Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 150

 

 

          Д.Б-д холбогдох эрүүгийн

       хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ц.Оч, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

            прокурор Ч.Алтансүх,

            хохирогч Э.Б-,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1670 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Э.Б-гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Д.Б-д холбогдох 1806028351817 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Хотгойд овгийн Д.Б, 19 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..,.... дүүргийн ... дүгээр хороо,.......... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: .............../;

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 554 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих, 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял тус тус шийтгүүлж, уг хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан;

 

Д.Б- нь согтуугаар 2018 оны 2 дугаар сарын 2-ны орой 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 18а байрны 60 тоотод, “найзтай маргалдлаа” гэх шалтгаанаар иргэн Э.Б-гийн нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Д.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хотгойд овгийн Д.Б-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Б-ыг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, Д.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 1.800.000 төгрөг нөхөн төлсөн болохыг, хохирогч Э.Б- нь гэмт хэргийн улмаас учирсан гэмтлийг эмчлүүлэхэд гаргасан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

 

Хохирогч Э.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Д.Б-д цохиулж эрүүл мэнд, гоо сайхнаараа хохирсон. Хөдөлмөрийн чадвараа тогтмол 5 хувь алдсан. Эрүүний яс хугарсан, 34 дүгээр шүд хугарсан, нүүрэн тус газраа ил харагдах сорви, гоо сайхны хохирол болон уг гэмтлээс болж түр хугацаанд хөдөлмөр эрхэлж зээлийн төлбөрөө төлөх боломжгүй болсон гэх мэт эрүүл мэнд, гоо сайханаараа хохирсон. Мөн анхан шатны шүүхийн тогтоосон тогтоолтой санал нийлэхгүй, гомдолтой байна. Д.Б- нь 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 554 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн тэнсэн харгалзах ял эдэлж байсан. Ийм хүн хохирлоо барагдуулаагүй, уучлалт гуйж хийсэн үйлдэлдээ гэмшээгүй байхад нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр торгох ялаар шийтгэсэнд гомдолтой байна. Иймд надад учирсан хохирлыг барагдуулж өгч, тохирсон шийтгэл оногдуулж өгнө үү.

1. Эрүүний яс залгах хагалгаагаар тавьсан ялтас төмөр хадаасыг авхуулан, бүрэн мэдээ алдуулалттай хийх мэс ажилбарын зах зээлийн ханш 900.000 төгрөг.

2. Хугаралаас болж унасан 34 дүгээр шүдний оронд буйланд суулгах шүдэлбэр буюу /эмплант шүд/ араа шүд 2.000.000 төгрөг.

3. Ялтас төмөр авах хагалгааны дараа хийлгэх нөхөн сэргээх, хэвтэн эмчлүүлэх нэг өдрийн 50.000 төгрөг, 15 хоног хэвтэн эмчлүүлэхэд 750.000 төгрөг.

4. Эрүүний яс залгах хагалгаа болон хагалгааны дараах үрэвсэл, түүний эмчилгээ, шарх цэвэрлүүлэх боолт хийлгэх. Одоо ором тавьсан ялтас, төмөр хадаас авах мэс засал, мэс заслын дараах нөхөн сэргээх эмчилгээ, мэс заслын шархны цэвэрлэгээ боолт хийлгэх зэрэг нийт 4 сарын ажил эрхлэх боломжгүй хугацааг тооцон мөрдөн байцаагчид өгч байсан миний мэдүүлэгт дурьдаж байсанчилан Банк бус санхүүгийн байгууллагад төлдөг миний зээлтэй тэнцэх хэмжээ буюу 3.200.000 төгрөг, нийт 6.850.000 төгрөгийн хохирлыг барагдуулж өгөхийг хүсч байна. Уг нэхэмжилж буй үнийн дүнгүүд нь хувийн эмнэлгийн зах зээлийн одоогийн тариф, хувийн эмнэлгүүд үнийн дүнтэй тамгатай бичиг хийж өгөхөөс эрс татгалзаж байгаа учир арга буюу үнийг ингэж бичлээ. Банк бус санхүүгийн байгууллагад төлдөг миний автомашины зээл эхнэр Б.У-н нэр дээр байдаг учир зээлийн гэрээг хавсаргав. ... гэв.

 

Прокурор Ч.Алтансүх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогч Э.Б-гийн гаргасан давж заалдах гомдолтой танилцсан. Анхан шатны шүүхэд хохирогч Э.Б- ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй. 1.800.000 төгрөгийн хохирол төлөгдсөн гэж үзэж, хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйгээр шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх хуралдаан дээр шүүгдэгч Д.Б- гэм буруугийн талаар маргасан байдаг. Мөн шүүгдэгч Д.Б-ын хувийн байдлыг харгалзан шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, нийтэд тустай ажил хийлгүүлэх саналтай байна. Анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс Д.Б-ыг 500 цагийн хугацаатай нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргасан. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан ялыг хөнгөдсөн байна гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар торгох ялыг нийтэд тустай ажил хийлгэх ялаар солих саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Хавтас хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

 

Шүүгдэгч Д.Б- нь согтуугаар 2018 оны 2 дугаар сарын 02-ны орой 20 цагийн үед........... дүүргийн .......... дүгээр хороо, ...... байрны ...... тоот, өөрийн гэртээ хохирогч Э.Б-г бусадтай маргалдлаа гэсэн шалтгаанаар нүүрэн тус газар цохиж, эрүүл мэндэд нь доод эрүүний зүүн хэсгийн далд хугарал, 34 дүгээр шүдний булгарал бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь хэрхэн яаж хохирол учруулсан талаар дэлгэрэнгүй мэдүүлсэн хохирогч Э.Б-гийн мэдүүлэг /хх 12-16/, гэрч Э.О-ийн “...Б ахынд Б бид хоёр очиж хонож байсан. Орой намайг 23 цаг өнгөрч байхад яваад очиход Б, Б, бас нэг эрэгтэйгийн хамт гурвуулаа сууж байсан. Намайг ороход нэг ах, нэг эгч зөрөөд гарч байсан. Гурвуулаа уучихсан, гэхдээ тасраагүй байсан. Б надад Б ах намайг цохьсон гэсэн” гэх мэдүүлэг /хх 18/, гэрч С.А-ын “...тэгтэл Б ах пиво ууж байснаа босч ирээд больцгоо манай гэрт битгий хэрүүл шуугиан тариад бай гэж хэлээд Батманлайг нэг удаа алгадаад авахаар нь би найз хүүхэн О-той гарсан” гэх мэдүүлэг /хх 23/, “Э.Б-гийн биед доод эрүүний хэсгийн далд хугарал, 34-р шүдний булгарал гэмтэл тогтоогдсон нь хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх 27/ болон хэргээ хүлээн мэдүүлсэн Д.Б-ын мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг” гэсэн Арваннэгдүгээр бүлэгт хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан ба шүүгдэгч Д.Б-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй бөгөөд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.  

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Б-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Б-ын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохируулан, түүнийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Хохирогч Э.Б- “тухайн үед учирсан хохирлыг бүрэн гаргуулаагүй, цаашид эрүүний яс залгах гэх мэт хагалгаанд мөнгө хэрэгтэй тул нийт 6.850.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэсэн утга агуулга бүхий давж заалдсан гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна. 

 

Учир нь, шүүх гэм хорын хохирлыг гаргуулахдаа бодит гарсан зардлыг нотлох баримтад үндэслэн тооцдог бөгөөд хохирогч нь энэ талаарх баримтаа шүүхэд өгөөгүйгээс шүүх хохирол гаргуулалгүйгээр жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Д.Б- нь гэм хорын хохиролд тооцож 1.800.000 төгрөгийг хохирогч Э.Б-д өгсөн байх бөгөөд эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг заасан анхан шатны шүүхийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан зохицуулалтад нийцжээ.

 

Иймд хохирогч Э.Б-гийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.  

 

Харин тухайн хэрэг давж заалдах шатны шүүхэд хянагдаж байх хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тус хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл бий болсон тул үүнтэй холбоотой өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.Б-д холбогдох хэргийг “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

2. Хэргийг хэрэгсэхгүй болгосонтой холбогдуулан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1670 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болгосгуай.

3. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогч Э.Б-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

            4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                                   

 

ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР          

 

                                    ШҮҮГЧ                                                                        Ц.ОЧ

 

ШҮҮГЧ                                                                        Б.ЗОРИГ