| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2017/01052/и |
| Дугаар | 142/шш2017/01025 |
| Огноо | 2017-10-10 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 142/шш2017/01025
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг ..... тоотод оршин суух З.Н-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг ..... тоотод оршин суух З.Б-д холбогдох
“Хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.Н, хариуцагч З.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би өөрийн охины аав болох З.Бтай 2008 онд танилцаж улмаар хамтран амьдрах болсон. Энэ хугацаанд 2009 онд охин Намуун төрж, бид Дэнж багийн СӨХ-ийн 3-36 тоотод 2014 он хүртэл хамт амьдарч, 2014 оноос эхэлж Баатарчулуун охин бид хоёрыг тоохоо больж улмаар гэртээ ирэхээ больсон. Улмаар би аав ээжийндээ амьдрах болсон. Баатарчулуун нь одоо өөр эхнэр авч амьдарч байгаа. Баатарчулуун нь одоо Говилын 186 дугаар цэргийн ангид ахлагч ажилтай ажиллаж байгаа. Цаашид охиноо асран хамгаалахад эцгийн дэмжлэг хэрэгтэй байгаа учир хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү... гэжээ.
Хариуцагч З.Б шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “....Би хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Би хүүхэд дээрээ 2-3 удаа очсон, мөн нэгдүгээр ангид ороход нь очсон. Боломжгүй учир хүүхдэдээ тусалж чадаагүй. Цалингийн зээлтэй, зээл хүрэлцэхгүй байгаа тул харгалзан үзнэ үү... гэжээ.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд, зохигчдын тайлбаруудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч З.Н нь З.Бд холбогдуулан “хүүхдийн тэтгэлэг гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
З.Н, З.Б нар нь 2008 оноос танилцаж, хамтран амьдарч байгаад тэдний дундаас 2009 оны 02 дугаар сарын 01-ний өдөр охин Б.Н төрсөн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбаруудаар нотлогдож байна.
Нэхэмжлэгч З.Н, З.Б нар нь албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй бөгөөд, 2014 оноос тусдаа амьдарч байгаа, охин Б.Н ээжийн асрамжинд байгаа талаар талууд тайлбарласан.
Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүүлийн 35.1, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх нь үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй.
Хариуцагч З.Б хүүхдийн тэтэгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Б.Ныг насанд хүртэл нь эцэг З.Баар сар бүр тэжээн тэтгэх тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасан тэтгэлэгт тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 29 534 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар заалаа.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2009 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин Б.Ныг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг З.Баар сар бүр тэжээн тэтгэх тэтгэлэг гаргуулсугай.
2. Монгол Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д зааснаар хүүхэд эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнга уулзах эрхтэйг, Гэр бүлийн тухай хуулийн 26, 38 дугаар зүйлд зааснаар эцэг эх нь хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, тэжээн тэтгэх талаар адил тэгш эрх, үүрэгтэй болохыг дурдсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжаар 29 534 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
4. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА