| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 181/2017/03248/и |
| Дугаар | 3438 |
| Огноо | 2017-10-31 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 3438
| 2017 оны 10 сарын 31 өдөр | Дугаар 101/ШШ2017/03438 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “М ХХК” ХХК /*******,*******,*******,*******,******* холбогдох,
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх 1.468.580 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Д.Б,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мягмарнаран нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэн Д.Б миний бие 2012 оны 08 дугаар сарын 21-ний өдөр “М ХХК” ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан *******,*******, Да хүрээ хотхон,,талбай бүхий байрыг иргэн Н.Өлзийхишигээс 28.000.000 төгрөгөөр худалдан авч, 25.300.000 төгрөгийг түүнд банкаар шилжүүлж, үлдэх хэсгийг бэлнээр өгсөн.
Н.Өлзийхишиг нь “М ХХК” ХХК-тай 2010-2011 онуудад байгуулсан “Орон сууц захиалан бариулах гэрээ”-ний 2.1-д заасан хугацаанд төлбөрөө бүрэн гүйцэд төлсөн байсан.
Гэтэл “М ХХК” ХХК тус орон сууцыг улсын комисс хүлээж авснаас хойш гэнэт Н.Өлзийхишигтэй байгуулсан гэрээнд огт тусгагдаагүй байрны нийт үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх нэмэгдсэн өртгийн албан татварыг нэмж төлөх, эс өгвөөс үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөхгүй гэсэн шаардлага бүхий мэдэгдэх хуудсыг 2014 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн.
“Мануул Трйэвел” ХХК нь өөрийн ажилтан С.Оюунчимэгтэй зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, уг гэрээнд гарын үсэг зурахыг шаардсан.
Миний бие зээлийн гэрээгээр С.Оюунчимэгээс 1.270.080 төгрөгийг хүлээж аваагүй бөгөөд байр маань зээлийн гэрээний үүрэгт барьцаалагдсан болохыг бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн баримтуудтай танилцаж байж мэдлээ. Уг зээлийн гэрээний дагуу үүрэг гүйцэтгэхийг С.Оюунчимэг надаас шаардаж байгаагүй.
Дээрх зээлийн болон барьцааны гэрээнд гарын үсэг зурсны дараа “М ХХК” ХХК-ийн Голомт банкны 1601003481 тоот дансанд 2014.07.15-ны өдөр 300.000 төгрөг, 2014.08.23-ны өдөр 700.000 төгрөг, 2014.10.31-ний өдөр 270.080 төгрөг, нийт 1.270.080 төгрөг төлсөн.
Миний нэр дээр өмчлөх эрх нь 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдөр бүртгэгдсэн үл хөдлөхийн гэрчилгээг 2014 оны 11 сард “Мануул Трейвэл” ХХК-ийн ажилтан С.Оюунчимэгээс хүлээн авсан.
“Мануул трейвэл” ХХК-тай орон сууц захиалгаар бариулах гэрээг би байгуулаагүй бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт хүргүүлсэн гэрээнд гарын үсэг зураагүй, түүнээс гадна төлбөр бүрэн төлөгдсөн гэдгийг тус компаниас тодорхойлон өгсөн байдаг.
Тухайн үед Улсын бүртгэлийн 2587203 регистрийн дугаартай “М ХХК” ХХК нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10, 5 дугаар зүйлийн 5.1 дэх заалтын дагуу 2010 оны 04 дүгээр сарын 27-нд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн байсан.
Уг хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасны дагуу тус компани нь нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр бараа худалдан борлуулах, ажил үйлчилгээ үзүүлэх ёстой бөгөөд захиалагч иргэдтэй “М ХХК” ХХК-ийн 2010-2011 онуудад байгуулсан “Орон сууц захиалах гэрээ”-нд заагдсан үнийн дүнд нь нэмэгдсэн өртгийн албан татвар шингэсэн байсан гэдгийг мэдээгүй байсныг минь далимдуулан илүү төлбөр төлүүлсэн байна.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9, 4.1.10, 5 дугаар зүйлийн 5.1, 8 дугаар зүйлийн 8.1.1, 10 дугаар зүйлийн 10.1, 10.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн Нэмэгдсэн өртгийн албан татварын хураамжид үндэслэлгүйгээр төлсөн 1.270.080 төгрөгийг буцаан гаргуулах шаардлага гаргаж байна.
Мөн Барилгын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5-д: “Ашиглалтанд хүлээлгэж өгөөгүй барилга байгууламжийг барилгын ажлын явцад шаардагдах цахилгаан, дулаан, халуун, хүйтэн усаар түр хангах бөгөөд байнгын ашиглалтанд хүлээж аваагүй барилга байгууламжийг цахилгаан, холбоо, дулаан, халуун, хүйтэн усаар хангахыг хориглоно”,
19 дүгээр зүйлийн 19.2-т: “Барьж дуусаагүй, дууссан боловч ашиглалтанд хүлээж аваагүй барилга байгууламжийг ашиглахыг хориглоно” гэж тус тус заасан байдаг.
Гэтэл “М ХХК” ХХК нь улсын комисс барилгыг хүлээж авахаас өмнө “Удахгүй улсын комисс хүлээж авна” гэж байрны захиалагчдыг байранд оруулж тэднээс ашиглалтын зардал төлөхийг шаардаж, төлөхгүй тохиолдолд хэрэглээний ус, цахилгаанаар хязгаарлах, бас төлөөгүй ашиглалтын зардал дээр алданги тооцох, улмаар гэрээг цуцлан байрнаас албадан гаргахаар дарамталж байсны улмаас энэ 2 байрны ихэнх оршин суугчдын адил миний бие мөн адил уг байрыг эзэмшиж эхэлсэн 2012 оны 08 дугаар сараас хойш иргэний үүргээ хүндэтгэн биелүүлж байрны ашиглалтын зардлыг бүрэн төлсөөр ирсэн.
Гэвч “М ХХК” ХХК нь манай 65-ын А, Б байрны оршин суугчдын ашиглалтын зардлыг улсаас тогтоосон тарифаас илүү өндөр үнээр төлсөөр байтал үнийн хэмжээнд хүртэлх үйлчилгээг үзүүлээгүй.
2012-2014 оны халаалтын бус улиралд хэрэглээний халуун усаар огт хангаагүй, 2013-2014 оны халаалтын улиралд улсын комисс хүлээж авах хүртэлх хугацаанд халаалт муугаас байр хүйтэн, даарч өвөлжсөн. Халаалтаа сайжруулахыг удаа дараа шаардахад зарим айлууд ашиглалтын зардлаа төлөөгүйгээс халаалтыг олигтой өгөх боломжгүй гэсэн хариу өгч биднийг хохироосон.
“М ХХК” ХХК-ийн барилгыг улсын комисс хүлээж авсан 2014 оны 02 дугаар сарын 27-ны хүртэл хугацаанд аж ахуйн нэгжийн тарифаар тооцож ашиглалтын зардалд 2014.02.14-ний өдөр 109.938.68 төгрөг, 2014.03.14-ний өдөр 88.561.43 төгрөг, нийт 198.500 төгрөг төлүүлснийг нэхэмжилж байна.
Иймд “М ХХК” ХХК-иас үндэслэлгүй нэмэгдсэн өртгийн албан татварт төлсөн 1.270.080 төгрөг, ашиглалтын зардалд төлсөн 198.500 төгрөг, нийт 1.468.580 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч “М ХХК” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“М ХХК” ХХК нь иргэн Д.Бтай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулаагүй бөгөөд өөрийн хөрөнгөөр барилгаа бариад төрийн албан хаагчдад зээлээр олгосон.
“М ХХК” ХХК-тай 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн “Орон сууц захиалан бариулах” 65б/51 тоот гэрээгээр Н.Өлзийхишиг нь орон сууцыг худалдаж авахаар гэрээ байгуулж орон сууцны санхүүжилтийн корпорациас зээл авсан байдаг.
Түүнтэй байгуулсан гэрээний 2.5-д: “Захиалагч НӨАТ-ын баримт авсан тохиолдолд холбогдох татварыг нэмж тушаана”, 2.7-д: “Захиалагч нь “М ХХК” ХХК-ийн Голомт банк-1601003481 данс руу төлбөрөө төлсөн тохиолдолд улсад төлөх НӨАТ-ын 10 хувийг гэрээний үнийн дүн дээр нэмж төлөх үүрэгтэй” гэж гэж тохиролцсон.
Дээрх барилгаа 90 хувийн гүйцэтгэлтэй байхад нь ОССК-тай гэрээ байгуулан, 2011 оны 11 дүгээр сард орон сууц захилан бариулах гэрээгээ дүгнэсэн, хэлцэл байгуулагдсан. Захиалагч нар орон сууцанд орсны дараа ашиглалтын зардал, харуул хамгаалалтын зардлыг төлөхөөр тохиролцсон.
Н.Өлзийхишигтэй байгуулсан гэрээгээр 1 м.кв-ийг 810.000 төгрөг, 22.4 м.кв-ийг 18.144.000 төгрөг байхаар тохиролцсон байсан.
“М ХХК” ХХК нь энэ гэрээний дагуу төлбөр аваад улсад тушаасан бөгөөд энэ баримтаа шүүхэд өгсөн. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу тайлангаа шинэчлэн бүрдүүлээд татварын тайлангаа ил болгож, татвараа төлсөн. Нэгэнт НӨАТ-аа аваад улсад тайлагнаад татварт төлсөн мөнгийг Д.Б биднээс нэхэмжилж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна.
Д.Бгийн тайлбарлаад байгаа Барилгын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5-д ашиглалтанд өгөөгүй барилгыг хүлээж авахыг хориглоно гэсэн заалт байхгүй байна.
Нэхэмжлэгчийн *******,*******, Да хүрээ хотхон 65б байр 2012 оны 01 сард баригдаж, ашиглахад бэлэн болсон. Тухайн үед улсын хэмжээнд барилгын комисс ажиллахгүй байсан.
Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 151 дүгээр тогтоолоор “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм”-ийг баталснаар шинээр улсын комисс ажиллаж барилгыг ашиглалтанд хүлээн авсан.
Үүнээс өмнө 2012.09.17-ны өдөр №26 тоот албан бичгээр Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газарт, 2013.03.04-ний өдөр №04/2013 тоот албан бичгээр Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын Хот байгуулалт Дэд бүтцийн хяналтын албанд хандаж улсын комисс ажиллуулж өгөхийг хүсч байсан.
Байр ашиглалтад хүлээлгэж өгөхөд бэлэн болсон учи захиалагчтай тохиролцоод 2012 оны 01 сараас байранд оруулсан. Бид Н.Өлзийхишигтэй байгуулсан гэрээний дагуу инженерийн дэд бүтцэд холбогдсон ямар ч асуудалгүй байрыг түүнд 2012.02.13-нд хүлээлгэн өгснөөр тэр орон сууцандаа орсон.
Ашиглахад бэлэн орон сууцыг захиалагч нарт хүлээлгэж өгсөн, гэрээний дагуу Н.Өлзийхишиг чанарын доголдолгүй байрыг хүлээн авсан, гэрээний талууд хэлцлээр тохирсон зүйлээ харилцан авсан учир Барилгын тухай хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл байхгүй.
Байрыг 2014.02.26-ны өдөр 2014/127 тоот “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт”-аар улсын комисс хүлээн авсан. Тухайн үед улсын комисс ажиллахгүй байсан нь манай буруугаас болоогүй. Ашиглалтын зардал нь гэрээ байгуулснаас хойших хугацааны 3 сарын зардлаа төлсөн.
Ингээд 2012 оны 01 сард ашиглалтанд өгсөн байрыг Д.Б нь худалдаж авсан байна. Д.Б нь өөрийн амьдран суусан хугацааныхаа ашиглалтын зардлыг төлсөн болохоос бид түүнээс ашиглаагүй хугацааны зардлыг илүү төлүүлсэн зүйл байхгүй. Түүний нэр дээр 2014.06.14-ний өдөр өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан.
“М ХХК” ХХК-ийг төлөөлж С.Оюунчимэг, иргэн Д.Бтай 1.270.080 төгрөгийг тушаасных нь төлөө энэхүү гэрээнд гарын үсэг зурсан гэж бодож байна.
Н.Өлзийхишиг нь орон сууц захиалан бариулах гэрээний дагуу хичнээн төгрөгийг “М ХХК” ХХК-д төлсөн талаарх баримт байхгүй. Байрыг түүнд 2012.02.13-ны өдөр хүлээлгэн өгсөн. НӨАТ-ын падааныг худалдан авагч манай компаниас авах учраас Н.Өлзийхишиг нь гэрээний дагуу үнийг бүрэн төлсөн учраас түүнтэй байгуулсан 2/51 тоот гэрээг хүчингүйд тооцсон байх гэж бодож байна.
Иймд Д.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч “М ХХК” ХХК-д холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх нэмэгдсэн өртгийн албан татварт төлсөн 1.270.080 төгрөг, ашиглалтын зардалд төлсөн 198.500 төгрөг, нийт 1.468.580 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч “М ХХК” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй маргаж байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Н.Өлзийхишиг нь “М ХХК” ХХК-тай 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр №65“Б”/51 тоот “Орон сууц захиалан бариулах гэрээ”-ний дагуу *******,*******, “Да хүрээ хотхон” орон сууцны барилгын 22.4 м.кв талбайтай, байрны 1 м.кв талбайн үнэнд 810.000 төгрөг, нийт 18.144.000 төгрөг төлөх, гүйцэтгэгч “М ХХК” ХХК нь барилгыг батлагдсан зураг төсөл, стандарт, техникийн нөхцөл, нормын дагуу чанартай барьж хүлээлгэн өгөхөөр тохиролцжээ.
/хх-ийн 70-71 дүгээр тал/
Уг гэрээг 2012 оны 02 дугаар сарын 13-ны өдөр гэрээний талууд дүгнэж, “М ХХК” ХХК-иас гэрээний зүйл “Да Хүрээ хотхон”-ы 65 Б байрны 51 тоот орон сууцыг захиалагч Н.Өлзийхишигт хүлээлгэн өгсөн болох нь “Гэрээ дүгнэсэн протокол”-оор тогтоогдож байх ба үүнээс үзэхэд уг орон сууцыг өмчлөх эрх Н.Өлзийхишигт үүссэн гэж үзэхээр байна.
/хх-ийн 115 дугаар тал/
Нэхэмжлэгч Д.Б нь дээрх орон сууцыг Н.Өлзийхишигээс 2012 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 28.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, ийнхүү тохиролцсон даруйд орон сууцны үнэ 25.300.000 төгрөгийг Н.Өлзийхишигийн ХААН банкны 5720636439 тоот дансаар, үлдэх хэсгийг бэлнээр төлсөн гэж тайлбарласан ба 25.300.000 төгрөгийг Н.Өлзийхишигийн дансанд шилжүүлсэн ХААН банкны орлогын баримтыг шүүхэд ирүүлсэн байна.
/хх-ийн 114 дүгээр тал/
“М ХХК” ХХК-ийн *******,*******, 65-ын “А Б” барилга 8 автомашины зогсоолтой, 100 айлын орон сууцны барилгыг 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдөр байнгын ашиглалтад оруулсан нь мөн өдрийн “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын №2014/127 тоот акт”-аар тогтоогджээ.
/хх-ийн 120-121 дүгээр тал/
“М ХХК” ХХК нь өөрийн барьсан дээрх барилгыг байнгын ашиглалтад оруулах комиссын акт гарахаас өмнө буюу 2012 оны 02 дугаар сарын 13-ны өдөр захиалагч Н.Өлзийхишигт хүлээлгэн өгч, орон сууцанд орсны дараа холбогдох төлбөр зардлыг орон сууцыг эзэмшигч төлөхөөр тохиролцсон байх бөгөөд нэхэмжлэгч Д.Б нь уг орон сууцыг Н.Өлзийхишигээс 2012 оны 08 дугаар сарын 21-ний өдөр худалдан авснаас хойш эзэмшиж, ашиглалтын зардал төлж байсан гэж тайлбарласан бөгөөд зохигч энэ талаар маргаагүй болно.
/хх-ийн 115 дугаар тал/
Нэхэмжлэгч Д.Б нь 2014 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 300.000 төгрөг, 2014 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 700.000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 270.080 төгрөг, нийт 1.270.080 төгрөгийг хариуцагч “М ХХК” ХХК-ийн Голомт банкны дансанд “НӨАТ” гэсэн утгаар шилжүүлжээ.
/хх-ийн 6 дугаар тал/
Хариуцагч “М ХХК” ХХК нь дээрх орон сууцыг Д.Б худалдан авч, төлбөрийг бүрэн барагдуулсан тул улсын бүртгэлд бүртгэж Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгож өгөхийг хүссэн 122/41 тоот албан бичиг, Д.Бтай 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан №2/51 тоот “Орон сууц захиалан бариулах гэрээ” зэрэг баримтыг Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст хүргүүлж байжээ.
/хх-ийн 96, 98-103 дугаар тал/
Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч “М ХХК” ХХК-тай дээрх гэрээг байгуулаагүй, уг гэрээнд гарын үсэг зураагүй гэж тайлбарласантай хариуцагч маргаагүй.
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “М ХХК” ХХК нь Н.Өлзийхишигтэй 2011.11.10-ны өдөр байгуулсан №65 Б/51 тоот “Орон сууц захиалан бариулах гэрээ”-ний дагуу түүнийг гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзэн түүнд орон сууцыг хүлээлгэн өгсөн, үүний дагуу түүний эзэмшил, ашиглалтад байсан орон сууцыг нэхэмжлэгч Д.Б худалдан авсан үйл баримт тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй.
Хариуцагч “М ХХК” ХХК нь захиалагч Н.Өлзийхишигийн гэрээний дагуу төлбөр төлсөнтэй холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.
Үүнээс үзэхэд нэхэмжлэгч Д.Б болон хариуцагч “М ХХК” ХХК-ийн хооронд “Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулагдсаны дагуу Д.Б нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх үүрэг үүссэн гэж үзэх байдал тогтоогдохгүй байхаас гадна “М ХХК” ХХК, Н.Өлзийхишиг нарын хооронд 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан №65Б/51 тоот гэрээний 2 дугаар зүйлийн 2.5, 2.7-д заасны дагуу нэмэгдсэн өртгийн албан татварыг нэхэмжлэгч Д.Б төлж барагдуулах үүргийг шилжүүлэн авсан гэх байдал нотлох баримтаар тогтоогдсонгүй гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2017.10.19-ний өдрийн 20-4/1795 тоот албан бичгээр “М ХХК” ХХК-ийг 2010 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлж, 19196 тоот эрилгээ авсан болохыг тодорхойлсон байна.
/хх-ийн 128 дугаар тал/
Д.Б нь дээрх орон сууцыг байнгын ашиглалтад оруулах комиссын 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн №2014/127 тоот дүгнэлт гарахаас өмнө өөрийн хүсэл зоригийн дагуу буюу тодруулбал Н.Өлзийхишигтэй байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дагуу эзэмшиж, ашиглаж байсан байх тул тэрээр ашиглалтын зардал төлөх үүрэгтэй гэж үзэх бөгөөд түүнийг 2014.02.14-ний өдөр 109.938.68 төгрөг, 2014.03.14-ний өдөр 88.561.43 төгрөг, нийт 198.500 төгрөгийг “М ХХК” ХХК-д үндэслэлгүй төлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
Дээр дурдсан байдлуудаар нэхэмжлэгч Д.Б нь ашиглалтын зардал илүү төлсөн гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, хариуцагч “М ХХК” ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлүүлсэн нь үндэслэлтэй гэх нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх туха хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй.
Иймд нэхэмжлэгч Д.Бгийн нэмэгдсэн өртгийн албан татварт төлсөн 1.270.080 төгрөгийг хариуцагч “М ХХК” ХХК-иас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас ашиглалтын зардалд төлсөн гэх 198.500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч “М ХХК” ХХК-иас 1.270.080 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 198.500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч “М ХХК” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 35.032 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Бд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38.447 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ