| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 181/2017/03112/и |
| Дугаар | 3273 |
| Огноо | 2017-10-20 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан /захиргааны албан хаагч/, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 3273
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн *******, Цагдаагийн академийн ******* тоот хаягт оршин суух, Боржигон овогт Г*******гийн Ч /РД:*******/-ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн ... цэцэрлэг /РД:*******, Баянзүрх дүүрэг, *******, Цагдаагийн академийн өргөн чөлөө Ц32 хаягт байрлах/-т холбогдох,
Албан тушаал үндэслэлгүй бууруулсан болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Г.Ч,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өнөржаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өмгөөлөгч Б.Анхзаяагийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Г.Ч миний бие 2004 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн ... цэцэрлэгт ахлах тогоочоор ажилласан. Тус цэцэрлэгийн ҮЭ-ийн бүлгийн ахлагчаар 3 дах жилдээ сонгогдсон.
Цэцэрлэгийн ажилчдын хурал дээр 2016.08.27-ны өдөр шинээр ажилд орсон н.Батцэнгэлийг ахлах тогоочоор ажиллана гэдгийг эрхлэгч танилцуулсан. Энэ үед цэцэрлэгийн эрхлэгч миний албан тушаалыг бууруулж тогооч болгосноо амаар хэлсэн. Ингээд би албан тушаал бууруулсан тушаалыг өгөхийг удаа дараа эрхлэгчээс шаардсан боловч надад өгөхгүй байсан.
Ингээд 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б/29 тоот “Г.Чыг тогоочоор ажиллуулах тухай” тушаалыг 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр нэхэж байж авсан.
Тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг баримталсан нь үндэслэлгүй бөгөөд миний нэр хүндэд халдсан зүйл болсон гэж үзэж байна.
Эрхлэгчийн тушаал 2016 оны 08 дугаар сард гарсан атлаа дугаар нь Б/29 тоот байгаагаас үзэхэд уг тушаалыг намайг шаардахаар нөхөж гаргасан гэж үзэж байна. Миний бие ажлын алдаа дутагдал гаргаагүй байхад намайг эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдэл, эс үйлдэхүй гаргасан гэсэн байх бөгөөд албан тушаал бууруулж хуульд заагдаагүй сахилгын арга хэмжээ авсанд гомдолтой байна.
Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 07 тоот шийдвэрээр намайг ахлах тогоочийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу ахлах тогоочоор ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулсан, нийгмийн даатгалын дэвтэрт шүүхийн шийдвэрээр ажилд авсан тухай бичилт хийгдсэн.
Түүнээс гадна Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжаар дүүргийн нутаг дэвсгэрт ажиллах цэцэрлэгийн орон тоог батлахдаа ... цэцэрлэгт ахлах тогооч 2-той байхаар баталсан байна.
Ахлах тогооч байсныг тогооч болгосноор цалин хөлсөнд өөрчлөлт ороогүй боловч хийх ажилд өөрчлөлт орсон, нэр хүндэд ч нөлөөлж байна.
Цэцэрлэгийн эрхлэгч 2015 оны намар шалгалт ирэх гээд байна гээд биднийг бөөнөөр нь дуудаж ирүүлээд 2015.09.21-ний өдөр ажлын байрны тодорхойлолт, 2015.10.01-ний өдөр хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зуруулсан. Үүнээс хойш хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод өөрчлөлт оруулаагүй, шинээр байгуулаагүй болно.
Гэрээнээс зөвхөн хугацаагүй гэдгийг харсан, тогооч гэдгийг хараагүй гарын үсэг зурсан.
Хариуцагчийн төлөөлөгч нь өмнөх шүүх хуралдаанд тус цэцэрлэгт ахлах тогоочийн орон тоо батлагдаагүй гэж тайлбарлаж байсан мөртлөө хэрэгт авагдсан баримтаар ахлах тогоочийн орон тоотой байсан нь тогтоогдож байна.
Б/29 тоот тушаалын талаар тухайн үед шүүхэд хандах гэсэн боловч бичгээр гаргаж өгөөгүй бөгөөд ажил олгогчийн тушаалыг хүлээн авсан өдрөөр тооцож гомдлоо гаргасан.
Иймд Г.Ч намайг ахлах тогоочийн ажил албан тушаалаас үндэслэлгүй бууруулсан болохыг тогтоож урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох ахлах тогоочийн ажилд эгүүлэн томилж өгнө үү гэв.
Хариуцагч Баянзүрх дүүргийн ... цэцэрлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэл шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Г.Ч нь “ахлах тогооч”-оос “тогооч” болгон албан тушаал бууруулсан гэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Г.Ч нь ахлах тогооч албан тушаалд ажиллаж байгаагүй, тэрээр тогооч гэх ажил, албан тушаал хашиж байсан.
Г.Чтай 2015.10.01-ний өдрийн 32/15 тоот хөдөлмөрийн гэрээгээр түүнийг тогоочоор ажиллуулахаар тохиролцсон байдаг. Мөн ажлын байрны тодорхойлолтод тогооч болохыг тусгасан байна. Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны шийдвэрийг үндэслэн ажил олгогч нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийсэн, үүнээс хойш өөрчлөлт оруулаагүй.
Хэрэгт авагдсан баримтаар Г.Ч нь 2016.08.29-ний өдрөөс өмнө ахлах тогооч байсан гээд байна, гэтэл 2016 оны 04, 05 сард ахлах тогоочийн ажлыг н.Янжиндулам гүйцэтгэж байсан байна.
Ажил олгогч нь 2016.08.29-ний өдрийн Б/29 тоот тушаал илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрдөг. Г.Ч хүүхдийн хоолны хэрэглээний мах гадагшаа авч гарсан, бусдад өгсөн асуудлыг 2 удаа гарсан бөгөөд хамт олны зүгээс түүний гаргасан зөрчилд нь арга хэмжээ тооцсонгүй гэдэг асуудал яригдсан.
Үүнтэй холбогдуулаад хамт олны дунд маргаан үүсэхээс сэргийлж, өөрөөр хэлбэл Г.Чыг хамгаалах зорилгоор нэгдүгээрт, түүний ажиллах ур чадварыг үнэлдэг, хоёрдугаарт, түүнд арга хэмжээ авахгүй бол хамт олны дунд буруу үлгэр дуурайлал үзүүлнэ гэж үзсэн тул энэ тушаалыг гаргасан гэж эрхлэгч тайлбарласан бөгөөд энэ тушаал Хөдөлмөрийн тухай хуульд нйицээгүй гэдэгтэй маргахгүй.
Г.Чыг ахлах тогоочийн ажилд эргүүлэн томилуулах шаардлагыг зөвшөөрөхгүй, тэрээр тогоочоор ажиллаж байсан бөгөөд Б/29 тоот тушаалыг түүнд хожим өгсөн гэдэгтэй маргахгүй.
Г.Ч бол ахлах тогоочоор ажиллаж байгаагүй нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн бичилтээр тогтоогдоно.
Иймд Г.Чы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Ч нь хариуцагч Баянзүрх дүүргийн ... цэцэрлэгт холбогдуулан
“ахлах тогооч” ажил, албан тушаалаас үндэслэлгүй бууруулсан болохыг тогтоож урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох “ахлах тогооч”-ийн ажилд эгүүлэн томилуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Баянзүрх дүүргийн ... цэцэрлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь эрхлэгчийн 2016.08.29-ний өдрийн Б/29 тоот тушаалыг хөдөлмөрийн тухай хуульд заасан шаардлага хангаагүй гэдгийг зөвшөөрч байгаа боловч Г.Ч ахлах тогоочоор ажиллаж байгаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргаж байна.
Баянзүрх дүүргийн ... цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б/29 тоот “Г.Чыг тогоочоор ажиллуулах тухай” тушаалаар ахлах тогооч Г.Ч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дах заалт /эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл эс үйлдэхүй давтан гаргасан нь байгууллагын дотоод хяналтаар тогтоогдсон/ тул 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн тогтоочоор ажиллуулж, цалинг ТҮ-3-4 шатлал буюу 431.190 төгрөгөөр тооцож олгохоор шийдвэрлэжээ.
/хх-ийн 27 дугаар тал/
Г.Ч болон ажил олгогч Баянзүрх дүүргийн ... цэцэрлэгийн эрхлэгч Л.Алтанцэцэг нарын хооронд 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан ажлын байрны тодорхойлолтод ажлын байрны нэр-Тогооч, ангилал- Төрийн үйлчилгээний албан хаагч, зэрэглэл: ТҮ-3,
2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан №32/15 тоот хөдөлмөрийн гэрээнд ажлын байрны буюу албан тушаалын нэр-Тогооч, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг-Хүүхдийн хоол хүнс боловсруулалт, үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ-412 398, хөдөлмөрийн нөхцөл-хэвийн, гэрээний хугацаа-Хугацаагүй гэж тус тус тохиролцсон байна.
/хх-ийн 31-36 дугаар тал/
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан дээрх баримтуудаас үзэхэд ажилтан, ажил олгогчийн хооронд “тогооч” ажил, албан тушаалд Г.Чыг ажиллуулахаар 2015.09.21-ний өдөр уг албан тушаалын ажлын байрны тодорхойлолтыг үйлдэж, 2015.10.01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан болох нь тогтоогдож байх бөгөөд үүнээс хойших хугацаанд түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод ажилтан буюу Г.Чыг “ахлах тогооч” ажил, албан тушаалд ажиллуулахаар өөрчлөлт оруулсан гэх байдал тогтоогдсонгүй.
Хөдөлмөрийн харилцаанд оролцогч талууд өөрсдөө хөдөлмөрийн гэрээг хуулийн хүрээнд чөлөөтэй байгуулах, тухайн гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлсон гэж үзэх ба энэ нь талуудын гэрээний чөлөөт байдалтай холбоотой юм.
Харин дээрх хугацаанаас өмнө Г.Ч нь 2005, 2013, 2015 онуудад тус цэцэрлэгт ”ахлах тогооч” ажил, албан тушаал эрхэлж байсан болох нь түүний “2013 онд хийх ажлын төлөвлөгөө”, 2015 оны 03, 04, 05 саруудад хийх ажлын төлөвлөгөө, 2005 оны технологийн карт , 2014 оны 01 дүгээр сарын 23, 2014 оны 01 дүгээр сарын 27, 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрүүдийн ... цэцэрлэгийн өдрийн хоолны цэс, илчлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
/хх-ийн 75-86 дугаар тал/
Нэхэмжлэгч Г.Ч нь “ахлах тогооч” ажил, албан тушаалаас “тогооч” ажил, албан тушаал эрхэлснээр цалин хөлс, ажлын байрны нөхцөлд өөрчлөлт ороогүй боловч гагцхүү сахилгын арга хэмжээ авагдсанаар сахилгын шийтгэлтэйд тооцогдох үндэслэл болж байна гэж тайлбарласан бөгөөд хариуцагч Баянзүрх дүүргийн ... цэцэрлэг уг тушаал хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй гэдэгтэй маргаагүй болно.
Дээрх баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Г.Ч нь хариуцагч Баянзүрх дүүргийн ... цэцэрлэгт “тогооч” ажил, албан тушаалд ажиллаж байсан болох нь тогтоогдож байх бөгөөд түүнийг “ахлах тогооч” ажил, албан тушаалд ажиллаж байхад нь “тогооч” гэх ажил, албан тушаалд ажиллуулсан гэх байдал тогтоогдсонгүй гэж үзэх үндэслэлтэй.
Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т зааснаар ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах эрхтэй ба энэ хугацааг тодорхой бус шалтгаанаар хэтрүүлсэн явдал нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болно.
Нэхэмжлэгч Г.Ч нь ажил олгогч Баянзүрх дүүргийн ... цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б/29 дугаар тушаалыг 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авсан гэж нэхэмжлэлдээ зааж, шүүх хуралдаанд тайлбарласан боловч тэрээр уг тушаалыг 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр мэдсэн гэж үзэхээс гадна энэхүү тушаалын үндэслэлийн талаар тус цэцэрлэгийн захиргаанд 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гаргасан гомдолдоо тодорхой зааж байжээ.
/хх-ийн 26 дугаар тал/
Ажил, албан тушаалаас үндэслэлгүй бууруулсан талаарх цэцэрлэгийн эрхлэгч 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Г.Чд мэдэгдсэн, уг тушаалын талаар байгууллагын захиргаанд нэхэмжлэгчийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гомдол гаргаж байсан хугацаа зэрэг нөхцөл байдлыг харьцуулан дүгнэж үзвэл, 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан Г.Ч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна.
/хх-ийн 5 дугаар тал/
Хуульд заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Баянзүрх дүүргийн ... цэцэрлэгт холбогдох “ахлах тогооч” ажил, албан тушаалаас үндэслэлгүй бууруулсан болохыг тогтоож урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох “ахлах тогооч”-ийн ажилд эгүүлэн томилуулах тухай нэхэмжлэгч Г.Чы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Баянзүрх дүүргийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн “Дүүргийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн орон тооны хязгаарыг батлах тухай” №А/183 тоот захирамжийн 2 дугаар хавсралтаар “Төрийн өмчийн цэцэрлэгүүдийн орон тооны хязгаарыг баталж, батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан өөрийн байгууллагын бүтэц, орон тоог мөрдөж ажиллахыг сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарт үүрэг болгосон байх бөгөөд уг хавсралтын 8 дугаарт ... цэцэрлэгт ...”ахлах тогооч-2, тогооч-2, гал тогооны туслах-3“ орон тоотой байхаар баталжээ.
/хх-ийн 99,103 дугаар тал/
Хариуцагч Баянзүрх дүүргийн ... цэцэрлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Баянзүрх дүүргийн Засаг даргын тус цэцэрлэгт батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарын дотор ажилтан, ажиллагсадтай хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулаагүй гэж тайлбарлаж байна.
Баянзүрх дүүргийн ... цэцэрлэгийн эрхлэгч нь дүүргийн засаг даргаас баталсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан ажиллагсадтай хөдөлмөрийн гэрээ шинэчлэн байгуулаагүй байгааг, мөн 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн “Г.Чыг тогоочоор ажиллуулах тухай” №Б/29 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Баянзүрх дүүргийн ... цэцэрлэгт холбогдох
“ахлах тогооч” ажил, албан тушаалаас үндэслэлгүй бууруулсан болохыг тогтоож урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох “ахлах тогооч”-ийн ажилд эгүүлэн томилуулах тухай нэхэмжлэгч Г.Чы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Чы нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ