| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2017/01069/и |
| Дугаар | /142/шш2017/01151 |
| Огноо | 2017-11-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 11 сарын 09 өдөр
Дугаар /142/шш2017/01151
| 2017 оны 11 сарын 09 өдөр | Дугаар 142/ШШ2017/01151 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг ..... тоотод оршин суух О.Д- ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Орхон аймаг Баян-Өндөр сум Уртын гол баг ....... тоотод оршин суух А.М-д холбогдох
“Зээлийн гэрээний үүрэг 1 300 000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Сарантуул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Сарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие А.М-т 2016 оны 01 дүгээр сарын 19-нд 1 000 000 төгрөгийг нэг өдрийн 1% буюу 1 сарын 30%-ийн хүүтэйгээр зээлүүлсэн. Мөнгөнцэцэг нь нөхрийнхөө цалингийн зээлийг аваад эргүүлж өгөхөөр ярьж тохирсон боловч уг зээл нь гараагүй гээд зээлсэн мөнгөө төлөлгүй 1 жил 9 сар болж байна. Мөнгө нэхэж шаардахаар заримдаа утсаа ч авдаггүй. Иймд Мөнгөнцэцэгээс 1 000 000 төгрөг, хүү 300 000 төгрөг нийт 1 300 000 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч А.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч О.Д гуайн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь мөнгөн дүнг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...Нотлох баримт дутуу байна. 1,0 сая төгрөг авсан эсэхийг би мэдэхгүй. Хоорондоо хийсэн гэрээ баыхгүй байна. Нэг сая төгрөг авсан гэсэн бичгийг өөрөө бичиж өгсөн юм болохоор өөрийнх нь гарын үсэг мөн юм байлгүй. Өөрөө бол надад нотлох баримт байхгүй, гар бичмэл л байдаг гэж хэлж байсан... гэжээ.
Зохигчидын тайбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Д нь хариуцагч А.Мт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг гэж 1 300 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна, шүүх нэхэмжлэлийг хэсэгчлэн хангах үндэслэлтэй гэж үзэв.
Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тодорхой тайлбарлаагүй бөгөөд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нотлох баримтгүй тул зөвшөөрөхгүй гэсэн тайлбар гаргасан.
Хэргийн 4 дүгээр хуудсанд хариуцагч А.Мийн бичиж өгсөн гэх тайлбар хэрэгт авагдсан. Энэ тайлбараар хариуцагч А.М нь “... 2016.01.19-ны өдөр 1 000 000 төгрөгийг нэг сарын хугацаатай өдрийн нэг хувийн хүүтэй зээлж авсан, нөхрийн цалингийн зээлийг авахаар өгөхөөр авсан гэж ...” бичжээ.
Дээрх тайлбарыг хариуцагч тал үгүйсгээгүй, маргаагүй бөгөөд, хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаан дээр “А.Мийг гар бичмэл л байдаг гэж хэлж байсан” гэж тайлбарласан.
Тиймээс А.Мийг О.Дас 1 000 000 төгрөгийг 2016.01.19-нд зээлсэн гэж үзэх үндэслэлтэй байх ба, тэдний хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.
Нэхэмжлэгч зээлийн гэрээний дагуу хариуцагчаас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан.
Нэхэмжлэгч О.Д-г А.Мтэй 1 000 000 төгрөгийг хүү тогтоож албан ёсоор гэрээ байгуулсан гэж үзэх боломжгүй байх ба, хэргийн 4 дүгээр хуудасд авагдсан хариуцагчийн тайлбарыг үндэслэн хүү гаргуулах үндэслэлгүй бөгөөд энэ нь хариуцагчийн мөнгө авсныг баталсан баталгаа гэж үзэх үндэслэл юм.
Иймд хариуцагч А.Мээс 1 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Дд олгож, нэхэмжлэлээс 300 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 35 750 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 28 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заав.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-д заасныг баримтлан хариуцагч А.Мээс 1 000 000 /нэг сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Дд олгож, нэхэмжлэлээс 300 000 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 35 750 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 28 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА