Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 142/шш2017/01148

 

 

 

 

 

 

2017 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 142/ШШ2017/01148

Орхон аймаг

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийж,

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг Баруунбүрэн сум тоотод оршин суух Н6О-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Монгол шуудан” ХК-ийн Орхон аймгийн Шуудангийн үйлчилгээний газарт холбогдох

“Ажилгүй байсан хугацааны цалин, ажлаас гэнэт халагдсаны мөнгө гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.О, хариуцагчийн төлөөлөгч Ц.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл ажилдаа сэтгэл гарган ажиллаж ирсэн. Гэтэл 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өглөө гэнэт Орхон аймгийн шуудан үйлчилгээний газрын нягтлан бодогч Н.Отгончимэг дарга ирж ажлаа өг гэж байна гэсэн. Тэгтэл 3 дахь өдөр буюу 2017 оны 09 сарын 06-ны өдөр шуудан авсангүй, мөн 2017 оны 03 сарын 24-ний өдөр үдээс хойш ажил дээр байгаагүй тул ажлаа өг гэсэн. Ажлын байр байхгүй гэрээрээ ажлаа хийдэг. Шууданг ажилтан өөрсдөө ав гэдэг. Бензин тосны мөнгө өгдөггүй зөөлгөж авдаг юм. Дарга ажлаа өг гэсэн амралтаа аваагүй гэхэд тэг гээд нягтланд амралтын мөнгө өг гэсэн. Нягтлан амралтын мөнгө бодож олгоно уу гэсэн хүсэлт өг гэсэн. Түүнээс ажлаас гарах өргөдөл бичиж өгөөгүй юм. Амралттай байх хугацаанд халах тушаал гаргасан. 2017 оны 09 сарын 15-нд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар өргөдлийн дагуу гэсэн тушаал гаргасанд гомдолтой байна. Иймд амралттай байх хугацаанд ажлаас үндэслэлгүй халсан тул ажилгүй байх хугацааны цалин, гэнэт халагдсаны мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Хохирлыг минь барагдуулж өгнө үү. Цалин гэж бүх суутгалаа суутгаад гар дээрээ 199 000 төгрөг авдаг. Үндсэн цалин 240 000 төгрөг авдаг...” гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч Н.О-ын нэхэмжлэлтэй танилцлаа. Н.О нь 2017.09.08-ны өдөр ажлаас халагдах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, үүрэгт ажлаа хүлээлгэн өгч байгаагаа мэдэгдэн өргөдөл өгсөн. Шалтгаанаа тухайн үед тайлбарлахдаа нэмэлт зардал өгдөггүй учир авсан цалингаараа шуудан хүргэхэд хүрдэггүй бэрхшээлтэй учирч байна гэх асуудлыг тавьсан. Төрийн өмчит байгууллага учраас цалин хөлс дур мэдэн нэмэгдүүлэх боломжгүй, ажилчдын цалин урамшууллыг дээд байгууллага шийддэг учир нэмэлт зардал гаргах боломжгүй, шуудан цаг хугацаандаа очихгүй бол манай ажил хариуцлага өндөртэй, ажлаа сайн хийх тухай хэлэхэд өргөдөлөө өгөөд гарлаа гээд ажлаас чөлөөлөгдөж байгаа тул амралтын мөнгө олгож өгнө үү гэсэн өргөдөлийг өгөөд явсан. Ингээд 2017.09.08-наас 2017.09.11-нийг хүртэл хүлээсэн боловч өргөдөл өгсөн гээд ажлаа хийгээгүй тул түр гэрээт хүн олж, ажлаас чөлөөлөгдөх тушаал гаргаагүй учир нь ажлаа хийх байх гэж хүлээсэн боловч өргөдөл өгсөн гээд ажлаа хийгээгүй. Иймд 2017.09.15-ны өдөр өөрийнх нь хүсэлтийг үндэслэн ажлаас чөлөөлөх тушаалыг гаргасан. Тухайн үед Н.О нь амралтаа өөрийн биеэр эдлээгүй ажлаа хийж байсан бөгөөд түүний амралт 2017 оны 10 сарын 01-ээс 10 сарын 27 хүртэлх хугацаанд амралтын хуваарийн дагуу урьдчилан төлөвлөгдсөн байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Н.Оы нэхэмжлэлд дурдсан үйл явдал болоогүй, ажил үүргийн дагуу шуудан аваагүй, хүргэлтийн үйл ажиллагаанд саад учирсан бол тухайн үед асуудлыг судалж, зохих арга хэмжээ авдаг. Нэг удаа шуудан хүргээгүй гэх шалтгаанаар ажлаас халах тухай ойлголт байхгүй, ажил үүрэгт доголдол үүссэн бол тухайн үед зохих арга хэмжээг хуулийн дагуу авдаг. Эвлэрч асуудлыг шийдвэрлэх хүсэлтэй байна. Нэхэмжлэгч сард 240 000 төгрөгийн цалинтай тул нэг сарын тэтгэмж 240 000 төгрөг өгөхөд татгалзах зүйлгүй...” гэжээ.

Зохигчидын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.О нь хариуцагч “Монгол шуудан” ХК-ий Орхон аймгийн Шуудангийн үйлчилгээний газарт холбогдуулан “ажилгүй байсан хугацааны цалин, гэнэт халагдсаны тэтгэмж гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа ажлаас халагдсаны тэтгэмжийг гурван сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж гаргуулна гэж тодруулсан.

Хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсэг болох нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийн мөнгө 240 000 төгрөг хариуцагчид төлөхийг хүлээн зөвшөөрсөн. Шүүх нэхэмжлэлийг хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээгээр хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Н.О нь 2009 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 35/20 дугаар “Монгол шуудан” ХХК-ийн Орхон аймгийн Шуудангийн үйлчилгээний газрын даргын тушаалаар Баруунбүрэн сумын гэрээт шууданчаар томилогдож, 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 17/49 дугаар “Монгол шуудан” ХХК-ийн Орхон аймгийн Шуудангийн үйлчилгээний газрын даргын тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн болох нь хэрэгт ирүүлсэн дээрх тушаалууд /хэргийн 4, 34 хуудас/, Н.Отай байгуулсан хөдөлмөрийн гэрээ,  зохигчдын тайлбаруудаар нотлогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д Ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно гэж заасан.

Хуулийн дээрх заалтын дагуу нэхэмжлэгч, ажил олгогчоос ажлаас халагдсаны тэтгэмжийг шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч хэдийгээр гурван сарын тэтгэмжийн мөнгө гаргуулна гэж тайлбарлаж байх боловч, хуульд “нэг сар түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж  олгоно” гэж заасан тул нэхэмжлэгчийн нэг сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж 240 000 төгрөг өгнө гэснийг буруутгах үндэслэлгүй бөгөөд, нэг сараас дээш хэдэн сарын тэтгэмж олгох нь байгууллагын эрх хэмжээний асуудал гэж үзнэ.

Тиймээс хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээний тэтгэмж буюу 240 000 төгрөг гаргуулан олгох үндэслэлтэй байна.

Харин нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ажилгүй байсан хугацааны цалин гаргуулна гэсэн байх ба, ажилдаа эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заажээ.

Нэхэмжлэгч Н.О нь ажилдаа эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул түүний ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.

Хэрэгт нэхэмжлэгчийн Иймд нэхэмжлэгчийн ажлаас халагдсан тэтгэмжийг, хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээгээр буюу нэг сарын цалинтай тэнцэх 240 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс ажлаас хаагдсаны тэтгэмж 480 000 төгрөг /хоёр сарын/, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, хариуцагчаас 7 850 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар заав.         

             Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч “Монгол шуудан” ХХК-ийн Орхон аймгийн Шуудангийн үйлчилгээний газраас 240 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Од олгож, нэхэмжлэлээс ажлаас хаагдсаны тэтгэмж 480 000 төгрөг /хоёр сарын/ гаргуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, хариуцагч “Монгол шуудан” ХХК-ийн Орхон аймгийн Шуудангийн үйлчилгээний газраас улсын тэмдэгтийн хураамжаар 7 850 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.   

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХИШИГДАВАА