| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2017/02848/И |
| Дугаар | 102/ШШ2017/03010 |
| Огноо | 2017-11-09 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 11 сарын 09 өдөр
Дугаар 102/ШШ2017/03010
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Н-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.А-д холбогдох, 9,853,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О, хариуцагч Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Д.Н миний бие 2013 оны 04 сарын 15 өдөрөөс 2016 оны 06 сарын 15 өдөр хүртэлх хугацаанд иргэн Д. А-д өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 011 байр, 31 тоот 2 өрөө орон сууцыг 1 сарын 550,000 төгрөгөөр хөлслүүлсэн, хөлсөлж байх хугацаандаа байрны түрээсийн төлбөр, орон сууц ашиглалтын зардал өгөлгүй хуримтлагдсан 9,853,000 төгрөг болсоныг 2017 оны 05 сарын 17 ны өдөр нотариатаар орж баталгаажуулж /Д.Аийн гэр бүл манай байранд амьдарч байх хугацаандаа эхнэр нь 2 удаа төрөөд нялх хүүхэдтэй болохоор байрны мөнгө болон байрнаас гаргалгүй хүлээсэн/ хариуцан төлнө гэсэн боловч одоог хүртэл төлөхгүй удаа дараа нэхүүлж очиж уулзаж, утсаар ярисан боловч нэг ч төгрөг өгөлгүй биднийг хохироож байна. Иймд зохих журмын дагуу иргэн Д. Аоос 9,853,000 төгрөгийг гаргуулан өгч бидний хохиролыг барагдуулан өгнө үү” гэжээ.
Зохигч шүүх хуралдаанд эвлэрсэн эвлэрлийн гэрээнд: “Д.Нгийн нэхэмжлэлтэй Д.Аид холбогдох 8,300,000 төгрөг гаргуулах тухай хэрэгт хариуцагч Д.А нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулсан болно. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага 9,853,000 төгрөгийн 1,553,000 төгрөгөөс татгалзаж, 8,300,000 төгрөгийн 30 хувь болох 2,400,000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төлж, үлдэх 5,900,000 төгрөгийг 2018 оны 01 сарын 01-ний өдрөөс 2018 оны 05 сарын 15-ны өдөр хүртэл сар бүрийн 15-ны өдөр 1,180,000 төгрөгийг нэхэмжлэгчид бэлнээр болон дансаар өгч барагдуулахаар тохирч эвлэрлийн гэрээ байгуулав” гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Н нь хариуцагч Д.Аид холбогдуулан 9,853,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Н нь 9,853,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа 1,553,000 төгрөгөөр багасгаж, үлдэх 8,300,000 төгрөгийн 30 хувь болох 2,400,000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төлж, үлдэх 5,900,000 төгрөгийг 2018 оны 01 сарын 01-ний өдрөөс 2018 оны 05 сарын 15-ны өдөр хүртэл сар бүрийн 15-ны өдөр 1,180,000 төгрөгийг нэхэмжлэгчид бэлнээр болон дансаар төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигчийн эвэлэрэл нь хууль зөрчөөгүй гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Н нь 9,853,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа 1,553,000 төгрөгөөр багасгаж, хариуцагч Д.А нь үлдэх 8,300,000 төгрөгийн 30 хувь болох 2,400,000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төлж, үлдэх 5,900,000 төгрөгийг 2018 оны 01 сарын 01-ний өдрөөс 2018 оны 05 сарын 15-ны өдөр хүртэл сар бүрийн 15-ны өдөр 1,180,000 төгрөгийг төлөхөөр эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Д.Нгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 172,598 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Аоос 86,299 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Нд олгосугай.
3.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэх болохыг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АЗБАЯР