. Мөнгө өгсөн авсан баримт байхгүй байсан учраас түүнийг баталгаажуулах үүднээс гэрээ хийсэн. 2014 оны 8, 9, 10 дугаар саруудад А.Нарангэрэл, 11, 12, 01 дүгээр саруудад Н.Ундармаа, 3, 4, 5 дугаар саруудад нь А.Нарангэрэл гэх байдлаар гурав, гурван сараар ажиллуулъя гэдэг гэрээ байгуулсан. Энэ гэрээн дээрээс харахад А.Нарангэрэл буудлыг ажиллуулж байсан нь тодорхой болсон. Ингээд 2014 оны 12 дугаар сард Цагдаагийн байгууллагад хандсан. Цагдаагийн байгууллагад хандах болсон гол шалтгаан нь нэгдүгээрт, эдгээр хүмүүс өөрсдийнх нь өмчлөлийн биш зүйлийг минийх гэж ойлгуулсан. Хоёрдугаарт, 2014 оны 10 дугаар сард тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан байхад Н.Ундармаа ажиллуулна гэсэн байсан. ...Шүүхэд эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргасны дагуу Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 102/ШШ2016/04569 дугаартай Ш.Гантөмөрийг эрэн сурвалжлах тухай шийдвэр гарч, түүний дагуу Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс ажиллагаа хийж, хаяг нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 78 дугаар байр, 17 тоотод оршин суух болох нь тодорхой болсон. Прокурорын тогтоолоор Н.Ундармаа 21 000 000 төгрөгийг А.Нарангэрэл, Ш.Гантөмөр нарт өгсөн гэдэг нь тогтоогдсон. Иймд Ш.Гантөмөрөөс 21 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 21 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Энэ нь буудлын засварт оруулсан мөнгө байгаа. Эхэндээ аман хэлцлээр явж байгаад сүүлдээ хамтран ажиллах гэрээгээр зохицуулагдсан асуудал. Ийм учраас гэрээнийхээ дагуу уг зочид буудлыг Н.Ундармаа ажиллуулж, хөрөнгө оруулсан мөнгөө хангалттай олсон. Зочид буудлын бизнес маш ашигтай бизнес. Энэ үед Н.Ундармаатай танилцаад найз нөхөд болчихсон байсан. Тухайн үедээ Н.Ундармаа адил төрлийн бизнес эрхэлдэг, 10 өрөөтэй буудлыг сарын 8 000 000 төгрөгөөр түрээслэдэг. Гэтэл 16 өрөөтэй буудлыг 3 000 000 төгрөгөөр ажиллуулах ашигтай байсан. Бид өөрсдөө засвар хийсэн учраас ийм байгаа гэж ойлгуулж ярилцсан. А.Нарангэрэл нааш цаашаа явах ажилтай байсан болохоор хамтрагчтай байх үүднээс Ш.Гантөмөртэй хамтарсан байсан, гэтэл Ш.Гантөмөр болиод Н.Ундармаа санал тавиад ажиллуулсан. Н.Ундармаа 05 дугаар сарын 19-ний өдөр тохироод ажиллуулж үзье гээд аман хэлцлийн дагуу 2 сар ажиллуулсан. 2 сар ажиллуулсны үндсэн дээр боломжийн юм байна гээд гэрээ хэлцэл хийсэн. Буудлыг түрээслэж байгаа буудал гэдгийг мэдэж байсан. Тэгээд ч н.Баасансүрэнд 3 000 000 төгрөгийг дансаар нь шилжүүлсэн. Мөнгийг авсан, гэхдээ зээлж аваад эргүүлж өгөөгүй асуудал огт биш. Эхлээд Цагаан дэглий зочид буудалтай байгуулсан гэрээгээ цуцлаад 8 100 000 төгрөгийг бэлнээр аваад шууд өгсөн. Дараа нь Голомт банкнаас 12 000 000 төгрөг авч өгсөн. Дараа нь буудлыг 3 хоног ажиллуулаад 900 000 төгрөг өгсөн. Тухайн үед тохирсныхоо дагуу энэ хүний засварт оруулсан 17 000 000 төгрөгийг өгөх юм байна, тэгж байж буудал ажиллуулах эрхтэй болно, хоёрдугаарт эхний сарын түрээсийн төлбөр 3 000 000 төгрөг өгөх ёстой, нийт 20 000 000 төгрөг төлнө гэдгээ Н.Ундармаа мэдэж байсан. Ингээд нийлээд 21 000 000 төгрөг болсон. Н.Ундармаа нь “Панорама” зочид буудлыг 2014 оны 5, 6, 7, 8, 12 дугаар саруудад нийт 5 сар ажиллуулж, тодорхой хэмжээний ашиг орлого олж байсан. Тухайн буудлын сарын орлого нь 9-10 сая төгрөг бөгөөд Н.Ундармаа нь өөрийнхөө оруулсан мөнгийг хангалттай олсон, ашигтай ажилласан гэж үзэж байна. Иймд Н.Ундармаагийн нэхэмжлэлтэй 21 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Ш.Гантөмөрөөс 21 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болортуяагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 262 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид тогтоосон хэмжээнээс илүү төлсөн 50 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болортуяа давж заалдах гомдолдоо “...Анхан шатны шүүх бүхэлдээ хэт нэг талыг барьж маргааныг шийдвэрлэсэн. Тухайлбал: "Ш.Гантөмөр нь зочид буудлын засварт оруулсан мөнгийг Н.Ундармаагаас авч, ...түрээслэн ажиллуулах эрхээ Н.Ундармаад шилжүүлсэн тул дээрх гэрээг байгуулахад оролцоогүй байна" гэсэн ба шүүх хариуцагч талын тайлбар, гэрчийн мэдүүлэгт үндэслэж шийдвэрээ гаргасан. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс 21 000 000 төгрөгөө өгөхдөө баримт хийж аваагүй, гэрээ хийе гэхэд зугатаагаад, зочид буудлыг хүлээлгэж өгөөгүй учир аргагүй эрхэнд буудлыг 2 сарын хугацаанд эзэнгүй орхиогүй. Улмаар мөнгө өгснөө нотлох баримт болгохын тулд А.Нарангэрэлийг ирэхэд нь 2014 оны 07 дугаар сарын 19-ний өдөр гэрээ байгуулсныг шүүх анхаараагүй. "Н.Ундармаа, А.Нарангэрэл нарын хооронд 2014 оны 07 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан "Панорама” зочид буудалд хамтран ажиллах гэрээ"-ний хугацаа нь түрээслэгч А.Нарангэрэл, түрээслүүлэгч Б.Баасансүрэн нарын 2014 оны 03 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан "Түрээсийн гэрээ"-нд заасан хугацаатай таарч байх бөгөөд” гэсэн байх ба анхнаасаа өөрийн өмчлөлийн зочид буудал гэж итгүүлэн мөнгө авсан. "Нэхэмжлэгч нь "Панорама" зочид буудлыг зориулалтын дагуу ажиллуулаагүй гэх тайлбарыг гаргаж байгаа боловч Н.Ундармаа "Панорама" зочид буудлыг 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2014 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүртэл ажиллуулсан, мөн 2014 оны 11 дүгээр сарын 20-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ажиллуулж Н.Ундармаа нь өөрийн хүнээр хариуцуулан ажиллуулж байсан нь ... тогтоогдов" гэсэн ба н.Нарангэрэл, Ш.Гантөмөр нараас уг зочид буудлыг хүлээлгэж өгсөн баримтгүй байхад ажилласан мэтээр дүгнэж Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2016/05692 дугаартай хүчин төгөлдөр шийдвэрт "Ундармааг түрээслэн ажиллуулж байсан гэх нэг ч үг байхгүй байгаад" ач холбогдол өгөлгүй үндэслэлгүй шийдвэр гаргасан.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38.1, 107.2 дахь хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй. Учир нь: Нэхэмжлэлийн шаардлага бол Ш.Гантөмөрөөс 21 000 000 төгрөг гаргуулах, тиймээс түүнд залилуулсан талаараа цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгуулаад 21 000 000 төгрөг өгсөн, авсан нь тогтоогдсон талаарх прокурорын тогтоол, хариу мэдэгдэх хуудас, 21 000 000 төгрөг өгснөө нотлохын тулд хийсэн 2014 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн "Панорама” зочид буудал хамтран ажиллуулах гэрээ", зочид буудлыг албан ёсоор хүлээлгэж өгснөө нотлох үүднээс 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн "эд хогшил хүлээлгэж өгсөн жагсаалт" зэрэг нотлох баримтуудыг шүүхэд хангалттай гаргаж өгсөөр байхад ийнхүү дүгнэлт хийсэн нь хууль бус болсон. "...Ундармаа нь тухайн үед н.Бямбадорж гэх хүний зочид буудал гэдгийг ч мэдээгүй, мөн зочид буудалд хийсэн засварын мөнгө гэж Ш.Гантөмөрт мөнгө өгөөгүй, 3 000 000 төгрөг түрээсийн мөнгийг Н.Ундармаа өгөөгүй, Н.Ундармаа нь Ш.Гантөмөрийн үгэнд нь итгэж 21 000 000 төгрөгийг Ш.Гантөмөрт гардуулан өгсөн. Харин Ш.Гантөмөр, н.Нарангэрэл нар нь ажил бүтсэн гэж "Хамарын хийд"-рүү дагуулан явснаа Н.Ундармаагийн өгсөн 21 000 000 төгрөгөөс 1 000 000 төгрөгийг нь зарцуулсан мэтээр гэрчилж, ярьж байгаа үгэнд нь шүүх ач холбогдол өгч байгаа бол нэхэмжилж байгаа 21 000 000 төгрөгөөс 1 000 000 төгрөгийг хасахад татгалзах зүйлгүй. Мөнгө өгснөө нотлох үүднээс "Панорама” зочид буудал хамтран ажиллуулах гэрээ" хийсэн болохоос бус тухайн зочид буудлыг ажиллуулаагүй, мөнгө өгснөө нотлох үүднээс нотлох баримт болгон шүүхэд гаргаж өгснөөс бус уг гэрээтэй холбоотой маргаан үүсгэж, нэхэмжлэл гаргаагүй билээ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж чадаагүйг зөвтгөн өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

Нэхэмжлэгч Н.Ундармаа нь хариуцагч Ш.Гантөмөрт холбогдуулан үндэслэлгүй авсан 21 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгчид зочид буудал түрээслэн ажиллуулах эрхээ шилжүүлэн өгсөн гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч Н.Ундармаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “хариуцагч Ш.Гантөмөрийг А.Нарангэрэлтэй нийлэн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Панорама” зочид буудлыг сарын 3 000 000 төгрөгийн үнэтэйгээр, 5 жилийн хугацаатай түрээслүүлнэ гэж хуурч мэхлэн 21 000 000 төгрөг авсан” гэж, 

хариуцагч Ш.Гантөмөр нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “А.Нарангэрэлтэй хамтран “Панорама” зочид буудлыг түрээслэн ажиллуулж байсан, зочид буудалд 2014 оны 03 дугаар сард засвар хийж, засварын ажилд өөрийн зүгээс 17 000 000 төгрөг оруулсан, ар гэрийн шалтгааны улмаас зочид буудлыг түрээслэн ажиллуулахаа больж, Н.Ундармаатай харилцан тохиролцсоны дагуу засварт оруулсан мөнгөө авч, зочид буудлыг түрээслэн ажиллуулах эрхээ Н.Ундармаад шилжүүлсэн, Н.Ундармаагаас авсан 21 000 000 төгрөгнөөс зочид буудлын засварын ажилд оруулсан 17 000 000 төгрөгийг авч, 3 000 000 төгрөгийг зочид буудлын түрээст өгсөн, 1 000 000 төгрөгийг А.Нарангэрэл, Н.Ундармаа нар хамтдаа салхинд гарахад зарцуулсан тул Н.Ундармаад 21 000 000 төгрөг төлөх үндэслэлгүй” гэж тус тус тайлбарласнаас үзэхэд зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг анхан шатны шүүх зөв тодорхойлж чадаагүй байна.

 

Нэхэмжлэгчийг “Панорама” зочид буудлыг хамтран түрээслэн ажиллуулахаар болж, Ш.Гантөмөрт зочид буудлын засварын ажилд оруулсан 17 000 000 төгрөгийг өгч, зочид буудал түрээслэн ажиллуулах эрхийг нь шилжүүлэн авсан гэх шүүхийн дүгнэлт хэргийн баримтад нийцэхгүй байна.

 

Нэхэмжлэгч Н.Ундармаа нь А.Нарангэрэлтэй 2014 оны 07 дугаар сарын 19-ний өдөр “Панорама” зочид буудалд хамтран ажиллах гэрээг байгуулсан болох нь хэргийн 22-25 дугаар талд авагдсан баримтаар тогтоогдсон. Уг гэрээгээр А.Нарангэрэл, Н.Ундармаа нарын хооронд бусдын өмчлөлийн зочид буудалд хөрөнгө оруулалт хийх, үүнтэй холбоотойгоор цаашид зочид буудлын үйл ажиллагааг эрхлэн явуулах хугацаа, журмын талаар тохиролцсон байна.

 

Хэрэгт хариуцагч Ш.Гантөмөрийн өөрийнх нь тайлбараас өөр нэхэмжлэгч Н.Ундармаатай зочид буудал ажиллуулах эрхийг шилжүүлэх тухай гэрээ байгуулсан гэх үйл баримтыг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Мөн гэрч А.Нарангэрэлийн “...Ш.Гантөмөртэй хамтран ажиллах гэрээтай байгаа, Ш.Гантөмөр нь гарч Н.Ундармаа оронд нь орсон...” гэх мэдүүлэг, Ш.Гантөмөрийн “...Н.Ундармаатай харилцан тохиролцсоны дагуу засварт оруулсан мөнгөө авч, зочид буудлыг түрээслэн ажиллуулах эрхээ Н.Ундармаад шилжүүлсэн...” гэх тайлбарыг харьцуулан үзвэл нэхэмжлэгч Н.Ундармаа нь хариуцагч Ш.Гантөмөрөөс хамтран ажиллах гэрээний талын эрх, үүргийг шилжүүлж авсан эсэх нь тодорхойгүй байх тул тэдний хооронд Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан тодорхой эрх шилжүүлэх хэлцэл хийгдсэн гэж үзэх боломжгүй байна. Энэ талаар хариуцагч Ш.Гантөмөр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн тайлбар, татгалзлаа баримтаар нотлож чадаагүй байна.

 

Хууль буюу гэрээнд заасан үндэслэлгүйгээр бусдаас мөнгө авсан тохиолдолд уг хөрөнгийг буцаан өгөх талаар Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан тул хариуцагч Ш.Гантөмөрөөс 18 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Ундармаад олгох нь зүйтэй.

 

Н.Ундармаагийн “...“Панорама” зочид буудлыг 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээлгэж өгсөн...” гэх тайлбар, 2014 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А.Нарангэрэл нь Б.Баасансүрэн нарын түрээсийн гэрээний дагуу бусдын өмчлөлийн эд зүйлийг эзэмшилдээ байлгаж байсан хугацаатай холбоотойгоор Ш.Гантөмөр нь 3 000 000 төгрөгийг Н.Ундармаагаас шилжүүлэн авч зочид буудлын түрээсийн төлбөрт шилжүүлсэн байна. Иймд Н.Ундармаагийн хувьд бусдын эд хөрөнгийг үнэ төлбөргүй эзэмшиж байсан хугацаанд төлсөн уг 3 000 000 төгрөгийг буцаан шаардах эрхгүй болно.

 

Хариуцагч Ш.Гантөмөрийн эрүүгийн хэрэгт сэжигтнээр өгсөн мэдүүлэгт “...Н.Ундармаагаас 21 000 000 төгрөгийг аваад, өөрөө 17 000 000 төгрөгийг авч А.Нарангэрэлд 3 000 000 төгрөгийг өгч, 1 000 000 төгрөгөөр нь бид 3 Хамарын хийд явсан...” гэж тайлбар гаргасан нь Ш.Гантөмөрийн өөрөө уг мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгчид төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 18 000 000 төгрөгийг хангаж, үлдэх 3 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болортуяагийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2017/01289 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Ш.Гантөмөрөөс 18 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Ундармаад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...үлдээж, гэсний дараа хариуцагч Ш.Гантөмөрөөс 247 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Ундармаад олгож,” гэж нэмж, тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Н.Ундармаагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 263 000 төгрөгийг буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                            ШҮҮГЧИД                                        А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                     Д.ЦОГТСАЙХАН