| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2021/0809/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/820 |
| Огноо | 2021-11-25 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | Б.Амармөрөн |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 2021/ШЦТ/820
2021 11 25 2021/ШЦТ/820
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,
нарийн бичгийн дарга Г.Дуламрагчаа,
улсын яллагч Б.Амармөрөн,
өсвөр насны шүүгдэгч Х.Э-, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Тогтмол-Эрдэнэ, тэдгээрийн өмгөөлөгч Б.Зулбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Э-т холбогдох эрүүгийн 2109000001046 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Өсвөр насны шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2005 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 16 нас 5 сар 19 хоногтой, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, .... ерөнхий боловсролын сургуулийн 111 ангид суралцдаг, ам бүл 3, эх, дүүгийн хамт ..оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: . / Х.Э- нь:
- Насанд хүрээгүй А.Б бүлэглэж буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан хүндрүүлэх шинжтэйгээр 2021 оны 08 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах миний захын хойд талд Т.Г цээжин тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх 06 /
Хохирогч Т.Г мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Миний биед учирсан гэмтлийг тухайн хоёр хүүхэд учруулсан. Нэг нь миний нурууны баруун хэсэг рүү, нөгөө нь нурууны зүүн хэсэг рүү цохиж гэмтэл учруулсан. Тухайн үедээ нуруу, хавирга хэсгээр өвдөхөд тоохгүй яваад байсан чинь хавирга хугарчихсан байсан. Одоо надад гомдол санал, нэмэмжлэх зүйл байхгүй гэжээ. / хх 10-11 /
Гэрч Т.Г мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 23 цагийн үед Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Миний захын ард талын 10 дугаар байрны урдуур явж байтал өмнөөс 2 үл таних хүүхэд гарч ирээд “ Мөнгөө өг. Хутгална “ гэж хэлсэн. Би хутга барьсан байгааг нь гэхдээ хараагүй. Би тэр үед надад бэлэн мөнгө байхгүй гэж хэлээд гар утсаа үзүүлэхэд нөгөө 2 хүүхэд миний Айфоне 6 маркийн гар утсыг үзээд тоохгүй байсан. “Картанд чинь мөнгө байгаа юу “гэж асуухаар нь мөнгө байгаа гэж хэлсэн. Тэгээд намайг АТМ-с мөнгө авч өг гэж хэлээд надтай АТМ рүү алхсан. Би өөрийн картыг төрийн банкны АТМ рүү хийгээд кодоо буруу хийчихсэн учир залигсан. Эргэж хараад 2 хүүхдийн нэг хүүхдийг нь барьж авсан. Харин нөгөө хүүхэд нь зугтаасан гэжээ. / хх 13 /
Насанд хүрээгүй гэрч А.Б мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн шөнө Х.Э- бид хоёр Миний захын зүүн талд явж байхад үл таних 30-40 насны 170 см орчим өндөртэй согтуу ах хажуугаар зөрөхөд би мөрлөсөн. Тэгсэн нөгөө ах “Яаж байгаа юм” гэхээр нь “ Ус тойрч байхдаа санаандгүй мөргөчихлөө” гэхэд нөгөө ах гараа зангидах шиг болохоор нь түүний нүүр рүү 2 удаа цохиод тохойлдсон. Мөн нурууны хойд хэсэгт нэг удаа өшиглөсөн. Харин Х.Э- нөгөө ахын нуруу хэсэгт гараараа цохиод байсан. Тэгээд тэр ахаас Х.Э- мөнгө байна уу гэж асуусан гэжээ. / хх 25 /
Гэрч Б.М мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн шуурхай албанаас над руу дээрх дуудлага мэдээлэлд очих талаар үүрэг өгсний дагуу цагдаа жолооч Э хамт очсон. Энэ үед Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Төрийн банкны АТМ-ийн үүдэнд гомдол гаргагч Ганхуяг нь өөрийн хүүхдийн хамт болон дээрэмдсэн гэх нэг этгээдтэй маргалдсан байдалтай байсан гэжээ. / хх 26 /
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 7784 дугаартай дүгнэлтэд:
1. Т.Г биед зүүн 11-р хавирга, баруун 4-р хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5. Учирсан гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд буюу 2021 оны 08 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө үүссэн байх боломжтой гэжээ. / хх 46 /
Шинжээч Т.А мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Цээжний томографт 11-р хавирга нь бороолж буй хугарал, 4-р хавирга нь зөрүүгүй хугаралттай гэсэн нь амбулаторийн картанд 2021 оны 08 дугаар сарын 13-нд цээжний зөөлөн эдийн няцралт баруун, зүүн хавирганы мэдрэлийн өвдөлт гэсэн онош тавьсан байсан бөгөөд уг гэмтэл 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр үүссэн байх боломжтой гэсэн хугацааг дээрх баримтыг үндэслэн тогтоосон гэжээ. / хх 51 /
Нас тоолсон тухай тэмдэглэл / хх 66 /
А.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол / хх 97 /
Өсвөр насны яллагдагч Х.Э- мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... 2021 оны 08 дугаар сарын 12-ны орой 23 цагийн үед найз Болор-Эрдэнийн хамт Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Миний захын хойно явж байхад Б үл таних хүнтэй шүргэлцээд гарсан. Тэгэхэд нөгөө ах “Яаж яваад байгаа юм бэ” гээд Бтэй маргалдаад зууралдаад нэг нэгнийгээ заамдчихсан байсан. Тэр үед би нөгөө ахын нурууны баруун хэсэг рүү нэг удаа цохьсон. Б зүүн хэсэг рүү нь цохьсон. Тухайн үед Б бид хоёр 2 пиво уусан байсан гэжээ. / хх 57 /
Өсвөр насны шүүгдэгч Х.Э-аас 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / хх 57 /
Өсвөр насны шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 70 / зэрэг болно.
Өсвөр насны шүүгдэгч Х.Э- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэв.
Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Тогтмол-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... Тухайн өдөр манай хүүхэд гэрээсээ 18 цагийн үед найзуудтайгаа уулзана гэж гараад энэ хэрэгт холбогдсон байсан. Цаашид хүүхдээ гэмт хэрэгт холбогдуулахгүй байж чадна. Миний хүүхэд өөрийн бурууг ойлгож гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэв.
Шүүхээс өсвөр насны шүүгдэгч Х.Э-ыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэх үедээ насанд хүрээгүй байсанг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Өсвөр насны шүүгдэгч Х.Э- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан, хохирогч Т.Г гомдол саналгүй болохоо илэрхийлсэн, Х.Э- нь ерөнхий боловсролын сургуульд сурдаг зэргийг харгалзан хуульд заасан 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, энэ хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1ш сидиг хэрэгт хавсаргаж, хохирогч Т.Г нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй / хх 94 / гэсэн тул Х.Э-ыг төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг дурьдаж шийдвэрлэв.
Өсвөр насны шүүгдэгч Х.Э- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч Х.Э-ыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Х.Э-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн зүйлийн 2.2-д заасныг журамлан тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 7 сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, дээрх хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, өсвөр насны шүүгдэгч Х.Э- нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг дурьдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Э- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй, бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй ял оногдуулахыг тус тус түүнд анхааруулсугай.
5. Х.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд хохирогч, шүүгдэгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Х.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ