| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2018/0504/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/532 |
| Огноо | 2018-07-05 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ч.Ганхуяг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 2018/ШЦТ/532
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оч,
улсын яллагч П.Нямцэцэг,
шүүгдэгч Ч.Г, түүний өмгөөлөгч Ц.Тунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овгийн Ч.Гт холбогдох эрүүгийн 1811003830473 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Боржигин овгийн Ч.Г, 1988 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, боловсролгүй, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, ХМК 58г байрны 42 тоотод оршин суух хаягтай,
Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 301 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 150 цагийн албадан ажил хийлгэх ял шийтгүүлсэн,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 223 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 12.240.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, регистрийн дугаар СЮ88101278.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Ч.Г нь 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Улсын их дэлгүүрийн 1 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг Эдэлвайс үнэт эдлэлийн тасгийн лангуунаас 680.000 төгрөгийн үнэ бүхий алтан бөгжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Ч.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв, нэмж мэдүүлэх зүйлгүй, хохирол төлбөрийг төлж барагдуулсан…” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Б.Н нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 16 цагийн үед Улсын Их дэлгүүрийн 1 давхарт байрлах Эдэлвайс тасагт ажлаа хийгээд зогсож байтал хамгаалагч Ганболд нэг алтан бөгж барьчихсан, энэ танай бөгж мөн үү гээд зогсож байсан. Тэр бөгжийг аваад үзэхэд манай бөгж байсан. Хамгаалагч нэг хүн бариад ирсэн. Тэр хүн бөгж хулгай хийсэн хүнтэй хамт явж байсан юм байна лээ. Бөгж хулгай хийсэн хүн нь зугтчихсан гэсэн… ” гэжээ /хх-13/.
Гэрч Г.Ганболд мэдүүлэхдээ: “...2018 оны 3 дугаар сарын 16-ны орой 17 цагийн үед Улсын Их дэлгүүрийн 1 давхарт объектууд шалгаад явж байтал манай хамгаалагч Даваадорж 2 давхраас бууж ирээд 2 сэжигтэй залуу яваад байна. сая 1 давхар руу буучихлаа нэг нь тэр байна гээд зааж өгтөл хар малгайтай бор куртиктэй залуу байсан. Би тэр хар малгайтай бор куртиктэй залууг ажиглаж байгаад нэг харахад 1 давхарт Эдэлвайс нэртэй алт мөнгөний тасгийн лангуун дээрээс алтан бөгж аваад явж байхад нь би бөгж бариад явж байсан гараас нь барьж аваад бөгжийг нь авч халаасандаа хийгээд хамгаалагч Даваадоржид нөгөө залууг нь бариад ав гэж хэлээд би бөгж авсныг нь дагуулаад өрөө рүүгээ явж байтал миний гараас мултраад зугтаачихсан...” гэжээ /хх-18/.
Гэрч Г.Даваадорж мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр би Улсын Их дэлгүүрийн 2 давхарт үүрэг гүйцэтгэж байсан. Гэтэл сэжиг бүхий 2 согтуу эрэгтэй хүн явж байсан. Нэг нь доошоо буугаад явчхаар нь дагаж буугаад нэг давхрын хамгаалагч Ганболдод сэжигтэй хүний талаар хэлээд ажиглаж байгаараа гээд хэлчхээд буцаад 2 давхарт гараад нөгөө хүнийг хайгаад хамгаалагч Гантулгаас асуухад нэг давхар руу буучихсан гэсэн. Тэгээд хоёр давхраас нэг давхар руу буухад шатны хажуу талын лангуунаас хулгай хийж байсан гээд хамгаалагч Ганболд барьчихсан зогсож байсан. Хулгай хийсэн бөгжийг нь гараас нь авч хамгаалагч Ганболдод өгсөн. Ганболд би энийг нь барьж байя чи нөгөө хар куртик өмссөн хүнийг ажиглаж бай гээд намайг явуулсан. Тэгээд би цэцэгний лангууны хажуунаас хар куртиктэй хүнийг барьж аваад жижүүрийн өрөө рүү явж байтал хамгаалагч Ганболд барьж байсан хүнээ алдчихлаа гээд зогсож байсан...” гэжээ /хх-23/.
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-9/, Эд зүйлийн үнэлгээ /хх-24/.
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-32/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-30/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ч.Г нь 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Улсын их дэлгүүрийн 1 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг Эдэлвайс үнэт эдлэлийн тасгийн лангуунаас 680.000 төгрөгийн үнэ бүхий алтан бөгжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ч.Гийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлав.
Хохирогч Б.Н нь “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх тул шүүгдэгч Ч.Г нь бусдад төлөх төлбөргүй болсон байна гэж үзэв.
Шүүгдэгч Б.Нансалмаа нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргах, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигин овгийн Ч.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Гт 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Шүүгдэгч Ч.Г нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргах, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Гт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН