| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2017/0285/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/196 |
| Огноо | 2017-05-19 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Ц.Амгаланбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 2017/ШЦТ/196
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг,
Улсын яллагч Ц.Амгаланбаатар,
Шүүгдэгч Т.П, түүний өмгөөлөгч Л.Ганчимэг /ҮД:1215/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Түмэнжаргалын Баянжаргалыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201725020355 дугаартай хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1994 оны 12 дугаар сарын 1-нд Улаанбаатар хотод төрсөн. 23 настай, эрэгтэй, халх, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, ээж, дүүгийн хамт, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 3а хэсэг Улиастайн 133 тоотод оршин суудаг,
2016 оны 10 дугаар сарын 6-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2016 оны 12 дугаар сарын 28-нд ялын хугацаа дуусч суллагдсан, Боржигон овгийн Түмэнжаргалын Баянжаргал \регистрийн дугаар УЗ 94120154\,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Т.П нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт ял шийтгүүлж ялтай байх хугацаандаа буюу 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 15 цагийн үед Дэнжийн 1000 Зайсангийн чиглэлийн автобусанд зорчиж явахдаа Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол Улсын Багшийн их сургуулийн автобусны буудал орчимд иргэн Х.Цэнгүүний халааснаас “Самсунг Галакси нөүт-5” загварын гар утас хулгайлж, Х.Цэнгүүнд 380.000 /гурван зуун наян мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Т.П шүүхийн хэлэлцүүлэгт “…Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй...” гэв,
түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн:“… 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 15 цагийн үед би автобусанд явж байгаад МУБИС-ийн автобусны буудал дээр ирж зогсох үед миний хажуугаар хохирогч залуу өнгөрсөн. Тэр үед хохирогч залуугийн өмсөж явсан нимгэн куртикны баруун талын халаасанд гар утас байх нь харагдсан. Тэгэхээр нь тэр гар утсыг хулгайлан авах боломжтой харагдахаар нь дагаж очоод баруун халааснаас нь ... гар утсыг хулгайлан авсан...” гэсэн мэдүүлэг /хх-36/,
Хохирогч Х.Цэнгүүний “…2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 15 цагийн үед Зайсангийн Оргил автобусны буудлаас Дэнжийн 1000-Зайсан чиглэлийн автобусанд суугаад МУБИС-ийн баруун талын автобусны буудал хүрэх хооронд халааснаасаа гар утас хулгайд алдсан. ...Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст очиж сэжигтний бүртгэлээс тухайн үед сэжиглэж байсан хүний зургийг хайж ... дэслэгч Эрдэнэбатад миний хажууд зогсож байсан хүнийг зааж өгсөн …” гэсэн мэдүүлэг /хх-11/,
Эд зүйлийн үнэлгээ /хх-9/, Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-6, 7/, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /22/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-21/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-23/, Шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 26-28/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-37, 38/ зэргийг шинжлэн судалсан болно.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.
Шүүгдэгч Т.П нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт ял шийтгүүлж ялтай байх хугацаандаа давтан буюу 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 15 цагийн үед Дэнжийн 1000 Зайсангийн чиглэлийн автобусанд зорчиж явахдаа Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол Улсын Багшийн их сургуулийн автобусны буудал орчимд иргэн Х.Цэнгүүний халааснаас “Самсунг Галакси нөүт-5” загварын гар утас хулгайлж, иргэн Х.Цэнгүүнд 380.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дээр дурдсан хохирогч Х.Цэнгүүний мэдүүлгээс гадна эд зүйлийн үнэлгээ, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд, шүүгдэгч Т.Пын сэжигтэн, яллагдагч шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон.
Түүний энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Т.Пыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Хохирогч Х.Цэнгүүн нь мөрдөн байцаалтад “…гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Т.Пыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Т.Пын дээрх үйлдэлд ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй, харин тэрээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3 дэх хэсэгт заасан буюу ялтай байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Мөн шүүгдэгч Т.Пын ар гэр, хувийн байдал зэргийг харгалзан түүнд эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.П нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297, 298-р зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овгийн Түмэнжаргалын Баянжаргалыг бусдын эд хөрөнгийг бага бус хэмжээтэй хулгайлах гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Т.Пыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 6 /зургаа/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар ялтан Т.Пд оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар ялтан Т.Пын цагдан хоригдсон 6 /зургаа/ хоногийг түүний баривчлах ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
5.Шүүгдэгч Т.П нь бусдад төлөх төлбөргүй, уг хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, ялтан Т.Пын эдлэх баривчлах ялыг 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тоолсугай.
7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолын хувийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Пд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР