Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 142/шш2017/01080

 

 

 

 

 

2017 оны 10 сарын 17 өдөр                       Дугаар 142/ШШ2017/01080                                   Орхон аймаг

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг .... тоотод оршин суух Ж.Т-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Зээлийн 3-78 тоотод оршин суух, одоогоор БНСУ-д амьдарч байгаа Н.Т-д холбогдох

“Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох” тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болормаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Т нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд  тайлбарлахдаа: “Миний бие Төмөрхуягтай 1999 онд танилцаж 2001 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2001 оны 10 дугаар сарын 16-ны өдөр охин Мичидмаа төрсөн.  2007 онд нөхөр Төмөрхуяг нь Бүгд найрамдах Солонгос улсад ажиллаж амьдрахаар яваад одоог хүртэл ирэлгүй бид 10 жил тусдаа амьдарч байна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Би охиноо өөрийн асрамжинд авна. Хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй, бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.

 

Хариуцагч Н.Болормаа шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “...Миний дүү Н.Т нь Ж.Ттэй 2001 онд гэр бүл болсон. Тэдний дундаас охин Мичидмаа төрсөн. Н.Т, Ж.Т хоёр нь 2011 оноос хойш тусдаа амьдарч байгаа, Ж.Т хүнтэй суусан учир гэрлэлтийг цуцлуулна. Охин Мичидмааг эх Ж.Тд өгөх, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүйгээр тохиролцсон... гэжээ.

Шүүх зохигчдын тайлбар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Т нь хариуцагч Н.Тт холбогдуулан “Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох”-оор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Ж.Т, Н.Т нар нь 1999 онд танилцан 2001 оны 08 сарын 21-нд албан ёсоор гэрлэлтээ батлуулж, тэдний дундаас 2001 оны 11 сарын 12-нд охин Т.Мичидмаа төрсөн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбаруудаар нотлогдож байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчээс тусдаа буюу гадаад улсад 10 жил амьдарч байгаа талаар талууд тайлбарласан.   

Гэрлэгчдийн хэн аль нь гэр бүлээ үргэлжлүүлэх хүсэлгүй байгаа, тусдаа амьдраад 10 жил болсон, Ж.Т нь өөр хүнтэй хамтран амьдарч байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзээд тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Гэрлэгчдийн дундаас 2001 оны 11 сарын 12-нд охин Т.Мичидмаагийн асрамжийг эх Ж.Тд өгөхөөр, мөн хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй байхаар талууд тохиролцсон байна.

Иймд Ж.Т, Н.Т нарын гэрлэлтийг цуцалж, охин Т.Мичидмааг эх Ж.Тгийн асрамжинд үлдээж шийдвэрлэв. Нэхэмжлэгч хүүхдийн тэтэгэлэг тогтоолгохгүй гэснийг дурьдав. 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заалаа.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Ж.Т, Н.Т нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2001 оны 11 сарын 12-нд охин Т.М-г эх Ж.Тгийн асрамжинд үлдээж, нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг  хүчин төгөлдөр болсноос хойш 3 өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Эрдэнэбатад даалгасугай.    

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

5. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ХИШИГДАВАА