Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 260/ШЦТ/2020

 

 

 

 

 

 

 

                                            

                                        

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дондовням

-улсын яллагчаар Э.Билгүүн

-шүүгдэгч нарын өмгөөлөгч А.Мөнхтулга

-шүүгдэгч Б.С, Б.О, Б.З нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ср, Б.Оэ, Б.З нарт холбогдох эрүүгийн 1934007980240 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч Б.О, Б.С, Б.З нар нь бүлэглэж 2019 оны 09 дүгээр сарын 12-ны орой 19 цагийн үед Төв аймгийн Жаргалант сумын Загдал 4-р багийн нутагт Жаргалант харвист ХХК-ны хашаанд тус компаны ажилтан Ц.Пүрэвдоржийг үхэрнүүд хашлаа гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, улмаар түүний эрүүл мэндэд тархи доргилт, хамрын нурууны арьсны зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Б.О мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй гэв.

Шүүгдэгч Б.С мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй гэв.

Шүүгдэгч Б.З мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд:

Хохирогч Ц.Пүрэвдоржийн мэдүүлэг /хх-ийн 9-11 тал/, шүүх эмнэлгийн 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн №11171 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30 тал/, Эй Жэй Жэй Эм ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-ийн 36-47 тал/, гэрч Ц.Даваанэрэнгийн мэдүүлэг /хх-ийн 15-16 тал/, гэрч Л.Лувсангийн мэдүүлэг \хх-ийн 19-20 тал\, гэрч Г.Тамирын мэдүүлэг /хх-ийн 19-20 тал/, гэрч Д.Баатаржавын мэдүүлэг /хх-ийн 22 тал/, гэрч Т.Бат-Эрдэний мэдүүлэг /хх-ийн 25 тал/, гэрч Э.Ганзүрхийн мэдүүлэг /хх-ийн 26 тал/, гэрч Б.Дашболдын мэдүүлэг /хх-ийн 27 тал/, гэрч К.Баярмаагийн мэдүүлэг /хх-ийн 28 тал/, шүүгдэгч Б.Сын мэдүүлэг /хх-ийн 75 тал/, шүүгдэгч Б.Отгон-Эрдэний мэдүүлэг /хх-ийн 80 тал/ болон шүүгдэгч Б.О, Б.С, Б.З нарын хувийн байдлыг тодорхойлсон бусад баримт зэрэг болно.

Шүүгдэгч Б.О, Б.С, Б.З нар нь бүлэглэж 2019 оны 09 дүгээр сарын 12-ны орой 19 цагийн үед Төв аймгийн Жаргалант сумын Загдал 4-р багийн нутагт Жаргалант харвист ХХК-ны хашаанд тус компаны ажилтан Ц.Пүрэвдоржийг үхэрнүүд хашлаа гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, улмаар түүний эрүүл мэндэд тархи доргилт, хамрын нурууны арьсны зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

  • Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02 тал/
  • Эй Жэй Жэй Эм ХХК-ны 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн №07/105 дугаартай ...титан рамны үнэлгээ 104.000 төгрөг, харааны нүдний шил 187.500 төгрөг, нийт 291.500 төгрөг...” гэх эд зүйлд хийсэн үнэлгээний тайлан /хх-ийн 36-47 тал/,
  • Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай Прокурорын тогтоол /хх-ийн 71, 76, 81 тал/
  • Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч, эмч Ж.Ганцэнгэлийн 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн №11171 дугаартай “Ц.Пүрэвдоржийн биед тахи доргилт, хамрын нурууны арьсны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 30 тал/,
  • Хохирогч  Ц.Пүрэвдоржийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын Загдал 4-р багийн нутагт Жаргалант харвист ХХК-ны хашаанд байхад Загдал багийн иргэн Шараа гэх хүний үхэр манай ногоон тэжээл тарьсан 84 га газарт үхэр нь 2019 оны 09 дүгээр сарын 11-ны өдөр орсон. Тэгээд тэр өдрөө тууж ирээд хашаандаа хашсан. Маргааш нь орой 2019 оны 09 дүгээр сарын 12-ны орой 19 цагийн үед Шараа гэдэг хүн ирээд уулзсан. Манай хашаанд өмнө нь танай адуу орсон. Тэгээд чи манай хашаанаас өөрийн адуугаа хулгайлаад аваад явсан. Хаалга үүдийг минь эвдээд аваад явсан гэж хэлсэн. Тэгсэн тэгтэл Шараа одоо тэгээд яах бэ чи надад хэлж болдоггүй юм уу гээд гэсэн. Бид 2 хоорондоо ярилцаад 600.000 мянган төгрөгний торгууль авахаар болсон. Тэгээд тохироод бид 2 гараад иртэл гадаа Шараагийн дүү нь Омбоо, Эдгээ нар өөр нэрийг нь мэдэхгүй хүмүүс байсан. Тэгээд Эдгээ гэдэг залуу нь машиныхаа түлхүүрийг бариад чамайг ална гээд надруу дайрсан. Өмнө нь тэдний адуу манай хашаанд ороод тэгээд хашсан байх үед нэг унага үхсэн юм. Тэр нь Эдгээ гэдэг залуугийн унага байсан. Тэрийгээ яриад надруу дайраад намайг энгэрээс заамдсан. Тэгээд би заамдаад таталцаад байж байх үед араас Омбоо гэдэг залуу нь ар дагзруу гараараа цохьсон. Би тэгээд тонгойтол Эдгээ нь нүдрүү болон шанааруу цохьсон. Шил газар унаад 3 хэсэг хуваагдсан. Тэгээд дахин муудаад заамдалцаад байж байтал хүмүүс салгасан. Тэгээд би цагдаад гомдол гаргасан. Би толгойдоо цохиулсан. Нүд хөхөрсөн. Ил харагдах шарх гэмтэл байхгүй. Духан дээр жоохон шалбарсан байсан. Толгой өвдөөд байсан. Өөрөө явж чадахгүй дайвалзаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 тал/,
  • Хохирогч  Ц.Пүрэвдоржийн дахин мэдүүлсэн: “...Надад нэмж хэлэхэд Эдгээ буюу Сүхбаатартай зууралдаад байж байхад миний толгойны араас дагз хэсэгт 2 удаа цохьсон тэгхээр нь доошоо тонгойгоод эргэж харахад ард Омбоо буюу Отгон- Эрдэнэ зогсож байсан, тэгхээр нь тэд нараас салах гээд эрэгтэл Сүхбаатар нь миний нүүрлүү гараараа 1-2 удаа цохьсон. Тэгэхэд миний нүдний шил газарт унаж хагарсан байгаа. Тэгсэн тэр үед Шараа буюу Золбоо нь миний ар дагз хэсэгт гараараа цохиж бас хөлөөрөө миний биерүү өшиглөсөн байгаа. Омбоо буюу Отгон-Эрдэнэ болон Эдгээ буюу Сүхбаатар нараас болж миний биед гэмтэл учирсан. Энэ хоёр хүн ах дүү хоёр байгаа юм. Тухайн үед Эдгээ буюу Сүхбаатартай зууралдаж байхад Омбоо буюу Отгон-Эрдэнэ нь араас ирээд миний дагзруу 2 удаа хүчтэй цохьсон..., ...нутгийн хүмүүс Отгон-Эрдэнийг Омбоо гэж дууддаг. Харин Сүхбаатарыг Эдгээ, Золбоог Шараа гэж дууддаг юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 11 тал/,
  • Гэрч Ц.Даваанэрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би Төв аймгийн Жаргалант сумын Загдал 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Жаргалант харвест ХХК-нд 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс туслах ажилтнаар ажиллаж байна. 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Жаргалант харвест ХХК-ны улаан буудай тариалсан талбайд тус багийн иргэн Шараа хочит Золбоо гэх айлын 30 орчим үхэр орсон байсныг би тууж ирээд Жаргалант харвест ХХК-ны хашаанд хашсан байсан. Тэгээд Золбоо орой 20 цагийн үед манай агрономич Пүрэвдорж гэх хүнтэй өрөөнд нь орж уулзаад гарч ирсэн. Тэгээд байж байтал компаны хашаанд гаднаас Золбоогийн дуу болох Эдэг гэх залуу 10-аад хүн дагуулаад орж ирсэн. Тэгээд тэр хүмүүс Пүрэвдорж ахруу та нар мал хашлаа гээд дайраад байсан. Эдэг гэх залуу Пүрэвдорж ахыг заамдаад авсан. Тэгээд хамт явсан хүмүүс нь бүгд дайраад зодоон болсон хэн нь цохисон талаар мэдэхгүй ямарч байсан цохиод зодоод байсан. Намайг салгах гээд очиход ална шүү гээд байсан. Тэгээд би зугтаагаад явсан. Зодоон болсны дараа Золбоо үхэр хашсан байсан хашааг онгойлгоод үхрээ туугаад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 тал/,
  • Гэрч Л.Лувсангийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2019 оны 09 дүгээр сарын 12-ны орой 20 цагийн үед амралтын өрөөнд амарч байхад гадаа хүмүүс орилолдоод байхаар нь гараад ирсэн чинь манай ажлын Даваанэрэн гэх залууг танихгүй хоёр залуу явган хөөгөөд явж байсан. Тэгээд намайг хараад нөгөө хоёр залуу нь буцаад явсан. Тэгээд би Даваанэрэнг миний хажууд байж бай гээд бид хоёр хамт байж байгаад зодоон дууссаны дараа агрономич дээр очиход намайг зодчихлоо гээд нүдний шил нь салаад уначихсан зогсож байсан..., ...Пүрэвдоржийн хацар нь хавдчихсан нүдний шил нь хугарчихсан, хувцас нь шороо болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 тал/,
  • Гэрч Г.Тамирын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Төв аймгийн Жаргалант сумын Загдал 4 дүгээр багт газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Жаргалант харвест ХХК-ны гүйцэтгэх захиралаар 2018 оноос хойш ажиллаж байна. 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр манай улаан буудай тариалсан тариан талбайд тус багийн иргэн Шараа хочит Золбоогийн 30 орчим үхэр орсон байна гээд манай туслах ажилтан Даваанэрэн, Пүрэвдорж нар тууж ирээд байгууллагын хашаанд байдаг мал хашдаг хашаанд хашсан байсан. Тэгээд би 18 цаг өнгөрч байх үед тариан талбайруу явсан. 20 цагийн үед надруу утсаар Даваанэрэн залгаад агрономч Пүрэвдорж ахыг Шараа гэх залуу хүмүүс дагуулж ирээд зодчихоод үхрээ хашаанаас туугаад явчихлаа..." гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 тал/,
  • Гэрч Д.Баатаржавын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “.... Тэгээд би хашааны гадаа байж байгаад орж иртэл Пүрэвдорж гэх залуутай Шараа, Эдгээ, Омбоо нар маргалдаад байж байсан. Та хэд эв зүйгээр учраа олчих битгий маргалдаад байцгаа гэж хэлсэн. Тэгтэл Эдгээ гэх залуу Пүрэвдорж гэх хүнийг захнаас нь заамдан миний унага төлж өг гээд маргалдаад байхаар нь би салгасан юм. Тэгсэн Эдгээ гэх хүн Пүрэвдоржийг дахиад ханьцуунаас нь барьж аваад унага олж өг гээд чирээд байсан чинь Пүрэвдорж би явахгүй та нар намайг яах ч юм билээ би явахгүй гээд зууралдаад зогсоод байсан. Тэгээд харанхуй болхоор нь би гэрлүүгээ яваад өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 тал/,
  • Гэрч Б.Отгон-Эрдэний мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр манайхан хадлангаа бэлдэж байтал Эдгээ ах манай адуу хашигдаад нэг унага үхсэн байна гээд Жаргалант Харвис ХХК-ны хашааны үүдэнд очтол танихгүй хүмүүс малаа хашуулсан гээд зогсож байсан. Эдгээ ах машинаас буугаад хашаа руу нь ороод унага нэхээд Пүрэвдорж гэх залуутай маргалдаад эхэлсэн....Пүрэвдорж гэх хүнийг Эдгээ ах заамдаад зогсож байсан....Эдгээ ах бага зэрэг зууралдаж өмсөж байсан хувцасны захаас нь барьж зууралдаж маргалдаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 тал/
  • Гэрч Т.Бат-Эрдэний мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би 2019 оны 09 дүгээр сард байсан өдрийг нь санахгүй байна. Төв аймгийн Жаргалант сумын Загдал 4 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Жарглант Харвест ХХК-ний агрономч ажилтай Пүрэвдорж нь бусдад зодуулсан гэх дуудлаганд очсон. Намайг очиход Пүрэвдорж гэх залуу бусдад зодууллаа гээд уг компаний ажилчдын байранд байсан. Тэгээд би Пүрэвдоржоос болон бусад хамт байсан гэх хүмүүсээс мэдүүлэг авч материалжуулан шалгасан байгаа. Пүрэвдоржийн 1 талын нүд нь хавдаж хөхөрсөн, бас тархи толгой өвдөөд босч чадахгүй байна гэж байсан..., ... Омбоо буюу Отгон-Эрдэнэ, Эдгээ буюу Сүхбаатар, Шараа буюу Золбоо нарт зодуулсан гэж ярьж байсан..., ...Отгон-Эрдэнэ нь араас нь ирээд толгойн дагз хэсэгт нь 1-2 удаа цохьсон, Сүхбаатар нь урд талаас нь нүүрлүү нь 1 удаа цохьсон. Харин Шараа нь хөлөөрөө өшиглөөд тэгээд яваад өгсөн гэж мэдүүлсэн байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 тал/,
  • Гэрч Э.Ганзүрхийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би төв аймгийн Жаргалант сумын Загдал 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг. Жаргалант Харвест ХХК-д ажилладаг юм. Надыг 2019 оны 09 дүгээр сард байсан өдрийг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан орой ажил тарах цагийн алдад Жаргалант Харвест ХХК-ны малын хашаанд малаа хашаад байж байтал хүмүүс шуугилдаад байсан юм. Тэгэхээр нь би очтол манай компаны агрономич Пүрэвдоржтой тэр нутгийн залуу Омбоо гэх хүн малыг маань гаргасангүй гээд уурлаад хэрэлдэж байсан. Тэгсэн Омбоо гэх хүнтэй хамт явсан Эдгээ гэх залуу манай агрономич залууг барилцаад зуураад ийшээ гарч байгаад уулзъя гээд байсан. Тэгэхэд хажууд нь хэд хэдэн хүн байсан. Тэгтэл Омбоо гэх залуу араас нь очоод агрономич Пүрэвдоржийн толгойруу нь гараараа 2-3 удаа цохиод авсан. Тэгсэн тэнд байсан хүмүүс бүгд л зодох гэж дайрсан. Тэгэхээр нь би салгасан байгаа..., ...Би харсан. Манай агрономич Пүрэвдорж нь Эдгээ буюу Сүхбаатартай зууралдаад байж байхад нь Омбоо буюу Отгон-Эрдэнэ нь араас нь очоод толгойруу нь 2-3 удаа цохьсон. Тэгсэн Пүрэвдорж доошоо хөлөө нугалаад суутал ахин Эдгээ, Омбоо нар цохиод байсан. Тэгэхээр нь би салгасан байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 тал/,
  • Гэрч Б.Дашболдын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Тэр үе 2019 09 дүгээр сард байсан ба манай Жаргалант Харвест ХХК- ний хашаанд 5-6 хүн ороод ирсэн манай агрономич Пүрэвдоржтой хүмүүс ярилцаад байж байсан. Би тэр үед цаана нь жаахан зайтай зогсож байсан ба жаахан байж байгаад харсан чинь зодоон болж байсан. Тэгхээр нь очоод салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27 тал/,
  • Гэрч К.Баяраагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би харсан тухайн үед байсан ба Шараа буюу Золбоо, дүү болох Омбоо буюу Отгон-Эрдэнэ нар ирээд мал хашлаа гэж уурлаад байсан. Тэгэхээр нь манай байгууллагын дүрэм ийм байна.Та нарт сануулсан шүү дээ гэж Пүрэвдорж ах хэлтэл Омбоо буюу Отгон-Эрдэнэ нь уурлаад Пүүжээ ахыг цохьсон. Тэгээд Шараа нь надыг цохих гэхээр нь би зугтаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 тал/,
  • Шүүгдэгч Б.Сын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...Би Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Билгүүний 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсоноо хүлээн зөвшөөрч байна. Би 2019 оны 09 дүгээр сард байсан Төв аймгийн Жаргалант сумын Загдал 4 дүгээр багийн нутагт “Жаргалант Харвест” ХХК-ний хашаанд миний адууны унага үхсэн байсан. Тэгэхээр нь Пүрэвдорж гэх хүнтэй уулзаад энэ талаар тодруулахаар асуухад Пүрэвдорж надад хандаад тэр унагыг үхэхээр нь хашаанаас чирээд гаргаад хаясан гэж хэлсэн. Тэгэхээр нь сэг зэмийг нь үзье гэхэд үзүүлээгүй. Тэгэхээр нь муудалцаад тэгээд барилцаж авсан. Тэгэхэд манай дүү Отгон-Эрдэнэ нь Пүрэвдоржийн араас нь толгойны шил хэсэгт нь араас нь цохьсон. Тэгэхэд Пүрэвдоржийн нүдний шил нь газарт унасан. Тэгсэн Пүрэвдоржийн нүдний шил нь олдоогүй. Тэгээд байж байхад тэнд байсан хүмүүс салгасан. Тэгээд бид нар салаад уг хашаанаас гараад явсан байгаа. Отгон-Эрдэнэ толгой хэсэгрүү нь 2-3 удаа цохьсон...Золбоо бол хүн зодоогүй салгасан байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 75 тал/
  • Шүүгдэгч Б.Отгон-Эрдэний мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...Би 2019 оны 09 дүгээр сард байсан. Өдрийг нь сайн санахгүй байна. Төв аймгийн Жаргалант сумын Загдал 4 дүгээр баг “Жаргалант Харвест” ХХК-ны хашаанд манай төрсөн ах Золбоогийн мал хашигдсан байсан. Тэгэхээр нь маргааш нь уг хашаанд Золбоо очоод малаа авахаар тохирсон байсан. Тэр үед манай ах Сүхбаатар бид араас нь уг хашаанд орсон. Тэгээд хашаанд нь ороход Сүхбаатар нь Пүрэвдорж гэх хүнийг заамдаад бариад авсан. Тэр үөд нь би хажуугаас нь шилэн хузүү хэсэгт нь гараараа алгадсан. Тэгээд ахин гараараа толгой хэсэгрүү нь 3-4 удаа цохьсон. Тэгээд тэнд байсан хүмүүс салгасан. Тэгээд тэндээс би түрүүлээд уг хашаанаас гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 80 тал/ зэрэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.С, Б.О, Б.З нарын ял шийтгэлийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судласан болно.

Шүүхээс шүүгдэгчид холбогдох хэргийн нотлох баримтуудыг үнэлж мэтгэлцэгч талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтийг хийв.

Бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар:

Хохирогч Ц.Пүрэвдоржийн биед “тархи доргилт, хамрын нурууны арьсны зулгаралт” гэмтэл учруулсан Б.С, Б.О, Б.З нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан.

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 189/385 дугаартай тушаалаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д” гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан /түр/” мөн журмын 2.4.2-т “хөдөлмөрийн ерөнхий чадвар бага хэмжээгээр /5-15%/ тогтонги байдлаар алдагдсан” бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулахаар шалгуур шинжийг тодорхойлсон байх тул хохирогч Ц.Пүрэвдоржийн биед учирсан гэмтлийг хөнгөн хохирол тус тус учирсан гэж үзнэ.

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ззааснаар санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.

Шүүгдэгч Б.С, Б.О, Б.З нар нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Б.С, Б.О, Б.З нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байх тул шүүгдэгч Б.С, Б.О, Б.З нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч Ц.Пүрэвдорж нь 2 сарын цалин 1.151.766 төгрөгийн, бусад зардалд 614.383 төгрөгийн нийт 1.766.149 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас шүүх 614.383 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нотлох баримтын шаардлага хангаагүй буюу 2 сарын цалин болох 1.151.766 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Шүүхийн шатанд шүүгдэгч Б.С, Б.О, Б.З нар нь хохирогч Ц.Пүрэвдоржид хохирлын 615.000 төгрөгийн төлсөн байх тул шүүгдэгч Б.С, Б.О, Б.З нар нь бусдад төлөх төлбөргүй байна.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

-улсын яллагчаас “Шүүгдэгч Б.С, Б.З, Б.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгргөөр тус тус торгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгуулын ялыг 7 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” ялын дүгнэлтийг,

-шүүгдэгч нарын өмгөөлөгч А.Мөнхтулга “Прокурорын саналыг сонслоо, шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал харагдаж байна. Иймд прокурорын саналыг дэмжээд тус бүрд нь 450,000 төгрөгөөр торгож өгнө үү гэх саналыг тус тус гаргасан байна.  

 

Шүүгдэгч Б.С, Б.О, Б.З нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Шүүгдэгч Б.С, Б.О, Б.З нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоосон учир Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.С, Б.О, Б.З нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр тус тус торгож шийдвэрлэлээ.

            

             Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Б.С, Б.О, Б.З нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Ср, Б.Оэ, Б.З нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Б.Ср, Б.Оэ, Б.З нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.С, Б.О, Б.З нарыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

  1. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С, Б.О, Б.З нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Б.С, Б.О, Б.З нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
    зүйл
    ийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
    өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн
    Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                         Ю.ЭНХМАА