Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 149

 

 

 

Ч.Б-од холбогдох эрүүгийн

       хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ц.Оч, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Ч.Отгонсүрэн,

шүүгдэгч Ч.Б-ын өмгөөлөгч Б.Э-,

нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 834 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.Б-, түүний өмгөөлөгч Б.Э- нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ч.Б-од холбогдох эрүүгийн 1802004380244 дугаартай хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Энхтайван гүн овгийн Ч.Б, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт .......... дүүргийн ...... дүгээр хороо, Дэнжийн ........ дүгээр гудамжны ..... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ................../;

 

Ч.Б- нь 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “каннабис өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар уг бодисыг 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдөр хүртэлх хугацаанд Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, ...... дүгээр гудамжны ..... тоотод байх гэртээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Ч.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Энхтайван гүн овгийн Ч.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Б-ыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Б-ын 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 2 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт хадгалагдаж байгаа тетрагидроканнабинолын агууламжтай ногоон өнгийн шингэн зүйлтэй, бор өнгийн хээтэй өндөр шилэн аяга /№1/ уутны хамт 130 грамм “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис /№2/ зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Ч.Б-од холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, Ч.Б-од хилийн хориг тавьсныг хүчингүй болгож, шийтгэх тогтоол  хүчин төгөлдөр болтол Ч.Б-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ч.Б-, түүний өмгөөлөгч Б.Э- нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “... Шийтгэх тогтоолд Ч.Б-ыг эрхэлсэн тодорхой ажилгүй гэж биеийн байцаалтад бичжээ. “Майк Грийн” ХХК-д бригадын ахлах албан тушаалтай болох тодорхойлолт /хх-80х/, гэрч Г.Д-ын мэдүүлгээр тус компанид 2018 оны 4 дүгээр сараас хойш менежерээр ажилладаг, 900.000 төгрөгийн цалин авдаг нь тогтоогдсон. Ч.Б- нь гэм буруугийн талаар маргаагүй, харин түүний ахуй амьдрал, хувийн байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг давж заалдах шатны шүүхээс хөнгөрүүлэн шийдвэрлэж өгөхийг хүсч гомдол гаргаж байна.

Ч.Б- нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “Номун” клиникийн эмнэлэгт хэвтэн Цөсний хүүдий нээлттэй аргаар авах мэс засал хийлгэн 2018 оны 10 дугаар сарын 19-нөөс 23-ныг хүртэл хэвтэн эмчлүүлж байсан, одоо зовиур ихтэй байдаг. Өөрийн төрүүлсэн эх Ө.Болдсүрэн нь 70 настай, 2009 онд зүүн тархинд цус харвасны улмаас зүүн хөл, гар саажилттай болж байнгын асаргаа сувилгаа, эмчилгээний зардал гарч, түүнийг нь ганц хүү болох Ч.Б- зохицуулдаг байсан бөгөөд шүүх хуралдаанаас хойш сэтгэл санаагаар унаж, бие нь муудаж дахин харвах магадлалтай байгаа болно.

Ч.Б- нь 2013 оны 8 дугаар сарын 24-нд төрсөн охин болох Б.Энхжин 5 настай, тус дүүргийн 31 дүгээр цэцэрлэг, 2010 оны 7 дугаар сарын 29-нд төрсөн охин болох Б.Энэрэл 8 настай, тус дүүргийн 39 дүгээр сургуулийн 3 дугаар ангид сурдаг, 2000 оны 5 дугаар сарын 4-нд төрсөн охин Б.Энгүүн 18 настай, Олон улсын Улаанбаатар их сургуулийн 1 дүгээр курст сурдаг, хагас жилийн төлбөр 1.145.000 төгрөгийг 2019 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс өмнө төлөх шаардлагатай, гэр орны санхүүгийн асуудлыг шийдвэрлэж авч явдаг бөгөөд Гэр бүлийн тухай хуульд зааснаар “эцэг, эх нь үр хүүхдээ сурч боловсрох, хүмүүжүүлэх, мөн үр хүүхэд нь эцэг, эхээ тэжээн тэтгэх үүрэгтэй” тул энэ боломжоор хангаж өгөхийг шүүхээс хүсч байна.

Ч.Б- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, өөрийн үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагааны үед тогтвортой, үнэн зөв мэдүүлж байсан, гэрт нь нэгжлэг хийхэд хөргөгчинд нь бaйсан аягатай бэлтгэсэн өвсийг сайн дураараа гаргаж өгсөн, нийгмийн хор аюулыг ухамсарлаж дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдэхгүй байж чадахаа илэрхийлсэн. Яллагдагчаар өгсөн мэдүүлэгт “би 3 хүүхдийнхээ төлөө, амьдралынхаа төлөө энэ зүйлээс нэг мөсөн гарсан. Би одоо зөв амьдрахаа амлаж байна, энэ гэмт хэргийн хор уршгийн талаар маш сайн ойлгосон” гэх мэдүүлэг /хх-60х/, мөн шүүх сэтгэц эмгэг судлалын 905 дугаартай /хх-51-53х/ дүгнэлтээр мансууруулах дон, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай гэх шинж тэмдэг тогтоогдоогүй ч түүний сэтгэл зүйг эмчлүүлэх, энэ төрлийн сургалтад хамруулах нь хорих ял оногдуулснаас илүү үр нөлөөтэй хүмүүжлийн шинжтэй, гэр бүл үр хүүхдүүдийнхээ дэргэд байж хөдөлмөрлөж, тэдгээрийн сайн сайхны төлөө явж байгаагаа ухамсарлах тусам энэ төрлийн гэмт хэргээс жигшиж байгаа нь түүний өөрийгөө хүмүүжүүлэхэд нь гэр бүлийн гишүүд мөн анхаарал тавибал илүү үр дүнтэй байх тул ялтанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан зан үйлээ засах сургалтанд хамрагдах, 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилсан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, мөн хуулийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож”, түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн шийдвэрлүүлэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т зааснаар шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 834 дугаартай шийтгэх тогтоолын 1, 2 дахь заалтад өөрчлөлт оруулж өгөхийг хүсье. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар ялыг хөнгөрүүлэхтэй холбоотой 4 ширхэг баримтыг хавсаргав.

2. Мөн хавтас хэрэгт авагдсан дараахь нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх хуулийн заалт зөрчигдөн хэргийг үндэслэлгүйгээр хүндрүүлж зүйлчилж шалгасан процессийн зөрчлүүдийг хянуулахыг хүсч байна.

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлд, 2018 оны 9 дүгээр сарын 29-ний /хх-4/ мөрдөгчийн тогтоолоор 2018 оны 10 дугаар сарын 2-ны өдөр 180200438 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн боловч мөрдөгчийн тогтоолоор 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдөр сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилж, жижүүрийн прокурорт 22 цаг 40 минутад мэдэгдэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангид 23 цаг 50 минутад хүргэсэн атлаа түүнд 2018 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн 180200438 дугаартай хэрэг нээсэн, шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, сэжигтэнээр байцаасан тэмдэглэлд 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдөр гэх боловч өдрийг зассан, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар /хх-22/, сэжигтэнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан тогтоол, тэмдэглэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-т зааснаар /хх-16-17/ хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл 2018 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн /хх-11/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл 2018 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2  дахь хэсэгт зааснаар /хх-14/ нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл 2018 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-т зааснаар тогтоол болгоныг 2018 оны 10 дугаар сарын 2-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн мөн өдрөөр огноолж ажиллагаа хийсэн нь нотлох баримтыг хууль ёсны дагуу бэхжүүлсэн нотлох баримт гэж үзэхээргүй байна.

Нийслэлийн прокурорын газрын прокурорын тогтоолоор 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 1802004380244 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байхад /хх-57-58/ яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан хэрэгт гэж /хх-59/ Мөрдөгчийн санал мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай өдрийн 2-ын тоог 8 болгон зассан, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр /хх-19/ Прокурорын 2018 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн тогтоолын 3 дахь заалт, сэжигтэн Э.Батцоожоос биологийн дээж шээс авч мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тест ашиглан шалгасан байна гэх /хх-20/ утга агуулгын хувьд алдаатай нотлох баримтуудыг шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгож хэргийг шийдвэрлэсэн, дээрх нотлох баримтуудын талаар хуульд нийцүүлэн дүгнэлт хийгээгүй тул процессийн зөрчлүүдтэй нотлох баримтуудыг нотлох баримтаас хасах уу, үнэлэх үү гэдгийг хянуулах, мөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлээр Ч.Б-оор Төв аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс түүсэн гэх каннабисийг түүлгэн авчирч шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 10882 дугаартай дүгнэлтээр дельта-9 тетрагидроканнабинол илэрч байгааг тогтоосонг шууд нотлох баримтаар үнэлэх үү, эсхүл хөргөгчнөөс гарсан шингэн ногоон зүйл нь шинжээчийн 10540 дугаартай дүгнэлтээр дельта-9 тетрагидроканнабинол агуулга илэрч байгааг харьцуулан шинжлэн судлах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Хэргийг шүүхэд шилжүүлэхдээ эд мөрийн баримтыг шүүхэд шилжүүлээгүй байхад тогтоолын 5 дахь заалтад шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан нь хууль зөрчигдөж байгааг анхаарч үзэхийг хүсч байна.

Иймд Ч.Б-од холбогдох хэргийг хянаж, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгөхийг хүсье. ...” гэжээ.

Шүүгдэгч Ч.Б-ын өмгөөлөгч Б.Э- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 834 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.Б-той хамтарч давж заалдах гомдол гаргасан. Ч.Б- нь шийтгэх тогтоолд өөрийн гэм буруугийн талаар маргаагүй, анхан шатны шүүхээс оногдуулсан 1 жилийн хорих ялыг хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү гэсэн агуулгаар давж заалдах гомдлыг бичсэн. Ч.Б- нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цөсний нээлттэй хагалгаа хийлгэсний улмаас эрүүл мэндийн хувьд зовиуртай бөгөөд гүйлгэдэг. Ч.Б- нь 5-19 насны гурван охины хамт амьдардаг. Түүний өндөр настай ээж 2009 онд тархины зүүн талын цус харвалтаас болж зүүн тал нь саажсан. Ар гэрийн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас өөрийнх нь үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанарыг ухамсарлаж, энэ төрлийн гэмт хэргийг дахин хийхгүй гэдгээ илэрхийлдэг. Гурван хүүхдийнхээ төлөө амьдрах идэвхи, чармайлттай байна гэж үзсэн. Шүүх сэтгэц эмгэг судлалын 905 дугаартай дүгнэлтээр Ч.Б- мансуурах төрлийн гэмт хэргийн шинж тэмдэг байдаггүй боловч түүний сэтгэл зүйг эмчлэх нь Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх бөгөөд хорихоос өөр төрлийн ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн. Анхан шатны шүүх дээр шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан ялыг хэрэглэх саналыг өмгөөлөгчийн зүгээс гаргадаг. Гэхдээ шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийг давхар хэрэглэх санал тавиагүй учраас анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ 1 жилийн хорих ял өгч шийдвэрлэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хавтас хэрэгт байгаа материалуудад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн эрхийн актууд байна гэж өмгөөлөгч гомдолдоо заасан. Шүүгдэгч Ч.Б- мансууруулах төрлийн бодисыг түүсэн, хадгалсан гэж хэргийг зүйлчилсэн бөгөөд уг зүйлчлэлд маргахгүй. 130 грамм өвсний талаар газар дээр нь шалгах ажиллагаагаар түүлгэж авчраад шинжилгээнд өгөхөд дельта-9 буюу тетрагидроканнабинол гэдэг бодис илэрсэн талаар шинжээчийн дүгнэлт байгаа. Энэхүү нотлох баримтыг яллах талын нотлох баримтаар үнэлдэг. Өмнө нь хөргөгчнөөс хурааж авсан аягатай шингэн зүйл хэдэн грамм байсан бэ гэдэг талаар тодорхой зүйл байдаггүй. Дельта-9 бодисыг магадлан шалгах үүднээс мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа явуулсан уу, харьцуулсан дүгнэлт хийхийн тулд ийм ажиллагаа явуулсан байхыг үгүйсгэхгүй. Өвсийг түүж ирээд 130 грамм өвс байна гэж дүгнэснийг шүүх анхаарна уу гэсэн саналтай байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасны дагуу хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5, 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар хэргийг шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

 Прокурор Ч.Отгонсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...  Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Б-од холбогдох хэргийг хянан хэлэлцэж, шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жилийн хорих ялаар шийтгэсэн. Давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр эсэргүүцэж байна. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан. Ч.Б-ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар нь их бөгөөд үүнтэй хэн ч маргахгүй байгаа. Шүүгдэгч Ч.Б-ын өмгөөлөгч Б.Э-гийн зүгээс түүнийг анх удаа ийм төрлийн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд тохиолдлын шинжтэй гэж үзсэн нь үндэслэлгүй. Учир нь, 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Ч.Б- уг өвсийг түүж бэлтгэж, улмаар гэртээ авчирч өвсний үйлчилгээг сайжруулахын тулд тос хэмээх зүйлийг гаргаж хэрэглэж байгаа. Энэ үйлдлээс харахад Ч.Б-ыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нь хэт өрөөсгөл юм. Ч.Б-ын шээсэнд шинжилгээ хийхэд тетрагидроканнабинолоос гадна метамфетамин, амфетамин бодисууд илэрсэн. Шүүгдэгч Ч.Б- шүүх хуралдааны явцад энэ талаар мэдүүлэхдээ “би үүнийг хэрэглэхээс өмнө мөс гэдэг бодисыг хэрэглэж байсан” гэж мэдүүлсэн байдаг. Энэ нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ч.Б-од 1 жил 8 сарын хугацаагаар  хорих ял оногдуулах саналыг гаргасан боловч шүүхээс хамгийн бага хэмжээгээр буюу 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан тул давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 834 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Хавтас хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч Ч.Б- нь 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалт дахь Дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “каннабис өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар уг бодисыг 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдөр хүртэлх хугацаанд Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, 64 дүгээр гудамжны 14 тоотод байх гэртээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Шүүгдэгч Ч.Б-ын оршин суух гэрт нь нэгжлэг хийхэд түүний сайн дураар гарган өгсөн шаргал өнгийн шингэн зүйлтэй аягийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 8-10/,

Мөн Ч.Б-ын биед үзлэг хийж, биологи /шээс/-ийн дээж авсан тэмдэглэл /хх 11-13/,

Уг биологийн дээжинд шинжилгээ хийж, Дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн тухай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 10540 дугаартай дүгнэлт /хх42-43/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ч.Б-ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгийн дагуу тухайн мансууруулах үйлчилгээтэй ургамлыг хэрхэн яаж, хаанаас түүж бэлтгэсэн тухай бэхжүүлсэн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 36-40/ зэрэг анхан шатны шүүхийн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн “Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг” гэх Хорьдугаар бүлэгт хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан ба шүүгдэгч Ч.Б-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ч.Б-ыг мансууруулах бодисыг худалдаалах зорилгогүйгээр түүж бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Б-ын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохируулан, түүнийг 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгч Ч.Б-, түүний өмгөөлөгч Б.Э- нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд “Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэж өгөх, зарим нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлээгүй тул нотлох баримтаар үнэлэхгүй байх” тухай агуулга бүхий гомдол гаргасныг давж заалдах шатны шүүх хүлээн авах боломжгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 834 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Б-, түүний өмгөөлөгч Б.Э- нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                                   

ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР          

 

                                    ШҮҮГЧ                                                                        Ц.ОЧ

 

ШҮҮГЧ                                                                        Б.ЗОРИГ