Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 1263

 

 

 

 

 

 

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн

даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 182/ШШ2017/00760 дугаар шийдвэртэй,

            Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Гамма логгинг” ХХК-д холбогдох

Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 8 002 064 төгрөг, алданги 4 001 032 төгрөг, нийт 12 003 096 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оролзодмаагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Сэргэлэн

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Оролзодмаа

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Соёл-Эрдэнэ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.1.4-т заасан үүргээ “Гамма логгинг” ХХК нь биелүүлээгүйн улмаас 2016 оны 12 дугаар сарын шимтгэл төлөлтийн тайлангаар 8 002 064 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй байгаа нь одоо тэнд ажиллаж байгаа 2 даатгуулагчийн нийгмийн баталгааг алдагдуулж тэдэнд үйлчилгээ үзүүлэх боломжгүй болгож байна. Тус компанийн удирдлага, холбогдох албан тушаалтнууд нь нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг төлж барагдуулах талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй учраас банкин дахь харилцах дансны зарлагын гүйлгээг түр зогсоох мэдэгдлийг холбогдох банкуудад хүргүүлсэн. ...Иймээс Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасны дагуу “Гамма логгинг” ХХК-ийн дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл өр 8 002 064 төгрөг, алданги 4 001 032 төгрөг, нийт 12 003 096 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тус компани нь байгуулагдсанаасаа хойш өөрийн үйл ажиллагааныхаа хүрээнд нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргээ бүрэн гүйцэтгэж ирсэн бөгөөд 2014 оноос эхэлсэн дэлхийн эдийн засгийн уналт, монголын эдийн засгийн доройтол зэргээс шалтгаалан геологийн хайгуулын компаниудын үйл ажиллагаа зогссон. 2015 оны сүүлээс эхлэн манай компанийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсны улмаас нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүссэн. Үүнээс 8 002 064 төгрөгийн өрийг компанийн эд хөрөнгөөс өрөндөө авна гэвэл төлөхөд татгалзах зүйл байхгүй. Харин алдангийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан 2 ажилтаны нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүсээгүй. Манай компанийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон учраас ажилтануудаа ажлаас нь чөлөөлсөн. Хэрвээ компанийн эд хөрөнгөөс төлбөрийг барагдуулах боломжгүй гэж үзвэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй...” гэжээ.

Шүүх: Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 20 дугаар зүйлийн 20.1.2-т зааснаар хариуцагч “Гамма логгинг” ХХК-иас нийгмийн даатгалын шимтгэлийн өр 8 002 064 төгрөг, алданги 4 001 032 төгрөг, нийт 12 003 096 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч “Гамма логгинг” ХХК-иас 206 999 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оролзодмаа давж заалдах гомдолдоо “...”Гамма логгинг” ХХК нь Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст, 2016 оны 12 дугаар сарын нийгмийн даатгальн тайлангаа 2017 оны 01 дүгээр сарын 05-ны дотор буюу Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т заасан хугацаанд гаргасан. Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт зааснаар “Гамма логгинг” ХХК нь тайланд тусгасан нийгмийн даатгалын шимтгэлийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний дотор нийгмийн даатгалын санд шилжүүлэх ёстой байсан. Гэтэл компанийн санхүүгийн хүндрэл үргэлжилж байсан тул хуульд заасан хугацаанд нь 8 002 064 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх үүргээ биелүүлэх боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай байсан. Компани сул зогссон талаар тухай бүр нь манай нягтлан мэдэгдэж байсан боловч нийгмийн даатгалын шимтгэлийг заавал ажиллаж буй үеийнх шиг тооцон авахыг нэхэмжлэгч шаардаж байсан. Нэхэмжилж буй 8 002 064 төгрөг нь хэдэн ажилтны шимтгэл болсныг нарийвчлан шалган тогтоох ёстой байсан. Энэ талаар тодорхой тайлбарыг нэхэмжлэгч анхан шатны шүүх хурал дээр хэлж чадаагүй болно. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасны дагуу ... хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна... гэсэн заалтаас үзвэл “Гамма логгинг” ХХК нь 2016 оны 12 дугаар сарын нийгмийн даатгалын тайлангийн 8 002 064 төгрөгийг хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлд, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс тус нэхэмжлэл гаргах өдөр хүртэл буюу хугацаа хэтрүүлсэн 30 хоногт ноогдох алдангийг тооцож үзэхэд 4 001 032 төгрөгт хүрэхээргүй байна. Иймд шүүхийн пшйдвэрт алданги 4 001 032 төгрөг гэснийг үндэслэлгүй гэж үзэж байна.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т “... хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна...” гэсэн заалтаас үзвэл 8 002 064 төгрөгийн шимтгэлээс, 30 хоног хэтэрсэн тул хоног тутмын 0.3 хувийн алданги ногдохоор байхад алдангийг шууд 4 001 032 төгрөг гэж тогтоосон нь үндэслэлгүй. Иймд шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүхийн шийдвэрт тооцооллын хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

            Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч “Гамма логгинг” ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийн өр 8 002 064 төгрөг, алдагид 4 001 032 төгрөг, нийт 12 003 096 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаснаас хариуцагч алдангийг эс зөвшөөрч маргажээ.

 

            Хариуцагч “Гамма логгинг” ХХК нь 8 002 064 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй болох нь 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн уулзалтын тэмдэглэл, “Гамма логгинг” ХХК-д ажиллаж буй даатгуулагчдын 2016 оны 12 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт гэх баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй байна. /хх 4, 8, 36/

 

            Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчсөнөөс үйл баримтыг зөв тогтоогоогүй байх тул давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

            Хэргийн 4 дүгээр талд авагдсан баримтаас үзэхэд хариуцагч “Гамма логгинг” ХХК-ийн гаргаж өгсөн 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийгмийн даатгалын шимтгэлийн өр, төлбөр 8 002 064 төгрөг гэж тодорхойлсон баримтаас өөрөөр нийгмийн даатгалын шимтгэлийн өр, төлбөр үүссэн гэх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

            Нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөр үүссэн хугацаануудыг тодорхойлсон баримт хэрэгт авагдаагүй байх тул дээрх хариуцагч байгууллагын гаргаж өгсөн нийгмийн даатгалын өр, төлбөрийг тодорхойлсон дүнгээс Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т зааснаар хоног тутам 0.3 хувийн алдангийг нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргасан 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөр тооцоход 744 186 төгрөг төлөх үүрэг үүссэн байна.

 

            Иймээс хариуцагч “Гамма логгинг” ХХК-иас нийгмийн даатгалын шимтгэлийн өр 8 002 064 төгрөг, алдагид 744 186 төгрөг, нийт 8 746 250 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

            Түүнчлэн нэхэмжлэгч Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч “Гамма логгинг” ХХК-д 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр дансны зарлагын гүйлгээг зогсоох тухай улсын байцаагчийн мэдэгдэл, 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр авлага барагдуулах тухай улсын байцаагчийн албан шаардлагыг хүргүүлсэн байх бөгөөд уг баримтууд нь нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрийн хэмжээг эргэлзээгүйгээр нотолсон баримт гэж үзэхгүй юм.

 

            Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 182/ШШ2017/00760 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “...4 001 032 төгрөг...” гэснийг “...744 186 төгрөг...” гэж “...12 003 096 төгрөг...” гэснийг “...8 746 250 төгрөг...” гэж өөрчилж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...206 999 төгрөг...” гэснийг “...154 890 төгрөг...” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагч “Гамма логгинг” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78 967 төгрөгийг буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                            ШҮҮГЧИД                                        А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                     Д.ЦОГТСАЙХАН