| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2017/0462/Э |
| Дугаар | 2017/ ШЦТ/430 |
| Огноо | 2017-10-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Байгалмаа |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 2017/ ШЦТ/430
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж, нарийн бичгийн дарга Ц.Золзаяа, улсын яллагч Б.Байгалмаа, шүүгдэгч Н.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Боржигон овогт Н Цт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 17110050700105 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1970 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Ховд аймагт төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Н.Ц, 2 Шүүгдэгч Н.Ц нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ НЬ: Шүүгдэгч Н.Ц нь 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Жигжидийн зуслангийн замын уулзварын орчимд хохирогч Д.Одсүрэнг зодож, түүний бие махбодид нь зүүн дээд, доод зовхи, хацарт цус хуралт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Одсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “ ...2017 оны 8 дугаар сарын 20-ны өглөө 10 цаг өнгөрч байхад Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Жигжидийн зуслангийн автомашины замын дэргэд тарвас зарах гээд автомашинтайгаа яваад очсон чинь Ц ирсэн автомашинтайгаа зогсож байсан. Тэгэхээр нь би автомашинтайгаа Цийн хажууд очоод зогссон чтинь миний машины цаад талаар бас нэг машинтай залуу ирээд тарвас зарахаар зогссон. Тэгтэл Ц наад залуугаа зайлуулаач гэхээр нь чи өөрөө хэлэхгүй юу гэсэн чинь чи ер нь юу гээд байгаа юм бэ гээд намайг заамдаж аваад миний зүүн талын нүдрүү гараараа 5-6 удаа цохисон. Тэгээд бас гэдэс рүү гараараа 3-4 удаа цохиод, гуяруу хөлөөрөө 3-4 удаа өшиглөсөн,... тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. ...миний биед учирсан хохирлыг Ц гараараа цохиж учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10х/, Гэрч С.Ариунаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 8 дугаар сарын 20-ны өглөө 8 цагаас өмнө 3 дугаар хорооллын 1000 нэрийн бараа дэлгүүрийн үүдэнд тарвас зарсан. Тэгээд үдээс хойш 15 цагийн орчим нөхөр Ц рүү залгасан чинь цагдаагийн байгууллага дээр байна гэсэн. Тэгээд юу болсон талаар асуусан чинь хүнтэй маргалдсан гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14х/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн хохирогч Д.Одсүрэнгийн биед үзлэг хийсэн №10685 тоот шинжээчийн дүгнэлт /ххийн 22х/ болон бусад хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Иймд шүүгдэгч Н.Цийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч Н.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, 3 нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн орлого олох боломж, өөрийнх нь саналыг харгалзан торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Боржигон овогт Н.Цийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Цийг 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Н.Цийн торгуулын ялыг төлөх хугацааг 2 /хоёр/ сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Н.Ц нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай. 5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай. 6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ