Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 142/шш2017/01101

 

 

 

 

 

 

 

2017 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 142/ШШ2017/01101

Орхон аймаг

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийж,

Нэхэмжлэгч: Төрийн банкны Орхон салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, 11-р баг, ..... тоотод оршин суух С.Н-д

“Зээлийн гэрээний үүрэг 5 403 738.27 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Солонго, З.Одбаяр, хариуцагч С.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Төрийн банкны Орхон салбар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Иргэн С.Н нь 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Төрийн банкны Бүрэнбүст тооцооны төвөөс №3405/139 тоот цалингийн зээлийн гэрээ байгуулан 9 305 000 /есөн сая гурван зуун таван мянга/ төгрөгийг жилийн 14,4 /арван дөрөв аравны дөрөв/ хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авсан. Мөн 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдөр №1300/189 тоот картын зээлийн эрх нээх гэрээгээр 500 000.00 /таван зуун мянган/ төгрөгийг жилийн 16,8 /арван зургаа аравны найм/ хувийн хүүтэй авсан. Зээлдэгч С.Н нь ажлаас халагдсан гэх шалтгаанаар №1300/189 тоот картын зээлийн гэрээ, №3405/139 тоот зээлийн гэрээний хавсралт 1-ийн дагуу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа бөгөөд 2017 оны 09 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар хуваарийн дагуу төлөгдөөгүй цалингийн зээл үндсэн зээлийн үлдэгдэл 4 075 220.54 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 936 908.30 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 111 738.20 төгрөг, нийт дүн 5 123 867.04 төгрөг байна. Телөгдөөгүй картын зээл үндсэн зээлийн үлдэгдэл 215 573.73 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 49 459.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 14 837.89 төгрөг, нийт дүн 279 871.27 төгрөг. Зээлдэгч С.Н нь № 1300/189 тоот картын зээлийн гэрээний 2.1.5, 2.2.1, 2.2.2 дахь заалтуудыг, №3405/139 тоот зээлийн гэрээний 3.2.3 зөрчсөн, зээлийн гэрээний хугацаа дууссан тул 2017 оны 08 сарын 30-ны өдрийн байдлаар цалингийн зээлийн үндсэн төлбөр 4 075 220.54 төгрөг, зээлийн хүү 936 908.30 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 111 738.20 төгрөг, нийт 5 123 867.04 төгрөг картын зээлийн үндсэн төлбөр 215 573.73 төгрөг, хүүний төлбөр 49 459.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 14 837.89 төгрөг нийт 279 871.27 төгрөг, нийт 5 403 738.31 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч С.Н шүүх хуралдаанд тайлбарлахдаа:  ...Миний Нийгмийн даатгалд ажиллаж байгаад ажлаасаа халагдаад цалингийн зээлээ төлж чадахгүй болсон. Нэхэмжлэлийн үнинй дүн дээр маргаан байхгүй. Миний хувьд зээлийг бага багаар график гаргаад төлөх хүсэлтэй байна. Төлөхийг хүлээн зөвшөөрч байна... гэжээ.

Зохигчидын тайбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Төрийн банкны Орхон салбар нь С.Нд холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэг 5 403 738.27 төгрөг гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Хариуцагч С.Н нь 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Төрийн банкны Орхон салбарын Бүрэнбүст тооцооны төвөөс №3405/139 тоот цалингийн зээлийн гэрээ байгуулан 9 305 000 төгрөгийг жилийн 14,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, мөн 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдөр №1300/189 тоот картын зээлийн эрх нээх гэрээгээр 500 000.00 төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэй авсан болох нь хэргийн 6-25 дугаар хуудас дахь барьцаат зээлийн гэрээ, зээл буцаан төлөх хуваарь, картын зээлийн хүү тооцооны хүснэгт, зээлийн дансны хуулгууд, зохигчдын тайлбаруудаар нотлогдож байна.

            Нэхэмжлэгч Төрийн банкны Орхон салбарын нэхэмжилсэн 5 403 738.31 төгрөгийг хариуцагч С.Н график гарган төлье гэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрөөгүй, хугацаанны хувьд талууд тохиролцоогүй болно.

Хариуцагч үнийн дүн дээр маргаагүй, 5 403 738.31 төгрөгийг төлнө гэж байх тул  нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 101 410 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 101 410 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Төрийн банкны Орхон салбарт олгохоор заав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч С.Нээс 5 403 738.31 төгрөг гаргуулан Төрийн банкны Орхон салбарт олгосугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 101 410 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 101 410 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХИШИГДАВАА