Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 2019/ШЦТ/02

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Боржигон овогт Зоригоогийн Нандинцэцэг даргалж, Нарийн бичгийн дарга Тайж овогт Баньдхүүгийн Алтансолонго Улсын яллагч Сартуул овогт Баярмаагийн Төрболд Шүүгдэгч Сайжрах овогт Пүрвээгийн Аюуш Сайжрах овогт Чагнаадорж Шүүгдэгч нарын өмгөөлөгч Нирун овогт Ванчингийн Содномцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Аюуш, М.Чагнаадорж нарт холбогдох 1823001570108 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Завхан аймгийн Алдархаан сумд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-5, эцэг, эх, дүү нарын хамт Завхан аймгийн Алдархаан сум Аргалант багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Сайжрах овогтой Пүрвээгийн Аюуш, /Регистрийн дугаар: ИА88100412/

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Завхан аймгийн Улиастай сумд төрсөн, 18 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл-3, эцэг, эхийн хамт Завхан аймгийн Улиастай сум Жаргалант баг Нефтийн хэсэг 2 гудамж 06 тоотод оршин суух хаягтай, одоогоор Алдархаан сум Аргалант багт түр оршин сууж байгаа, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Сайжрах овогтой Мөнхбаярын Чагнаадорж, /Регистрийн дугаар: ИЭ00251161/

Шүүгдэгч П.Аюуш, М.Чагнаадорж нар нь бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө 23 цагийн орчимд Завхан аймгийн Алдархаан сум Аргалант баг “Луугарын Цохио” гэх газарт бэлчиж байсан иргэн И.Цэрэндолгорын өмчлөлийн хээр зүсмийн морийг хулгайлсан, В.Дамдинжавын өмчлөлийн гүүг хулгайлахыг завдсан буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлах, Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлд заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлахыг завдах гэмт хэрэгт тус тус холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч П.Аюуш, М.Чагнаадорж нар нь бүлэглэн, 2018 оны 11 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө 23 цагийн орчимд Завхан аймгийн Алдархаан сум Аргалант баг “Луугарын Цохио” гэх газарт бэлчиж байсан адуун сүргээс 2 морь бугуйлдаж авсан боловч нэг морь нь тэдний хүсэл зоригоос үл шалтгаалан алдуурсан, нэг морийг авсан хэргийн үйл баримт нь өөрийнх нь гүү толгойдоо бугуйлтай байсан, хариулж байсан адуунаас нь 1 адуу алдагдсан талаар мэдүүлсэн хохирогч В.Дамдинжавын “2018 оны 11 сарын 13-наас 14-нд шилжих шөнө адуунаас нийт 3 тооны адуу алдсан. Тэгээд адуугаа шүүж үзэхэд халтар зүсмийн мухар дормон тамгатай гүү хүзүүндээ толгой хэсэг нь сүлжмэл, харганан чагттай 6 алд орчим урттай суран бугуйлтай байсан... Надад бол тухайн хэргээс болж хохирол учраагүй миний нэг моринд бугуйл зүүлттэй байсан. Тэр морийг хулгай хийх гэж бугуйлдсан байх. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлгээр, өөрийн алдсан адуугаа хайж байгаад Луугарын цохио гэх газраас бэртсэн байхад нь олсон талаар мэдүүлсэн хохирогч И.Цэрэндолгорын “2018 оны 11 сарын 14-нд 09 цагийн орчим манай адууг хариулж байгаа В.Дамдинжав залгаад адуунаас дутсан байна гэж хэлсэн. ... манай адуунаас зөв талын хаан дээрээ хатансүйх тамгатай хээр морь байхгүй байсан. Тэгээд хайж байгаад 2018 оны 11 сарын 15-нд буюу маргааш нь Завхан аймгийн Алдархаан сум Аргалант багийн нутаг “Луугарын Цохио” гэх газраас олоход хүзүү нь мултарч, толгой нь хавдсан нүд нь юм харахаа байчихсан байсан... Тэр морь мал болохооргүй гэмтэлтэй болсон байсан, морио төлүүлж авмаар байна... М.Чагнаадорж, П.Аюуш нар надад учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан, ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлгээр болон мөрдөн байцаалтын шатанд өөрийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн П.Аюушийн “... 2018 оны 11 сарын 13-наас 14-нд шилжих шөнө 23 цагийн үед Алдархаан сумын Аргалант баг “Луугарын Цохио” гэх газарт урдаас хойшоо явж байсан адуун дээр М.Чагнаадоржийн хамт бид хоёр морьтой явж очоод адууны урдуур би ээрч байхад Чагнаадорж бараан зүсмийн нэг адуу бугуйлдаад авсан байхаар нь би наанаас нь очоод барьж авах гэсэн чинь Чагнаадорж бугуйлаа тавьчихсан. Тэгээд бид хоёр бугуйлтай адуугаа хайгаад олохгүй байхаар нь буцаад уруудаад явж байхад адууны сүүлд 10 гаран тооны адуу явж байхаар нь тасдаж хөөгөөд гэрийнхээ ард байдаг цохионы мухарт шахаад Чагнаадорж гэрээс бас нэг бугуйл авч гарч ирээд тэнд шахсан адуунаас хээр морь барьж аваад урд талын цохионд байх хадны завсарт би араас нь туугаад Чагнаадорж бүсээр хаднаас уяад авч явсан уяагаараа чөдөр хийж чөдөрлөөд орхисон. Тэгээд маргааш нь огт очихгүй байж байгаад шөнө морио аргамжихдаа очиж үзэхэд тухайн морь хадны завсар уясан газартаа бэртээд толгой халцарсан, хавдсан байсан. Тэгээд тэндээс хөтөлж аваачаад гэрийн хойд руу тавьсан...” гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна. Шүүгдэгч нарын үйлдэл нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогджээ. Шүүгдэгч нарын яллагдагчаар өгсөн мэдүүлэг нь хохирогч гэрчийн мэдүүлгээр давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрчээс авсан мэдүүлэг, нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, гэрч хохирогчийн мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны баримтууд байна. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч В.Дамдинжавд 600000 төгрөг, И.Цэрэндолгорт 600000 төгрөг, нийт 1200000 төгрөгийн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна. Шүүгдэгч П.Аюуш, М.Чагнаадорж нар нь И.Цэрэндолгорын 1 морийг бугуйлдан авч өөрийн өмчлөлд аван өөр газар уяж орхисноор гэмт хэрэг төгс үйлдэгдсэн байна. Харин Дамдинжавын гүүг М.Чагнаадорж бугуйлдсан боловч шүүгдэгч нарын хүсэл зоригоос үл шалтгаалан бугуйл алдуурч гүүг алдаж өмчлөлдөө авч чадаагүй хэргийн үйл баримт нь мал хулгайлахыг завдсан гэмт хэргийн шинжтэй байна. П.Аюуш, М.Чагнаадорж нарын Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхэд халдаж бусдын гүүг нууц далд аргаар авахыг завдсан, бусдын морийг нууц далд аргаар авсан үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах, Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлахыг завдах гэмт хэргийн шинжтэй байна. Иймд шүүгдэгч П.Аюуш, М.Чагнаадорж нарыг нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах, Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлахыг завдах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. Шүүгдэгч нар нь хохирогч нарт хохирлоо нөхөн төлсөн нь тэдний мэдүүлгээр тогтоогдож байх тул хохирол төлбөргүй гэж үзлээ. Шүүх П.Аюуш, М.Чагнаадорж нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар гэмт хэрэг бүлэглэж үйлдснийг хүндрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус харгалзан үзлээ. Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэхдээ өөрсдийн өмчлөлийн морийг ашигласан нь хэрэгт авагдсан шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдэхэд ашигласан морь, бугуйл, ногтыг улсын орлого болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 5 м бүсийг М.Чагнаадоржид буцаан олгож, 4 м урттай цэнхэр өнгийн судалтай реминэн уяаг устгах нь зүйтэй гэж үзлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.8-д заасныг, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч нь Сайжрах овогтой Пүрвээгийн Аюуш, Сайжрах овогтой Мөнхбаярын Чагнаадорж нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах, Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлахыг завдах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Аюушийг 300 / гурван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, М.Чагнаадоржийг 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Аюуш, М.Чагнаадорж нар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай. . 4. Шүүгдэгч П.Аюуш, М.Чагнаадорж нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 5. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн П.Аюушийн 600000 төгрөгийн үнэ бүхий морь, М.Чагнаадоржийн 600000 төгрөгийн үнэ бүхий морийг, 14м урттай суран бугуйл-1 ширхэг,1.5 м урттай цагаан судалтай гар аргаар хийсэн ногт-1 ширхэг, 14.1 м урттай суран бугуйл-1 ширхэгийг тус тус улсын орлого болгосугай. 6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 5 м урттай шаргал өнгийн дурдан бүсийг шүүгдэгч М.Чагнаадоржид буцаан олгож, 4 м урттай цэнхэр өнгийн судалтай реминин уяаг устгасугай. 7. Шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй. 8. Шүүгдэгч П.Аюушийн өмчлөлийн халиун зүсний 1 морийг битүүмжилсэн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 5/90 дугаартай прокурорын тогтоолыг, М.Чагнаадоржийн халиун зүсний 1 морийг битүүмжилсэн прокурорын 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 5/89 дугаартай прокурорын тогтоолыг тогтоол биелэгдтэл тус тус хэвээр үлдээсүгэй. 9. Шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн цахим үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхний лавлагаа, цахим үнэмлэхний хуулбар хэрэгт авагдсан болохыг тус тус дурьдсугай. 10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно. 11. Шийтгэх тогтоолыг улсын яллагч болон түүний дээд шатны прокурор, шүүгдэгч , хохирогч тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ З.НАНДИНЦЭЦЭГ