Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 020/2014/0529/З |
Дугаар | 221/МА2015/0229 |
Огноо | 2015-06-03 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2015 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 221/МА2015/0229
Цутгамал ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Түмэнбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Цэндсүрэн, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Л.Бат-Эрдэнэ нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 175 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Цутгамал ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Цутгамал ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2009 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 108 дугаар захирамжаар тус дүүргийн 18 дугаар хороо, Ган залаа ХХК-ийн баруун талд 804 мкв газрыг үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай, эзэмших эрхийн 0172608 тоот гэрчилгээтэйгээр эзэмшдэг. Уг эзэмшиж буй газар Нийслэлийн Засаг даргын 1999 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А-33 дугаар захирамжаар анх олгогдсон, ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй, бид газрын давхцал байгаа эсэхийг шалгуулах хүсэлтээ өгсөн боловч хариу ирүүлээгүй юм.
Манай компани Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2009 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 108 тоот захирамжаар, тус дүүргийн 18 дугаар хороо, Ган залаа ХХК-ийн баруун талд 804 мкв газрыг үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхийн 0172608 тоот гэрчилгээтэй газраа цаашид эзэмших хүсэлтэй байна. Иймд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 119 дугаартай захирамжийн 1 дэх заалтын Цутгамал ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч талаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3 дахь заалтыг зөрчин гаргасан дүүргийн Засаг даргын 2009 оны 108 дугаар захирамжийн Цутгамал ХХК-д холбогдох хэсгийг 2012 оны 119 дүгээр захирамжаар хүчингүй болгосон байна. Дээрх захирамжийн дагуу Каркас ХХК-аас манай албанд гаргасан хүсэлтдээ Цутгамал ХХК нь маргаантай газрын талаар шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул дээрх компанид мэдэгдэл өгч манай газрыг чөлөөлүүлж өгнө үү гэж хандаж байсан болно. Иймд Цутгамал ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд Каркас ХХК-аас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Цутгамал ХХК-д газраа шилжүүлсэн гэх Цэнхэр суварга ХХК нь 2004 онд газрын гэрээ байгуулаад нэг төгрөг ч төлөөгүй, ямар ч үйл ажиллагаа явуулаагүй учир 2007 оны 12 дугаар сарын 03-ны өдөр шүүхийн шийдвэрээр татан буугдсан боловч 2009 оны 06 дугаар сард гэнэт үхсэн хүн амь орж байгаа мэт амилж Монгол улсад хүчин төгөлдөр бус болсон хуучин загварын компанийн гэрчилгээ гаргаж ирээд мөн цагдаагийн байгууллагад хураагдаж устгалд орсон байх ёстой тамгыг ашиглан 2009 онд байгуулагдсан Цутгамал ХХК-аар 5 жилийн төлбөрийг нэг дор төлүүлж хуурамч бичиг баримтаар захирамж гаргуулсан байсныг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар тогтоож 2010 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 02/746 тоот албан бичгээр Нийслэлийн Газрын албанд зөрчлийг арилгуулж Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2009 оны 108 дугаар захирамжийн Цутгамал ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах үүрэг өгсний дагуу Нийслэлийн Газрын албанаас Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд захирамжийг хүчингүй болгох албан шаардлага хүргүүлж улмаар 2012 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 119 дугаар захирамжаар хүчингүй болгосон. Иймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 175 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 119 дүгээр захирамжийн 1 дэх заалтын Цутгамал ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дөлгөөн, өмгөөлөгч Л.Бат-Эрдэнэ нар давж заалдах гомдолдоо: 1. Нэхэмжлэгч дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн.
"Хуульд өөрөөр эаагаагүй бол иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харъяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргана" гэсэн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар эүйлийн 6.1 дэх заалтыг зөрчсөн.
Нэхэмжлэгч болох "Цутгамал" ХХК нь түүнд газар эзэмших эрх олгосон Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2009 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 108 дугаар захирамжийн "Цутгамал" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон дүүргийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 119 дүгээр захирамжийг хэзээ мэдсэн гэхээр "2013 оны 12 дүгээр сарын 10-ны өдөр мэдсэн" байдаг. Энэ нь дараахь баримтаар нотлогддог.
"Цутгамал" ХХК-ийн газар эзэмших эрхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 119 дүгээр захирамжаар хүчингүй болгосон гэсэн утгатай Нийслэлийн өмч, газрын харилцааны дарга Ш.Төмөрбаатар 2013 оны 07 дүгээр сарын 02-ны өдрийн 5/3477 тоот албан бичгийг "Цутгамал" ХХК-д хаяглан гаргасан байдаг.
Сонгинохайрхан дүүргийн өмч, газрын харилцааны албанд гаргасан "Асуудал шийдвэрлүүлэх тухай" "Цутгамал" ХХК-ийн 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 38 тоотод "Ш.Төмөрбаатарын албан бичгийн хуулбар хувийг авсан" гэсэн байна. Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга З.Болдбаатарт гаргаж байсан "Цутгамал" ХХК-ийн 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 08 тоотод "Ш.Төмөрбаатарын албан бичгийн хуулбар хувийг авсан" гэсэн байна.
Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 616 дугаартай магадлалын Хянавал хэсэгт " Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 119 дүгээр захирамжаар "Цутгамал" ХХК-д газар олгосон 2009 оны 108 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтын 11 дэх хэсгийг хүчингүй болгосон баримт хавтаст хэрэгт авагдсан байх ба энэ 119 дүгээр захирамжид хариуцагч талаас гомдол гаргаагүй байна" гэснийг хариуцагч тал болох "Цутгамал" ХХК тухайн үед уншиж мэдсэн байна.
Энэ асуудлыг анх 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр мэдсэн гэж "Цутгамал" ХХК нь шүүхэд гаргасан 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн нэхэмжлэлдээ дурьдсан байна. Эндээс үзэхэд "Цутгамал" ХХК нь газар эзэмших эрхээ хүчингүй болгосон Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 119 дүгээр захирамжийг "2013 оны 12 сарын 10-ны өдөр мэдсэн бөгөөд гомдлоо дээд шатны албан тушаалтан болох Нийслэлийн Засаг даргад гаргалгүй, Дүүргийн өмч, газрын харилцааны алба, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга гэсэн өөр субъектүүдэд хандаж хугацаа алдсан байдаг.
Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.8-д заасан "хуулийн хугацааг хэтрүүлсэн" тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх байтал анхан шатны шүүх "хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлээгүй байна" гэсэн нь үндэслэлгүй юм.
2. Захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй талаар
Газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага болон Засаг даргын хооронд үүссэн маргааныг тухайн Засаг даргын дээд шатны Засаг дарга шийдвэрлэнэ" гэж Газарын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д заасан байна. "Цутгамал" ХХК нь газар эзэмших эрхээ хүчингүй болгосон Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 119 дүгээр захирамжийг 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр мэдсэн бөгөөд харамсалтай нь хуульд зааснаар Нийслэлийн Засаг даргад гомдол огт гаргаагүй.
Харин Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг өмчийн харилцааны газарт 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 39 дүгээр хүсэлт гаргасан байна. Хүсэлтдээ "Цутгамал" ХХК нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2009 оны 05 сарын 06-ны өдрийн 108 дугаар захирамжаар тус дүүргийн 18 дугаар хороонд 804 м газар эзэмшдэг.
Гэтэл Каркас ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2007 оны 650 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд 10298м газрыг барилгын цэргийн 047 дугаар ангиас хувьчлан авсан манай газар гэж маргалдаж байна. Иймд дээрх газруудад давхцал үүссэн эсэх, Батлан хамгаалахын сайд газар эзэмших эрх олгодог эсэх талаар манайд бичгээр хариу ирүүлж тусална уу. Манай компани цаашид газраа эзэмшиж ашиглах хүсэлтэй байгаагаас гадна Каркас ХХК нь манай компанийг газар чөлөөл гэж шаардах эрхтэй эсэх талаар тодруулж хариу ирүүлэхийг хүсэж байна. Захирал Б.Түмэнбаяр" гэсэн байна.
Нийслэлийн өмчийн харилцааны газрын орлогч дарга М.Батсайхан 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн № 5/5744 дугаартай "Цутгамал" ХХК-д өгсөн хариундаа "Манай газарт хандаж ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч танилцлаа. Давхацсан тухай гомдлоо шүүхэд хандан шийдвэрлүүлнэ үү" гэсэн байна.
Ийнхүү "Цутгамал" ХХК нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 119 дүгээр захирамжийн тухайд Нийслэлийн Засаг даргад гомдол гаргаагүй, харин агентлаг нь хүчингүй болсон газрын давхцалын талаар хүсэлт гаргасан байтал шүүх гомдлыг хүлээн авч, улмаар Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.3-д заасан "Захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй" гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх байтал харин эсрэгээр "нэхэмжлэлийг ханган шийдвэрлэсэн"-д гомдолтой байна. Мөн энэ үндэслэлээр гаргасан гуравдагч этгээдийн гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар шийдвэртээ тусгаагүй, шийдвэрлэлгүй орхисонд анхан шатны шүүхэд гомдолтой байна.
3. Газрын тухай хуулийн 39 дугээр зүйлийн 39.1.2 дахь заалт, 41 дүгээр зүйлийн 41.1 дэх заалт, 38 дугаар зуйлийн 38.3.2 дахь заалт, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтуудыг зөрчсөн талаар,
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга 2009 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 108 дугаар захирамжаар "Цутгамал" ХХК-д 804 мкв газрыг эрх зүйн чадваргүй "Цэнхэр суварга" ХХК-аас шилжүүлэн эзэмшүүлэхдээ дээр дурьдсан хуулийн заалтуудыг зөрчсөн.
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар өөрөө хууль бус шийдвэрээ хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 119 дүгээр захирамжаар "Цутгамал" ХХК-д газар олгосон 2009 оны 108 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтын 11 дэх хэсгийг хүчингүй болгосон.
Гэтэл анхан шатны шүүх "хариуцагчийн буюу төрийн албан тушаалтны хянан шалгасны үндсэн дээр газар эзэмшүүлэх шийдвэр гаргах үүргээ биелүүлээгүй буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч хохирох ёсгүй" гэсэн үндэслэлээр дүүргийн Засаг даргын 2012 оны 119 дүгээр захирамжийг хүчингүй болгож, "Цутгамал" ХХК-д газар эзэмших эрх олгосон 2009 оны 108 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтын 11 дэх хэсгийг сэргээсэнд гомдол гаргаж байна.
Учир нь энэ шийдвэр нь газар олгох эрх бүхий албан тушаалтнуудын санаатай болон санамсаргүй хууль бус үйлдлийг зөвтгөн дэмжсэн, өөрөөр хэлбэл, тэд хууль зөрчин байж иргэн, хуулийн этгээдэд газар олгох юм бол, дараа нь шүүх үзэхдээ "төрийн байгууллага хууль зөрчсөн буруутай тул иргэн, хуулийн этгээд хохирох ёсгүй, тиймээс хууль зөрчсөн нь хамаагүй, та бүхэн газраа ав" гэж шийдвэр гаргасантай адилхан бөгөөд Монгол улсад "хууль бус газар эзэмших явдлыг түгээн дэлгэрүүлэх" үр дагавартай байна. Мөн төрийн байгууллага "өөрөө алдаагаа засаж болохгүй" гэсэнтэй агаар нэг шийдвэр гаргалаа.
Нөгөө талаас "Цутгамал" ХХК-аас "хууль бус газар эзэмшлийг чөлөөлөх тухай" шийдвэрлэсэн 3 шатны шүүхийн шийдвэр хэрэгжихгүй, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа зөрчилд орох асуудал үүсэж байна.
Мөн Нийслэлийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 132 тоот захирамжаар Батлан хамгаалах яамны харьяа Барилга, хөрөнгө оруулалт, захиалагчийн албанд эзэмшүүлж, улмаар Нийслэлийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 650 дугаар захирамжаар "Каркас" ХХК-д эзэмшүүлсэн 10298 мкв газартай "Цутгамал" ХХК-ийн 804 мкв газар давхацсан маргаан "жинхэнэ ёсоор" эхэлж, шүүхийн процесс эцэс төгсгөлгүй үргэлжлэх үр дагавартай шийдвэр гаргалаа.
Харамсалтай нь шүүх Нийслэлийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 650 дугаар захирамжаар "Каркас" ХХК-д эзэмшүүлсэн 10298 мкв газартай давхцуулан хожим буюу Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга 2009 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 108 дугаар захирамжаар "Цутгамал" ХХК-д 804 мкв газрыг хууль зөрчин эзэмшүүлсэн байтал эсрэгээр "Цэнхэр суварга" ХХК-ийн эзэмшиж байгаа газартай давхацуулан "Каркас" ХХК~д газар эзэмшүүлсэн нь хууль зөрчсөн байна гэсэн алдаатай дүгнэлт гаргалаа. Учир нь газар эзэмших эрх нь дуусгавар болж, татан буугдан эрх зүйн чадваргүй болсон "Цэнхэр суварга" ХХК-ийг шүүх иргэний эрх зүйн чадвартай мэтээр тооцсон нь хуулиас гадуур "шүүгчийн үнэнийг харах мэлмий хаагдсан" үйлдэл байна.
Иймд дээр дурьдсан манай гомдлын 3 үндэслэлийг хянан үзэж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 175 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг буюу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, эсхүл шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогч нарын шүүхэд гаргасан тайлбарт үндэслэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 119 дүгээр захирамжаар Цутгамал ХХК-ийн газар эзэмших эрхийг газар давхардсан, газраа зориулалтын дагуу 2 жил дараалан эзэмшээгүй гэж хүчингүй болгожээ.
Нэхэмжлэгч Цутгамал ХХК дээрх захирамжаар хүчингүй болгосон Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2009 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 108 дугаар захирамжаар тус дүүргийн 18 дугаар хороо, Ганзалаа ХХК-ийн баруун талд байрлах 804 мкв үйлдвэрлэл үйлчилгээний зориулалт бүхий газрыг Цэнхэр суварга ХХК-ийн контор цайны газрын зориулалттай 30х8 м хэмжээтэй хуучин модон барилгыг худалдан авсантай холбогдуулан тус барилгын байрлаж байгаа 804 мкв газрын ашиглах, эзэмших эрхийг шилжүүлэх тухай Цэнхэр суварга ХХК-ийн захирлын тушаал, нэхэмжлэгчийн газар эзэмших ашиглах эрхийг шилжүүлэн авах тухай хүсэлт, газар эзэмших эрх шилжүүлэх тухай 2008 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн гэрээ зэрэг холбогдох баримтыг бүрдүүлэн өгсний дагуу шилжүүлэн эзэмшсэн байна.
Харин Цэнхэр суварга ХХК нь анх Нийслэлийн Засаг даргын 1999 оны А-33 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд 0,34 га газрыг 5 жилийн хугацаагаар аж ахуйн зориулалтаар эзэмших эрх үүссэн байх бөгөөд мөн Засаг даргын 2004 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 87 дугаар захирамжаар газар эзэмших эрхээ сунгуулжээ.
Гуравдагч этгээд Карказ ХХК Нийслэлийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 19-ний 650 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд 10298 мкв газрыг 5 жилийн хугацаатай орон сууцны зориулалтаар Батлан хамгаалахын яамны Барилга хөрөнгө оруулагч захиалагчийн албанаас шилжүүлэн эзэмшжээ. Үүнээс өмнө тухайн газрыг буюу 11500 мкв газрыг Нийслэлийн Засаг даргын 2005 оны 167 дугаар захирамжаар Барилгын цэргийн 047 дугаар анги эзэмшиж байсныг Нийслэлийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 132 дугаар захирамжаар Батлан хамгаалахын яамны Барилга хөрөнгө оруулагч захиалагчийн алба шилжүүлэн авч 15 жилийн хугацаагаар эзэмших эрхтэй болсон байна.
Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчид газар эзэмших эрхийнхээ зарим хэсгийг шилжүүлсэн Цэнхэр суварга ХХК-ийг Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 1071 дүгээр шийдвэрээр татан буулгах шийдвэр гарсан боловч гуравдагч этгээд Карказ ХХК-ийг газар эзэмших үед тус компанийн үл хөдлөх хөрөнгө тухай газарт байсан байхад Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасны дагуу тухайн газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцсан эсэх талаар судлалгүйгээр газрыг давхацуулан олгосон нь үндэслэлгүй байна. Үүний улмаас нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэн авсны үндсэн дээр эзэмших эрх шилжүүлэн авсан газрыг дүүргийн Засаг даргаас газар давхцуулан эзэмшүүлсэн гэх үндэслэлээр хүчингүй болгосон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны эрх ашгийг зөрчсөн байна.
Түүнчлэн нэхэмжлэгч Цутгамал ХХК нь тухайн газраа тусдаа хашаатай, үйл ажиллагаа явуулж газраа эзэмшиж ашиглан хуульд заасны дагуу газрын төлбөрөө төлж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байхад 2 жил дараалан газраа ашиглаагүй гэх үндэслэлээр газар эзэмших эрх хүчингүй болгосон нь үндэслэлгүй.
Нэхэмжлэгч нь Нийслэлийн өмчийн харилцааны газрын 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 5/5744 дүгээр албан бичгээр маргаан бүхий асуудлаа шүүхэд хандан шийдвэрлүүлнэ үү гэсний дагуу 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх учир гуравдагч этгээдийн нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэх гомдол үндэслэлгүй байна.
Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэххэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 175 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлангуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН