Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 221

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Буянтогтох даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Байгальмаа 

улсын яллагч Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхбат,

шүүгдэгч Г.Нямсүрэн нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Ганбаатарын Нямсүрэнд холбогдох эрүүгийн  201619000397 тоот хэргийг 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авснаар 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1977 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Төв аймгийн Жаргалант суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг 3 дугаар баг гангын 4-1 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Ганбаатарын Нямсүрэн /РД:НМ77100910/

 

Холбогдсон хэргийн талаар /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/

Шүүгдэгч Г.Нямсүрэн нь Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг 3 дугаар багт 2016 оны 06 дугаар сарын 03-04-ний шилжих шөнө Б.Мягмарсүрэнг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

 

Шүүгдэгч Г.Нямсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэв.

 

Хохирогч Б.Мягмарсүрэн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 20 цагийн үед Шүрэнцэцэг гэх айлд очсон. Намайг очиход Мөнхцэцэг, Шүрэнцэцэг, Болдоо, Нямсүрэн нар хөзөр тоглоод 0.5 литрийн Ерөөл нэртэй архи тойруулаад дуусаж байсан. Тэгээд Шүрээ эгч бид хоёр дэлгүүр орж архи авахаар гарч ирэхэд багийн дэлгүүрүүд хаачихсан байсан. Тэгээд таньдаг хүн рүү утсаар яриад сумын төв ороод ирье гэхэд мотоциклийн тос гоожоод байна гээд ирээгүй. Тэгээд Шүрээ эгч бид хоёр зам дээрээс гар өргөж байгаад нэг мотоцикльтой хүнд дайгдаад сумын төв ороод дэлгүүрээс 0.75 литрийн нэг архи аваад буцах гэхэд мотоциклийн бензин дуусаад бид нар мотоцикльтой унасан. Унах үед хойно байсан Шүрээ эгч хөлөө халцлаад би үсрээд буучихсан. Тэгээд зам дээр гар өргөөд нэг цагаан машинд дайгдаад буцаад Шүрээ эгчийн гэрт очиход Гантулга ах нэмэгдээд ирсэн байсан. Тэгээд бид нар тэр архиа хувааж уугаад Гантулга ах, Мөнхцэцэг эгч хоёр гэртээ харина гээд явсан. Тэгэхээр нь би гэртээ харилаа гэхэд Шүрээ эгч манай гэрт хоноод яваач гэсэн. Би маргааш өглөө хот явах ажилтай байсан болохоор гэртээ харихгүй бол болохгүй гэж Шүрээ эгчид хэлээд гэрээс нь гараад хашааны хаалга руу явж байхад Нямсүрэн араас гарч ирээд хаачих гэж байгаа юм бэ, би таныг хүргээд өгье гэхээр нь чи зайл чамаар хүргүүлэхгүй гэж хэлсэн. Тэгтэл Нямсүрэн миний гарнаас барьж аваад хүргээд өгье гээд байхаар нь Ичинноров авгай согтуу хүүхдээ аваач гэхэд Нямсүрэн чи харанхуй шөнө миний ээжийн нэрийг дуудлаа гээд түлхэж унагаад өшиглөсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар хуудас/

 

Гэрч Ж.Дарханбаатар хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Мөнхцэцэг эгчийн хамтаар Шүрээ эгчийн гэрт 0.5 литрийн Ерөөл нэртэй архи аваад очсон. Тэгээд Шүрээ эгч найз Мягмарсүрэн дуудаад би өөрийн найз Нямсүрэнг дуудсан. Тэгээд Мягмарсүрэн, Нямсүрэн нар ирээд бид нар тэр архийг хувааж уусан. Тэгээд архи дуусаад Мягмарсүрэн, Шүрээ хоёр архи олж ирнэ гээд Мөнхцэцэг эгч гэртээ харилаа гээд гараад явцгаасан. Тэгээд Нямсүрэн бид хоёр Шүрээ эгчийн гэрт байж байгаад ирэхгүй болохоор нь Мөнхцэцэг эгчийн гэрт очсон. Тэгтэл Мөнхцэцэг эгч Мягмарсүрэн, Шүрээ хоёр сумын төв орчихоод буцаж ирж байгаад мотоцикльтой унасан байна гэсэн. Тэр үед Нямсүрэн дүүтэйгээ утсаар яриад замаараа Мягмарсүрэн, Шүрээ эгч хоёрыг аваад ирээрэй гэж хэлээд Гантулга ах Мөнхцэцэг эгч, Нямсүрэн бид нар Шүрээ эгчийн гэрт буцаад очсон. Тэгээд Шүрээ эгчийн гэрт байж байхад Мягмарсүрэн, Шүрээ эгч хоёр 0.75 литрийн Ерөөл архи авчихсан ирсэн. Тэр архийг бид нар хувааж уугаад Гантулга ах эхнэр Мөнхцэцэгийн хамтаар гэртээ харина гээд гарсан. Тэгтэл нэг мэдэхэд Мягмарсүрэн эгч Нямсүрэн хоёр гараад явчихсан байхаар нь би гэртээ харих санаатай Шүрээ эгчийн гэрээс гартал хашааны үүдэнд Мягмарсүрэн эгч, Нямсүрэн хоёртой тааралдсан. Тэгтэл Мягмарсүрэн эгч гар эвгүй болчихлоо гэхээр нь бариач айл руу аваад явсан. Тэгээд бариачид үзүүлээд байж байхад Нямсүрэн араас орж ирсэн. Мягмарсүрэн эгч яасан юм бэ гээд Нямсүрэнгээс асуухад би өшиглөчихсөн юм аа гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/

 

Гэрч М.Нэмэхсайхан хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэгтээ: Би гэртээ унтаж байхад манай гэрийн хаалгыг цохиод нохой хуцуулаад шөнийн 03 цагийн үед Дарханбаатар, Мягмарсүрэн нар орж ирсэн. Мягмарсүрэн орж ирээд миний мөр болохоо болчихлоо та үзээд өгөөч гэсэн. Намайг үзэхэд мөр нь гайгүй байсан. Намайг мөрийг нь нухах гэхээр орилоод байсан. Манай гэрт орж ирээд байж байхад нь гаднаас Нямсүрэн орж ирсэн. Тэр үед намайг өшиглөсөн гээд өөрөө тэгж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/

 

Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 7854 тоот дүгнэлт: Мягмарсүрэнгийн биед баруун мөрний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн бугалга, шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар цаашид хөдөлмөрийн чадвар алдандтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 33 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонсгох замаар шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Нямсүрэн нь Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг 3 дугаар багт 2016 оны 06 дугаар сарын 03-04-ний шилжих шөнө Б.Мягмарсүрэнг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Мягмарсүрэнгийн мэдүүлэг, хохирлын баримт, гэрч Б.Мөнхцэцэг, Д.Гантулга, Ж.Дарханбаатар, М.Нэмэхсайхан, Д.Шүрэнцэцэг нарын мэдүүлэг, шинжээчийн 7854 дугаартай дүгнэлт, Г.Нямсүрэнгийн хэрэг бүртгэлтэнд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Нямсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

       

     Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухайгаа мэдүүлж, мөн бичгээр илэрхийлж шүүхэд өгсөн байна.

 

Шүүгдэгч Г.Нямсүрэнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ гэж заасан нь хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

Хохирогч, шүүгдэгч нар нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар хохирогч Б.Мягмарсүрэн нь шүүгдэгч Г.Нямсүрэнтэй  эвлэрч байх тул Г.Нямсүрэнд холбогдох хэргийг хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй эвлэрсэн гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

 

1Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 283, 284, 286, 290, 293, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4 дэх хэсэг, 248 дугаар зүйлийн 248.1.2, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                                             ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Ганбаатарын Нямсүрэнг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Б.Мягмарсүрэн нь шүүгдэгч Г.Нямсүрэнтэй сайн дураараа эвлэрсэн тул Төв аймгийн Прокурорын  газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Г.Нямсүрэнд холбогдох 201619000306 тоот эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

            3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад гаргуулах хохирол төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай. 

            4. Г.Нямсүрэнд авсан бусдын батлан даалтанд өгөх таслах сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

            5. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Нямсүрэнд бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Д.БУЯНТОГТОХ