Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашравдангийн Халиуна |
Хэргийн индекс | 128/2018/0548/З |
Дугаар | 782 |
Огноо | 2019-11-11 |
Маргааны төрөл | Тендер, Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 782
2019 оны 11 сарын 11 өдөр Дугаар 128/ШШ2019/0782 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, шүүгч А.Насандэлгэр, шүүгч У.Бадамсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Э” ХХК,
Хариуцагч: Зам, тээврийн хөгжлийн яам,
Нэхэмжлэлийн шаардлага: “2016, 2017 онд Ө-Ччиглэлийн 143 км авто замын барилгын ажилд тавигдсан техникийн хяналт буюу зөвлөх үйлчилгээний зардал 1,325,000,013 төгрөгийг төлөхгүй хугацаа алдуулж байгаа Зам, тээврийн хөгжлийн яамны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, дээрх ажлын зардал болох 1,325,000,013 төгрөгийг олгохыг Зам, тээврийн хөгжлийн яаманд даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн өмгөөлөгч Б.Э, хариуцагч Зам, тээврийн хөгжлийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн С.М, Хуулийн хэлтсийн мэргэжилтэн Б.Б, иргэдийн төлөөлөгч Д.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цолмонгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “Тус компани нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар гаргаж байгаа.
1. 2016, 2017 онуудад Ө-Ччиглэлийн автозамын барилгын ажилд тавигдсан техник, технологийн хяналт буюу зөвлөх үйлчилгээний зардал болох нийт 1,325,000,013(нэг тэрбум гурван зуун хорин таван сая арван гурван) төгрөг төлөхгүй, хугацаа алдуулж байгаа Зам. тээврийн хөгжлийн яамны эс үйлдлийг хууль бус болохыг тогтоох,
2. Ө-Ччиглэлийн 143 км авто замд 2016, 2017 онуудад техник, технологийн хяналт хийсэн ажлын зардал болох 1,325,000,013 (нэг тэрбум гурван зуун хорин таван сая арван гурван) төгрөгийг “Э” ХХК-д олгохыг Зам, тээврийн хөгжлийн яаманд даалгах.
Манай компани нь Зам, тээврийн хөгжлийн яамтай 2011 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 41 дугаартай “Ө-Ччиглэлийн 143 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын хяналтын зөвлөх үйлчилгээг үзүүлэх захиалагч, зөвлөхийн хооронд байгуулсан гэрээ”, 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 3 дугаартай “Ө-Ччиглэлийн 143 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын хяналтын зөвлөх үйлчилгээг үзүүлэх захиалагч, зөвлөхийн хооронд байгуулсан 41 дүгээр гэрээний Нэмэлт гэрээ”-г тус тус байгуулж, хяналтын зөвлөх үйлчилгээний ажлыг эхлүүлсэн.
2011 оноос Ө-Ччиглэлийн 142,4 км авто замын барилгын ажилд байнгын техник-технологийн хяналт хэрэгжүүлсэн. Энэ замын барилгын ажлын гүйцэтгэгч “Н*******” ХХК-ийн ажлын бүтээмжээс шалтгаалан Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 185 дугаар тогтоолын дагуу зам барилгын гүйцэтгэгчийн гэрээ цуцлагдсан. Улмаар тогтоол гарсантай холбогдуулан зам барилгын ажлыг 2-3 багц болгон хувааж, техник, ажиллах хүчний чадавхи сайтай компаниудын оролцоотойгоор үргэлжлүүлснээр 2016 онд 77 км, 2017 онд 65,4 км авто замыг ашиглалтад оруулж, зам барилгын ажил дуусгавар болсон болно. 2011 оны 03 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан 41 дүгээр гэрээний дагуу 2011-2014 онуудад, 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан нэмэлт гэрээний дагуу 2015 онд техник технологийн хяналтыг тус тус хэрэгжүүлж санхүүжилтийг яамнаас олгосон.
Харин 2016-2017 онуудад хийгдсэн техник, технологийн хяналтын ажилд ямар нэгэн гэрээ байгуулагдаагүй. Хэдийгээр гэрээ байгуулагдаагүй боловч, зам барилгын ажил хийгдэх хугацааны давчуу байдал болон яамны албан ёсны хүсэлтээр бид энэхүү 143 (142.4) км замын хяналтын ажлыг саадгүй хэрэгжүүлсээр ирсэн. Энэхүү замын 2016 оны хяналтын ажлыг ЗТЯ-ны 05/1389 тоот албан мэдэгдлийн дагуу 2016.04.06-ны өдрөөс 2016.11.06-ны өдөр дуусгасан бөгөөд 2017 оны хяналтын ажлыг ЗТХЯ-ны 2017.06.13-ны өдрийн 06/2690 тоот мэдэгдлийн дагуу 2017.06.15-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд хяналтын ажил гүйцэтгэсэн. Зам, тээврийн яам (3ам, тээврийн хөгжлийн яам)-наас энэхүү хяналтын ажлын 2016 оны зардлыг 977,678,583 (есөн зуун далан долоон сая зургаан зуун далан найман мянган таван зуун наян гурван)төгрөгөөр, 2017 оны ажлын зардлыг 347,321,430 (гурван зуун дөчин долоон сая гурван зуун хорин нэгэн мянга дөрвөн зуун гучин) төгрөгөөр тус тус баталсан буюу тус компани нь Ө-Ччиглэлийн 143 км авто замд 2016, 2017 онуудад техник, технологийн хяналт хийсэн ажлын зардал болох нийт 1,325,000,013 (нэг тэрбум гурван зуун хорин таван сая арван гурван) төгрөг авч чадахгүй байгаа болно.
Бид 2016-2017 онуудад дараах албан бичгээр гэрээ болон санхүүжилтийн асуудал шийдвэрлэж өгөхийг холбогдох бүх шатны албан тушаалтанд удаа дараа явуулсан болно:
2016.03.28-ны өдрийн 78/16 тоот албан бичгээр ЗТЯ-ны Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга Д.Зд;
2016.04.09-ний өдрийн 102/16 тоот албан бичгээр ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргад;
2016.06.16-ны өдрийн 154/16 тоот албан бичгээр Зам, тээврийн сайд М.Зд;
2016.07.06-ны өдрийн 165/16 тоот албан бичгээр Зам, тээврийн сайдад;
2016.08.01-ний өдрийн 198/16 тоот албан бичгээр Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Гад;
2016.11.09-ний өдрийн 303/16 тоот албан бичгээр Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Гад;
2017.01.13-ны өдрийн 15/17 тоот албан бичгээр Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Гад;
2017.05.11-ний өдрийн 135/17 тоот албан бичгээр ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргад;
2017.05.26-ны өдрийн 149/17 тоот албан бичгээр Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Гад;
2017.06.13-ны өдрийн 179/17 тоот албан бичгээр БТГ-ын Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.З*******ад;
2017.06.20-ны өдрийн 185/17 тоот албан бичгээр Зам, тээврийн дэд сайд Б.Цд;
2017.06.20-ны өдрийн 186/17 тоот албан бичгээр ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (АЗБХЗГ)-ын дарга Д.Дад хандсан зэрэг байна.
Дээрх албан бичгүүд хүргүүлсний зэрэгцээ Зам, тээврийн сайд М.Зоригттой 5 удаа, Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Гтай 3 удаа, Зам, тээврийн дэд сайд Б.Цтэй 2 удаа, ЗТХЯ-ны АЗБХЗГ-ын дарга Д.Дтай олон удаа, ЗТХЯ-ны ТЗУГ-ын Хуулийн хэлтсийн дарга Н.Бтэй 2 удаа, ЗТХЯ-ны БТГ-ын Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтэс (ХОҮХ)-ийн дарга Ч.Ртай 2 удаа уулзан дээрх санхүүжилтийн талаар асууж тодруулахад, “бид хөөцөлдөж байгаа, санхүүжилтийг олгоно, ажлаа саадгүй үргэлжлүүл” гэж байсан ба ЗТЯ(ЗТХЯ)-аас дараах хариу албан бичиг ирүүлж байсан:
2016.08.16-ны өдрийн 03/149 тоот албан бичгээр ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Б “...Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгах Зам, тээврийн хөгжлийн сайд/ТЕЗ/-ын багцын саналд дээрх ажлын 977.7 сая төгрөгийг санхүүжүүлтийи саналыг тусган 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 01/04 тоот албан бичгээр /4 дүгээр хавсралт/ Сангийн яаманд хүргүүлсэн болно" гэсэн;
2017.06.08-ны өдрийн 04/2629 тоот албан бичгээр ЗТХЯ-ны БТГ-ын дарга Р.М “Хяналтын зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийн нэмэлт ажлын санхүүжилтийн эх үүсвэрийг холбогдох журмын дагуу шийдвэрлүүлэхээр Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусган Сангийн яаманд 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 01/04 тоот албан бичгээр, 2017 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусган 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 01/132, 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 01/816 тоот албан бичгээр, Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусган 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 02/733 тоот албан бичгээр төсөвт суулгахаар удаа дараа хандаж байсан бөгөөд уг санал шийдвэрлэгдээгүй” гэсэн;
2017.08.23-ны өдрийн 06/3712 тоот албан бичгээр ЗТХЯ-ны АЗБХЗГ-ын дарга Д.Д “2016-2017 оны зөвлөхийн нэмэлт зардал 1325.0 сая төгрөг шийдвэрлүүлэхээр ажиллаж байна” гэсэн зэрэг байна.
ЗТХЯ-наас техник, технологийн хяналтын ажлын санхүүжилт шийдвэрлэхгүй байгаагаас тус компанид ихээхэн хохирол учирч байна. Ө-Ччиглэлийн авто замд ЗТХЯ-ны албан мэдэгдлийн дагуу 2016, 2017 онуудад үзүүлсэн техник, технологийн хяналт тавих зөвлөх үйлчилгээ үзүүлэхийн тулд 2016. 2017 онуудад Хас банкнаас 1,200,000,000 (нэг тэрбум хоёр зуун сая) төгрөгийн шугаман зээл авч, ажил үйлчилгээгээ явуулж ирсэн бөгөөд өнөөг хүртэл (2018.06.15-ны өдрөөр) нийт 457,259,219 (дөрвөн зуун тавин долоон сая хоёр зуун тавин есөн мянга хоёр зуун арван есөн) төгрөгийг зээлийн хүүнд төлсөн ба 977,678,583 (есөн зуун далан долоон сая зургаан зуун далан найман мянган гаван зуун наян гурван) төгрөгийг борлуулалтаар бүртгэж, энэ борлуулалтын НӨАТ болох 88,879,871 (наян найман сая найман зуун далан есөн мянга найман зуун далан нэгэн) төгрөгийг улсад урьдчилан тушаасан болно.
Эцэст нь ЗТХЯ-ны АЗБХЗГ-ын дарга Д.Дын 2017.08.23-ны өдрийн 06/3712 тоо албан бичгийн дараа ямар нэгэн албан хариу ирүүлээгүй. Улмаар 2018.06.19-ний өдөр ЗТХЯ-БТГ-ын ХОҮХ-ийн дарга Ч.Ртай албан тасалгаанд нь очиж уулзахад, “төсөвт мөнгийг нь суулгаагүй байхад гэрээ байгуулж болохгүй, хүчинтэй гэрээ байхгүй тохиолдолд төсөвт мөнгийг нь суулгаж болохгүй” гэсэн ам тайлбар өглөө. ЗТХЯ-наас энэ өдөр хүртэл итгэл, найдвар төрүүлж, 2 жил өнгөрүүлсний дараа ийм байр суурь илэрхийлсэн тул шүүхэд нэхэмжлэл гаргах болов” гэжээ.
Зам, тээврийн хөгжлийн яам нь 2016, 2017 оны ажлын санхүүжилтийн асуудлыг шийдвэрлээгүй хугацаа алдсан, талуудын хооронд хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн учир компанийн зүгээс Зам, тээврийн хөгжлийн яамтай удаа дараа санал солилцсоны үр дүнд 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 83 дугаартай “Эвлэрлийн гэрээ”-г байгуулсан.
“Эвлэрлийн гэрээ”-ний 2.1-д “Ө-Ччиглэлийн 143 км авто замд техникийн хяналт тавих зөвлөх үйлчилгээний 2016, 2017 оны ажлын нэмэлт гэрээг 2017 оны эхний улиралд багтаан байгуулж, санхүүжилтийг холбогдох журмын дагуу түргэн шуурхай олгоно” гэсэн үүргийг Зам, тээврийн хөгжлийн яам, “Эвлэрлийн гэрээ”-ний 3.1-д зааснаар Зам, тээврийн хөгжлийн яамнаас нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагуудаасаа “Э” ХХК татгалзах үүргийг тус тус хүлээсэн байдаг.
Компанийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, иргэний журмаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудаас бүгдээс нь татгалзсан зэрэг нь хэрэгт нотлох баримтаар авагдсан 3 шатны шүүхийн шийдвэрүүдээс тодорхой харагдана.
Харин Зам, тээврийн хөгжлийн яам нь “Эвлэрлийн гэрээ”-нд заасан үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй, мөн тус гэрээ нь шүүхээр орж шийдвэрлэгдээгүй болно.
Зам, тээврийн хөгжлийн яам нь нэгэнт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зайлсхийж байгааг хууль бус эс үйлдэхүй гэж үзэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4, үүний улмаас компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж, хохирол учирч байх тул Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасныг тус тус үндэслэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон болно.” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Зам, тээврийн хөгжлийн яам болон “Э” ХХК-ийн хооронд 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 3 дугаар эвлэрлийн гэрээгээр эвлэрэн, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 301/ХТ2017/00425 дугаар, 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 001/ХТ2017/00512 дугаар, 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 001/ХТ2017/00622 дугаар, 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 001/ШТ2017/00129 дугаар шүүхийн тогтоолуудаар баталгаажуулсан байтал “Э” ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй” гэж заасныг зөрчиж байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагад “Ө-Ччиглэлийн 142.3 км авто замд 2016, 2017 онуудад техникийн хяналт хийсэн ажлын зардал болох 1.325.000.013 төгрөгийг “Э” ХХК-д олгохыг Зам, тээврийн хөгжлийн яаманд даалгах” гэсэн шаардлага нь Зам, тээврийн хөгжлийн яам болон “Э” ХХК нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй бөгөөд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасантай нийцэхгүй байна. Түүнчлэн нэхэмжлэгч нэхэмжлэлдээ "... 2016, 2017 онуудад хийгдсэн техник, технологийн хяналтын ажилд ямар нэгэн гэрээ байгуулагдаагүй...”гэж дурдсан нь “Э” ХХК нь Иргэний хуулийн 351 дугаар зүйлийн 351.1.1-д “Гэрээнд заасан... зохих журмын дагуу хөлс төлнө” гэж заасны дагуу Зам, тээврийн хөгжлийн яамнаас төлбөр нэхэмжлэх, шаардах хууль зүйн үндэслэлгүй гэдгээ нэхэмжлэгч өөрөө гэрээ байгуулаагүй гэснээрээ хүлээн зөвшөөрсөн байна.
Иймд “Э” ХХК-ний гаргасан нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д “нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох” гэж заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, Б.Б нар 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч тайлбар гаргаж байна. Үүнд:
1. Нэхэмжлэлийн шаардлагад “... зөвлөх үйлчилгээний зардал болох нийт 1,325,000,013 /Нэг тэрбум гурван зуун хорин таван сая арван гурав/ төгрөг төлөхгүй, хугацаа алдуулж байгаа Зам, тээврийн хөгжлийн яамны эс үйлдлийг хууль бус болохыг тогтоох ... 1,325,000,013 /Нэг тэрбум гурван зуун хорин таван сая арван гурав/ төгрөгийг “Э” ХХК-д олгохыг Зам, тээврийн хөгжлийн яаманд даалгах” гэжээ.
Гэтэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т “Энэ хуулийн 8.1.1-д заасан босго үнээс дээш төсөвт өртөгтэй бараа, ажил, үйлчилгээг худалдан авахад энэ хуульд өөрөөр заагаагүй бол нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэнэ” гэж заасан байтал “Э” ХХК нь тендерт өрсөлдөөгүй, Зам, тээврийн хөгжлийн яам болон “Э” ХХК нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй бөгөөд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” мөн хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-д “Гэрээнд заасан ... зохих журмын дагуу хөлс төлнө” гэж заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй байна.
Түүнчлэн захиалагчтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулалгүй шууд 1,325,000,013 /Нэг тэрбум гурван зуун хорин таван сая арван гурав/ төгрөгийн өртөг бүхий ажлыг хийж гүйцэтгэсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д “Хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл” гэж заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд нэхэмжлэлийн шаардлага хамаарч байх тул Зам, тээврийн хөгжлийн яамнаас төлбөр нэхэмжлэх, шаардах хууль зүйн үндэслэлгүй байна.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “... Харин Зам, тээврийн хөгжлийн яам нь “Эвлэрлийн гэрээ”-нд заасан үүргээ өнөөдрийн хүртэл биелүүлээгүй мөн тус гэрээ нь шүүхээр орж шийдвэрлэгдээгүй болно...” гэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 741 дүгээр зүйлийн 741.3-д “Талууд эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж гарын үсэг зурсны дараа эвлэрлийн гэрээг шүүгчид хүргүүлнэ” мөн хуулийн 741 дүгээр зүйлийн 741.7-д “Шүүгч эвлэрлийн гэрээг хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор хянаж баталгаажуулна. Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ ойлгомжгүй, тодорхой бус болсон, эсхүл энэ хуулийн 741.4-д заасныг зөрчсөн бол шүүгч эвлэрлийн гэрээг баталгаажуулахаас татгалзсан захирамж гаргана” гэж заасанд нийцээгүй төдийгүй нэхэмжлэгч өөрөө эвлэрлийн гэрээг хүчин төгөлдөр болоогүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.
3. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “... 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 3 дугаартай ажлын хяналтын зөвлөх үйлчилгээг үзүүлэх захиалагч, зөвлөхийн хооронд байгуулсан 41 дүгээр гэрээний “Нэмэлт гэрээ”-г байгуулсан...” гэж дурджээ.
Гэтэл 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 3 дугаар гэрээ нь 2013 онд төлөвлөгдсөн хяналтын Зөвлөх үйлчилгээний зардал болох 418,000,000.00 /Дөрвөн зуун арван найман сая/ төгрөгийн гүйцэтгэгч “Н*******” ХХК хариуцах ба төлбөртэй холбоотой ажил гүйцэтгэх гэрээ байх тул нэхэмжлэлийн шаардлага болох “Өндөрхаан-Чойбалсан” чиглэлийн 142.3 км авто замд 2016, 2017 онуудад техникийн хяналт хийсэн ажлын зардалтай хамааралгүй байна.
Иймд “Э” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой маргаан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 “Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэж заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д “Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох” гэж заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.” гэжээ.
Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь үндэслэлтэй.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Э” ХХК нь Зам, тээврийн хөгжлийн яаманд холбогдуулан “2016, 2017 онд Ө-Ччиглэлийн 143 км авто замын барилгын ажилд тавигдсан техникийн хяналт буюу зөвлөх үйлчилгээний зардал 1,325,000,013 төгрөгийг төлөхгүй хугацаа алдуулж байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, дээрх ажлын зардал болох 1,325,000,013 төгрөгийг олгохыг Зам, тээврийн хөгжлийн яаманд даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд давж заалдах, хяналтын шатны шүүх “нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах” талаар магадлал, тогтоолд дурдсанаар шүүхээс энэ талаар тодруулсан ч нэхэмжлэгч агуулгын хувьд энэ шаардлагаараа нэхэмжлэлээ тодорхойлсон, энэ шаардлагын хүрээнд шүүх дүгнэж шийдвэрлэх боломжтой гэж үзлээ. Учир нь захиргааны гэрээтэй холбоотой захиргааны байгууллагын эс үйлдэхүй хууль бус эсэх, үүнээс үүдэлтэй хохирол гаргуулах маргааныг энэ нэхэмжлэлийн шаардлагаар захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх боломжтой байна.
Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлэхэд дараах үйл баримтууд тогтоогдож байна.
Зам, тээвэр, барилга хот байгуулалтын яамны 2011 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 4/1047 тоот албан бичгээр[1] “Э” ХХК-д хүргүүлсэн “Ө-Ччиглэлийн 143 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын байнгын хяналтын зөвлөх үйлчилгээ”-ний ажлын гэрээ байгуулах мэдэгдлийн дагуу 2011 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 41 дугаартай[2] “Ө-Ччиглэлийн 143 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын техникийн хяналтын зөвлөх үйлчилгээ үзүүлэх 827,192,047.00 төгрөгийн гэрээ”-г барилгын ажил дуусах хүртэл хугацаагаар Зам, тээвэр, барилга хот байгуулалтын яам Э” ХХК-тай байгуулсан байна.
Дээрх гэрээний нэмэлт 3 дугаартай гэрээ[3]-г 2014 оны 1 дүгээр сарын 23-нд байгуулсан, энэ нэмэлт гэрээнд “замын барилгын ажлыг дуусах хүртэл хугацаагаар хяналтын зөвлөх үйлчилгээний гэрээг сунгаж, 2013 онд төлөвлөгдсөн хяналтын зөвлөх үйлчилгээний зардал 418,000,000 төгрөгийг замын барилгын ажлын гүйцэтгэгч “Н*******” ХХК хариуцахаар, ингэхдээ төлбөрийг Төрийн сангийн дансанд төвлөрүүлж олгохоор тусгасан байдаг.
Мөн Ө-Ччиглэлийн 143 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын хяналтын зөвлөх үйлчилгээний гэрээг шинэчлэн 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 147 дугаартайгаар[4] замын барилгын ажил дуусах хүртэл хугацаагаар байгуулж, хяналтын зөвлөх үйлчилгээний зардлыг 500,000,000 төгрөгөөр тогтоож, мөн өдрийн 06/3142 тоот албан бичгээр “хяналтын зөвлөх үйлчилгээний багийг талбайд ажиллуулахыг зөвшөөрсөн”[5] байдаг.
Дээрх гэрээгээр гүйцэтгүүлсэн хяналтын зөвлөх үйлчилгээний санхүүжилтэд 2011 оны 8 дугаар сарын 02-нд 120,000,000 төгрөг, 2011 оны 9 дүгээр сарын 16-нд 100,000,000 төгрөг, 2012 оны 5 дугаар сарын 24-нд 50,000,000 төгрөг, 2013 оны 8 дугаар сарын 16-нд 300,000,000 төгрөг, 2014 оны 4 дүгээр сарын 10-нд 190,000,000 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 29-нд 376,200,000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 10-нд 108,075,011 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 4-нд 382,996,418 төгрөг, нийт 1,627,271,429 төгрөгийг хяналтын зөвлөх үйлчилгээний ажлын гүйцэтгэлээр нь “Э” ХХК-д олгосон[6] байдаг.
Дээрх төлбөрийн үнийн дүн болон энэ нь 2011-2015 оны ажлын санхүүжилт болох талаар талууд маргаагүй, харин “2016, 2017 онд гүйцэтгэсэн хяналтын зөвлөх үйлчилгээний зардалд 1,325,000,013 төгрөгийн санхүүжилтийг төлөхгүй хугацаа алдуулж байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус” гэж нэхэмжлэгч маргаж, хариуцагч нь “2016, 2017 оны ажилд гэрээ байгуулаагүй тул зардлыг олгох үндэслэлгүй, иргэний шүүх дээр эвлэрсэн тул нэхэмжлэх эрхгүй, нэхэмжлэгч өөрөө эвлэрлийн гэрээг шүүх батлаагүй, хүчин төгөлдөр болоогүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн, зөвлөх үйлчилгээний гэрээ нь захиргааны гэрээ биш тул захиргааны хэргийн шүүхийн харьяаллын биш, 2016, 2017 оны хяналтын зөвлөх үйлчилгээний ажлыг тооцоо нийлж хүлээж аваагүй” зэргээр тайлбарлаж маргажээ.
Шүүх дээрх үйл баримтуудыг нотолж буй хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбарын үндэслэлд дараах дүгнэлтийг хийж, “2016, 2017 онд Ө-Ччиглэлийн 143 км авто замын барилгын ажилд тавигдсан техникийн хяналт буюу зөвлөх үйлчилгээний зардлыг төлөхгүй хугацаа алдуулж байгаа Зам, тээврийн хөгжлийн яамны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дээрх хугацааны зөвлөх үйлчилгээний зардлын тооцоог нийлж олгохыг хариуцагчид даалгаж”, харин дээрх хугацааны зөвлөх үйлчилгээний ажлын зардлыг тооцоо нийлээд маргаан байвал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасан “захиргааны үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан ч хохирлын хэмжээний талаар маргаантай байвал” үндэслэлээр иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэг. Ө-Ччиглэлийн 143 км авто замын 2016, 2017 оны барилгын ажилд тавигдсан техникийн хяналт буюу зөвлөх үйлчилгээний зардлыг төлөхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус байх тул зөвлөх үйлчилгээний зардлын тооцоо нийлж олгохыг хариуцагчид даалгах үндэслэлтэй байна.
А. Ө-Ччиглэлийн 143 км авто замын барилгын ажлын гүйцэтгэл удааширч гэрээнд заасан хугацаанд ашиглалтад хүлээлгэж өгөөгүйгээс багцуудад хувааж 2016, 2017 онуудад гүйцэтгүүлсэн, хариуцагч буюу захиалагч Зам, тээврийн хөгжлийн яам замын барилгын техникийн хяналтыг үргэлжлүүлж гүйцэтгэхийг нэхэмжлэгч компанид хүссэн болох нь хэрэгт авагдсан тус яамны Авто замын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 05/1389 тоот албан бичгээр нэхэмжлэгч “Э” ХХК-д “... барилгын ажлын гүйцэтгэгч 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр барилгын ажлыг эхлүүлэхээр болсон тул тухайн авто замын зөвлөх үйлчилгээний багийг талбайд гаргаж өгөх талаар тус яаманд мэдэгдээд байна. Иймд Ө-Ччиглэлийн 143 км авто замын хяналтын зөвлөх үйлчилгээний ажлыг 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлүүлэх болсныг үүгээр мэдэгдье”[7] гэж, 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 06/2690 тоот албан бичгээр “Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 36 дугаар тушаалын дагуу Ө-Ччиглэлийн 143 км авто замын 2017 оны барилгын ажлыг гүйцэтгэхээр ... компаниуд авто замын бэлтгэл ажлыг 2017 оны 5 дугаар сарын 25-наас хангаж, 2017 оны 6 дугаар сарын 15-наас асфальтбетон хучилтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа тул тухайн автозамын хяналтын зөвлөх үйлчилгээ үзүүлэх 2015 оны 7 дугаар сарын 15-ны 147 дугаар гэрээний ерөнхий нөхцлийн 7.2 (3) заалтын дагуу зөвлөхийн багийг барилгын ажлын талбайд гарган ажиллуулна уу”[8] гэж тус тус хандсанаас тогтоогдож байна.
Ийнхүү Авто замын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.17, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д заасан авто замын барилгын ажилд техникийн хяналт тавих зөвлөх үйлчилгээг Авто замын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасны дагуу захиалагчтай гэрээ байгуулж хэрэгжүүлсэн, өөрөөр хэлбэл төрийн захиргааны байгууллагатай байгуулсан гэрээний дагуу, уг гэрээний хэрэгжилт үргэлжилж байгаа, гэрээний дагуух үүргээ гүйцэтгэх талаарх захиалагчийн албан бичгийн дагуу хяналтын зөвлөх үйлчилгээг гүйцэтгэсэн тул мөн зүйлийн 21.3-т зааснаар авто замын барилгын ажлын техникийн хяналтын зөвлөх үйлчилгээний зардлыг тухайн авто замын байгууламжийн төсөвт өртөгт тусгаж санхүүжүүлэхээр байна.
Нөгөө талаас Ө-Ччиглэлийн 143 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын байнгын хяналтын зөвлөх үйлчилгээний ажлын 2011 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 41 дугаартай гэрээ болон 2014 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 3 дугаартай нэмэлт гэрээ, 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдөр шинэчлэн байгуулсан 147 дугаартай гэрээнд гэрээний хугацааг “замын барилгын ажлыг дуусах хүртэл” гэж тодорхой заасан байдаг.
Иймд хариуцагч Зам, тээврийн хөгжлийн яам 2011, 2014, 2015 онд байгуулсан Ө-Ччиглэлийн 143 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын байнгын хяналтын зөвлөх үйлчилгээний ажлын гэрээний дагуу нэхэмжлэгч “Э” ХХК-иар Ө-Ччиглэлийн 143 км хатуу хучилттай авто замын барилгын ажилд 2016, 2017 онд техникийн хяналт хийлгэсэн байх тул хяналтын зөвлөх үйлчилгээний зардлыг төлөх үүрэгтэй, хяналтын зөвлөх үйлчилгээний зардлыг төлөөгүй хугацаа алдуулж байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус байна.
Нэхэмжлэгч “Э” ХХК Ө-Ччиглэлийн 143 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын хяналтын зөвлөх үйлчилгээний ажлын гэрээг баталгаажуулах, зардлыг шийдвэрлүүлэхээр удаа дараа Зам, тээврийн хөгжлийн яам, тус яамны сайд, эрх бүхий албан тушаалтанд хандсан байдаг. Тухайлбал 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 78/16 тоот албан бичгээр Зам тээврийн хөгжлийн яамны Санхүү, эдийн засгийн хэлтсийн даргад, 2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 102/16 тоот, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 135/17 тоот албан бичгээр тус яамны Төрийн нарийн бичгийн даргад, 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 154/16 тоот, 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 165/16 тоот, 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 198/16 тоот, 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 303/16 тоот, 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 15/17 тоот, 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 149/17 тоот албан бичгээр тус тус Зам, тээврийн хөгжлийн сайдад өөрт нь, 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 179/17 тоот албан бичгээр тус яамны Бодлого төлөвлөлтийн газрын Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн даргад, 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 185/17 тоот албан бичгээр тус яамны дэд сайдад, мөн өдрийн 186/17 тоот албан бичгээр тус яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргад хандсан[9] байдаг.
Хариуцагчаас буюу Зам, тээврийн хөгжлийн яамнаас эрх бүхий этгээдүүд тухай бүр уг зардлыг төсөвт тусгуулж, олгохоор шийдвэрлэсэн талаар нэхэмжлэгч “Э” ХХК-д хариу хүргүүлж байсан. Тухайлбал, Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 03/149 тоот, тус яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 04/2629 тоот, тус яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 06/3712 тоот албан бичгээр дээрх агуулгаар хариу өгсөн байдаг. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Зам тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 06/2820 тоот, тус яамны Бодлого, төлөвлөлтийн газрын 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 04/4079 тоот албан бичгээр зөвлөх үйлчилгээний 2016, 2017 оны зардлыг улсын төсөвт тусгуулах саналыг хэлэлцэж буй[10] талаар хариу өгсөн байдаг.
Мөн хариуцагч яамнаас дээрх зардлыг төсөвт тусгуулахаар Сангийн яаманд 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 01/2381 тоот, 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 01/04 тоот, 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 01/132 тоот, 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдөр 02/733 тоот албан бичгээр хандаж байснаас гадна тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 36 дугаар тушаалаар Ө-Ччиглэлийн 143 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын нэмэлт гэрээ байгуулж, ашиглалтад оруулах хугацааг 2017 оны 10 дугаар сарын 30-ныг хүртэл сунгасан байдаг.
Өөрөөр хэлбэл авто замын барилгын ажилд техникийн хяналт тавих зөвлөх үйлчилгээний ажлын хэмжээний талаар маргаагүй төдийгүй зардлыг нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан хэмжээгээр төлөхөөр хариуцагч яамны эрх бүхий албан тушаалтнууд нэхэмжлэгч компанид болон Сангийн яаманд удаа дараа илэрхийлсэн байдаг ч шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт төлөх үндэслэлгүй гэж маргаж буй нь ойлгомжгүй байна.
Ө-Ччиглэлийн 143 км хатуу хучилттай авто замын багц 1-ын 52.8 км замын барилгын ажлыг Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 07/15/16 дугаартай актаар[11], 2 дугаар хэсгийн 23.35 км авто замын барилгын ажлыг улсын комиссын 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 07/07/17 дугаартай актаар[12], 4 дүгээр хэсгийн 15 км авто замын барилгын ажлыг улсын комиссын 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 07/05/17 дугаартай актаар[13], 3А хэсгийн 10 км авто замын барилгын ажлыг улсын комиссын 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 07/06/17 дугаартай актаар[14], 3 дугаар хэсгийн 13.32 км авто замын барилгын ажлыг улсын комиссын 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 07/20/17 дугаартай дүгнэлтээр[15], 4 дүгээр хэсгийн 27.98 км авто замын барилгын ажлыг улсын комиссын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 07/19/17 дугаартай дүгнэлтээр[16] нийт 142.39 км замын ажлыг улсын комисс хүлээж авсан, нэхэмжлэгч нь эдгээр замд техникийн хяналтыг хэрэгжүүлсэн эсэх талаар маргаагүй байна.
Энэ нь улсын комиссын актуудаас гадна Ө-Ччиглэлийн авто замаас “Э” ХХК техникийн хяналтын зөвлөх үйлчилгээг хэрэгжүүлсэн 143 км хатуу хучилттай авто зам ашиглалтад орсон талаарх авто замын байршлын схем[17] зургаар тогтоогдож байна.
Дээрхээс дүгнэвэл зам, тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын захиалгаар авто замын барилгын ажилд техникийн хяналтыг хэрэгжүүлсэн, уг замын барилгын ажлыг улсын комисс хүлээж авсан байх тул гүйцэтгэсэн ажлын зардлыг төлөөгүй хариуцагчийн эс үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах захиргааны үйл ажиллагааны зарчимд нийцэхгүй, нийтийн эрх зүйн харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч хуулийн этгээдэд эдийн болон мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүсгэсэн хууль бус байна.
Иймд Ө-Ччиглэлийн 143 км хатуу хучилттай авто замын барилгын ажилд 2016, 2017 онд техникийн хяналт хийсэн зөвлөх үйлчилгээний зардлыг төлөөгүй Зам, тээврийн хөгжлийн яамны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 2016, 2017 онд техникийн хяналт хийсэн зөвлөх үйлчилгээний зардлын тооцоог нийлж нэхэмжлэгчид олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.
Б. Ө-Ччиглэлийн 143 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын байнгын хяналтын зөвлөх үйлчилгээний ажлын гэрээ нь төрийн өмчийн хөрөнгөөр хийгдэж байгаа, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах зохицуулалтад болон Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.3-т заасан “дэд бүтийн суурь үйлчилгээг бий болгохтой холбогдсон харилцаа”-д хамаарах захиргааны гэрээ тул энэ гэрээний дагуух зардлыг төлөөгүй захиргааны байгууллагын эс үйлдэхүйг хууль бус гэх нэхэмжлэлийн шаардлагаар захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэхээр байна.
В. Иргэний хэрэг дээр эвлэрсэн тул нэхэмжлэх эрхгүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.
Хэрэгт авагдсан иргэний хэргийн шүүхийн шийдвэрүүд[18]-ээс үзэхэд нэхэмжлэгч “Э” ХХК-иас Зам, тээврийн хөгжлийн яаманд холбогдуулж Хавчигийн хавцал-Манхан чиглэлийн 28.3 км /20,942,182 төгрөгийн/, Өлгий-Хашаатын даваа чиглэлийн эхний ээлжинд 60 км /43,512,602 төгрөгийн/[19], Ө-Ччиглэлийн IV ээлжийн 27.7 км /16,813,022 төгрөгийн/[20], Улаанбаатар-Мандалговь чиглэлийн нийт 32 кв /22,373,222 төгрөгийн/, Бага улаан даваа-Манхан чиглэлийн 25 км /19,943,005 төгрөгийн/, Тэмээн хүзүү-Бага улаан даваа чиглэлийн 110.8 км авто замын /43,588,588 төгрөгийн/[21], Бага улаан даваа-Уртын гол чиглэлийн 50 км /29,690,323 төгрөгийн/[22], Дорнод аймгийн Хөлөн буйр сумын Хэрлэн голын 163.1 у/м төмөр бетон гүүр, Баруун Урт-Өндөрхаан чиглэлийн 132 км авто замын /52,815,844 төгрөгийн/[23] зохиогчийн хяналт хийсний ажлын хөлсийг нэхэмжилж, хэргийг хяналтын шатны шүүхэд хянах явцад дээрх нэхэмжлэлүүдээсээ татгалзсан, Зам, тээврийн хөгжлийн яам, “Э” ХХК-ийн хооронд 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан 83 дугаартай эвлэрлийн гэрээ[24]-нээс үзвэл дээрх иргэний хэргүүдийн хариуцагч Зам, тээврийн хөгжлийн яам “Ө-Ччиглэлийн 143 км хатуу хучилттай авто замын техникийн хяналтын зөвлөх үйлчилгээний 2016, 2017 оны ажлын нэмэлт гэрээг 2017 оны эхний улиралд багтаан байгуулж, санхүүжилтийг шуурхай олгох, нэхэмжлэгч “Э” ХХК “дээрх нэхэмжлэлүүдээс татгалзах”, “143 км замын 2017 онд үргэлжлэх ажилд техникийн хяналт тавих зөвлөх үйлчилгээг хэрэгжүүлэх” үүргийг эвлэрлийн гэрээгээр хүлээсэн байдаг.
Тодруулбал хэдийгээр иргэний журмаар гаргасан дээрх нэхэмжлэлүүдээс татгалзах үндэслэл болсон 83 дугаартай эвлэрлийн гэрээг шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар баталгаажуулж тусгаагүй ч нэхэмжлэгч нь “Хавчигийн хавцал-Манхан чиглэлийн 28.3 км, Өлгий-Хашаатын даваа чиглэлийн эхний ээлжинд 60 км, Ө-Ччиглэлийн IV ээлжийн 27.7 км, Улаанбаатар-Мандалговь чиглэлийн нийт 32 кв, Бага улаан даваа-Манхан чиглэлийн 25 км, Тэмээн хүзүү-Бага улаан даваа чиглэлийн 110.8 км, Бага улаан даваа-Уртын гол чиглэлийн 50 км, Баруун Урт-Мөнххаан-Өндөрхаан чиглэлийн 132 км авто замын болон Дорнод аймгийн Хөлөнбуйр сум, Хэрлэн голын 163.1 у/м, 127 у/м төмөр бетон гүүр, Сайншанд-Замын –Үүд чиглэлийн 116.25 км замын барилгын ажилд зохиогчийн хяналт хийсний ажлын хөлсийг гаргуулах” нэхэмжлэлээсээ “Ө-Ччиглэлийн 143 км хатуу хучилттай авто замын техникийн хяналтын зөвлөх үйлчилгээний 2016, 2017 оны ажлын нэмэлт гэрээг 2017 оны эхний улиралд багтаан байгуулж, санхүүжилтийг шуурхай олгох”-оор хариуцагч Зам, тээврийн хөгжлийн яам хүлээн зөвшөөрснийг үндэслэж татгалзсан, энэ талаар уг гэрээнд тодорхой заасан байдаг.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч компани нэхэмжлэлийн шаардлагад хамаарах Ө-Ччиглэлийн 143 км хатуу хучилттай авто замын техникийн хяналтын зөвлөх үйлчилгээнээс гадна өөр чиглэлийн замуудын зохиогчийн хяналт хийсэн, тэдгээрийн зардлыг нэхэмжилж байснаасаа “Ө-Ччиглэлийн 143 км хатуу хучилттай авто замын техникийн хяналтын зөвлөх үйлчилгээний 2016, 2017 оны ажлын нэмэлт гэрээг байгуулж, санхүүжилтийг гаргуулах” нөхцлөөр эвлэрсэн, энэ нөхцлөөр өөр ажлын зардлыг нэхэмжилсэн нэхэмжлэлээсээ “тэдгээр зардлуудыг дахин нэхэмжлэх эрхээ алдаж” татгалзсан байх тул “Ө-Ччиглэлийн 143 км хатуу хучилттай авто замын техникийн хяналтын зөвлөх үйлчилгээний 2016, 2017 оны зардал 1,325,000,013 төгрөгийг төлөхгүй хугацаа алдуулж байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, дээрх ажлын зардал болох 1,325,000,013 төгрөгийг олгохыг Зам, тээврийн хөгжлийн яаманд даалгах” шаардлага гаргах эрхээ алдаагүй байна.
Хоёр. Нэхэмжлэгч “Ө-Ччиглэлийн 143 км хатуу хучилттай авто замын 2016, 2017 оны барилгын ажлын техникийн хяналтын зөвлөх үйлчилгээний ажлын зардал 1,325,000,013 төгрөгийг олгохыг Зам, тээврийн хөгжлийн яаманд даалгах” шаардлага гаргасан ч 2016, 2017 оны зөвлөх үйлчилгээний ажлын зардлын тооцооллыг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй маргасан байна.
Захиалагч Зам тээврийн хөгжлийн яам /АЗБХЗГ-ын дарга, ХОҮХ-ийн дарга, АЗБХЗГ-ын албаны дарга, ТЗУГ-ын ахлах мэргэжилтэн, ХШҮДАГ-ын 2 ахлах мэргэжилтэн, ЗТХТ-ийн хэлтсийн дарга/ болон зөвлөх үйлчилгээ үзүүлэгч “Э” ХХК 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Ө-Ччиглэлийн 143 км хатуу хучилттай авто замын ажилд техникийн хяналтын зөвлөх үйлчилгээний 2017 оны гэрээг дүгнэсэн[25], ингэхдээ 2011 оноос хойших гэрээний нийт үнийг 1,745,19 сая төгрөгөөр тооцсон, үүнд олгогдсон санхүүжилт 1,627,271,429 төгрөг багтсан, 108,992,047 төгрөгийн санхүүжилт олгогдоогүй байгаа гэсэн тооцоо гаргасан байдаг.
Гэтэл зөвлөх үйлчилгээний хяналтын багийн 2016 оны үйл ажиллагааны зардлыг 977,678,583 төгрөг, 2017 оны үйл ажиллагааны зардлыг 347,321,430 төгрөгөөр зөвлөх үйлчилгээ үзүүлэгч “Э” ХХК тооцоолж гаргасныг захиалагч Зам тээврийн хөгжлийн яамны Автозамын тээврийн бодлогыг хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, тус газрын албаны дарга, ахлах мэргэжилтэн хянаж баталгаажуулсан[26] хэдий ч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зардлын энэ дүнг тус яамны санхүүгийн асуудал хариуцсан газар, хэлтсийн эрх бүхий этгээд баталгаажуулаагүй, өөрөөр хэлбэл “зардлын тооцооллыг талууд нийлээгүй” хэмээн маргаж байгаа нь үндэслэлтэй байна. Учир нь 2011-2015 оны хяналтын зөвлөх үйлчилгээний зардлын тооцооллыг тус яамны Автозамын тээврийн бодлогыг хэрэгжилтийг зохицуулах газрын эрх бүхий албан тушаалтнуудаас гадна СБТХАГ-ын санхүү, эдийн засгийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтнууд захиалагчийг төлөөлөн баталгаажуулсан[27] байна.
Хариуцагч Зам, тээврийн хөгжлийн яамны Бодлого төлөвлөлтийн газраас 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 04/2629 тоот, 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 04/2756 тоот албан бичгээр Ө-Ччиглэлийн 143 км хатуу хучилттай авто замын ажилд техникийн хяналт хийх зөвлөх үйлчилгээний 2011, 2014, 2015 оны гэрээнүүдийн болон 2016 онд хийсэн ажлын, 2017 хийж гүйцэтгэх ажлын зардлын тооцоог нийлэх шаардлагатай талаар “Э” ХХК-д хандаж байжээ.
Иймд хэдийгээр Ө-Ччиглэлийн 143 км авто замын 2016, 2017 оны барилгын ажилд тавигдсан техникийн хяналт буюу зөвлөх үйлчилгээний зардлыг төлөхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 2016, 2017 оны зөвлөх үйлчилгээний зардлыг тооцоо нийлж олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн ч зардлын дүнгийн талаар маргаантай, тооцооллыг талууд нийлэх шаардлагатай байх тул захиргааны хэргийн шүүх зардлын хэмжээг шийдвэрлэх боломжгүй, нэхэмжлэгч нь энэ зардлын хэмжээг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасан “захиргааны үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан ч хохирлын хэмжээний талаар маргаантай” үндэслэлээр иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Түүнчлэн хариуцагч нь Ө-Ччиглэлийн 143 км авто замаас 50 км авто замын барилгын ажил улсын комисс хүлээж аваагүй гэж маргаж, энэ талаарх иргэний хэргийн шүүхэд маргаж байгаа баримтыг шүүх цуглуулсан хэдий ч бүрэн дуусаагүй гэх энэ 50 км авто зам нь нэхэмжлэгчийн техникийн хяналт хэрэгжүүлсэн 143 км авто замд хамааралгүй тусдаа болохыг, уг дуусаагүй 50 км авто замын техникийн хяналтыг өөр этгээд хэрэгжүүлж байгаа болохыг Зам тээврийн хөгжлийн яам 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 10а/5236 тоот албан бичгээр тодорхойлсон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ талаар дахин маргаагүйг дурьдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8, 52 дугаар зүйлийн 52.2.3, Авто замын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.17, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.3, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж 2016, 2017 онд Ө-Ччиглэлийн 143 км авто замын барилгын ажилд тавигдсан техникийн хяналт буюу зөвлөх үйлчилгээний зардлыг төлөхгүй хугацаа алдуулж байгаа Зам, тээврийн хөгжлийн яамны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 2016, 2017 онд Ө-Ччиглэлийн 143 км авто замын барилгын ажилд тавигдсан техникийн хяналт буюу зөвлөх үйлчилгээний зардлыг тооцоог нийлж олгохыг Зам, тээврийн хөгжлийн яаманд даалгасугай.
2. Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч “Э” ХХК нь 2016, 2017 онд Ө-Ччиглэлийн 143 км авто замын барилгын ажилд тавигдсан техникийн хяналт буюу зөвлөх үйлчилгээний зардлын хэмжээг иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэхийг дурьдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХАЛИУНА
ШҮҮГЧ А.НАСАНДЭЛГЭР
ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН
[1] Хэргийн 2 дугаар хавтсын 132 дугаар хуудас
[2] Хэргийн 1 дүгээр хавтсын 31-42 дугаар хуудас
[3] Хэргийн 1 дүгээр хавтсын 44 дүгээр хуудас
[4] Хэргийн 1 дүгээр хавтсын 48-63 дугаар хуудас
[5] Хэргийн 2 дугаар хавтсын 214 дүгээр хуудас
[6] Хэргийн 2 дугаар хавтсын 215-223 дугаар хуудас
[7] Хэргийн 1 дүгээр хавтсын 27 дугаар хуудас
[8] Хэргийн 1 дүгээр хавтсын 29 дүгээр хуудас
[9] Хэргийн 1 дүгээр хавтсын 12-16, 18-21, 23-25 дугаар хуудас
[10] Хэргийн 3 дугаар хавтсын 39, 62, 85 дугаар хуудас
[11] Хэргийн 2 дугаар хавтсын 157-160 дугаар хуудас
[12] Хэргийн 1 дүгээр хавтсын 228-230 дугаар хуудас
[13] Хэргийн 1 дүгээр хавтсын 237-240 дүгээр хуудас
[14] Хэргийн 1 дүгээр хавтсын 246-249 дүгээр хуудас
[15] Хэргийн 1 дүгээр хавтсын 208-210 дугаар хуудас
[16] Хэргийн 1 дүгээр хавтсын 217-219 дүгээр хуудас
[17] Хэргийн 3 дугаар хавтсын 194 дүгээр хуудас
[18] Хэргийн 2 дугаар хавтсын 55-57, 59-116 дугаар хуудас
[19] Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1068, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 96 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 425 дугаар тогтоол
[20] Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1208 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 486 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 129 дугаар тогтоол
[21] Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1271 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 346 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 512 дугаар тогтоол
[22] Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1559 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 462 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 552 дугаар тогтоол
[23] Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1579 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 566 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 622 дугаар тогтоол
[24] Хэргийн 1 дүгээр хавтсын 84-85 дугаар хуудас
[25] Хэргийн 2 дугаар хавтсын 198-201 дүгээр хуудас
[27] Хэргийн 2 дугаар хавтсын 202-212 дугаар хуудас