Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашравдангийн Халиуна |
Хэргийн индекс | 128/2019/0151/З |
Дугаар | 790 |
Огноо | 2019-11-12 |
Маргааны төрөл | Татвар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 790
2019 оны 11 сарын 12 өдөр Дугаар 128/ШШ2019/0790 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: “М” ХХК /РД:*******/,
Хариуцагч: Татварын ерөнхий газрын Улсын төсөв, орлого хяналтын газрын татварын улсын байцаагч М.А, П.О,
Гомдлын шаардлага: “Татварын ерөнхий газрын Улсын төсөв, орлого хяналтын газрын татварын улсын байцаагчийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудасны зөрчлийн 2, 3, 5, 7, 8, 9.1, 9.2, 9.3 дахь хэсгийг хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, С.Ц, Н.М, Л.Х, хариуцагч М.А, П.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, Ц.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ц нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гомдол гаргагч “М” ХХК гомдлын шаардлагадаа: “...Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагч М.А, П.О нар нь “М” ХХК-ийн 2012-2016 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалтыг хийж, татварын улсын байцаагчийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн ******* тоот шийтгэлийн хуудсаар 16,553,137,564.90 төгрөгийн зөрчилд нийт 2,201,606,069.20 төгрөгийн төлбөрийг ногдуулсан болно. Дээрх зөрчлийг эс зөвшөөрч Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр гомдол гаргаснаар Татварын маргаан таслах зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 41 тоот тогтоолын дагуу 16,553,137,564.90 төгрөгийн зөрчилд нийт 2,201,606,069.20 төгрөгийн төлбөрөөс бууруулж 6,447,995,717.87 төгрөгийг зөрчилд ногдох 624,004,277.77 төгрөгийн нөхөн татвар, 28,792,357.27 төгрөгийн торгууль, 15,562,048.05 төгрөгийн алданги, нийт 668,358,683.09 төгрөгийн төлбөр ногдуулсан болно.
Дээрх шийтгэлийн хуудасны зөрчлийн 1-д заасан зөрчил буюу 395,232,504.80 төгрөгийн зөрчилд ногдох 98,808,126.20 төгрөгийн төлбөр, 10-т заасан 454,898,251.46 төгрөгийн зөрчилд ногдох 27,570,229.70 төгрөгийн төлбөрийг хүлээн зөвшөөрч байгаа болно. Харин үлдэх зөрчлийн 541,980,327.19 төгрөгийн төлбөрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь манай компани Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу тайлангаа хөтөлж, Татварын хууль тогтоомжийн дагуу үнэн зөвөөр тайлан тооцоогоо гарган өгдөг. Татварын улсын байцаагч нар нь татварын бүртгэл анхан шатны баримт зэргийг дутуу шалган тооцож хууль зүйн үндэслэлгүй ******* дугаартай шийтгэлийн хуудас гаргасан.
Иймд Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагч М.А, П.О нарын 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн ******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гомдлын шаардлагаа тодруулахдаа: “.. Шийтгэлийн хуудасны зөрчлийн 1, 4, 6, 9.4, 10 дахь хэсгийг манай компани хүлээн зөвшөөрч байгаа. Шийтгэлийн хуудасны зөрчлийн 2, 3, 5, 7, 8, 9.1, 9.2, 9.3 дахь хэсгийг хүчингүй болгуулахаар шаардлагаа тодруулж байна.
Зөрчил 2-т заасан 2,990,271,481.23 төгрөгийн газрын элэгдлийн зардлыг татвар ногдох орлогоос хасч тооцон татвар ногдох орлогыг бууруулсан зөрчлийн хувьд:
Манай компанийн нэр дээр байгаа шатахуун түгээх станцуудын газрыг тухайн орон нутгийн Газрын албанаас зарласан дуудлага худалдаанд оролцож, шалгарсны дараа Газрын албатай “Газар эзэмших, ашиглах гэрээ” байгуулан түр хугацаагаар төрийн өмчийн газрыг ашиглан үндсэн үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр газрууд нь нийтдээ 33 удаагийн дуудлага худалдааны үнэ, газрын төлбөр, бусад хураамж зэргийг хуримтлуулан газар эзэмших эрхтэй холбоотой зардлуудыг бүртгэсэн.
Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3-т татвар төлөгч нь “Анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах” үүрэгтэй байна. Тиймээс бид Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт 38-д заасныг удирдлага болгон биет бус хөрөнгийн бүртгэлийг тодорхойлдог. Биет бус хөрөнгө нь биет бус шинж чанартай, тодорхойлж болохуйц (гэрээ болон бусад хуулийн эрхээс үүсэлтэй) мөнгөн бус хөрөнгө байна. Тодорхой нөхцлийг хангасан биет бус хөрөнгийн анхны бүртгэл нь өртгийн аргаар байх ба явцын дунд өртөг болон дахин үнэлгээний аргаар бүртгэгдэж болно. Биет бус хөрөнгийн хугацаа нь тодорхой бус байгаа тохиолдолд хорогдол тооцохгүй ба бусад тохиолдолд өгөгдсөн хугацаа (гэрээ, гэрчилгээний хугацаа) жигд тааруулж тооцно [38.12, 38.1, 38.8]. Нэгэнт хуулиар даалгасан үүргийнхээ хүрээнд бүртгэл хөтлөлт, тайлан тэнцлээ гаргасан байх тул эдгээр ШТС-уудын газар эзэмшлийн гэрээгээр ашиглаж байгаа төрийн өмчийн газар учраас бидэнд ямар нэг байдлаар өмчлөх эрх үүсээгүй учраас түүнийг өөрийн өмчлөлд байгаа мэтээр бүртгэх үндэслэлгүй бөгөөд дээр дурдсан НББОУС-ын дагуу энэхүү газруудыг биет байдлаар нь бус харин гэрээний үндсэн дээр бий болсон гэрчилгээг даган өртгөөр биет бус хөрөнгө гэж үзэх ёстой юм.
Зөрчлийн 3-т заасан 33,086,250.91 төгрөгийн баримтаар нотлогдоогүй засварын зардлыг татвар ногдох орлогоос хасч тооцсон зөрчлийн хувьд:
Манай компани нягтлан бодох бүртгэлээ анхан шатны баримт болон холбогдох баримт материал дээр тулгуурлан хөтөлдөг бөгөөд ямар нэгэн баримтгүй ямар ч гүйлгээг зардалд оруулан бүртгэж, татвар ногдох орлогыг бууруулсан үйлдэл байхгүй. Гэтэл татварын улсын байцаагчдын зүгээс анхан шатны баримт байгаа эсэхийг шалгалгүйгээр шууд баримт байхгүй мэтээр, хэзээний ямар гүйлгээ гэдгийг нь бидэнд танилцуулж мэдэгдэлгүйгээр зөрчил болгосон нь буруу гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасан. Гэтэл байцаагчдын зүгээс бидэнд ийм гүйлгээн дээр зөрчил гаргасан гэдгийг мэдэгдээгүй, улмаар тайлбар санал гаргах боломжийг олгоогүй. Зөрчлийн тэмдэглэл үйлдэхдээ процессын алдаа гаргасан мөн түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар бодит нөхцөл байдлыг тодруулах, нотлох баримтыг цуглуулах үүргээ биелуулээгүй болно. Иймээс дээрх зөрчил нь хууль бус байх тул 8.3 сая төгрөгийн нөхөн татвар, 4.1 сая төгрөгийн алданги, торгуулийг хүчингүй болгож өгнө үү.
Зөрчлийн 5-д заасан 83,462,587.00 төгрөгийн эд хөрөнгийн даатгалын зардлыг татвар ногдох орлогоос хасч тооцсон тухай зөрчлийн хувьд:
Сайн дурын даатгалын хураамжийг татвар ногдох орлогоос хасч тооцсон нь буруу байсан гэдгийг бидний зүгээс хүлээн зөвшөөрөх бөгөөд гагцхүү 2015 онд манай компанийн татварын албанд тушаасан тайлангаар 448 сая төгрөгийн алдагдалтай байсан юм. Иймээс тухайн даатгалын зардлыг татвар ногдох орлогоос хасч тооцох нь үндэслэлгүй гэж үзсэн бол тайлангаар дээрх алдагдлыг бууруулан хасч тооцох нь зүйтэй гэж үзэж байна Иймээс 8.3 сая төгрөгийн нөхөн татвар, 4.2 сая төгрөгийн алданги, торгуулийг хасч өгнө үү.
Зөрчлийн 7-д заасан 2,336,329,062.00 төгрөгийн оршин суугч бус этгээдэд олгосон төлбөрт нэмэгдсэн өртгийн албан татварыг ногдуулан төсөвт төлөөгүй зөрчлийн хувьд:
Бид Ө аймгийн Г суманд газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулах бариулах ажлыг Хятад Улсын иргэн Х-тэй гэрээ байгуулан барилгын ажлыг гүйцэтгүүлсэн. Гэрээний дагуу Х нь туслан гүйцэтгэгч компани болох Ж ХХК-тай гэрээ байгуулсан. Тухайн иргэн нь гэрээний дагуу барилгын ажлыг цаг хугацаандаа гүйцэтгэсэн бөгөөд харин манай зүгээс үүргийнхээ дагуу төлбөрийг тухайн иргэний Худалдаа хөгжлийн банкны дансанд шилжүүлсэн. Тухайн БНХАУ-ын иргэн нь 2013 онд Монгол улсын нутаг дэвсгэрт 183 хоногоос дээш амьдарсан байдаг. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Дараах хувь хүнийг Монгол улсад байнга оршин суугч албан татвар төлөгч гэж үзнэ, 6.1.1 Монгол улсад оршин суух байртай; 6.1.2 тухайн татварын жилд 183 ба түүнээс дээш хоног Монгол улсад амьдарсан” гэж заасан тул БНХАУ-ын иргэн Х нь Монгол Улсад байнга оршин суугч болно.
2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-т “Монгол Улсын иргэн, хуулийн этгээд нь оршин суугч бус буюу Монгол Улсад байрладаггүй этгээдээс энэ хуулийн 7.3.5, 7.4 9-д заасан бараа, ажил үйлчилгээг худалдан авахдаа нэмэгдсэн өртгийн албан татварыг уг бараа, ажил үйлчилгээний үнэ дээр нэмж авч төсөвт төлөх” гэж заасан байдаг. Энэхүү зүйлд анхаарлаа хандуулбал тухайн үйлчилгээг үзүүлэгч нь Монгол Улсын оршин суугч бус этгээд байхаар заасан байдаг. Гэтэл манай тохиолдолд гэрээний тал болох Хятад Улсын иргэн Х нь Монгол Улсын байнга оршин суугч татвар төлөгч байна. Иймээс энэхүү хуульд зааснаар 233.6 сая төгрөгийн нөхөн татвар, 116.8 сая төгрөгийн алданги, торгуулийг төлөх үндэслэлгүй байна.
Зөрчлийн 8-д заасан 2015 онд импортын барааны 109,695,959.09 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын хасалтыг илүү хийсэн зөрчлийн хувьд:
Хяналт шалгалтын хугацаа болох 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд Гаалийн ерөнхий газрын мэдээллийн санд 3962 ширхэг гаалийн мэдүүлгээр 113.521.5 сая төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар байх бөгөөд харин энэ хугацаанд манай компанийн татварын албанд тушаасан нийт 48 сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангуудад импортын худалдан авалтаар 113 000.8 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын хасалтыг хийж тайлагнасан. Үүнээс харахад манай компани худалдан авалтын нэмэгдсэн өртгийн албан татварыг харин ч дутуу хассан байхад эсрэгээрээ илүү хассан байна гэсэн дүгнэлтийг хийж байгааг бидний зүгээс үндэслэлгүй, хууль зөрчсөн үйлдэл гэж ойлгож байгаа тул 109.7 сая төгрөгийн нөхөн татварыг зөвшөөрөхгүй болно.
Энэ 109 сая төгрөг 97 сая болсон гэж ойлгосон. Тухайн 11 мэдүүлгийг “М” ХХК-ийнх мөн гэсэн тайлбарыг өмнөх шүүх хурал дээр тайлбарласан. Мөн татварын улсын байцаагч нар энэ 11 гаалийн мэдүүлгийг “М” ХХК-ийнх гэдгийг маргахгүй гэдгээ хэлсэн. “М” ХХК өөрийн оруулж ирсэн бараа бүтээгдэхүүний мэдүүлгийг анхан шатны баримтад тулгуурлаж тайлан тооцоогоо гаргах ёстой гэдгийг мэдэж байгаа. Тухайн 11 гаалийн мэдүүлгийг оруулаад тооцвол манайх 97 сая төгрөгийн үлдэгдэлтэй биш 590 сая төгрөгийн илүү авлагатай байх байсан гэж үзэж байгаа. 11 мэдүүлгийг “М” ХХК-с хасаж тооцсон нь үндэслэлгүй гэж үзэж байгаа.
Зөрчлийн 9-д заасан үндсэн хөрөнгө, хувийн хэрэгцээнд болон суудлын автомашин худалдан авахад зориулж худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татварыг хасч тооцсон тухай зөрчлийн хувьд:
а. 9.1-д заасан Газрын тосны хайгуулын үйл ажиллагаанд зориулан худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын тухайд: Татварын улсын байцаагчдын үйлдсэн тэмдэглэлийн тогтоох хэсгийн 9 дүгээр зүйлийн дэд хэсгээс харахад “...14.6.5. хайгуулын ажил болон ашиглалтын өмнөх үйл ажиллагаанд зориулж импортоор оруулсан болон худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ гэж заасныг зөрчин” гэж бичсэн байна. Гэтэл энэхүү заалт нь 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болсон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн зүйл заалт байна. Үүнээс өмнөх буюу 2006 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд ийм заалт байхгүй. Мөн тэмдэглэлийн тогтоох хэсгийн 9 дүгээр хэсгийн 9.1 дэх дэд хэсэгт “...2012 оны 1 934.5 сая төгрөг, 2013 оны 212.9 сая төгрөг, 2014 оны 2 976.4 сая нийтдээ 5 123.9 сая төгрөгийн худалдан авалтад төлсөн ...” гэж тодорхой бичжээ. Тухайн үйлдэл хийж байх үед мөрдөгдөж байсан хууль (НӨАТ-ын тухай хууль 2006)-д байхгүй байсан, улмаар шинэ хууль хүчин төгөлдөр болохыг НӨАТ-ын тухай хууль (2015)-ийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Энэ хуулийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөнө” гэж маш тодорхой заасан байхад хууль хэрэглээний алдаа гарган шинэ хуулийг буцаан хэрэглэж байгаа нь алдаа гэж үзэж байна. Татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Татварыг зөвхөн Улсын Их Хурал хуулиар бий болгох, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох эрхтэй” гэж заасан байдаг. Бүгд 2016 оноос өмнөх хугацааны худалдан авалт байх тул нэмэгдсэн өртгийн албан татварыг хасахгүй байх хууль зүйн үндэслэл байхгүй. Иймээс 512.4 сая төгрөгийн нөхөн татварыг зөвшөөрөхгүй болно.
б. 9.2-т заасан суудлын автомашин худалдан авахад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын тухайд: Байцаагчдын үйлдсэн тэмдэглэлийн тогтоосон хэсгийн 9 дэх хэсгийг харахад “...14.6. Дараах бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулах, худалдаж авахад төлсөн албан татварыг албан татвар суутган төлөгчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй; 14.6.1. суудлын автомашин, түүний эд анги, сэлбэг, ...” гэж бичсэн байдаг. Үүнийг анхааран үзвэл дээрхтэй адил шинэ буюу 2015 оны НӨАТ-ын хуулийг зааж, зөрчил болгосон байна. Гэтэл тухайн тэмдэглэлийн 9.2 дахь дэд хэсэгт “...2012 онд 237.1 сая төгрөг, 2014 онд 232.3 сая төгрөг, 2015 онд 639.9 ая төгрөг, 2016 онд 92.8 сая төгрөг нийтдээ 1 201.9 сая төгрөгийн худалдан авалтад төлсөн ...” гэж тодорхой бичжээ. 2016 оноос өмнөх хугацааны худалдан авалтын нэмэгдсэн өртгийн албан татварыг хасахгүй байх хууль зүйн үндэслэл байхгүй юм.
в. 9.3-т хувийн болон ажиллагсдын хэрэгцээнд зориулан худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын тухайд: 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс өмнөх зөрчилд хамаарах хариуцлага алданги, торгуулийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу өршөөгдөх ёстой гэж үзэж байгаа тул өршөөлд хамруулах хууль зүйн үндэслэлтэй.
Мөн татварын улсын байцаагч нар нь шийтгэлийн хуудас үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байдаг. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийг барьж шийдвэрлэсэн байдаг. Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.4.3.4 ,1.5 дугаар зүйлийн 1.5.8 мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 6.2.2.3 дахь заалтыг барьсан байдаг. Хэргийг ингэж хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь хуульд нийцэхгүй гэж үзэж байгаа. Мөн хуулийн эрх үүргийг тайлбарлаж нотлох баримтыг бүрдүүлээгүй, шууд шийтгэлийн хуудсаар хялбаршуулсан журмаар зөрчлийг зөвшөөрсөн мэтээр тайлбарлаж шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй гэж бодож байна. Хэрэв зөрчил нь шууд тогтоогдсон байсан бол 3 хоногийн дотор шийтгэлийн хуудсыг бичиж шийтгэлийн хуудсыг гаргах ёстой. Гэтэл шалгалтын ажил хэдэн сарын турш үргэлжилсэн ба одоо тогтоогдсон мэтээр тайлбарлаж байгааг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Зөрчилтэй холбогдуулж ямар нэгэн тайлбар, нотлох баримт гаргаж өгөх боломжийг хязгаарласан. Манай талын эрх үүргийг ноцтой зөрчсөн.” гэв.
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц шүүх хуралдаанд нэмж тайлбарлахдаа: “Зөрчлийн 2 дахь хэсэгт заасан газрыг Газрын тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд зааснаар эргэлтийн болон эргэлтийн бус хөрөнгө гэж 2 хуваадаг. Эргэлтийн бус хэсэгт манай газрын эрх бүртгэлтэй байгаа. Аж ахуйн нэгжийн орлогын тухай хуульд 12 дугаар зүйлд элэгдэл хорогдол байх ёстой гэж заасан хэрнээ 13.9 хязгаарлалттай байх ёстой гэж заасан байдаг. Аж ахуйн нэгжид газрыг өмчлөх, ашиглах, эзэмших эрхийн талаар тодорхой зааж өгөөгүй байдаг. Хэрвээ газрыг олж эзэмших тохиолдолдоо холбогдон гарах зардал тайлан хугацаандаа ногдох ёстой гэдгээр шууд зардалдаа хийх нь зөв байсан байна гэж одоо үзэж байна. Шууд зардалд орох ёстой зүйлийг ашиглалтын жилд нь 5-15 жилийн хугацаанд хорогдуулсан үйл ажиллагаа явуулсан байгаа юм. Хэрэв манайх тухайн эрхийг олж эзэмших үедээ хассан байсан бол одоо энэ асуудлаар маргаан үүсэхгүй байсан юм. Тийм учраас хуулийн энэ заалтыг нэг тийшээ болгоод өгвөл бидний бизнесийн үйл ажиллагаанд нилээн нэмэртэй гэж үзэж байна. Бид олон улсын стандарт 38-аа мөрдсөн байгаа. Гэхдээ шууд татвар ногдох орлогоосоо хасалгүй, ашиглалтын жилд нь хорогдуулаад яваад байгаа. Улсыг ямар нэгэн байдлаар хохироогүй. Тайлант үеийнхээ жилд тэр дүнгээр нь хийчих байснаа тараан байршуулсан зүйл байгаа.
Газрын элэгдэл нийтдээ 221 сая төгрөг. 448 сая төгрөгөөс 221 сая төгрөгийг хасахаар алдагдалтай байгаа учраас үүнийг алдагдалтай гэж үзээд байгаа. Алдагдалтай ажилласан байхад тэр алдагдлыг дээр бичсэн, доор бичсэн чанарын ялгаа байхгүй 448 сая төгрөг гардагаараа гарна. Харин ч та энэ алдагдлыг түрүүлж хасах ёстой байсан. Тэр алдагдлыг 15 хувиар бууруулаад элэгдлээрээ газрын элэгдлийг оруулж болох байсан..” гэв.
Хариуцагч нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Улсын төсвийн орлого хяналтын газартай харьцдаг “М” ХХК-ийн 2012-2016 оны ногдуулалт төлөлтийн байдалд Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагч М.А, П.О нар хяналт шалгалт хийж татварын улсын байцаагчийн 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн ******* тоот шийтгэлийн хуудсаар 16,553,137,564.90 төгрөгийн зөрчилд 2,201,606,069.20 төгрөгийн төлбөр ногдуулсныг тус компани эс зөвшөөрөн Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр гомдол гаргасныг уг зөвлөл хэлэлцээд 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 41 тоот тогтоолын дагуу дээрх зөрчил, төлбөрийг бууруулж 6,447,995,717.87 төгрөгийн зөрчилд ногдох 624,004,277.77 төгрөгийн нөхөн татвар, 28.792,357.27 төгрөгийн торгууль, 15,562,048.05 төгрөгийн алданги, нийт 668,358,683.09 төгрөгийн төлбөр болгон өөрчилсөн болно.
“М” ХХК дээрх зөрчлийн хуудасны нэгт заасан зөрчил буюу 395,232,504.80 төгрөгийн зөрчилд ногдох 98,808,126.20 төгрөгийн төлбөр, аравт заасан 454,898,251.46 төгрөгийн зөрчилд ногдох 27,570,229.70 төгрөгийн төлбөрийг хүлээн зөвшөөрч, үлдэх 541,980,327.19 төгрөгийн төлбөрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэсэнд дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:
А. Татварын ерөнхий газрын Татварын маргаан таслах зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 41 тоот тогтоолын “үндэслэх” хэсгийн зөрчил нэг бүрээр авч үзвэл:
1. Хоёр. ... Иймд татварын улсын байцаагчийн шийтгэлийн хуудсаар 2,990,271,481.23 төгрөгийн зөрчилд ногдуулсан 256,801,045.80 төгрөгийн нөхөн татвар, 77,040,313.70 төгрөгийн торгууль, 51,360,209.20 төгрөгийн алданги, нийт 385,201,568.70 төгрөгийн төлбөрөөс 2012 оны 482,041,554.92 төгрөгийн зөрчилд ногдуулсан ... нийт 68,297,003.30 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож, 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс өмнөх 1,961,093,954.24 төгрөгийн зөрчилд ногдох 57,530,325.82 төгрөгийн торгууль, 38,354,217.21 төгрөгийн алданги, нийт 95,884,543.03 төгрөгийн төлбөрийг чөлөөлж, 2,508,229,926.31 төгрөгийн зөрчилд ногдох 211,269,710.30 төгрөгийн нөхөн татвар, 5,850,587.18 төгрөгийн торгууль, 3,899,724.89 төгрөгийн алданги, нийт 221,020,022.50 төгрөгийн төлбөрийг төлүүлэх нь үндэслэлтэй байна.
Тус компанийн 2013-2016 онуудын нягтлан бодох бүртгэлийн “үндсэн хөрөнгө” бүлгийн биет хөрөнгөнд “газар” нэрээр 2001-00-000 дансанд бүртгэж, элэгдлийн зардлаар хорогдуулан нийт 2,508,229,926.31 төгрөгийн газрын элэгдлийн зардлыг татвар ногдох орлогоос хасч тооцон татвар ногдуулах орлогыг бууруулсан нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйл “Албан татвар ногдох орлогоос хасагдах зардал”-ийн 12.1-д “Дараах зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцсоны үндсэн дээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно: 12.1.5.үндсэн хөрөнгийн элэгдэл, хорогдлын шимтгэл;”, 13 дугаар зүйл “Элэгдэл хорогдлын шимтгэл тооцох”-ийн 13.9-д “Газар, бараа, байгалийн нөөцөд элэгдэл, хорогдлын шимтгэл тооцохгүй” гэж заасныг зөрчсөн тул шийтгэлийн хуудсаар төлбөр ногдуулах үндэслэлтэй байна.
2. Гурав. Баримтаар нотлогдоогүй засварын зардлыг татвар ногдох орлогоос хасч тооцсон зөрчлийн хувьд: ... Иймд, Татварын улсын байцаагчийн шийтгэлийн хуудсаар 2014 онд баримтаар нотлогдоогүй засварын зардлыг татвар ногдох орлогоос хасч тооцон, татвар ногдуулах орлогыг бууруулсан 33,086,250.91 төгрөгийн зөрчилд ногдуулсан 8,271,562.70 төгрөгийн нөхөн татвар, 2,481,468.80 төгрөгийн торгууль, 1,654,312.60 төгрөгийн алданги, нийт 12,407,344.10 төгрөгийн төлбөрөөс 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс өмнөх 33,086,250.91 төгрөгийн зөрчилд ногдох 2,481,468.80 төгрөгийн торгууль, 1,654,312.60 төгрөгийн алданги, нийт 4,135,781.40 төгрөгийн төлбөрийг чөлөөлж, 33,086,250.91 төгрөгийн зөрчилд ногдуулсан 8,271,562.70 төгрөгийн нөхөн татварыг төлүүлэхээр байна.
Тус компани 2014 онд өөрийн үндсэн үйл ажиллагаанд огт хамааралгүй 33,086,250.91 төгрөгийн засварын зардлыг татвар ногдох орлогоос хасч тооцсон нь НББ-ийн касс, харилцахын /Голомт банк-1, ХААН их тойруу банк/ дэлгэрэнгүй журналаас харагдаж байна. Засварын зардлыг задалж үзэхэд:
а. 2014 оны 1-р сард тус компанид бүртгэлгүй, хамааралгүй М хорооллын *** тоот орон сууцанд Э ХХК-иар хийлгэсэн гипсэн тааз, гэрлийн засварын төлбөрт 7,267,140.00 төгрөгийг бэлнээр олгон засвар үйлчилгээний зардлын /7003-00-000-***-*** дансанд тусгасан байна. /нэхэмжлэлийн хуулбарыг хавсаргав/
б. 2014 оны 6, 7-р сард “М” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээгээр тус компанид бүртгэлгүй, хамааралгүй З-д шилэн фасадын ажил хийлгэсний төлбөрт 23,068,110.91 төгрөгийг харилцахаар шилжүүлэн засвар үйлчилгээний зардлаар тооцсон.
в. 2014 оны 12-р сард МТ ХХК-ийн байрны засварт бэлнээр 2,751,000.00 төгрөгийг олгон засвар үйлчилгээний зардлаар тооцож татвар ногдуулах орлогыг бууруулсан байна. Иймд тус компани өөрийн үндсэн үйл ажиллагаанд хамааралгүй баримтаар нотлогдохгүй засварын зардлаар татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчил нь Монгол Улсын Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйл «Албан татвар ногдох орлогоос хасагдах зардал»-ийн 12.1-д «Дараахь зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцсоны үндсэн дээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно: 12.1.1-д «түүхий эд, үндсэн болон туслах материал.., » мөн хуулийн 15 дугаар зүйл «Хасагдах зардалд тавигдах хязгаарлалт»-ийн 15.1 -д «Дараахь тохиолдолд зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцохгүй: 15.1.2. албан татвар төлөгчийн баримтаар нотлогдоогүй зардал;» гэж заасныг зөрчсөн тул шийтгэлийн хуудсаар төлбөр ногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна.
3. Тав. Эд хөрөнгийн даатгалын зардлыг татвар ногдох орлогоос хасч тооцсон зөрчлийг хянахад: ... Иймд, Татварын улсын байцаагчийн шийтгэлийн хуудсаар 2015 онд сайн дурын даатгалын зардлын хэтрэлтийг татвар ногдох орлогоос хасч тооцон, татвар ногдуулах орлогыг бууруулсан 83,462,587.0 төгрөгийн зөрчилд ногдуулсан 8,346,258.70 төгрөгийн нөхөн татвар, 2.503.877.60 төгрөгийн торгууль, 1,669,251.70 төгрөгийн алданги, нийт 12,519,388.0 төгрөгийн төлбөрөөс 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс өмнөх 83,462,587.0 төгрөгийн зөрчилд ногдох 2.503.877.60 төгрөгийн торгууль, 1,669,251.70 төгрөгийн алданги, нийт 4,173,129.30 төгрөгийн төлбөрийг чөлөөлж, 83,462,587.0 төгрөгийн зөрчилд ногдуулсан 8,346,258.70 төгрөгийн нөхөн татварыг төлүүлэхээр байна.
Татвар төлөгч 83,462,5870.00 төгрөгийн зөрчлийг /сайн дурын даатгалын зардлын хэтрэлт/-ийг хүлээн зөвшөөрч байна гэж ойлгож байна. Тийм ч учраас 2016 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар мөн адил алдагдалтай тайлагнасан боловч 54,783,510.45 төгрөгийн сайн дурын даатгалын зардлын хэтрэлтийг залруулан алдагдлыг бууруулж байсан байна.
2015 онд тус компани аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар 448.049,595.47 төгрөгийн алдагдалтай тайлагнасан боловч татварын улсын байцаагчийн ******* тоот шийтгэлийн хуудсын 2-т заасан 2015 оны 1,103,110,853.83 төгрөгийн газрын элэгдлийн зардлаар татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчлийн дүнгээс дээрх алдагдлыг бууруулж, үлдэх 655,061,258.36 төгрөгийн зөрчилд хариуцлага ногдуулсан нь шийтгэлийн хуудасны хавсралт болох татварын хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, түүнд ногдуулсан төлбөрийн тооцоогоор нотлогдож байна. Иймээс Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.13-д албан журмын болон сайн дурын даатгалын хураамжийг албан татвар ногдох орлогоос хасч тооцсоны үндсэн дээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлох, 12.3-т энэ хуулийн 12.1.13-т заасан албан татвар ногдох орлогоос хасч тооцох сайн дурын даатгалын хураамжийн нийлбэр дүн нь тухайн аж ахуйн нэгжийн албан татвар ногдуулах орлогын 15 хувиас хэтрэхээргүй байна гэж зохицуулсан тул энэхүү зөрчилд шийтгэлийн хуудсаар төлбөр ногдуулах хууль зүйн үндэслэлтэй болно.
4. Долоо. Оршин суугч бус этгээдэд олгосон төлбөрт нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулан төсөвт төлөөгүй тухай зөрчлийг хянахад: ... Иймд, Татварын улсын байцаагчийн шийтгэлийн хуудсаар 2012-2013 онд оршин суугч бус этгээдээр гүйцэтгүүлсэн ажлын төлбөр шилжүүлсэн орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй 2,336,329,092.0 төгрөгийн зөрчилд 233,632,909.20 төгрөгийн нөхөн татвар, 70,089,872.80 төгрөгийн торгууль, 46,726,581.80 төгрөгийн алданги, нийт 350,449,363.80 төгрөгийн төлбөрөөс 2012 оны 1.831.616.912.0 төгрөгийн зөрчилд ногдуулсан ... нийт 274,742,536.80 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож, ... 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс өмнөх 432,386,750.00 төгрөгийн зөрчилд ногдох 12,971,602.50 төгрөгийн торгууль, 8,647,735.00 төгрөгийн алданги, нийт 21,619,337.50 төгрөгийн төлбөрийг чөлөөлж, 432,386,750.00 төгрөгийн зөрчилд ногдох 43.238.675.0 төгрөгийн нөхөн татварыг төлүүлэх үндэслэлтэй байна.
Татвар төлөгчийг төлөөлөн захирал Б.Ш 2012 оны 8 дугаар сарын 31 -нд БНХАУ-ын Ч хот, P гудамж, **** тоот бүртгэлтэй “J” компанийн захирал Х нар Ө аймгийн Г суманд газрын тосны бүтээгдэхүүний агуулахын барилгын ажлыг 2012.08.31-нээс 2012.11.10-ны дотор хуанлийн 70 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэх 1,650,000.00 ам.долларын 224/12 тоот гэрээ байгуулсан ажилласан. Гэрээт ажлын гүйцэтгэлээр 2012 оны 9 дүгээр сарын 04-нөөс 11 дүгээр сарын 13-ны хооронд Голомт банк-1, ХХБ-ны валютын харилцах данснаас 6 удаагийн гүйлгээгээр 1,320,000.00 ам.доллар буюу 1,831,616,912.00 төгрөгийг БНХАУ-ын иргэн Х-ны хувийн харилцах дансанд шилжүүлсэн байдаг. 2013 онд гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 504,712,180 төгрөгийг шилжүүлсэн.
Иймд БНХАУ-ын хуулийн этгээд болох Ж компани нь гэрээнд заасан хугацаандаа тухайн ажлыг хийж гүйцэтгэсэн тул 2006.06.29-ний өдрийн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-д “Монгол улсын иргэн, хуулийн этгээд нь оршин суугч бус буюу Монгол Улсад байрладаггүй этгээдээс энэ хуулийн 7.3.5, 7.4.9-д заасан бараа, ажил, үйлчилгээг худалдан авахдаа нэмэгдсэн өртгийн албан татварыг уг бараа ажил, үйлчилгээний үнэ дээр нэмж авч төсөвт төлөх;” гэж заалтыг хангаж байгаа нь татварын улсын байцаагчийн шийтгэлийн хуудсаар төлбөр ногдуулах үндэслэлтэй байна.
5. Найм. Импортын худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг илүү хасаж, төсөвт төлөх албан татварыг бууруулсан зөрчлийг хянахад: ... “М” ХХК нь 2015 оны гаалийн мэдүүлгээрх нэмэгдсэн өртгийн албан татвар, татвар төлөгчийн татварын тайлангаар импортын худалдан авалтыг тайлагнасан нь сарын дүнгээр таарахгүй байгаа нь хөндлөнгийн мэдээлэл дэх гаалийн мэдээ нэмэгдсэн өртгийн албан татварын сар бүрийн тайлангаар тус тус нотлогдож байх тул гомдол гаргагчийн бид импортын худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг дутуу хассан гэх гомдол үндэслэлгүй байна.
Иймд, 2015 онд “М” ХХК нь импортын худалдан авалтыг гаалийн мэдүүлгээрх худалдан авалтаас илүү тайлагнасан байх тул татварын улсын байцаагчийн шийтгэлийн хуудсаар импортын барааны худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг илүү тооцсон 1,096,959,590.89 төгрөгийн зөрчилд ногдуулсан 109,695,959.10 төгрөгийн нөхөн татварыг төлүүлэх хуулийн үндэслэлтэй байна.
2015 онд импортын барааны 109,695,959.09 төгрөгийн НӨАТ-ын хасалтыг илүү хийсэн тухай зөрчлийн хувьд: Тус компани нь 2012-2016 оны дуустал хугацаанд нийт 139,633,198,293.93 төгрөгийн НӨАТ-ын дүнтэй барааг импортлосноор гаальд мэдүүлсэн байдгаас 754,019,839.00 төгрөгийн НӨАТ бүхий 11 ширхэг мэдүүлэгт холбогдох барааг “МТ” ХХК-ийн нэр дээр тайлагнасан тул үлдэх 138,881,992,005.10 төгрөгийн албан татварыг төсөвт төлж тайлагнах ёстой байсан. Гэтэл дээрх хугацаанд тус компани нь нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайландаа импортын худалдан авалтад нийт 139,145,491,614.02 төгрөгийн татварыг төлснөөр тайлагнаж, төсөвт төлөх албан татвараа 263,313,159.09 төгрөгөөр бууруулсан бөгөөд энэ тухай нягтлан бодогч нь "... дээрх зөрүүгээс 156,617,200.00 төгрөгийн албан татвар ногдох хэсгийг ЭЗИТБДТХ-ийн хүрээнд тайлагнасан...” гэж тайлбарласан тул зөрчлийн дүнг тогтоохдоо уг дүнгээр бууруулж тодорхойлсон нь үндэслэлтэй байна.
6. Ес. Хайгуулын ажлын, хувийн хэрэгцээнд болон суудлын авто машин худалдан авахад зориулж худалдан авсан бараа, ажил үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татварыг хасч тооцсон тухай зөрчлийг задлан хянахад: 9.1 ...Иймд, Татварын улсын байцаагчийн шийтгэлийн хуудсаар 2012-2014 онд газрын тосны хайгуулын үйл ажиллагаанд зориулан худалдаж авсан 5,123,876,567.90 төгрөгийн худалдан авалтад төлсөн 512,387,656.80 төгрөгийг төлүүлэхээр ногдуулсан төлбөрөөс 1,934,512,006.00 төгрөгийн зөрчилд ногдох 193,451,200,60 төгрөгийн нөхөн татварыг хүчингүй болгож, 2,976,439,473.40 төгрөгийн зөрчилд ногдох 297,643,947.37 төгрөгийн нөхөн татварыг бууруулж 212,925,088.50 төгрөгийн зөрчилд ногдох 21,292,508.90 төгрөгийн нөхөн татварыг төлүүлэх үндэслэлтэй байна.
Тус компани Д аймгийн Б-XV** талбайд газрын тостой холбоотой үйл ажиллагаа явуулах аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлтэй бөгөөд түүнд гарч буй хайгуулын ажлыг хөрөнгө оруулагчийн 100 хувийн хөрөнгө оруулалттай Т ХХК-ийн нэр дээр явуулдаг. Гэтэл “М” ХХК Э ХХК-тай байгуулсан 2012 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 211/12 тоот гэрээгээр Б-XV** талбайд чичирхийллийн судалгаа хийлгэх ажил гүйцэтгүүлэн 2013 онд нийтдээ 212,925,088.50 төгрөгийн хайгуулын ажлын худалдан авалтад төлсөн 21,292,508.90 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг төлвөл зохих татвараас хасч тооцсон болно.
Энэ нь 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д “Дараах бараа, ажил үйлчилгээг импортлох, худалдаж авахад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг худалдан авагчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй;”, 14.4.3-д “энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан үйлдвэрлэл, үйлчилгээнд зориулж импортолсон болон худалдаж авсан бараа, ажил, үйлчилгээ.”, 13.1.16-д “энэ хуулийн 12.1.7-д зааснаас бусад уул уурхайн бүтээгдэхүүн”. 12.1.7-д “экспортод гаргасан уул уурхайн эцсийн бүтээгдэхүүн”, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж байгаа Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 14.6 дугаар зүйлийн 14.6.5-д “... хайгуулын ажил болон ашиглалтын өмнөх үйл ажиллагаанд зориулж импортоор оруулсан болон худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ.” гэж заасныг зөрчсөн тул шийтгэлийн хуудсаар төлбөр ногдуулах үндэслэлтэй байна.
9.2. Суудлын авто машин, түүний эд анги, сэлбэгийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвараар төсөвт төлөх албан татварыг бууруулсан зөрчлийг хянахад: ...Иймд. Татварын улсын байцаагчийн шийтгэлийн хуудсаар 2012-2016 онд суудлын автомашин, түүний эд анги, сэлбэгийн 1,201,911,849.30 төгрөгийн худалдан авалтад 120,194,485.00 төгрөгийн нөхөн татвар, 2,782,882.40 төгрөгийн торгууль 1,855,255.00 төгрөгийн алданги нийт 124,832,622.40 төгрөгийн төлбөр ногдуулснаас 237,057,245.00 төгрөгийн зөрчилд ногдох 23,705,734.50 төгрөгийн нөхөн татварыг хүчингүй болгож, 964,887,604.30 төгрөгийн зөрчилд ногдох 96,488,750.50 төгрөгийн нөхөн татвар, 2,782,882.40 төгрөгийн торгууль, 1,855,255.00 төгрөгийн алданги, нийт 101,126,887.90 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр байна.
2013-2016 онд нийт 964,887,604.30 төгрөгийн суудлын автомашин, түүний эд анги, сэлбэгийн худалдан авалтад төлсөн нийт 101,126,887.90 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг төлвөл зохих татвараас хасч тооцсон нь 2006 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14.4.1-д “суудлын автомашин, түүний эд анги, сэлбэг;”, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж байгаа Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 14.6 дугаар зүйл “Дараах бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулах, худалдаж авахад төлсөн албан татварыг албан татвар суутган төлөгчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй”-ийн 14.6.1-д “суудлын автомашин, түүний эд анги, сэлбэг;” гэж заасныг зөрчсөн тул шийтгэлийн хуудсаар төлбөр ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.
9.3. Хувийн болон ажиллагсдын хэрэгцээнд зориулан худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвараар төсөвт төлөх албан татварыг бууруулсан зөрчлийг хянахад: ... Иймд, Татварын улсын байцаагчийн шийтгэлийн хуудсаар 2013- 2016 онд хувийн болон ажиллагсдын хэрэгцээнд зориулан худалдаж авсан 427,310,917.10 төгрөгийн бараа, ажил, үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасч тооцсон зөрчилд ногдуулсан 42,731,091.80 төгрөгийн нөхөн татвар, 4,370,230.00 төгрөгийн торгууль, 2,913,486.60 төгрөгийн алданги, нийт 50,014,808.40 төгрөгийн төлбөрөөс 161,383,653.40 зөрчилд ногдох 16,138,365.43 төгрөгийн нөхөн татвар, 2,932,794.31 төгрөгийн торгууль, 1,955,196.14 төгрөгийн алданги, нийт 21,026,355.88 төгрөгийн төлбөрийг бууруулж, 265,927,263.70 төгрөгийн зөрчилд ногдох 26,592,726.37 төгрөгийн нөхөн татвар, 1,437,435.69 төгрөгийн торгууль, 958,290.00 төгрөгийн алданги, нийт 28,988,452.52 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр үндэслэлтэй байна.
2013-2016 онд нийт 265,927,263.70 төгрөгийн хувийн болон ажиллагсдын хэрэгцээнд зориулан худалдаж авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн 26,592,726.37 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг төлвөл зохих татвараас хасч тооцсон нь 2006 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14.4.2-д “хувийн болон ажиллагсдын хэрэгцээнд зориулан худалдаж авсан бараа, үйлчилгээ;”, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж байгаа Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 14.6 дугаар зүйл “Дараах бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулах, худалдаж авахад төлсөн албан татварыг албан татвар суутган төлөгчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй”-ийн 14.6.1-д “хувийн болон ажиллагсдын хэрэгцээнд зориулан худалдаж авсан бараа, ажил, үйлчилгээ;” гэж заасныг зөрчсөн тул шийтгэлийн хуудсаар төлбөр ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.
Иймд Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан “М” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч нар шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “2 дахь зөрчлийн хувьд газрын элэгдлийг тооцсон зөрчил. Тус компанид хийсэн шалгалтаар 2013-2016 онуудын нягтлан бодох бүртгэлийн үндсэн хөрөнгийн бүлгийн биет хөрөнгө гэсэн хэсэгт 201 гэсэн нэрээр дансандаа бүртгээд газарт ногдох элэгдлийн зардлыг татвар ногдох орлогоос хасаж тооцсон. Энэ зөрчил дээр бид Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн 12 дугаар зүйлийн /дараах зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцсоны үндсэн дээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно/, 12.1.5 үндсэн хөрөнгийн элэгдэл, хорогдлын шимтгэл, 13 дугаар зүйлийн 13.3.дахь хэсэг энэ хуулийн 12.2-т заасан их засварын зардлыг уг хөрөнгийн үлдэгдэл өртөг дээр нэмж тооцох бөгөөд уг хөрөнгийг ашиглах үлдсэн хугацааны туршид элэгдэл хорогдлын шимтгэл тооцно, 13.9 дэх хэсэг газар, бараа, материалын нөөцөд элэгдэл, хорогдлын шимтгэл тооцохгүй. гэж заасныг зөрчсөн тул шийтгэлийн хуудсаараа төлбөр ногдуулсан.
Зөрчил 3 дээр Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хамруулж байна. Гаргасан гомдолд нь энэ үндэслэл байгаагүй. Компанийн үйл ажиллагаанд ямар ч хамааралгүй зардал байсан, хасагдахгүй зардал гэдгээ хүлээн зөвшөөрч байна гэж ойлгож байна.
Зөрчил 5. Эд хөрөнгийн даатгалын зардал. Энэ бол угаасаа хуулин дээрээ сайн дурын даатгалын зардал нь татвар ногдох орлогын 15 хувиас хэтрэхгүй гэж заасан байдаг. Татвар төлөгч алдагдалтай ажилласан гэж байна. Хэдий алдагдалтай ажилласан байсан ч сайн дурын даатгалын зардал татвар ногдох орлогын 15 хувь байхаар заасан байдаг. Хэрэв алдагдалтай ажилласан бол сайн дурын даатгалыг залруулаад явах ёстой. Өөрсдөө 2016 онд өгсөнөө залруулаад тавьсан гэсэн үг. Зөрчлийн 1-р заалтаар татвар ногдуулах орлоготой болчихдог. Алдагдалтай байсан ч залруулах ёстой. Татвар ногдуулах орлого нь 0 учраас хасагдах зардал байх ёсгүй гэсэн үг. “М” ХХК нь 2016 онд алдагдалтай байсан ч залруулж байсан.
Зөрчлийн 7 дахь хэсэгт Монгол улсад оршин суугч биш “J” ХХК-тай хийсэн гэрээг үндэслээд Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2 дахь заалтыг хангаж байгаа учир шийтгэлийн хуудсаар шийтгэл ногдуулсан.
Зөрчил 8 дээр 11 мэдүүлгийн хувьд “М” ХХК-тай харилцан хамааралтай зэрэгцээ компанитай хийсэн тайлангаараа тайлагнаад буцаан олголтоо авчихсан учраас давхардуулан буцаан олгох боломжгүй гэж үзэж байгаа. “МТ” ХХК-д хийсэн хяналт шалгалтаар 2012 онд 11 гаалийн мэдүүлгийн худалдан авалтыг тайлагнаснаар нь тооцоод, үүнээс илүү тайлагнасан 343,195,331.6 төгрөгийн худалдан авалтаар төсөвт төлөх татвараа 34,319,533.16 төгрөгөөр бууруулсан зөрчилд нь нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан. “МТ” ХХК тайлагнаад татвараа бууруулсан байхад “М” ХХК дээр 2015 онд давхар тайлагнаж болохгүй. Тэрнээс биш тэр 11 мэдүүлгийн импортын худалдан авалт “М” ХХК-ийнх биш гэж маргаагүй.” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зөрчил 9-ийн хувьд хуулийг буцаан хэрэглэсэн гэж байна. 2006 оны хуулиар хайгуулын үйл ажиллагаатай холбогдох худалдан авалтыг хасаж тооцдоггүй байсан. Шинэчилэн найруулсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх хэсэгт энэ зохицуулалт байгаа. Өмнө нь хэдийгээр хайгуулын гэж тодорхой үг үсэг ороогүй боловч шүүхээс уг хайгуулын үйл ажиллагаатай холбогдон гарах худалдан авалтыг төсөвт төлөх татвараас хасаж, буцаан авалт хийхгүй гэж шийдвэрлэсэн шүүхийн практик байдаг. Хайгуулын үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасаж тооцно гэж заасан байдаг. Тиймээс 14.1.1 дэх хэсэгт хамаарахгүй байна гэж үзээд хайгуулын үйл ажиллагаатай холбоотой үйл ажиллагааг хасахгүй гэсэн шүүхийн шийдвэр гарсан. Тиймээс нэгэнт хасаж тооцохгүй учраас 2016 оны хуулийн нарийвчилсан зохицуулалтыг хэрэглэсэн. 2016 оны хуулийн зохицуулалтыг барьж шийдсэн татварын улсын байцаагчдын шийтгэлийн хуудас ногдуулах нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаатай холбоотой. Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Татварын ерөнхий хууль болон бусад салбар татварын хууль тогтоомжийг хэрэглэсэн. Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.4.6 дахь хэсэгт зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль хүчин төгөлдөр болохоос өмнө шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шийдвэрийг гүйцэтгэсэн бол хуулийг буцаан хэрэглэхгүй ба шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шийдвэрийг гүйцэтгээгүй байгаа тохиолдолд буцаан хэрэглэнэ гэж заасан байдаг. Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш татварын хяналт шалгалт хийгдсэн. Тиймээс эрх зүйн байдлыг нь дордуулаагүй. Өмнөх хуулийн зохицуулалтаар мөн хасаж тооцдоггүй байсан учраас хуулийг адилтгаж нарийвчилсан зохицуулалтыг хэрэглэсэн.
Оршин суугч бус этгээдээс нэмэгдсэн өртгийн албан татвар суутган авч төлөөгүй гэсэн асуудлын тухай 7 дахь зөрчлийн тухайд татварын улсын байцаагчид тухайн компанийн “J” ХХК-тай хийсэн гэрээний хэрэгжилтэд үндэслэн шалгалтыг нотлох баримт болгож санхүүгийн болон бусад материалуудад шалгалт хийсэн. Компанитай хийгдсэн гэрээний харилцаа болохоос хувь хүний орлогын албан татвар ногдуулах зардал биш. Бидний хувьд нэмэгдсэн өртгийн албан татварыг гүйцэтгэсэн ажил үйлчилгээнээс нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу суутгаж аваад төсөвт шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байна гэж үзсэн. Хуулийн хэрэглээний хувьд 2 өөр байгаа. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулиар 2015 онд “М” ХХК хувь хүний орлогын албан татвараар тайлагнасан гээд байна. Татварын ногдолд давхардал үүсэхгүй. Төлөх ёстой байсан татвараа нуусан бол Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулиар анх удаа шинээр мэдүүлж байгаа. Ингэж мэдүүлэхэд ногдол үүсэхгүй. Шууд чөлөөлөөд явчихаж байгаа. Тухайлбал 700 сая төгрөгийн татвар мэдүүлэх үүрэгтэй бол 700 сая төгрөгөө мэдүүлчихвэл тэгээд ногдол үүсэхгүй гэсэн үг.
Зөрчил 2 дээр: Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйл дээр элэгдэл хорогдлын шимтгэлийг тооцох гэсэн хэсэг байгаа. 13 дугаар зүйлийн 13.2 дэх хэсэгт үндсэн хөрөнгийг дор дурдсан хугацаагаар ашиглахаар тооцож түүний элэгдэл, хорогдлын шимтгэлийг шулуун шугамын аргаар дараах аргаар байгуулна гэсэн байдаг. Гомдол гаргагч талын яриад байгаа 5 дахь хэсэгт ашиглах хугацаа нь тодорхой бус биет бус хөрөнгө /үүнд ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл хамаарна/ гэсэн хэсэг бол газрын эрх дээр хамаарахгүй. 13.9 дээр нь газар, бараа материалын элэгдэл хорогдлын шимтгэл тооцохгүй гээд тодорхой заасан байдаг.
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль бол нуусан орлогоо ил болгосон тохиолдолд нэг удаа боломж олгож хариуцлагаас чөлөөлж байгаа асуудал. Баримтаар нотлогдоогүй зардлаа татвар ногдох орлогоосоо хасаад бууруулсан зөрчил. 2 өөр ойлголт. Тиймээс эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу гаргаад байгаа тайлан нь хамаагүй.
Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн.
Татварын ерөнхий хуулийг зөрчсөн гэж татварын ерөнхий хуулийн дагуу хариуцлага ногдуулсан. 2017 оны 07 дугаар сарын 01-нээс хойших зөрчилд татварын албан шийтгэлийн хуудсаар хариуцлага ногдуулаад явж байгаа. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль хэрэгжиж байх үед энэхүү процесс ажиллагаа явагдсан. Тиймээс энэхүү хуулиар шийтгэл ногдуулсан.
Зөрчлийн 9.3 дахь заалт бол 2015 оны 07 дугаар сарын 02-ноос хойш үйлдэгдсэн зөрчилд холбоотой хариуцлага нь өршөөлийн хуулиар чөлөөлөгдөх боломжгүй. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тухайд 2017 оны 07 сарын 01-нээс татварын байгууллага Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу явж байгаа. Ингэхдээ Зөрчлийн тухай хуулийн 1.4.3 дахь хэсэгт зааснаар Татварын алба бол татварын улсын байцаагчийн акт үйлдэхгүй байгаа. 2017 оны 07 дугаар сарын 01-нээс хойш шийтгэлийн хуудас бичээд явж байгаа. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа бол зөрчил гарах үеэс үүнийг зөрчил гэж тооцох уу үгүй юу гэдэг асуудалд яригддаг. Өмнөх шатанд нь татварын улсын байцаагч нар томилолт олгогдсоноос хойш Татварын ерөнхий хуулийн дагуу томилолт заагдсан хугацаанд хянан шалгах үүргээ биелүүлээд явж байгаа. Тиймээс 2012-2016 оны татвар ногдуулалт төлөхтэй холбоотой харилцаанд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэх үндэслэл үндэслэл байхгүй. Тухайн үед хэрэгжиж байсан Татварын ерөнхий хуулиар хариуцлага ногдуулсан. Хэрэв зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үед хэрэгжиж байсан Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэвэл гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлж байгаа гомдох нөхцөл үүсэх байсан. Тиймээс бид татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлд заасны дагуу хариуцлага ногдуулаад шийтгэлийн хуудас үйлдсэн.” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэмэгдсэн өртгийн албан татварыг эцсийн хэрэглэгч төлдөг. Хайгуулын үйл ажиллагааны эцсийн хэрэглэгч компани өөрөө байдаг учраас акт тавьсан байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2.3, 6.6 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байгаа.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагч М.А, П.О нар татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, Татварын хяналт шалгалтын хэлтсийн даргын татварын хяналт шалгалт хийх 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 21171000261 тоот томилолтын дагуу “М” ХХК-д 2012-2016 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд иж бүрэн хяналт шалгалтыг тухайн байгууллагын санхүү, татварын тайлан, санхүүгийн анхан шатны баримт, дансны журнал, хөндлөнгийн мэдээллийг үндэслэн шалгаад 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсаар 16,553,137,564.90 төгрөгийн 10 зөрчилд 1,666,750,414.30 төгрөгийн нөхөн татвар, 326,637,514.30 төгрөгийн торгууль, 208,218,140.60 төгрөгийн алданги, нийт 2,201,606,069.20 төгрөгийн төлбөр ногдуулсан байна.
Татвар төлөгчийн гомдлоор Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хянаж, 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 41 дүгээр тогтоолоор 3,623,513,654.89 төгрөгийн зөрчилд ногдох 141,370,296.02 төгрөгийн торгууль, 88,339,518.67 төгрөгийн алданги, нийт 229,709,814.69 төгрөгийн төлбөрийг чөлөөлж, 8,991,657,734.29 төгрөгийн зөрчилд ногдох 1,042,746,136.53 төгрөгийн нөхөн татвар, 156,474,861.01 төгрөгийн торгууль, 104,316,573.88 төгрөгийн алданги, нийт 1,303,537,571.42 төгрөгийн төлбөрийг бууруулж, 6,447,995,717.87 төгрөгийн зөрчилд ногдох 624,004,277.77 төгрөгийн нөхөн татвар, 28.792,357.27 төгрөгийн торгууль, 15,562,048.05 төгрөгийн алданги, нийт 668,358,683.09 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр өөрчилсөн байна.
Гомдол гаргагч нь ийнхүү Татварын маргаан таслах зөвлөл хянаж төлбөрийг бууруулсныг харгалзан шийтгэлийн хуудсын зөрчлийн 2, 3, 5, 7, 8, 9.1, 9.2, 9.3 дахь хэсгийг хүчингүй болгуулахаар шүүхэд гомдлын шаардлагаа тодорхойлон маргажээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцсэн баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд маргаж буй зөрчил тус бүр дээр дүгнэвэл:
Шийтгэлийн хуудсын зөрчлийн 2-т 2012 онд 482,041,554.92 төгрөг, 2013 онд 458,214,603.90 төгрөг, 2014 онд 399,768,496,50, 2015 онд 1,103,110,853.83 төгрөг, 2016 онд 547,135,972.07, нийт 2,990,271,481.23 төгрөгийн газрын элэгдлийн зардлыг татвар ногдох орлогоос хасч тооцон, татвар ногдуулах орлогыг бууруулсныг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-д “Газар, бараа, байгалийн нөөцөд элэгдэл, хорогдлын шимтгэл тооцохгүй” гэж заасныг зөрчсөн гэж үзэж 256,801,045.80 төгрөгийн нөхөн татвар, 77,040,313.70 төгрөгийн торгууль, 51,360,209.20 төгрөгийн алданги, нийт 385,201,568.70 төгрөгийн төлбөр ногдуулсан байна.
“М” ХХК нь шатахуун түгээх станцын зориулалтаар эзэмшиж буй газруудыг нягтлан бодох бүртгэлдээ үндсэн хөрөнгөнд биет бус хөрөнгөөр тухайн газрыг эзэмших эрх авахдаа зарцуулсан дуудлага худалдааны үнэ болон газрын төлбөрийг хуримтлуулан бүртгэж, үүндээ эзэмших эрхийн гэрчилгээний хугацаагаар нь элэгдэл тооцож, татвар ногдох орлогоос хасч тооцон, татвар ногдуулах орлогыг бууруулсан байна.
Тус компани үүнийгээ газар эзэмших эрхээр тодорхойлогдож буй биет бус хөрөнгө гэж бүртгээд гэрчилгээний хугацаагаар нь ашиглах хугацаа нь тодорхойлогдоно гэж үзээд тэр хугацаанд тааруулан элэгдэл тооцсон гэж тайлбарлан маргадаг.
Гомдол гаргагчийн тайлбарлаж буй “газарт элэгдэл тооцсон” үндэслэл болгосон ашиглах хугацаа нь тодорхой биет бус хөрөнгөд элэгдэл тооцох энэ зохицуулалт нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.5-д хуульчлагдахдаа /үүнд: ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл хамаарна/” гэж тодорхой зааснаас үзэхэд ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн элэгдэл хорогдлын шимтгэлийг тухайн зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд нь тооцохоор байна. Уг хуулийн заалт нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд хамааралтай болохоос биш, аливаа аж ахуйн нэгжийн эзэмшлийн газарт элэгдэл, хорогдлын шимтгэл тооцоход хамаарахааргүй байна.
Харин Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-д “газар, бараа, материалын нөөцөд элэгдэл, хорогдлын шимтгэл тооцохгүй” гэж зааснаас үзэхэд газарт, бараа, материалын нөөцөд элэгдэл хорогдлын шимтгэл тооцохгүй гэж нарийвчлан зохицуулж өгсөн байна. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9 дэх “элэгдэл, хорогдлын шимтгэл тооцохгүй газар” гэдэгт газрыг ашиглах, эзэмших, өмчлөх аль эрхийг хэрэгжүүлж байгаагаас үл хамааран газар гэх ойлголтоор тодорхойлсон байх тул эзэмших эрх авахдаа гаргасан зардлаар үнэлж бүртгэн элэгдэл тооцож, татвар ногдох орлогоо бууруулсныг зөрчил гэж үзэж шийтгэл ногдуулж, нөхөн татварыг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Татварын маргаан таслах зөвлөл газрын элэгдлийн зардлыг татвар ногдох орлогоос хасч тооцон, татвар ногдуулах орлогыг бууруулсан 2012 оны 482,041,554.92 төгрөгийн зөрчлийн хөөн хэлэлцэх хугацаа 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр дууссан үндэслэлээр 482,041,554.92 төгрөгийн зөрчилд ногдуулсан 45,531,335.50 төгрөгийн нөхөн татвар, 13,659,400.70 төгрөгийн торгууль, 9,106,267.10 төгрөгийн алданги, нийт 68,297,003.30 төгрөгийн төлбөрийн хүчингүй болгосон байна.
Мөн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасныг үндэслэн 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс өмнөх 1,961,093,954.24 төгрөгийн зөрчилд ногдох 57,530,325.82 төгрөгийн торгууль, 38,354,217.21 төгрөгийн алданги, нийт 95,884,543.03 төгрөгийн төлбөрийг чөлөөлсөн байдаг.
Иймд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар 13.9-д заасныг зөрчиж газарт элэгдэл тооцож, татвар ногдох орлогоос хасч татвар ногдуулах орлогыг бууруулсныг зөрчил гэж үзсэн нь үндэслэлтэй байх тул дээрх хөөн хэлэлцэх хугацаа болон өршөөлийн хуулиар хүчингүй болж, чөлөөлөгдсөнөөс үлдэх 2,508,229,926.31 төгрөгийн зөрчилд ногдох 211,269,710.30 төгрөгийн нөхөн татвар, 5,850,587.18 төгрөгийн торгууль, 3,899,724.89 төгрөгийн алданги, нийт 221,020,022.37 төгрөгийн төлбөрийг хэвээр үлдээж, гомдлын шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Шийтгэлийн хуудсын зөрчлийн 3-т: 2014 онд 33,086,250.91 төгрөгийн баримтаар нотлогдоогүй засварын зардлыг татвар ногдох орлогоос хасч тооцон, татвар ногдуулах орлогыг бууруулсан 33,086,250.91 төгрөгийн зөрчилд 8,271,562.70 төгрөгийн нөхөн татвар, 2,481,468.80 төгрөгийн торгууль, 1,654,312.60 төгрөгийн алданги, нийт 12,407,344.10 төгрөгийн төлбөр ногдуулсан байна.
“М" ХХК нь “Э” ХХК-иар “М" хорооллын *** тоот байранд гипсэн тааз хийх, таазны материалын зардалд 7,267,140.00 төгрөг, “М” ХХК-иар “З" хорооллын байранд тагтны шилэн фасад хийлгэх зардалд 25,374,922.00 төгрөг, “МТ” ХХК-ийн байрны засварын зардалд 2,751,000.00 төгрөгийг засварын зардалд шилжүүлсэн нь банкин дахь харилцахын зарлагын баримт, кассын зарлагын ордер, ажил гүйцэтгэх гэрээгээр тус тус нотлогдсон байна.
Засварын зардал гаргасан гэх үл хөдлөх хөрөнгүүд тус компанийн санхүүгийн тайланд бүртгэлгүй, өөрийн үндсэн үйл ажиллагаанд хамааралтайг нотлоогүй гэж үзээд баримтаар нотлогдоогүй зардлыг албан татвар ногдох орлогоос хасч татвар ногдуулах орлогыг бууруулсныг зөрчил гэж татварын улсын байцаагч үзсэн нь үндэслэлтэй байна. Учир нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасан албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд энэ зардал хамаарахгүй байх бөгөөд мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2-т албан татвар төлөгчийн баримтаар нотлогдоогүй зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцохгүй гэж заасан.
“М" ХХК нь 33,086,250.91 төгрөгийн баримтаар нотлогдоогүй засварын зардлыг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу 2015 онд удирдлагын үйл ажиллагааны зардалд 37,648,307.34 төгрөгийг нэмж тайлагнасан дүнд орсон гэх боловч энэ хуулиас өмнө татвар ногдуулах орлогоос хасч тооцсон зардал “бусдын нэр дээр бүртгүүлсэн, нуун дарагдуулсан өөрийн өмчлөлийн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, түүнтэй адилтгах бусад хөрөнгө, олсон орлого, үзүүлсэн үйлчилгээгээ ил тод болгон үнэн зөв тайлагнах” Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн үйлчлэлд хамаарахгүй, өөрөөр хэлбэл дээрх зардал нь татвар ногдуулах орлогоос хасагдах зардал болж төсөвт төлөх татварыг бууруулж тайлагнагдсаны дээр, засварын зардал нь бусдын нэр дээр бүртгүүлсэн, нуун дарагдуулсан өмчлөлийн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө биш, олсон орлого, үзүүлсэн үйлчилгээ биш юм. Иймээс Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу 2015 онд нэмж тайлагнасан гэх гомдол гаргагчийн тайлбар үндэслэлгүй.
Татварын маргаан таслах зөвлөл Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан үндэслэлээр энэ зөрчлийн 2,481,468.80 төгрөгийн торгууль, 1,654,312.60 төгрөгийн алданги, нийт 4,135,781.40 төгрөгийн төлбөрийг чөлөөлжээ.
Иймд татвар төлөгчийн үндсэн үйл ажиллагаанд хамааралгүй гаргасан засварын зардлаар татвар ногдуулах орлогыг бууруулсан 33,086,250.91 төгрөгийн зөрчилд ногдох 8,271,562.70 төгрөгийн нөхөн татварыг төлүүлэх үндэслэлтэй байх тул гомдлын шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Шийтгэлийн хуудсын зөрчлийн 5-д: 2015 онд 83,462,587.0 төгрөгийн эд хөрөнгийн сайн дурын даатгалын зардлыг татвар ногдох орлогоос хасч тооцон, татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчилд 8,346,258.70 төгрөгийн нөхөн татвар, 2,503,877.60 төгрөгийн торгууль, 1,669,251.70 төгрөгийн алданги, нийт 12,519,388.00 төгрөгийн төлбөр ногдуулсан байна.
Гомдол гаргагч нь сайн дурын даатгалын хураамжийг татвар ногдох орлогоос хасч тооцсон нь үндэслэлгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн, маргаагүй бөгөөд гагцхүү 2015 оны 448,049,595.47 төгрөгийн алдагдлыг энэ дүнгээр бууруулах боломжтой гэж маргаж, хариуцагч нь зөрчлийн 2-т заасан 2015 оны 1,103,110,853.83 төгрөгийн газрын элэгдлийн зардлаар татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчлийн дүнгээс дээрх алдагдал хаагдсан гэж тайлбарлаж байна.
“М” ХХК нь 2015 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдуулах орлогын 15 хувиас хэтэрсэн 83,462,587 төгрөгийн сайн дурын даатгалын хураамжийн зардлыг залруулаагүй, татвар ногдох орлогоос хасч тооцсон нь аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан, санхүүгийн болон орлогын албан татварын тайлангийн үзүүлэлт хоорондын зөрүүг зохицуулах тайлангаар тус тус нотлогдож байна.
Мөн татварын улсын байцаагчид 2015 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаарх 448,049,595.47 төгрөгийн алдагдлыг шийтгэлийн хуудсын 2-т заасан газрын элэгдлийн зардлаар татвар ногдуулах орлогыг бууруулсан 2015 оны 1,103,110,853.83 төгрөгийн зөрчлийн дүнгээс тухайн оны алдагдлыг бууруулж, 655,061,258.36 төгрөгийн зөрчилд хариуцлага ногдуулсан нь шийтгэлийн хуудасны хавсралт болох татварын хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, түүнд ногдуулсан төлбөрийн тооцоогоор нотлогдож байна.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.13-т албан журмын болон сайн дурын даатгалын хураамжийг албан татвар ногдох орлогоос хасч тооцсоны үндсэн дээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлох, 12.3-д энэ хуулийн 12.1.13-т заасан албан татвар ногдох орлогоос хасч тооцох сайн дурын даатгалын хураамжийн нийлбэр дүн нь тухайн аж ахуйн нэгжийн албан татвар ногдуулах орлогын 15 хувиас хэтрэхээргүй байна гэж зохицуулсан байна.
Татварын маргаан таслах зөвлөл Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд тухайн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийг үндэслэн 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс өмнөх 83.462.587.0 төгрөгийн зөрчилд ногдох 2,503,877.60 төгрөгийн торгууль, 1,669,251.70 төгрөгийн алданги, нийт 4,173,129.30 төгрөгийн төлбөрийг чөлөөлсөн байна.
Иймд 83,462,587.0 төгрөгийн эд хөрөнгийн сайн дурын даатгалын зардлыг татвар ногдох орлогоос хасч тооцон, татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчилд 8,346,258.70 төгрөгийн нөхөн татвар төлүүлэхээр байх тул гомдлын шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Шийтгэлийн хуудсын зөрчлийн 7-д: Оршин суугч бус этгээдээр гүйцэтгүүлсэн ажлын төлбөрт 2012-2013 онд шилжүүлсэн орлогод нэмэгдсэн өртгийн албан татварыг ногдуулан төсөвт төлөөгүй нийт 2,336,329,092.00 төгрөгийн зөрчилд 233,632,909.20 төгрөгийн нөхөн татвар, 70,089,872.80 төгрөгийн торгууль, 46,726,581.80 төгрөгийн алданги, нийт 350,449,363.80 төгрөгийн төлбөр ногдуулсан байна.
Гомдол гаргагч нь “Ө аймгийн Г суманд газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулах бариулах ажлыг Хятад улсын иргэн Х-тэй гэрээ байгуулан барилгын ажлыг гүйцэтгүүлсэн, төлбөрийг тухайн иргэний дансанд шилжүүлсэн, БНХАУ-ын иргэн Х нь 2013 онд Монгол Улсад 183 хоногоос дээш амьдарсан байнга оршин суугч тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 16 дугаар зүйлийн 16.1.2-т “Монгол Улсын иргэн, хуулийн этгээд нь оршин суугч буюу Монгол Улсад байрладаггүй этгээдээс энэ хуулийн 7.4.9-д заасан бараа, ажил, үйлчилгээг худалдан авахдаа нэмэгдсэн өртгийн албан татварыг уг бараа ажил, үйлчилгээний үнэ дээр нэмж авч төсөвт төлөх” гэж зааснаар нэмэгдсэн өртгийн албан татварыг суутган төлөхгүй” гэж маргажээ.
Гэтэл татвар төлөгч “М” ХХК нь 2012 оны 8 дугаар сарын 31-нд БНХАУ-ын “J" компанитай Ө аймгийн Г суманд газрын тосны бүтээгдэхүүний агуулахын барилгын ажлыг 1,650,000.00 ам.долларын үнээр гүйцэтгэх 224/12 тоот гэрээ байгуулж гүйцэтгүүлсэн, төлбөрийг тус компанийн захирал Х гэгч БНХАУ-ын иргэний хувийн дансанд шилжүүлсэн байдаг, “татварын хяналт шалгалтаар БНХАУ-ын иргэн Х-тэй байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ байгаагүй” гэж хариуцагч тайлбарлажээ. Өөрөөр хэлбэл тухайн ажлын гэрээт гүйцэтгэгч нь хуулийн этгээд, харин төлбөрийг хувь иргэний дансанд шилжүүлсэн байна.
Энэхүү гэрээ байгуулсан ажил гүйцэтгэгч нь хуулийн этгээд тул төлбөрийг хүлээн авагч гадаадын иргэнийг Монгол Улсад байнга оршин суугч мөн эсэх нь хамааралгүй гэх хариуцагчийн тайлбарыг үгүйсгэхээргүй байна. Учир нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 оны/ -ийн 7 дугаар зүйлийн 7.1.4, 7.2-т зааснаар Монгол Улсад байрладаггүй гадаадын хуулийн этгээдийн Монгол Улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах ба мөн татвар ногдох ажил, үйлчилгээнд 7.4.9-д заасан Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугч бус этгээд /иргэн, хуулийн этгээд/ -ээс Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн захиалгаар гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ хамаарахаар, энэ татварыг Монгол Улсын иргэн, хуулийн этгээд нь оршин суугч бус буюу Монгол Улсад байрладаггүй этгээдээс ... авч төсөвт төлөхөөр мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-т заасан байх тул татварын улсын байцаагчийн шийтгэлийн хуудсаар төлбөр ногдуулсан нь үндэслэлтэй байна.
Татварын маргаан таслах зөвлөл Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар 2012 онд шилжүүлсэн орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй 1,831,616,912.00 төгрөгийн зөрчлийн хөөн хэлэлцэх хугацаа 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр дууссан үндэслэлээр 183,161,691.20 төгрөгийн нөхөн татвар, 54,948,507.40 төгрөгийн торгууль, 36,632,338.20 төгрөгийн алданги, нийт 274,742,536.80 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож, мөн баримтаар нотлогдоогүй зөрүү 72,325,430.00 төгрөгийн зөрчилд ногдох 7,232,543.0 төгрөгийн нөхөн татвар, 2,169,762.90 төгрөгийн торгууль, 1,446,508.60 төгрөгийн алданги, нийт 10,848,814.50 төгрөгийн төлбөрийг бууруулж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс өмнөх 432,386,750.00 төгрөгийн зөрчилд ногдуулсан 12,971,602.50 төгрөгийн торгууль, 8.647.735.0 төгрөгийн алданги, нийт 21,619,337.50 төгрөгийн төлбөрийг чөлөөлж, 43,238,675.00 төгрөгийн нөхөн татварыг төлүүлэхээр шийдвэрлэжээ.
Иймд гэрээ байгуулж ажил гүйцэтгүүлсэн төлбөрт нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж төсөвт төлөөгүй зөрчилд шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй байх тул Татварын маргаан таслах зөвлөлөөс татвар ногдуулах хөөн хэлэлцэх хугацаагаар хүчингүй болгож, баримтаар нотлогдоогүй зөрүүгээр бууруулж, өршөөлийн хуулиар чөлөөлснөөс үлдэх 43,238,675.00 төгрөгийн нөхөн татварыг төлүүлэхээр буюу гомдлын шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Шийтгэлийн хуудсын зөрчлийн 8-д: 2015 онд гаалиар оруулсан импортын 1,096,959,590.89 төгрөгийн барааны худалдан авалтад ногдох татварыг илүү тооцон төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасаж, төсөвт төлөх албан татварыг бууруулсан зөрчилд 109,695,959. төгрөгийн нөхөн татвар ногдуулсан байна.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т зааснаар худалдах, түүнчлэн үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар өөрөө шууд импортолсон бараа, ажил, үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасч тооцох ба 14.3-т зааснаар баримтаар нотлогдоогүй бол хасч тооцохгүй.
Татвар төлөгч нь дээрх заалтаар импортын худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын дүнгээр төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараа бууруулж тайлагнахдаа импортын худалдан авалтын дүнгээ баримтгүйгээр өсгөж тайлагнан төсөвт төлөх албан татвараа үндэслэлгүйгээр бууруулсан гэж хариуцагч үзэж импортын худалдан авалтын дүнг нь хөндлөнгийн мэдээлэл болох гаалийн мэдээнд тулгуурлан тооцож, гаалийн мэдүүлгээр импортлосон барааны нэмэгдсэн өртгийн албан татвар болон ийнхүү импортлосон хэмээн тайлагнасан татвар төлөгчийн импортын худалдан авалтын нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн зөрүүнд нөхөн татвар ногдуулсан байдаг.
Гомдол гаргагч нь “2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд гаалийн мэдээллийн санд 3962 ширхэг гаалийн мэдүүлгээр 113,521,518,004.00 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар байх бөгөөд энэ хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангуудад импортын худалдан авалтаар 113,000,813,894.06 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын хасалтыг хийж тайлагнасан, өөрөөр хэлбэл импортын худалдан авалтын нэмэгдсэн өртгийн албан татварын буцаалтыг 520,704,109.94 төгрөгөөр дутуу тайлагнасан байхад 109.7 сая төгрөгөөр илүү тайлагнасан гэж нөхөн татвар тавьсныг зөвшөөрөхгүй, “М” ХХК-ийн 2012 оны 11 мэдүүлгээрх импортын худалдан авалтыг “МТ” ХХК тайлагнасан байсныг “М” ХХК 2015 онд нэмж тайлагнасан, энэ 754,019,839.47 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар бүхий импортын худалдан авалтыг 2015 онд тайлагнасныг “М” ХХК-ийн худалдан авалт гэдгийг хүлээн зөвшөөрөх юм бол импортын худалдан авалтын нэмэгдсэн өртгийн албан татварын буцаалтыг 520,704,109.94 төгрөгөөр дутуу тайлагнасан нь гарна” гэж маргаж, хариуцагч нь “139,637,718,048.98 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын дүнтэй барааг импортлосноор гаальд мэдүүлсэн байдгаас “МТ” ХХК-ийн нэр дээр тайлагнасан 11 ширхэг гаалийн мэдүүлгээрх 754,019,839.47 төгрөгийн, мөн 2015 онд Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар тайлагнасан 156,617,200.0 төгрөгийн дүнг хасаж баримтгүй нэмэгдүүлж тайлагнасан зөрүүнд нөхөн татвар ногдуулсан” гэж тайлбарлажээ.
“М” ХХК–ийн 2012 онд импортлосон гаалийн 11 мэдүүлгээрх 754,019,839.47 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар бүхий худалдан авалтыг “МТ” ХХК 2012 онд импортын худалдан авалтаар тайлагнасан, “МТ” ХХК-д мөн хугацаанд хийгдсэн татварын хяналт шалгалтаар ийнхүү тайлагнасныг хэрхэн үзсэн талаар “МТ” ХХК-д татварын хяналт шалгалт хийсэн татварын улсын байцаагчдаас шүүх тодруулахад “2012 онд фишер программын гаалийн мэдээ нь нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн худалдан авалтын импортын мэдээнээс дутуу байсныг нягтлахад “М” ХХК-ийн оруулж ирсэн 11 импортын мэдээг өөрийн мэдээн дээр нэмж тайлагнасан байсан. 2012 оны импортын бүх мэдээ /“М” ХХ-ийн оруулж ирсэн 11 импортын мэдээ багтсан/ -г анхан шатны гаалийн мэдээтэй тулгахад гаальд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвараа нэмэгдүүлж тайлагнадаг болох нь тогтоогдсон тул нийт 66 ширхэг гаалийн мэдээний зөрүүгээр 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 211820026 дугаартай шийтгэлийн хуудсаар 2012 оны гаалиар оруулж ирсэн шатахууны худалдан авалтыг 343,195,331.6 төгрөгөөр илүү тооцон хасч төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулсан зөрчилд хариуцлага ногдуулсан” гэж тайлбарлажээ.
Өөрөөр хэлбэл татварын байгууллага “МТ” ХХК-ийн 2012 онд “М” ХХК-ийн импортын 11 гаалийн мэдүүлгээрх худалдан авалтыг тайлагнасныг хүлээн зөвшөөрч, үүнээс илүү тайлагнасан 343,195,331.6 төгрөгийн худалдан авалтаар төсөвт төлөх татвараа 34,319,533.16 төгрөгөөр бууруулсан зөрчилд нь нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан, Татварын маргаан таслах зөвлөл энэ зөрчлийнх нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр төлбөрийг хүчингүй болгосон байна.
Ийнхүү “М” ХХК-ийн 2012 онд импортлосон 11 гаалийн мэдүүлгээрх 754,019,839.47 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар бүхий худалдан авалтыг “МТ” ХХК 2012 онд импортын худалдан авалтаар тайлагнан, тэр дүнгээр төсөвт төлөх татвараа бууруулсан байх тул “М” ХХК-ийн 2015 онд 11 гаалийн мэдүүлгээрх 754,019,839.47 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар бүхий худалдан авалтаар нэмж тайлагнасныг татварын улсын байцаагч илүү тайлагнаж төсөвт төлөх татвараа бууруулсан гэж үзсэн нь үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл 11 гаалийн мэдүүлгээрх 754,019,839.47 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар бүхий худалдан авалтыг нэгэнт тайлагнасан, тэр дүнгээр төсөвт төлөх татварыг бууруулсан байх тул дахин давхар тайлагнаж, татвараа бууруулах боломжгүй тул гомдол гаргагчийн “импортын худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг дутуу хассан” гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Татварын хяналт шалгалтаар дээрх гаалийн мэдээ, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн зөрүүг 1,096,959,590.89 төгрөгөөр тооцсон байсныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд гаалийн мэдээ, импортын худалдан авалтын тайланг тулган тооцоог нийлж гаалийн мэдээ, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн зөрүүг 97,098,006.41 төгрөгөөр гаргасан байна.
Ийнхүү “М” ХХК-ийн 2012-2016 оны импортын худалдан авалтын гаалийн мэдүүлгийг тулгасан тооцооноос харвал гаалийн мэдүүлгээрх 139,637,718,048.98 төгрөгийн импортын худалдан авалтаас “МТ” ХХК-ийн 2012 онд тайлагнасан “М” ХХК-ийн импортын 11 гаалийн мэдүүлгээрх 754,019,839.47 төгрөгийн худалдан авалтыг хасаж, мөн “МТ” ХХК-ийн мэдүүлгийг тайлагнасан 8,078,198.09 төгрөгийн дүнг нэмж гарсан 138,891,776,407.60 төгрөг болон татвар төлөгчийн татварын тайлангаар тайлагнасан 139,145,491,614.02 төгрөгийн дүнгийн хоорондох 253,715,206.41 төгрөгийн зөрүүнээс тус компанийн 2015 онд Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулиар тайлагнасан 156,617,200.00 төгрөгийг хасаж, үлдсэн зөрүү 97,098,006.41 төгрөгөөр импортын худалдан авалтаа илүү тайлагнаж төсөвт төлөх татвараа бууруулсан зөрчилд тооцон нөхөн татвар төлүүлэх үндэслэлтэй байна.
Иймд гомдлын шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Шийтгэлийн хуудсын зөрчлийн 9.1-д: 2012-2014 онд газрын тосны хайгуулын үйл ажиллагаанд зориулан худалдаж авсан 5,123,876,567.90 төгрөгийн бараа, ажил, үйлчилгээнд төлсөн 512,387,656.80 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвараар төсөвт төлөх албан татварыг бууруулсан зөрчилд 512,387,656.80 төгрөгийн нөхөн татварыг төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Гомдол гаргагч нь шийтгэлийн хуудаст 2012-2014 оны татварын хасалтыг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болсон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14.6.5 дахь “хайгуулын ажил болон ашиглалтын өмнөх үйл ажиллагаанд зориулж импортоор оруулсан болон худалдан авсан бараа, ажил, үйлчилгээг худалдаж авахдаа төлсөн албан татварыг албан татвар суутган төлөгчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй” гэсэн заалтыг баримталсан нь үндэслэлгүй гэж маргажээ.
Татварын маргаан таслах зөвлөлийн тогтоолд дүгнэснээр тус компани нь газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээтэй Д аймгийн Б-XV** талбайд 2 хэмжээст чичирхийллийн судалгаа хийлгэх ажил гүйцэтгүүлэхээр “Э" ХХК-тай байгуулсан 2012 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 211/12 тоот гэрээгээр ажил гүйцэтгүүлэн 2012-2014 онд нийтдээ 5,123,876,567.90 төгрөгийн хайгуулын ажилд төлсөн 512,387,656.79 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх татвараас хасч тооцсон байна.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 оны/ -ийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д зааснаар үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцох бөгөөд харин тус компанийн авсан үйлчилгээг үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан гэж үзэхгүй, өөрөөр хэлбэл өөрийн үйл ажиллагаанд зориулан худалдан авсан үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцох үндэслэлгүй байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д зааснаар “ашигт малтмал хайх” гэж эрдсийн хуримтлалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоох зорилгоор газрын гадаргуу, түүний хэвлийд геологи, хайгуулын судалгаа хийж, түүний нөөц, баялгийг ашиглах боломжийг судлан техник, эдийн засгийн үнэлгээ хийхийг ойлгох” хайгуулын үйл ажиллагаа нь нэмүү өртгийг өөртөө шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулахад чиглэгдсэн үйлдвэрлэл, эсхүл хэрэглэгчдэд хүргэх үйлчилгээ биш, иймээс хайгуулын үйл ажиллагаа эрхлэгч нь тухайн үйл ажиллагаандаа зориулан худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнийхээ хувьд эцсийн хэрэглэгч болохоор байна.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэг нь эцсийн хэрэглэгчид хамааралгүй, харин нэмүү өртөг шингээсэн бараа, ажил үйлчилгээ эрхлэгч болон Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д заасан “татвар төлөгчийн олсон орлогод татварын хуулиар татвар ногдуулан суутгаж, улсын болон орон нутгийн төсөвт шилжүүлэх үүрэг бүхий этгээд”-д буюу “татвар суутгагч”-д хамааралтай заалт байна.
Иймд хайгуулын үйл ажиллагааны үр дүнд нэмүү өртөг бүтээсэн татвар ногдох бараа бусдад борлуулаагүй, ажил үйлчилгээ эрхлээгүй байх тул хайгуулын үйл ажиллагаанд зориулан худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасны дагуу хасалт хийх боломжгүй юм.
Шийтгэлийн хуудаст энэ зөрчлийг шийдвэрлэхдээ татварын улсын байцаагч нар нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2015 оны/ -ийн 14 дүгээр зүйлийн 14.6.5 дахь “хайгуулын ажил болон ашиглалтын өмнөх үйл ажиллагаанд зориулж импортоор оруулсан болон худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн албан татварыг албан татвар суутган төлөгчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй” гэсэн заалтыг баримталсан нь хууль хэрэглээний хувьд алдаатай байх хэдий ч зөрчил гэж үзсэн албан татварын хасалт хийх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 оны/ -ийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх заалтад татвар төлөгчийн 2012-2014 онд газрын тосны хайгуулын үйл ажиллагаанд зориулан худалдаж авсан 5,123,876,567.90 төгрөгийн ажил, үйлчилгээ нэгэнт хамаарахгүй тул хууль буруу хэрэглэсэн гэх энэ үндэслэл зөрчлийг зөвтгөх, шийтгэлийн хуудасны зөрчлийн 9.1 дэх заалтыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.
Татварын маргаан таслах зөвлөл 2012 онд газрын тосны хайгуулын үйл ажиллагаанд зориулан худалдаж авсан 1,934,512,006.00 төгрөгийн худалдан авалтад төлсөн албан татварыг хасч тооцохгүй гэсэн зөрчлийн хөөн хэлэлцэх хугацаа нь 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр дууссан үндэслэлээр 193,451,200.60 төгрөгийн нөхөн татварыг хүчингүй болгож, 2014 онд газрын тосны хайгуулын үйл ажиллагаанд зориулан худалдаж авсан 2,976,439,473.40 төгрөгийн худалдан авалтад ногдох 297,643,947.37 төгрөгийн нөхөн татварыг бууруулж шийдвэрлэсэн байна.
Ийнхүү хайгуулын үйл ажиллагаанд зориулан худалдан авсан ажил, үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцох үндэслэлгүй байх тул уг зөрчилд ногдуулсан төлбөрөөс Татварын маргаан таслах зөвлөлөөс хүчингүй болгож, бууруулснаас үлдэх 212,925,088.50 төгрөгийн зөрчилд ногдох 21,292,508.90 төгрөгийн нөхөн татварыг төлүүлэх үндэслэлтэй байна.
Иймд гомдлын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Шийтгэлийн хуудсын зөрчлийн 9.2-т: 2012 онд 237,057,345.00 төгрөгийн, 2014 онд 232,264,116.00 төгрөгийн, 2015 онд 639,860,640.50 төгрөгийн, 2016 онд 92,762,748.00 төгрөгийн суудлын автомашин, түүний эд анги, сэлбэгийн нийт 1,201,944,849.30 төгрөгийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвараар төсөвт төлөх албан татварыг бууруулсан зөрчилд 120,194,485.00 төгрөгийн нөхөн татвар, 2,782,882.40 төгрөгийн торгууль, 1,855,255.00 төгрөгийн алданги, нийт 124,832,622.40 төгрөгийн төлбөрийг ногдуулсан байна.
Ингэхдээ 2012 онд 237,057,345.00 төгрөгийн, 2014 онд 232,264,116.00 төгрөгийн, 2015 онд 639,860,640.50 төгрөгийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвараар төсөвт төлөх албан татвар бууруулсан зөрчилд зөвхөн нөхөн татвар ногдуулсан, өөрөөр хэлбэл хариуцлага болох торгууль, алданги ногдуулаагүй, 2016 оны 92,762,748.00 төгрөгийн худалдан авалтад хамаарах албан татвар бууруулсан зөрчилд 9,276,274.80 төгрөгийн нөхөн татвараас гадна 2,782,882.40 төгрөгийн торгууль, 1,855,255.00 төгрөгийн алданги тооцсон тул Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийг нэгэнт хэрэглэсэн байна.
Гомдол гаргагч Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2015 оны/ -ийн 14 дүгээр зүйлийн 14.6.1 дэх заалтыг уг хуулийг хүчин төгөлдөр болохоос өмнөх зөрчилд баримталсан нь үндэслэлгүй гэж маргаж, хариуцагч нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 оны/ -ийн 14 дүгээр зүйлийн 14.4.1, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж байгаа Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14.6.1-д зааснаар суудлын авто машин худалдан авахад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх татвараас хасахгүй гэж тайлбарлажээ.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай 2006 оны хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.1-д “суудлын автомашин, түүний эд анги, сэлбэгийг импортлох, худалдаж авахад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг худалдан авагчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй” гэж, 2015 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14.6.1-д мөн адил “суудлын автомашин, түүний эд анги, сэлбэгийг импортоор оруулах, худалдаж авахад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг албан татвар суутган төлөгчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй” гэж зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл 2012-2016 онд суудлын автомашин, түүний эд анги, сэлбэгийн 1,201,944,849.30 төгрөгийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвараар төсөвт төлөх албан татварыг бууруулсан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 он/-ийн 14 дүгээр зүйлийн 14.4.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2015 оны/-ийн 14.6.1 дэх заалтыг зөрчсөн байна.
Харин татварын улсын байцаагч нар нь шийтгэлийн хуудаст зөвхөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2015 оны/-ийн 14.6.1 дэх заалтыг баримталсан нь хууль хэрэглээний хувьд дутагдалтай байх хэдий ч 2015 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиас өмнө үйлчилж байсан 2006 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиар мөн л “суудлын автомашин, түүний эд анги, сэлбэгийг импортлох, худалдаж авахад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг худалдан авагчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй” тул хуулийг дутуу хэрэглэсэн гэх энэ үндэслэл зөрчлийг зөвтгөх, шийтгэлийн хуудасны зөрчлийн 9.2 дахь заалтыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.
Татварын маргаан таслах зөвлөл 2012 онд суудлын автомашин, түүний эд анги, сэлбэгийн 237,057,345.00 төгрөгийн худалдан авалтад төлсөн албан татварыг хасч тооцсон зөрчлийн хөөн хэлэлцэх хугацаа 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр дууссан үндэслэлээр 23,705,734.50 төгрөгийн нөхөн татварыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
Ийнхүү шийтгэлийн хуудсаар 2012-2016 онд суудлын автомашин, түүний эд анги, сэлбэгийн 1,201,944,849.30 төгрөгийн худалдан авалтад 120,194,485.0 төгрөгийн нөхөн татвар, 2,782,882.40 төгрөгийн торгууль, 1,855,255.00 төгрөгийн алданги, нийт 124,832,622.40 төгрөгийн төлбөр ногдуулснаас Татварын маргаан таслах зөвлөлөөс 23,705,734.50 төгрөгийн нөхөн татварыг хүчингүй болгосноос үлдэх 964,887,604.30 төгрөгийн зөрчилд ногдох 96,488,750.50 төгрөгийн нөхөн татвар, 2,782,882.40 төгрөгийн торгууль, 1,855,255.00 төгрөгийн алданги, нийт 101,126,887.90 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр байна.
Шийтгэлийн хуудсын зөрчлийн 9.3-т: 2013 онд 66,850,935.50 төгрөгийн, 2014 онд 26,418,089.00 төгрөгийн, 2015 онд 188,367,561.08 төгрөгийн, 2016 онд 145,674,331.80 төгрөгийн, нийт 427,310,917.10 төгрөгийн хувийн болон ажиллагсдын хэрэгцээнд зориулсан худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвараар төсөвт төлөх албан татварыг бууруулсан зөрчилд 42,731,091.80 төгрөгийн нөхөн татвар, 4,370,230.00 төгрөгийн торгууль, 2,913,486.60 төгрөгийн алданги, нийт 50,014,808.40 төгрөгийн төлбөрийг ногдуулсан байна.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 14 дүгээр зүйлийн 14.4.2-т “хувийн болон ажиллагсдын хэрэгцээнд зориулан худалдаж авсан бараа, үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг худалдан авагчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй” гэж, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2015 оны/-ийн 14 дүгээр зүйлийн 14.6.2-т “хувийн болон ажиллагсдын хэрэгцээнд зориулан худалдаж авсан бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулах, худалдан авахад төлсөн албан татварыг албан татвар суутган төлөгчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй” гэж заасан тул хувийн болон ажиллагсдын хэрэгцээнд зориулсан худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвараар төсөвт төлөх албан татварыг бууруулсныг зөрчил гэж үзсэн нь үндэслэлтэй.
Гомдол гаргагч 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс өмнөх зөрчилд хамаарах хариуцлага болох алданги, торгуулийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу өршөөлд хамруулах үндэслэлтэй гэж маргажээ. Өөрөөр хэлбэл хувийн болон ажиллагсдын хэрэгцээнд зориулсан худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвараар төсөвт төлөх албан татварыг бууруулсныг зөрчилд тооцсонтой маргаагүй байна.
Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гаргасан зөрчилд хариуцлага хүлээлгэхээс чөлөөлөхөөр байна. Энэ ч үндэслэлээр татварын улсын байцаагч ******* дугаартай шийтгэлийн хуудсын хавсралтаар 2013 онд 66,850,935.50 төгрөгийн, 2014 онд 26,418,089.00 төгрөгийн, 2015 онд 188,367,561.08 төгрөгийн зөрчилд зөвхөн нөхөн татвар ногдуулсан, торгууль, алданги ногдуулаагүй буюу хариуцлага хүлээлгээгүй, харин 2016 онд 145,674,331.80 төгрөгийн зөрчилд 14,567,433.20 төгрөгийн нөхөн татвараас гадна 4,370,230.00 төгрөгийн торгууль, 2,913,486.60 төгрөгийн алданги ногдуулсан байна. Ингээд нийт 42,731,091.80 төгрөгийн нөхөн татвар, 4,370,230.00 төгрөгийн торгууль, 2,913,486.60 төгрөгийн алданги, нийт 50,014,808.40 төгрөгийн төлбөрийг ногдуулсан байна. Өөрөөр хэлбэл Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар 2013-2015 оны зөрчилд хариуцлага хүлээлгээгүй байна.
Татварын маргаан таслах зөвлөл мөн 161,383,653.40 төгрөгийн зөрчилд ногдох 16,138,365.43 төгрөгийн нөхөн татвар, 2,932,794.31 төгрөгийн торгууль, 1,955,196.14 төгрөгийн алданги, нийт 21,026,355.88 төгрөгийн төлбөрийг тооцооллын зөрүүгээр бууруулсан байна.
Дээр дүгнэснээр Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай 2006 оны хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.2, 2015 оны хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.2-т зааснаар хувийн болон ажиллагсдын хэрэгцээнд зориулан худалдаж авсан бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулах, худалдан авахад төлсөн албан татварыг албан татвар суутган төлөгчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахааргүй байна.
Харин татварын улсын байцаагч нар нь шийтгэлийн хуудаст зөвхөн 2015 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.2 дахь заалтыг баримталсан нь хууль хэрэглээний хувьд дутагдалтай байх хэдий ч энэ үндэслэл зөрчлийг зөвтгөх, шийтгэлийн хуудасны зөрчлийн 9.3 дахь заалтыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.
Иймд гомдлын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.6, 106.3.13 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3, 1.5 дугаар зүйлийн 8, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2, 6.6 дугаар зүйлийн 1.1, Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 12.3, 13 дугаар зүйлийн 13.9, 15 дугаар зүйлийн 15.1.2, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 7 дугаар зүйлийн 7.1.4, 7.2, 7.4.9, 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.2, 14.3, 14.4.1, 14.4.2, 16 дугаар зүйлийн 16.1.2, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2015 оны/-ийн 14 дүгээр зүйлийн 14.6.1, 14.6.2, хэсгийг тус тус баримтлан “М” ХХК-ийн гомдлын шаардлагаас зарим хэсгийг хангаж, Татварын ерөнхий газрын Улсын төсөв, орлого хяналтын газрын татварын улсын байцаагчийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсын зөрчлийн 8 дахь хэсгийн 1,096,959,590.89 төгрөгийн зөрчилд ногдуулсан 109,695,959.10 төгрөгийн нөхөн татварыг 12,597,952.69 төгрөгөөр бууруулж, 97,098,006.41 төгрөгийн нөхөн татварыг төлүүлэхээр шийдвэрлэж, гомдлын үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХАЛИУНА