| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2017/01215/и |
| Дугаар | 142/шш2017/01147 |
| Огноо | 2017-11-09 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 11 сарын 09 өдөр
Дугаар 142/шш2017/01147
2017 оны 11 сарын 09 өдөр Дугаар 142/ШШ2017/01147 Орхон аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Рашаант баг, ...... тоотод оршин суух Н.А-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум ........ тоотод оршин суух Х.А-т холбогдох,
“Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Миний бие Х.Атой 2003 онд танилцаж гэр бүл болж, 2006 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2005 онд том хүү А.Э, 2010 онд бага хүү А.Э тус тус төрсөн. Сүүлийн үед бид хоорондоо таарч тохирохгүй болж цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулж хүү А.Энх-Ууган, А.Энхбат нарыг өөрйн асрамжинд авч, хүүхдүүддээ эхээс нь тэтгэлэг гаргуулахгүй. Бидний гэр бүлийн дунд эд хөрөнгийн маргаан байхгүй.
Бидний дунд 2016 оны 01 дүгээр сараас маргаан гарсан. Намайг 2016 оны 06 сард Улаанбаатар хотод ажиллаж байх хугацаанд бид хоёрын харьцаа хөндийрсөн. 2016 оны 12 сард Х.А нь Солонгос руу гэнэт явсан. Түүнээс хойш холбоо бариагүй. Би урлагийн хүн учир миний ажил мэргэжлийг ойлгодоггүй... ” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунаа шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Н.Агийн нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Н.А нь миний охин Х.Аоос гэр бүлээ цуцлуулж 2 хүүгээ өөрийн хяналтандаа авна гэдгийг нь ойлголоо. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.
Н.А, Х.А нар нь оюутан байхдаа танилцаж, гэр бүл болоод 2 хүүхэдтэй болсон. Дорноговь аймагт амьдарч байгаад Эрдэнэтэд ирсэн. Хүргэн урлагийн хүн болохоор бие биенээ ойлголцдоггүй юм шиг байна лээ. Өөрсдөө ярьж тохиролцоод гэрлэлтээ цуцлуулахаар болсон юм шиг байна лээ. Х.А нь Н.Атай амьдрах боломжгүй гэж хэлсэн... ” гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.А нь Х.Ад холбогдуулан “гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгохоор” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Н.А, Х.А нар нь 2003 онд танилцаж 2006 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулж, тэдний дундаас 2010 оны 03 дугаар сарын 23-нд хүү А.Энхбат, 2005 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүү А.Энх-Ууган нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, 0067437 /Г-190/ дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, 0350723 /Г-135/ дугаартай хүү А.Энхбатын төрсний гэрчилгээний хуулбар, 0000987764 дугаартай хүү А.Энх-Ууганы төрсний гэрчилгээний хуулбар зэргээр нотлогдож байна.
Гэрлэгчид хэн аль нь гэр бүлээ үргэлжлүүлэх хүсэлгүй байгаа, тэд ярилцаж тохиролцоод гэр бүлээ цуцлуулах шийдвэр гаргасан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, тэдэнд эвлэрүүлэх хугацаа өгөлгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Хүүхдийн асрамжийг зохигчид эцэг Н.Ад өгөхөөр тохиролцсон, нэхэмжлэгч Н.А нь хариуцагч Х.Аоос хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэсэн.
Иймд Н.А, Х.А нарын гэрлэлтийг цуцалж, 2010 оны 03 дугаар сарын 23-нд төрсөн хүү А.Энхбат, 2005 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн хүү А.Энх-Ууган нарыг эцэг Н.Агийн асрамжинд үлдээж, нэхэмжлэгч Н.А, хариуцагч Х.Аоос хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, гэрлэгчдийн дунд эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурьдав.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заалаа.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Н.А, Х.А нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2010 оны 03 дугаар сарын 23-нд төрсөн хүү А.Э, 2005 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн хүү А.Э нарыг эцэг Н.Агийн асрамжинд үлдээсүгэй.
3. Нэхэмжлэгч Н.А нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй, гэрлэгчдийн дунд эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурьдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш хувийг 3 өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Номинд даалгасугай.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
6. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА