Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 263/ШЦТ/2020

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                

                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж, шүүгч Ш.Гандансүрэн, Ю.Энхмаа/и/ нарын бүрэлдэхүүнтэй,

 -иргэдийн төлөөлөгч Д.Намсрайжав

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дондовням

-улсын яллагч Э.Билгүүн

-хохирогч С.А

-шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Амаржаргал

-шүүгдэгч Х.Кь нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.К холбогдох эрүүгийн 2034000490131 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хянан хэлэлцэв.

 

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдагдсанаар/

Яллагдагч Х.Кь нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 01 дүгээр сарын 05-ны Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 1 дүгээр фермийн 6-4 тоотод С.Атой маргалдаж, улмаар түүний хэвлийн тус газарт нь зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох хутгаар хутгалсаны улмаас эрүүл мэндэд нь цээжний зүүн талд өрц гэмтээн хэвлийн хөндийд нэвтэрч ходоодны урд ханыг гэмтээн хатгаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийд цус хуралт бүхий хүнд хохиролыг санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч  Х.Кь мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.

Хохирогч С.А мэдүүлэхдээ: “2020 оны 01 дүгээр сарын 05-ны 15 цаг өнгөрч байхад найз Х.Кь ганцаараа хөдөөнөөс ирлээ гээд орж ирсэн. Тэгээд маргааш төрсөн өдөр гэхээр нь болоогүй биз дээ гэхэд чи утсаа авчих гээд архи аваад архи ууж сууж байгаад Х.Каас утсаа авъя би харилаа гэсэн. Тэгээд л юу болсныг мэдэхгүй. Нэг мэдэхэд намайг гадаа гаргачихсан зодоод байх шиг байсан. Тэгээд ухаан ороод чи яагаад намайг зодож байгаа юм бэ гэтэл гэдэс рүү цохих шиг болж, нойтон оргихоор нь гараараа дараад үзсэн чинь цус гарч байхаар нь намайг хутгалчихлаа гэдгийг мэдээд ноцолдож байгаад гарч эгчийнх рүүгээ зугтаасан. Улаан худагт эгчийндээ ороод л ухаан алдаад унасан. Би явлаа утас гаргаж өг гэж хэлхэд би аваагүй гээд маргалдаж, намайг гадаа гарч хутгалсан... Миний хохирол бүгд барагдсан, гомдол санал байхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Үүнд:

Хохирогч С.Аын мэдүүлэг /хх-ийн 10-12 тал/, хохирогч С.Аын дахин өгсөн мэдүүлэг /хх-ийн 13-14 тал/, гэрч 3.Хуанбекийн мэдүүлэг /хх-ийн 16 тал/, гэрч Б.Анхбуянгийн мэдүүлэг /хх-ийн 20 тал/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн №1217 дугаартай дүгнэлт /хх-ийн 22-23 тал/, гэрч А.Саврейгүлийн мэдүүлэг /хх-ийн 64 тал/, гэрч К.Бевиткүлийн мэдүүлэг /хх-ийн 66-67 тал/ эд мөрийн баримтад үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл үзүүлэлт /хх-ийн 73-74 тал/, Х.Кийн мэдүүлэг /хх-ийн 33-34 тал/ зэргийг тус тус шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Х.Кь нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 01 дүгээр сарын 05-ны Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 1 дүгээр фермийн 6-4 тоотод С.Атой маргалдаж, улмаар түүний хэвлийн тус газарт нь зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох хутгаар хутгалсаны улмаас эрүүл мэндэд нь цээжний зүүн талд өрц гэмтээн хэвлийн хөндийд нэвтэрч ходоодны урд ханыг гэмтээн хатгаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийд цус хуралт бүхий хүнд хохиролыг санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

  • Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02 тал/
  • Эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 73-74 тал/,
  • Хохирогч С.Аоос нэхэмжилсэн хохирлын баримтууд /хх-ийн 53-54 тал/
  • Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 29 тал/
  • Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн №1217 дугаартай “С.Аын биед цээжний зүүн талд өрц гэмтээн хэвлийн хөндийд нэвтэрч ходоодны урд ханыг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шархтай, хэвлийн хөндийд хуралт, баруун шуунд шарх, баруун хацар, баруун шилбэнд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх шарх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр, бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Цээжний зүүн талд өрц гэмтээн хэвлийн хөндийд нэвтэрч ходоодны урд ханыг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 22-23 тал/,
  • Хохирогч С.Аын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2020 оны 01 дүгээр сарын 05-ны 15 цаг өнгөрч байхад найз Кадарь ганцаараа хөдөөнөөс ирлээ гээд орж ирсэн. Тэгээд маргааш төрсөн өдөр гэхээр нь болоогүй биздээ гэхэд чи утсаа авчих хоёулаа сумын төврүү орж 5-нд тэмдэглэнэ гэж яриа биздээ гэхээр нь утсаа аваад, картаа аваарай мөнгө хийлгэнэ шүү гэхээр нь бас картаа аваад хамт гарсан. Морьтой хоёулаа сундалаад Хулан дэлгүүр орж 2 шил 0.75 Хараа архи, 0.5 граммын 1 архи аваад хоёулаа төмөр замын гарцруу очиж 1 том Харааг хувааж уусан. Гэгээ тасраад харанхуй болохоор буцах болоод үлдсэн архиа аваад Хуанбек ахынд очоод үлдсэн архиа хувааж уугаад би чамайг хүргээд өгнө гэхээр нь морьтой 1-р ферм Хуанбек ахынд очсон. Гэрт нь Хуанбек ах эхнэр хүүхдүүд нь байж байгаад бүгд хойд өрөөндөө ороод унтсан. Архи ууж сууж байгаад Кадараас утсаа авъя би харьлаа гэсэн.Тэгээд л юу болсныг мэдэхгүй. Нэг мэдэхэд намайг гадаа гаргачихсан зодоод байх шиг байсан. Тэгээд ухаан ороод чи яагаад намайг зодож байгаа юм бэ гэтэл гэдэсрүү цохих шиг болж тэгээд нойтон оргиод явахаар нь гараараа дараад үзсэн чинь цус гарч байхаар нь намайг хутгалчихлаа гэдгийг мэдээд ноцолдож байгаад гарч эгчийнхрүүгээ зугтаасан. Замдаа цус гарч байгаа газартаа бээлийгээ хийж дараад л гүйсэн. Улаан худагт эгчийндээ ороод л ухаан алдаад унасан...Би явлаа утас гаргаж өг гэж хэлээд л би аваагүй гээд маргалдаж намайг гадаа гарч зодоод тэгээд хутгалсан юм...ходоод, өрц цоолж дэлүү зүсэгдсэн шархтай. Нийт зүүн суганд 2 удаа, гар гэдсэн нийт 5 удаа хутгалсан. Би хагалгаанд орсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12 тал/
  • Хохирогч С.Аын дахин өгсөн “...Эмчилгээний зардал мөнгө нэхэмжилж байна. Эмчилгээ болон Төв аймаг цагдаагийн газарт ирж мэдүүлэг өгөх Батсүмбэр сумаас Улаанбаатар хот орж эмнэлэгт үзүүлэх зардал нийт 5.000.000 орчим төгрөг гараад байна. Надад баримт одоо байхгүй байна. Дараа нь баримтыг бүрдүүлж өгнө...Миний гар утас алга болоод түүнээс болоод Кадарьтай маргалдсан юм.Тэгээд маргааш нь миний гар утсыг Кадарь бид хоёрыг очсон айлын эхнэр нь манай эгчид авчирч өгсөн байсан..., ...Кадарь хутгаар миний баруун гарын шуу, хэвлий тус газарт нь нэг удаа, зүүн хавирга тус газарт гурван удаа хутгаар хутгалаж гэмтэл учруулсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 тал/,
  • Гэрч З.Хуанбекийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 21 цагийн үед гэртээ эхнэр хүүхдүүдийн хамт зурагт үзээд байж байтал гаднаас Кадарь, Аманбол хоёр орж ирсэн.Тэгээд цай уугаад Кадарь төрсөн өдөр болж байгаа юм ганц шил архи танайд уучих уу гэхээр нь зөвшөөрч тэр хоёр 0.75 граммийн Хараа архи гаргаж хувааж ууссан. 300 нэртэй Movie box 32-р суваг дээр кино гарч байсан ба би түүнийг үзээд тэр хоёр юм ярингаа архи хувааж уусан. Эхнэр түрүүлээд хүүхэдтэйгээ хойд өрөөнд ороод унтчихсан. Би кино үзэж дуусаад хойд өрөөндөө орж унтсан. Кадарь, Аманбол хоёр том өрөөнд архи уугаад үлдсэн. Нэг мэдсэн цагдаа шөнө орж ирээд намайг сэрээсэн. Тэгээд Кадарь Аманболыг хутгалсан байна гэж мэдсэн..., ...Гаднаас архи хэргэлсэн орж ирсэн. Тэгэхдээ гайгүй л байх шиг харагдсан. Хоорондоо намайг байхад л хэрэлдэж маргалдаагүй. Зүгээр л хоорондоо юм яриад л кино үзээд архи уугаад л үлдсэн...хутгалсан гэх хар иштэй хутга нь манай хутга. Орой кино үзэхийн өмнө уг хутгаар алим хальсалж дуусаад гал тогооны шүүгээний дээд талд заазуурын хамт тавьсан. Намайг унтаж байх хойгуур авсан юм шиг байна. Би хутга заазуураа хүүхэд авчихна гэж дандаа хамгийн дээд тавиур дээр байнга тавьдаг..." гэх мэдүүлэг /хх-ийн 16 тал/,
  • Гэрч Б.Анхбуянгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Намайг Төв аймгийн Батсүмбэр сумын төвд цагдаагийн байранд эргүүлээс буугаад амарч байхад хүн хаалга нүдээд тэгээд хаалга онгойлгож өгөхөд танихгүй эмэгтэй манай дүү хүнд хутгалуулсан. Сумын эмнэлэгт ирсэн байна гэж дуудлага өгсөн юм.Тэгээд яваад очиход Аманбол гэх залуу хэвлий хэсэгтэй хутгалуулсан байдалтай эмнэлэгт ирсэн. Эмч нар оёо тавиад анхны тусламж үзүүлж байсан юм. Би Аманболоос асуухад Кадарьтай хамт архи согтууруулах ундаа уусан. Тэгээд маргалдаад Кадарь намайг хутгаар хатгаж гэмтэл учруулсан юм гэсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 20 тал/,
  • Гэрч А.Саврейгүлийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2020 оны 01-р сарын 05-ны орой нилээн орой нөхөр 2 хүүхдийнхээ хамт гэртээ кино үзээд,  идэж уугаад Кадарь нэг шил 0.75 гр-ийн архи гаргаж ирээд энийг ууж болох уу гэхээр болно гээд тэгээд нөхөр бид хоёрт хийж өгөхөөр нь амсаад жоохон байж байгаад би эхэлж хойд өрөөндөө ороод хоёр хүүхэдтэйгээ унтсан. Удалгүй нөхөр Хуанбек орж ирж унтсан марааш нь буяны ажилд явах байсан болохоор кино үзэж дуусаад унтсан. Тэгээд шөнө цагдаа нар орж ирэхэд сэрсэн. Тэгсэн Аманболын эгч нь Кадарь манай дүүг хутгалсан байна гэж хэлсэн. Тэгэхэд л хутгалсан гэдгийг нь мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 64 тал/
  • Гэрч К.Бевиткүлийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Дүү С.А манайд тэр өдөр байсан. 15 цагийн үед Кадарь ирээд хоёулаа гараад явсан. Тэгээд шөнө болоод гэртээ унтах гээд байж байтал С.А гаднаас нүүр хувцас нь цус болчихсон хаалгаар мөлхөж орж ирээд би хутгалуулчихлаа түргэн дуудаарай гэсээр эмнэлэгрүү ярьж замын машинаар эмнэлэгт хүргэж өгсөн. Тэгээд Кадарь намайг хутгалчихсан гэж өөрөө хэлсэн. Архи бага зэрэг үнэртэж байсан...Баруун цээж, хэвлий, гар, шуу хавиар л зүсэгдсэн цус гарсан л харагдсан. Гэдсэндээ бээлийн хийж дарчихсан орж ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 66-67 тал/
  • Шүүгдэгч Х.Кийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...Аманбол намайг өмссөн байсан хувцасны захаар боогоод миний дотор муухай оргиод манараад миний цээж тус газар луу цохиод тэгэхээр нь би гутлын түрүүнд байсан хутгаар Аманболын хавирга тус газарт нь хутгаар хутгалж гэмтэл учруулсан юм..., ...гутлын түрүүнд байсан хутгаар 2 удаа хатгах шиг болсон юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 тал/ болон хохирогч С.А, шүүгдэгч Х.Кь нарын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тус тус нотлогдон тогтоогдсон байна.

Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлтийн талаар:

Шүүгдэгч Х.Кийн С.Аын цээжний зүүн талд өрц гэмтээн хэвлийн хөндийд нэвтэрч ходоодны урд ханыг гэмтээн хатгаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийд цус хуралт, баруун шуунд шарх, баруун хацар, баруун шилбэнд зулгаралт, цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зэвсэг болон зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, бусад руу дайрч, хатгах, хутгалах, гэмтээж бэртээх нь хууль бус шинжтэйг мэдсээр байж хутгалсан, өөрөө түүнийг хүсч үйлдсэн, дээрх хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд санаатай гэмт үйлдэл хохирогчид учирсан хүнд хохиролтой шууд шалтгаант холбоотой тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Х.Кийг зэвсэг хэрэглэн, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч С.А нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...би эмчилгээний зардалд 2.300.000 төгрөг авсан...одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх хохирлын асуудал байхгүй бөгөөд шүүгдэгч Х.Кь нь бусдад төлөх төлбөргүй болно.

 

            Эрүүгийн хариуцлагын талаар:

            Улсын яллагчаас: “Шүүгдэгч Х.Кьт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэх ялын дүгнэлтийг,  

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Амаржаргал: “Прокурорын саналыг сонслоо, шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасны дагуу 3 жил хорих ял оногдуулж өгнө үү” гэх саналыг,

Хохирогч С.А: “Шүүгдэгчийн өмгөөлөгчтэй санал нэг байна, хамгийн бага ялыг нь оногдуулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан байна.

           

Шүүх шүүгдэгч Х.Кьт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа энэ хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон заасан тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй гэсний дагуу хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлснийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж, тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах боломжтой гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Х.Кьт оногдуулсан хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдлыг харгалзан мөн хуульд заасны дагуу нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

           Бусад зүйлийн талаар:

            Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий Прокурорын 2017 оны 6 сарын 30-ны өдрийн 36,А/68 дугаартай Эрүүгийн хэрэгт хураан авсан хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх журмын 5.3-т “Шүүхийн шийдвэрт устгахаар заасан эд мөрийн баримтыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисс шийдвэрлэнэ.” гэж зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор иштэй 1 ширхэг хутгийг устгахыг зохих байгууллагад даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүйг, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг, шүүгдэгч Х.Кь нь 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүртэл 5 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Х.К зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Х.Кийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Х.К оногдуулсан 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 6-д заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга 1 ширхэгийг устгахыг Төв аймгийн шүүхийн Тамгын газарт даалгасугай.

 

  1. Эрүүгийн 2034000490131 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүйг, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг, шүүгдэгч Х.Кь нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Кийн цагдан хоригдсон 5 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцож, ял эдлэх хугацааг 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн тооцсугай.

 

  1. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х.Кьт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ял эдлэх хугацааг 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

  1. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

  1. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

  1. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Ц.ОТГОНЖАРГАЛ

 

 

                                    ШҮҮГЧИД                            Ш.ГАНДАНСҮРЭН

 

 

                                                                                 Ю.ЭНХМАА