| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2016/01597/и |
| Дугаар | 142/шш2017/01067/и |
| Огноо | 2017-10-19 |
| Маргааны төрөл | Дампуурлын хуулиар бусад, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 10 сарын 19 өдөр
Дугаар 142/шш2017/01067/и
2017 оны 10 сарын 19 өдөр Дугаар 142/ШШ2017/01067 Орхон аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг 5-15-97 тоотод байрлаг “Ерлөг суварга” ХХК-ний хүсэлттэй,
“Хуулийн этгээдийг дампуурсанд тооцуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч “Ерлөг суварга” ХХК-ний захирал Ю.Дуламсүрэн, хэрэг гүйцэтгэгч А.Энхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ю.Дуламсүрэн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Ерлөг суварга" ХХК нь 2007 онд анх байгуулагдсан бөгөөд “Барилгын дотоод засал чимэглэл”-ийн үйл ажиллагаа эрхэлж орон нутгийн бага үнийн дүнтэй тендерт оролцож ажил гүйцэтгэх, байгууллага хүмүүстэй гэрээгээр ажил гүйцэтгэх ажлыг 2009 он хүртэл улирлын чанартай эрхэлж байсан. Тус компани нь байнгын мэргэшсэн ажилтан дутмаг, өөрийн эргэлтийн хөрөнгө, тоног төхөөрөмж дутмаг зэргээс зах зээлийн өрсөлдөөнд өрсөлдөх чадвараа алдаж 2010 оноос үйл ажиллагаа явуулахаа үндсэндээ больж “X” тайлан гаргаж ирсэн болно. Энэ үед 2010 онд татварын шалгалт орж 2007-2010 оны үйл ажиллагаанд 47 274 100 төгрөгийн татвар, хүү, торгууль ноогдуулсан явдал нь санхүүгийн дарамт болж үйл ажиллагааг зогсооход хүрсэн болно. Компани нь одоо анх байгуулсан дүрмийн сангийн 2 448 888 төгрөгийн бүртгэл бүхий хөрөнгөнөөс өөр ямарч хөрөнгө байхгүй, үүсгэн байгуулагчийн зүгээс нэмж хөрөнгө оруулах боломж байхгүй болно. Манай дүрмийн сан, өөрийн хөрөнгөнөөс 20 дахин их авлагатай Татварын хэлтэс манайхыг дахин хөрөнгөжүүлэх санал байхгүй болно.
Иймд бид хуульд заасан бүх шаардлагыг хангаж компанийг дахин хөрөнгөжүүлэх боломжгүй тухай шийдвэрээ гаргалаа. Энэ асуудлыг шүүхэд өмнө 2 удаа тавьсан боловч урьдчилан шийдвэрлэх арга хэмжээ ав гэж буцаасан боловч шүүгчийн захирамжид ямар арга хэмжээ авахыг заагаагүй болно. Иймд Дампуурлын тухай хуулийн 5.2.1-д заасны дагуу “Ерлөг суварга” ХХК-д дампуурлын хэрэг үүсгэн хуульд заасан үйл ажиллагаа явуулж өгнө үү гэжээ.
Хэрэг гүйцэтгэгч А.Энхболд шүүхэд ирүүлсэн дүгнэлтээ шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “...Дампуурлын тухай Монгол Улсын хуулийн 23-р зүйлийн 23.1 дэх хэсэгт “Хариуцагчийг дахин хөрөнгөжүүлж. үйп ажиллагааг нь цаашид үргэлжлүүлэх нь татан буулгаснаас нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг илүү хэмжээгээр хангах боломжтой гэж үзвэл ... хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх тухай хусэлтийг түүнийг төлбөрийн чадваргүйд тооцсон өдрөөс хойш 60 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасан байдаг. Нэхэмжлэгч, Хариуцагч болон Хэрэг гүйцэтгэгч уг хугацааны дотор дахин хөрөнгөжүүлэх хүсэлт шүүхэд гаргаагүй болно. Иймд хэргийн материалд тус компанийн ирүүлсэн санхүүгийн баримт бичиг, хавтаст хэрэгт байгаа бусад байгууллагуудаас ирүүлсэн лавлагааны баримтад хийсэн дүгнэлтэд үндэслэн тус “Ерлөг суварга” ХХК нь 2013 оноос төлбөрийн чадваргүй болж өр төлбөрөө төлөх боломжгүй болсон ба Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан этгээд болох хариуцагч, нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгчээс “Ерлөг суварга" ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгуй тул мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасны дагуу татан буулгах ундэслэл бий болсон гэж үзэж хариуцагчийг татан буулгах санал оруулж байна... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
“Ерлөг суварга” ХХК нь шүүхэд хандан “үүргээ биелүүлж чадахгүй болсноо өөрөө мэдэгдэж дампуурсанд тооцуулж, татан буулгах” хүсэлтийг гаргажээ.
“Ерлөг суварга” ХХК нь анх “барилгын дотоод засал чимэглэл, засвар” чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар, нэг гишүүнтэй 2 448 900 төгрөгийн хөрөнгөтэй үүсгэн байгуулагдсан бөгөөд, 2007 оны 03 сарын 26-ны өдөр 2011007060 дугаар улсын бүртгэлд бүртгүүлжээ.
Тухайн компани нь Орхон аймгийн Татварын хэлтэст 60 969 100 төгрөгийг өр төлбөртэй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх “Ерлөг суварга” ХХК-ийн хүсэлтээр дампуурлын хэрэг үүсгэж, Дампуурлын тухай хуульд зааснаар тус шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШЗ2017/02323 тоот шүүгчийн захирамжаар “Ерлөг суварга” ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож, улмаар нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийг 2017 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн дотор тус шүүхэд гаргуулахаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлахад ямар нэгэн нэхэмжлэл ирээгүй болно.
Дампуурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т зааснаар тус шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 142/ШЗ2017/00351 дугаар шүүгчийн захирамжаар А.Энхболдыг хэрэг гүйцэтгэгчээр томилсон бөгөөд хэрэг гүйцэтгэгч нь тухайн компанийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт болон төлөвлөгөө шүүхэд ирүүлээгүй байх тул “Ерлөг суварга” ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгах үндэслэлтэй байна.
“Ерлөг суварга” ХХК-ийг татан буулгах ажиллагааг хэрэг гүйцэтгэгчээр гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээхээр заалаа.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.10-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг баримтлан “Ерлөг суварга” ХХК-г дампуурсанд тооцож, татан буулгасугай.
2. Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болмогц “Ерлөг суварга” ХХК-г дампуурсанд тооцож, татан буулгасан тухай нийтэд мэдээлж, компанийг татан буулгах ажлыг хэрэг гүйцэтгэгч А.Энхболдод даалгасугай.
3. Дампуурлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар компанийг татан буулгах ажиллагаа дуусгавар болсноор хариуцагч нэхэмжлэлийн хангагдаагүй шаардлагын үүргээс чөлөөлөгдөж, түүний нэхэмжлэгчдийн өмнө хүлээсэн үүрэг дуусгавар болохыг дурдсугай.
4. Тус шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн 142/ШЗ2017/00350 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
6. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА