Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 142/шш2017/01079

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Баянбулаг баг  Баян-Өндөрийн ........... тоотод оршин суух  Д.О-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургууль,

Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Ерөнхий боловсролын 16 дугаар сургуульд тус тус хариуцагдах, 

“Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 419 520 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат, хариуцагч Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн төлөөлөгч Д.А, хариуцагч Ерөнхий боловсролын 16 дугаар сургуулийн төлөөлөгч Ц.Баттулга, захирал Ц.Ц шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Д.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Д.О нь 2012 оны 10 сарын 04-өөс хойш Орхон цогцолбор сургуулийн няраваар томилогдон ажиллаж эхэлсэн. Тус Орхон цогцолбор сургуулийн 2-р байранд няраваар ажиллаж байсан. Ингээд 2017.03 сард 1-р байранд шилжүүлж ажиллуулах болсон. 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдөр ээлжийн амралтаа авсан тул амарсан. Ингээд 2017 оны 08 дугаар сарын 10-нд ажилдаа очтол тус сургууль нь 1, 2 дугаар байр болон хуваагдаж биеэ даасан сургууль болох гэж байгаа, асуудал шийдтэл 2-р байранд очиж ажлаа хийж бай гэсэн. 2017 оны 08 дугаар сарын 10-наас 16  дугаар сургууль дээр ажиллаж эхлээд байтал 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр намайг 2-р байранд ажиллуулахгүй энд өөр хүн ажиллана гэж Ц.Ц захирал хэлж Д.Д захиралтай очиж уулз гэх хариу амаар өгч, намайг буцааж 1-р байрлуу буюу 5 сургууль уруу явуулсан. Д.Д захиралтай биечлэн 2017 оны  08 сарын 16-нд очиж уулзахад 2017 оны 07 дугаар сарын 21-нд би тушаал гаргасан. 2 дугаар байр 16 дугаар сургууль болох гэж байгаатай холбогдуулан 51 хүнийг шилжүүлсэн тушаал гаргасан ба бүх хүнийг Ц.Ц ажилд нь авсан гэсэн сураг байсан. Би чамайг ажлаас халаагүй хуулийн дагуу 16 дугаар сургууль руу шилжүүлсэн. Нэгэнт манайхыг цогцолбор сургууль байсныг болиулж биеэ даасан 2 тусдаа сургууль болж байгаа учраас чи хуучин 16-р сургууль буюу 2-р байранд ажиллаж байсан учраас тус сургууль руу шилжүүлэх нь зүйтэй гэсэн хариуг өгсөн. Би уг тушаалыг авах хүсэлтээ илэрхийлэхэд тушаалыг өгөөгүй. Д.Д захирлын нарийн бичиг Д.Эрдэнэчимэг хот явсан гэсэн тул тушаалын хуулбар хувийг ерөнхий нягтлан бодогч Д.Агаас 2017 оны 08 сарын 21-ний өдөр хөөцөлдөж байж олж авсан. Одоо болтол эх тушаалыг өгөөгүй. Уг тушаалд Сургуулийн бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөд орж байгаа тул 16 дугаар сургууль руу шилжүүлсүгэй гэсэн агуулгатай тушаал байсан. Бүтэц зохион байгуулалтын хувьд хэзээ 2 сургууль болж өөрчлөгдсөн нь тодорхойгүй, уг тушаалд намайг яагаад оруулах болсон нь тодорхойгүй, 16 дугаар сургууль ямар үндэслэлээр намайг авах боломжгүй болоод байгаа нь тодорхойгүй, миний ажил, албан тушаал бүтцийн өөрчлөлтөд орох үндэслэлгүй гэж үзэж байх тул Орхон аймгийн Баян Өндөр сумын Орхон цогцолбор сургуулийн захирлын 2017 оны 07 сарын 21-ний Б/50 тоот тушаалыг хүчингүй болгож, няравын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 419520 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагч ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн төлөөлөгч Д.А шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “...насны тэтгэвэрт гарсан тул Аж ахуйн нярав байсан Б.Цэцэгмааг туслах нягтлан бодогчоор томилж Аж ахуйн няраваар Г.Ундрааг авч ажиллуулж байсан . 2017 оны 3 сард аж ахуйн нярав Г.Ундраа өөр ажилд шилжин орох болсон тул шинээр аж ахуйн нярав авах болсон. Г.Ундраагийн оронд ЗДТГ-аас Ц.Сувдмааг аж ахуйн няраваар ажиллуулахаар явуулсан байсан, Ц.Сувдмаагийн ажлын туршлага бага өмнө нь хийж байгаагүй байсан тул хичээлийн 2-р байрны аж ахуйн нярав Д.Оыг туршлагатай гэж үзэн хичээлийн 1-р байрны аж ахуйн няраваар авч, Ц.Сувдмааг хичээлийн 2-р байрны аж ахуйн нярваар тус тус томилон ажиллуулж байсан. 2017 оны 6 сарын 27-ны өдрийн аймгийн засаг даргын захирамжаар сургуульд бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийгдэж 2 сургууль салахаар болж нэг нягтлан бодогч нь 16-р сургуульд очиж ажиллахаар болсон. Нягтлан бодогч Б.Цэцэгмаа хичээлийн 1-р байранд 11 жил аж ахуйн няраваар ажилласан туршлагатай тиймээс би өөрийн хүсэлтээр буцаж няраваа хиймээр байна хойд байрлуу нягтлан бодогчоор явахгүй гэсэн учир аж ахуйн нярав Д.Оыг 2017 оны 7 сарын 03 нд туслах нягтлан бодогчоор томилон ажиллуулсан. 2017 оны 07 сарын 21-ний захирлын тушаалаар 16-р сургуулийн багш ажиллагсдыг “Орхон” цогцолбор сургуулиас чөлөөлсөн тушаал гарч Туслах нягтлан бодогч байсан Д.О 16-р сургуулийн нягтлан бодогчоор очсон. Тус тушаалыг нарийн бичиг амралттай байсан тул нягтан бодогч Аззаяа би ээлжийн амралт дуусч ажилдаа ороод Д.Оыг ирж асуухад хувилж өгч явуулсан болно. Иймээс 2017 оны 07 сарын 21-ний Б/50 тушаалыг хүчингүй болгох боломжгүй. Д.Оыг 16-р сургууль буцаан ажилд нь авах нь зөв гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч ерөнхий боловсролын 16 дугаар сургуулийн төлөөлөгч Ц.Ц шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “...Миний бие Цэдэн-Иш овогтой Цолмон нь “Орхон” цогцолбор сургуулийн хичээлийн 2-р байрны гүйцэтгэх захирлаар 2017 оны 01 сарын 18-нд томилогдон ажилласан. Намайг ажиллаж байх үед Д.О нь тус хичээлийн байрны нярваар ажиллаж байгаад 3 сард надтай ямар нэгэн зөвшилцөлгүй урд байр луу явсан. Тэр үед надтай уулзсан бол би ерөнхий захирал Д.Дтай санал тавьж авч үлдэх боломж байсан. Гэвч тэгэлгүй гараа хармаандаа хийгээд явсан. Оронд нь Ц.Сувдмаа гэж нярав, мөн ерөнхий захирлын тушаалаар одоог хүртэл ажиллаж байна. Улмаар тус сургууль нь Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 06 сарын 28-ны А/363-р захирамжаар бие даасан бүтэцтэй ерөнхий боловсролын 12 жилийн сургалттай 16-р сургууль болсон. Ингээд манай сургуульд нягтлан бодогч шаардлагатай болж 1-р байрны нягтлан бодогч Аззаяаг /өөрийн саналыг/ харгалзан, авах хүсэлт Д.Д            захиралд тавьсан боловч өгөхгүй гэсэн. Орхон аймгийн Санхүү төрийн сангийн даргад, нягтлан бодогчоор /өмнө нь/ ажиллаж байсан хүн шалгаруулан явуулна уу гэсэн хүсэлт гаргаж өгсөн. Иймд харилцан зөвшилцөж Ц.Баатарсайхан гэдэг нягтлан бодогч иргэн, би урд өмнө нь хараагүй, мэдэхгүй хүн байсан. Хуулийн дагуу Орхон аймгийн Санхүү Төрийн сангийн дарга бол төрийн байгууллагын нягтлан бодогч нарыг хариуцан, тухайн байгууллагын ажил олгогчтой зөвшилцдөг. Иймд Д.О нь өмнө нь нягтлан бодогч хийж байгаагүй, би Отгонбаярыг ажилд авсан, ажлаас халсан ажил олгогч биш. Отгонбаяр нь 5-р сургуулийн нярваар ажиллаж байхдаа ямар нэгэн алдаа дутагдал гаргасан мэт надад санагдсан. Зүгээр ажлаа хийж байсан нярвыг, сургууль бие даахад, нягтлан хэрэгтэй байхад нярав явуулж байгаа нь, оронд нь хүн авах ямар нэгэн сонирхол байна уу гэж бодож байгаа. Иймд нэхэмжлэгч Д.Оыг ямар ч үндэслэлгүй нааш нь явуулсан гэж үзэж байна. Сургууль бие даасан бүтэцтэй болоход нааш цааш хүн солилцоно гэсэн хуулийн заалт журам байхгүй болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.О нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургууль, Ерөнхий боловсролын 16 дугаар сургуульд тус тус холбогдуулан “Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 419 520 төгрөг гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Хариуцагч нар нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Д.Оыг 2012 оны 10 дугаар сарын 04-ны өдөр “Орхон” цогцолбор сургуулийн захиралын Б/50 дугаартай тушаалаар тус сургуулийн аж ахуйн няраваар томилон ажиллуулж байгаад, 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн “Орхон” цогцолбор сургуулийн захиралын Б/50 дугаартай тушаалаар 16 дугаар сургуулийн мэдэлд шилжүүлжээ.

Энэ тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, Орхон аймгийн засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/363 дугаар захирамж, Засаг даргын дэргэдэх Боловсрол, Соёл, Урлагийн газрын даргын 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/39 дүгээр тушаал зэргийг үндсэлсэн байна.

 Нэхэмжлэгч Д.О нь 2017 оны 07 дугаар сарын 07-ноос 2017 оны 08 дугаар сарын 10 хүртэл ээлжийн амралтаа эдэлсэн байх бөгөөд, түүнийг 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр “Орхон” цогцолбор сургуулийн захиралын Б/48 дугаар тушаалаар өөрийнх нь хүсэлтээр 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөр няравын ажлаас нь чөлөөлж, 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн туслах нягтлан бодогчоор томилон ажиллуулсан тушаал хэрэгт авагдсан.

Дээрх тушаалын дагуу Д.Отай зөвшилцөж түүнийг няравын ажлаас нь чөлөөлж, туслах нягтлан бодогчийн ажилд томилсон нөхцөл байдал тогтоогдоогүй.

Хариуцагч 5 дугаар суругуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: “...2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Аймгийн засаг даргын захирамжаар сургуульд бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийгдэж 2 сургууль салахаар болж нэг нягтлан бодогч нь 16-р сургуульд очиж ажиллахаар болсон. Нягтлан бодогч Б.Цэцэгмаа хичээлийн 1-р байранд 11 жил аж ахуйн няраваар ажилласан туршлагатай тиймээс би өөрийн хүсэлтээр буцаж няраваа хиймээр байна хойд байрлуу нягтлан бодогчоор явахгүй гэсэн учир аж ахуйн нярав Д.Оыг 2017 оны 7 дугаар сарын 03-нд туслах нягтлан бодогчоор томилон ажиллуулсан. 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн захирлын тушаалаар 16-р сургуулийн багш ажиллагсдыг “Орхон” цогцолбор сургуулиас чөлөөлсөн тушаал гарч туслах нягтлан бодогч байсан Д.О 16-р сургуулийн нягтлан бодогчоор очсон. Иймээс Д.Оыг 16-р сургууль буцаан ажилд нь авах нь зөв гэж...” тайлбарласан.

Хариуцагч 16 дугаар сургууль: “...Д.О нь намайг 16 дугаар сургуулийн захиралаар 2017.01.18-нд томилогдон очиход тус хичээлийн байрны нярваар ажиллаж байгаад 3 сард надтай ямар нэгэн зөвшилцөлгүй урд байр луу няраваар явсан. Оронд нь Ц.Сувдмаа гэж нярав, мөн ерөнхий захирлын тушаалаар одоог хүртэл ажиллаж байна. Улмаар тус сургууль нь Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 06 сарын 28-ны А/363-р захирамжаар бие даасан бүтэцтэй ерөнхий боловсролын 12 жилийн сургалттай 16-р сургууль болсон. Ингээд манай сургуульд нягтлан бодогч шаардлагатай болж 1-р байрны нягтлан бодогч Аззаяаг /өөрийн саналыг/ харгалзан, авах хүсэлт Д.Д захиралд тавьсан боловч өгөхгүй гэсэн тул Орхон аймгийн Санхүү төрийн сангийн даргад, нягтлан бодогчоор /өмнө нь/ ажиллаж байсан хүн шалгаруулан явуулна уу гэсэн хүсэлт гаргасан. Үүний дагуу Ц.Баатарсайхан гэдэг нягтлан бодогч ирсэн. Д.О нь өмнө нь нягтлан бодогч хийж байгаагүй, би Отгонбаярыг ажилд авсан, ажлаас халсан ажил олгогч биш. ...Зүгээр ажлаа хийж байсан няравыг сургууль бие даахад нягтлан бодогч хэрэгтэй байхад, нярав явуулж байгаа нь оронд нь хүн авах ямар нэгэн сонирхол байна уу гэж бодож байгаа. Иймд нэхэмжлэгч Д.Оыг ямар ч үндэслэлгүй манай сургууль руу явуулсан гэж үзэж байна. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй..”. гэж мэтгэлцсэн.

Орхон аймгийн засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/363 дугаар захирамжаар сургуулиуд бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөнд орж өөрчлөгджээ.

Үүний дагуу “Орхон” цогцолбор сургуулийн захирал 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Б/50 тоот тушаал гаргаж, нэр бүхий 31 багш ажилчдыг ажлаас нь чөлөөлж, 16 дугаар сургуулийн мэдэлд шилжүүлжээ. Энд нярав Д.Оыг нягтлан бодогчийн албан тушаалаар шилжүүлсэн байна.

Тухайн үед нэхэмжлэгч Д.О нь нягтлан бодогчийн ажил албан тушаал хашиж байгаагүй байх ба, “Орхон” цогцолбор сургуульд нягтлан бодогч байсан Б.Цэцэгмааг 16 дугаар сургуульд нягтлан бодогчоор ажиллахгүй, 5 дугаар сургуульдаа няраваар үлдъе гэсэн хүсэлтийн дагуу Д.Отай зөвшилцөлгүй 2017.07.06-ны өдөр Д.Оыг туслах нягтлан бодогчоор өөрийн хүсэлтээр ажиллах болсон гэж тушаал гаргаж, түүнийг ээлжийн амралттай байх хугацаанд 16 дугаар сургууль руу нягтлан бодогчоор шилжүүлжээ.

 Ээлжийн амралтаа дуусаад ажилдаа орох болтол няравын ч ажил байхгүй, нягтлан бодогчийн ажил ч байхгүй болж, энэ талаар хөөцөлдөж захиралуудтайгаа уулзаад шийдэлд хүрээгүй тул шүүхэд хандсан тухайгаа нэхэмжлэгч тайлбарласан.

Нэхэмжлэгчийг өөр ажил албан тушаалд дур мэдэн томилж, түүнийхээ үндсэн дээр ээлжийн амралттай байх хугацаанд нь өөр сургууль руу шилжүүлсэн явдал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т “ээлжийн амралттай байгаа” тохиолдолд ажил албан тушаалыг хэвээр хадгална гэж заасныг зөрчсөн гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгч Д.Оыг 5 дугаар сургуулийн няравын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 419 520 төгрөгийг гаргуулан олгох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Нэхэмжлэгчийн сарын цалинг 415 852 төгрөг гэж хариуцагч байгууллагаас тодорхойлсон, нэхэмжлэгч анх нэхэмжлэл гаргахдаа цалин 419 520 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цалингаа нэмж гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа албан ёсоор нэмэгдүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд цалинг гаргуулан олгох нь зүйтэй гэж үзэв.    

Нэхэмжлэгч нь, “Орхон” цогцолбор сургуулийн захиралын 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Б/50 дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлага гаргасан бөгөөд үүнийг нэхэмжлэлийн шаардлага гэж үзэж шийдвэрийн тогтоох хэсэг тусгах шаардлагагүй, нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж буй хэлбэр гэж үзсэн болно. 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд, хариуцагч Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулиас 83 436 төгрөг /70 200₮+13 236₮/ гаргуулан  улсын орлогод  оруулахаар заалаа.

Хариуцагчаар Ерөнхий боловсролын 16 дугаар сургуулийг татсаныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                                                                                                       ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Д.Оыг Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн няравын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 419 520 төгрөгийг Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулиас гаргуулан Д.От олгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д зааснаар нэхэмжлэгч Д.От цалинтай тэнцэх нөхөх олговор 419 520 төгрөгнөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган авч зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг Ерөнхий боловсролын 5 дугаар сургуульд даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, хариуцагч Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулиас улсын тэмдэгтийн хураамжаар 83 436 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

4. Ерөнхий боловсролын 16 дугаар сургуулийг хариуцагчаар татсаныг хэрэгсэхгүй болгосугай.

5. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ХИШИГДАВАА

.