Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 2017/ШЦТ/185

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Билгүүн,

            Улсын яллагч Ш.Насанжаргал,

Шүүгдэгч Т.П, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Төмөрбаатарын Т.Пг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201725020207 дугаартай хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, 1991 оны 06 дугаар сарын 30-нд Хөвсгөл аймгийн Галт суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-7, эцэг, эх, дүү нарын хамт Хөвсгөл аймгийн Галт сумын 5 дугаар багт оршин суух хаягийн бүртгэлтэй, Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 44-80 тоотод түр оршин суудаг, ял шийтгэлгүй, Дайртан овогт Төмөрбаатарын Т.П /регистрийн дугаар ....................../,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Т.П нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Холливуд” баарны хамгаалагчаар ажиллаж байхдаа 2017 оны 01 дүгээр сарын 10-ны шөнө 02 цагийн орчимд бааранд үйлчлүүлж байсан иргэн Г.Ган-Эрдэнэтэй маргалдан улмаар түүнийг хавирч унаган зүүн гарын шуу ясыг нь хугалж бие махбодид нь удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулсан хүндэвтэр гэмтэл санаатайгаар учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Т.П шүүхийн хэлэлцүүлэгт “…Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй...”гэв,

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…2017 оны 01-р сарын 09-ний өдрөөс 2017 оны 01-р сарын 10-нд шилжих шөнө “Холливуд” бааранд хамгаалагчийн үүрэг гүйцэтгэж байсан. Тэгээд ойролцоогоор 02 цагийн үед би хяналтын камерын өрөөнд суугаад камер хараад байж байтал үүдний өлгүүрийн хэсэгт нэг эмэгтэй манай Лхагваа гэдэг хамгаалагчийг зуураад, цохиод байх шиг харагдсан. Тэгээд би камерын өрөөнөөс гараад өлгүүрийн хэсэг рүү очиход нэг согтуу эмэгтэй Лхагваатай хэрэлдээд зогсож байсан. Тэгээд би очоод “юу болсон юм бэ?” гэж асуухад хэн нь ч юу ч дуугарахгүй байсан. Тэгээд намайг харж байхад нөгөө эмэгтэй Лхагваагийн цээж хэсэг рүү нь нэг удаа гараараа цохисон. Лхагваа уурлаад тэр эмэгтэй нүүрэнд нь нэг алгаа наагаад, нөгөө гараараа ар дагзнаас нь шахаж бариад сэгсрээд байсан Тэгтэл нөгөө эмэгтэйтэй хамт явж байсан 3 залуу Лхагва руу дайраад түүнийг тал талаас нь заамдаад авсан. Тэгтэл Лхагва 2 залууг өөрөөсөө холдуулж заамдсан, би дундуур нь ороод нөгөө 3 залууг түрээд холдуулсан. Тэгээд орхитол нөгөө эмэгтэй дахиад Лхагваа руу дайраад байсан. Араас нь нөгөө 3 залуу нь бас дайраад байсан. Тэгэхээр нь би дахиад салгаад холдуулсан. Тэгтэл одоо энэ гараа хугалуулсан залуу Лхагваа руу дайраад байсан. Тэгэхээр нь би тэр залууг барьж аваад баруун хөлөөрөө хавирсан. Намайг хавирахад тэр залуу газар унасан. Тэгээд тэр залуу унаж босож ирээд “миний гар хугарчихлаа” гээд орилоод байсан. Тэгээд тэр залуу цагдаа дуудаад удалгүй цагдаа нар ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-42, 43/,

 

Хохирогч Г.Ган-Эрдэнийн “...2017 оны 01 дүгээр сарын 09-ний орой 23 цагийн үед намайг гэртээ байхад манай төрсөн эгч Б.Уранчимэг үеэл Уламбаяр нар намайг “Холливуд” бааранд дуудсан. …Бид 3 нэг шил “Эвок” архи аваад дөнгөж уух гээд байж байтал манай эгч согтчихсон “би түрүүлээд явлаа” гээд доошоо өлгүүрээс хувцсаа авахаар явсан. Уламбаяр ах араас нь хамт буусан. Би ширээн дээрээ ганцаараа суугаад үлдсэн. Тэгээд ширээн дээр хүлээгээд ирэхгүй удаад байхаар нь би араас нь доош буусан. Тэгээд зогсож байтал доор өлгүүрийн хажууд маргаан болж байсан. Уламбаяр ахыг хамгаалагч барьчихсан, буланд шахчихсан, манай эгч Уранчимэг харин өлгүүрийн номероо хаячихсан, нэг хамгаалагч нь өлгүүрийн номерын торгуулийн мөнгө өг гээд нэхээд маргалдаад зогсож байсан. Тэгээд манай эгчийг маргалдаж байхад нэг хамгаалагч нь мангасдсан юм. Тэгэхээр нь би очиж холдуулах гээд “хөөе болиоч” гэж хэлэхэд миний араас өөр нэг хамгаалагч шууд намайг барьж аваад хавираад унагачихсан. Унагаснаа тэр хамгаалагч миний гар руу нэг удаа хөлөөрөө хүчтэй өшиглөсөн.Тэгээд босоод ирэхэд миний гар хөндүүр болчихсон байсан.Тэгээд л дахиад маргаан болоогүй, би цагдаа дуудсан.Миний зүүн гарын шуу, бугуйн хэсэг хугарсан байсан, өөр ямар нэг гэмтэл байхгүй. Би хохирлын мөнгө 600 000 төгрөг авсан. Миний гар одоо хэвийн байгаа. Надад одоо ямар нэг гомдол санал байхгүй…” гэсэн мэдүүлэг /хх-13/,

Гэрч Ш.Лхагвасүрэн “...2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2017

оны 01 дүгээр сарын 10-нд шилжих шөнө “Холливуд” бааранд хамгаалагчаар гарч

байсан. Тэгтэл 01 цагийн үед намайг байж байхад нэг согтуу эмэгтэй ирээд өлгүүрээс хувцсаа авах гэсэн. Өлгүүр дээр байдаг Баяраа гэх залуу тэр эмэгтэйгээс өлгүүрийн номероо өгөөрэй гэж хэлсэн. Тэгтэл нөгөө эмэгтэй цүнхээ ухаад номероо олоогүй. Тэгэхээр нь Баяраа түүнд “өлгүүрийн номероо алга болгосон юм бол 5000 төгрөгийн торгуультай” гэж хэлсэн. Энэ үед тэр эмэгтэйтэй хамт явж байгаа бололтой залуу хажууд нь зогсож байсан. Тэгээд нөгөө эмэгтэй цүнхнээсээ номероо хайж байснаа ололгүй “за за

номероо алга болгочхож, торгуулиа төлье” гэж хэлээд виза картаа гаргаад ирсэн.

Тэгээд тэр эмэгтэй картаа өлгүүрчинд өгөөд “эндээс торгуулиа авчих” гэж

хэлсэн. Өлгүүрчин тэндээсээ гарч чадахгүй байсан болохоор надад картыг нь өгөөд

“энийг яваад уншуулаад өгөөч” гэж хэлсэн. Тэгээд би тэр картыг нь аваад явах

гэтэл хажууд нь байсан дүү нь гээд одоо энэ гараа хугалуулсан залуу “за тэгээд

илүү дутуу юм уншуулчих ваа, баримтыг нь авчраарай” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр

залууд “за залуу тэгвэл чи өөрөө дээшээ гараад уншуулчих аа” гэж хэлээд картыг нь

өгөх гэтэл хажуунаас нөгөө согтуу эмэгтэй картаа булааж авснаа “би өнөөдөр танай

бааранд 70.000, 80.000 төгрөгийн тооцоо хийчхээд яагаад дахиад ингэж шулуулах

ёстой юм” гэж хэлээд миний толгой руу 2-3 удаа цохисон. Тэгэхээр нь би тэр

эмэгтэйд “бид нар ямар чамайг хүчээр оруулж ирээд хүчээр уух зүйл шахсан биш

дээ, чи өөрөө л ууж идсэн зүйлийнхээ тооцоог төлсөн биз дээ” гэж хэлсэн. Тэгтэл араас дагаж ирээд л намайг цохиод байхаар нь би тэр эмэгтэйг бариад баарны гадна хаалгаар гаргасан. Тэгтэл нөгөө гараа хугалуулсан залуу над дээр ирээд “наадах чинь манай эгч, оруулчхаач, би эвтэйхэн хувцсыг нь өмсүүлчхээд аваад гаръя” гэж хэлээд гуйгаад байхаар нь хаалгаар эгчийг нь оруулсан. Тэгтэл нөгөө эмэгтэй орж ирээд шууд над руу дайраад орилоод эхэлсэн. Тэгээд зууралдах үед Т.П, Отгонбаатар, Сугар нар гарч ирээд тэд нарыг надаас холдуулсан. Тэгээд би нэг найзтай нь маргалдаад зогсож байтал нэг залуу “ёо оё” гэж орилсон. Хартал нөгөө эгчийгээ оруулъя гээд байдаг залуу газар уначихсан “гар гар” гээд орилоод байсан. Тэгээд тэр залуу цагдаа дуудсан…” гэсэн мэдүүлэг /хх-15, 16/,

 

Гэрч Ц.Отгонбаатарын “...бид гурав өлгүүрийн зүг яваад очиход нэг согтуу эмэгтэй манай хамгаалагч Лхагвасүрэн рүү салаавч гаргасан байдалтай хэрэлдэж байсан. Хажууд нь тэр эмэгтэйтэй хамт яваа бололтой гурван залуу байсан. Тэгээд би очоод “юу болоод байгаа юм бэ” гэж асуухад хэн ч юу ч дуугарахгүй хэрэлдээд байсан. Тэгснээ Лхагвасүрэн гэнэт уурлаад “ одоо боль, зайл” гээд нөгөө эмэгтэйн нүүрийг нь нэг алгаараа дараад, нөгөө гараараа ар дагзнаас нь тулж шахаад толгойг нь 1-2 удаа сэгсэрсэн. Энэ үед нөгөө эмэгтэйтэй хамт явж байсан 3 залуу Лхагвасүрэн рүү дайраад түүнийг бариад авсан. Тэгэхээр нь Т.П, Сугар бид 3 дундуур нь ороод нөгөө залуучуудыг түрээд холдуулсан. Энэ үед нөгөө эмэгтэй Лхагвасүрэн рүү дайраад эхэлсэн. Тэгэхээр нь би нөгөө 3 залууд нь “та гурав энэ хүүхнээ жаахан тайвшруулаад , түр авч бай л даа” гэж хэлсэн боловч нөгөө 3 залуу тоохгүй байсан. Тэгтэл одоо энэ гараа хугалуулсан гэх залуу Лхагвасүрэн рүү “чи муу яахаараа манай эгчийг мангасддаг юм бэ” гээд дайрах үед нь Т.П хажуунаас нь “чи цаашаа бай” гээд хавирч унагасан. Тэгтэл тэр залуу арагшаагаа бөгсөөрөө газар унасан юм. Унахдаа гараараа тулаад уначихсан юм шиг байна лээ. Тэгээд босч ирснээ “миний гар сонин болчихлоо” гээд байсан. Тэгээд тэр хүмүүс цагдаа дуудсан…” гэсэн мэдүүлэг \хх-17-19\,

 

Гэрч Б.Ариунбаярын “...би Холливуд бааранд өлгүүр дээр ажиллаж байсан юм. Тэгээд 2 цаг өнгөрч байхад нэг нилээн согтуу эмэгтэй над дээр ирээд “хувцсаа авъя” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “номероо өгөөрэй” гэж хэлэхэд тэр эмэгтэй өлгүүрийн номероо хайгаад олохгүй байсан. Хажууд нь тэр эмэгтэйтэй явж байсан 3 залуу байсан. Тэгээд би тэр эмэгтэйд  “номероо хаясан бол 5000 төгрөгийн торгууль төлөх ёстой” гэж хэлсэн. Тэгтэл тэр эмэгтэй картаа гаргаж ирээд “эндээс уншуулчих” гэж хэлсэн. Тэгээд би тэр картыг нь хамгаалагч Лхагвасүрэнд өгсөн тэгтэл нөгөө эмэгтэй “би өнөөдөр танай бааранд их хэмжээний тооцоо хийсэн, яагаад дахиад мөнгө төлөх ёстой гэж” хэлснээ Лхагвасүрэнгээс картаа аваад түүний цээж рүү нь 2 удаа гараараа цохисон юм. Тэгтэл Лхагвасүрэн тэр эмэгтэйд “бид нар ямар чамд хүчээр архи уулгасан биш, чи ууж идсэн зүйлийнхээ л тооцоог өгсөн шүү дээ” гэж хэлтэл тэр эмэгтэй нь уурлаад Лхагвасүрэнг цохих гээд дайраад байсан. Лхагвасүрэн түүнийг түрээд баарнаас гаргаад хаалгаа хаачихсан. Хамт байсан залуучууд нь “наадах чинь хувцасгүй даарч байгаа, оруулчих” гэж гуйгаад нөгөө эмэгтэйг оруулсан. Тэгтэл нөгөө эмэгтэй орж ирээд л шууд Лхагвасүрэн рүү дайрсан юм. Энэ үед манай зохион байгуулагч Отгонбаатар, хамгаалагч Т.П, Сугар нар дээрээс бууж ирээд маргааныг салгасан. Тэгтэл нөгөө эмэгтэй дахиад Лхагвасүрэн рүү дайрахад нь Лхагвасүрэн тэр эмэгтэйн нүүрэнд нь нэг алгаа наагаад нөгөө гараараа дагзнаас нь тулаад толгойг нь сэгсэрсэн. Тэгтэл хажууд нь хамт явж байсан 3 залуу Лхагвасүрэн рүү дайрсан. Энэ үед Отгонбаатар, Сугар, Т.П нар тэр 3 залууг салгаад холдуулсан. Тэгтэл нөгөө эмэгтэйтэй хамт явж байсан Лхагвасүрэн рүү дайрах үед нь Т.П хажуунаас нь барьж аваад хавираад унагачихсан. Тэгтэл нөгөө залуу нь арагшаагаа хоёр гараараа тулаад газар унасан. Тэгээд босч ирснээ “гар сонин болчихлоо” гээд байсан. Ингээд дахин зодоон болоогүй цагдаа нар ирсэн…” гэсэн мэдүүлэг /хх-21/,

 

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ¹1433 тоот актын “…Г.Ган-Эрдэнийн биед зүүн шуу ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. …Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. …Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр гэмтэлд хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-33/,

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-59-60, 64, 66/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-70, 72/, Шийтгэх тогтоолын хуулбар /хх-130-131/, Ажлын байрны тодорхойлолт /хх-65/, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-75/, хохирлын баримт /хх-67-68/, хохирол төлсөн баримт /хх-69/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-11-118/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Шүүгдэгч Т.П нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Холливуд” баарны хамгаалагчаар ажиллаж байхдаа 2017 оны 01 дүгээр сарын 10-ны шөнө 02 цагийн орчимд бааранд үйлчлүүлж байсан иргэн Г.Ган-Эрдэнэтэй маргалдан улмаар түүнийг хавирч унаган түүний бие махбодид “…зүүн шуу ясны хугарал…” бүхий хүндэвтэр гэмтэл санаатайгаар учруулсан нь болох нь дээр дурьдсан хохирогч Г.Ган-Эрдэнэ, гэрч Ш.Лхагвасүрэн, Ц.Отгонбаатар, Б.Ариунбаяр нарын мэдүүлгүүд, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ¹1433 тоот актын дүгнэлт, шүүгдэгч Т.Пгийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон.

Шүүгдэгч Т.Пгийн дээрх бусдын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан ял шийтгэл оногдуулах бүрэн үндэслэлтэй байна.

Энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн хийсэн, хэрэгт шалгавал зохих байдлуудыг бүрэн шалгасан байна.

 

Шүүгдэгч Т.П нь хохирогчид учруулсан хохирлоо бүрэн төлсөн, хохирогч Г.Ган-Эрдэнэ нь мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Т.Пгийн дээрх үйлдэлд  ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Харин тэрээр анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулсан, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцлоо.

 

Шүүх шүүгдэгч Т.Пял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийнхээ  улмаас бусдад учруулсан гэм хорыг арилгасан, гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ зэргийг харгалзан үзэж, түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр, нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж дүгнэв.

 

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн диск 1 ширхгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Т.П нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297, 298-р зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

 

1.Шүүгдэгч Дайртан овогт Төмөрбаатарын Т.Пг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Шүүгдэгч Төмөрбаатарын Т.Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дэх хэсэгт зааснаар ялтан Т.Поногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

 

5.Эрүүгийн 201625020751 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар ялтан Т.Поногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд хяналт тавихыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

 

7.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолын хувийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн  давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Пурьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               З.БОЛДБААТАР