Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвасүрэнгийн Галбадар |
Хэргийн индекс | 186/2022/0374/Э |
Дугаар | 2022/ШЦТ/409 |
Огноо | 2022-05-06 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | П.Итгэл |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 2022/ШЦТ/409
2022 05 07 2022/ШЦТ/409
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Баянжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн хэргийг нээлттэйгээр хянан хэлэлцсэн шүүх хуралдааныг
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав,
улсын яллагч Б.Баянжаргал,
шүүгдэгч С.Б нарыг оролцуулан эрүүгийн 2211000000821 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2022 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
С.Б, 1986 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, бүрэн дунд боловсролтой, барилгын засал, чимэглэлчин мэргэжилтэй, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Б нь 2022 оны 3 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө 03 цаг 40 минутын орчим архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 5-57 тоот хашааны гадна хохирогч Ж.Эын эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэн халдаж хүний эрүүл мэндэд баруун, зүүн өвдөг, зүүн нүдний доод зовхи, баруун хацарт цус хуралт, баруун өвдөг, шилбэний урд дээд хэсэг, зүүн өвдөг, баруун зулайн ар хэсэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: хохирогч Ж.Э-н мэдүүлэг, гэрч Н.Эрдэнэцэцэг, М.Ганзориг нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Дугаар 3918 тоот дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд шүүгдэгч С.Б:
1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ дэмжиж оролцсон болно.
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд нь шүүгдэгч С.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 3 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнийн 03 цаг 40 минутын орчим Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 5-57 тоот хашааны гадна хохирогч Ж.Э-г “та нар надтай ингэж ярьдаг болчихсон юм уу гөлөг нар, та нарыг ална” гэх зэргээр хэрүүл маргаан үүсгэж хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэн халдаж, улмаар хохирогчийн нүүрний зүүн хэсэг, толгойн зулай хэсэгт рүү чулуугаар цохиж хүний эрүүл мэндэд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Дугаар 3918 тоот дүгнэлтээр тогтоогдсон “...Ж.Э-н биед баруун, зүүн өвдөг, зүүн нүдний доод зовхи, баруун хацарт цус хуралт, баруун өвдөг, шилбэний урд дээд хэсэг, зүүн өвдөг баруун зулайн ар хэсэгт зулгаралт бүхий гэмтэл ...дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой ...дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүснэ ...гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна ...цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” (хавтаст хэргийн 16-17 дахь тал) гэх гэмтлүүдийг учруулсан болох нь хохирогч Ж.Э мэдүүлсэн “...2022 оны 3 дугаар сарын 07-ны шөнийн 03 цагийн үед манай ээжийн танил гэх С.Б гэгч нь манай гэрийн үүдэнд Эрдэнэцэцэгээ гээд манай ээжийг дуудаад байсан тэгсэн чинь ээж надад гараад байхгүй байна гээд хэлчих гэсэн тэгээд хүргэн ах Ганбаярын хамт гараад хашааны үүдэнд очоод С.Б-д ээж байхгүй байна гэхэд та нар надтай ингэж ярьдаг болчихсон юм уу гөлөг нар, та нарыг ална, тална гэсэн тэгээд хашааныхаа хаалгыг хаах гээд би С.Б-г хойшлуулах гэхэд хойшоо болохгүй газраас чулуу аваад миний нүүрний зүүн хэсэгт буюу хацар луу, толгойн оройн баруун хэсэгт чулуугаар цохисон, мөн хацарлуугаа цохиулсны дараа би ухаан алдаад уначихсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 5 дахь тал), гэрч М.Ганзориг мэдүүлсэн “...2022 оны 3 дугаар сарын 07-ны 03 цагийн үед өөрийн эзэмшлийн 4679 УБУ улсын дугаартай приус 20 загварын тээврийн хэрэгслээр хувиараа такси үйлчилгээнд явж байхад 17-н автобусны буудал дээрээс нэг эрэгтэй хүн такси бариад 6-н буудал орно гэсэн тэгээд Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо хандгайт 5-57 тоотын гадаа очоод хашааны үүдэн дээр нь Эрдэнэцэцэг ээ гээд хүнийг дуудаад орилоод байсан удалгүй уг хашаанаас 2 жоохон хүүхэд гарч ирээд манай ээж байхгүй нэг тийшээгээ явсан гэж хэлсэн чинь уг 2 хүүхэдтэй муудалцаад байсан. Тэгээд нөгөө хоёр хүүхэд нь хашааныхаа хаалгыг хаасан чинь буцааж нээгээд уг хүүхдийн нэгнийх нь нүүр лүү шууд цохиод л байсан уг согтуу залуу нь гартаа чулуу барьчихсан уг хүүхдийг зодоод л байсан тэгсэн чинь эгч нь гарч ирээд салгасан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9 дэх тал), гэрч Н.Эрдэнэцэцэг мэдүүлсэн “...2022 оны 3 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө би Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 5-57 тоот гэртээ хүүхдүүдийнхээ хамтаар унтаж байхад 03 цагийн үед миний уулздаг байсан залуу болох С.Б нь өөрийнхөө 86133154 дугаарын утаснаас миний дугаар луу залгаад байхаар нь би авахгүй байж байгаад нэг авахад намайг хаана байгаа юм бэ гэсэн тэгэхээр нь би чамд ямар хамаатай юм бэ гээд салгачихсан юм. Тэгээд дахиад залгаад байхаар нь утсаа авахгүй байсан ба удалгүй манай хашааны гадна талд ирчхээд миний нэрийг дуудаж орилоод байхаар нь манай хүргэн Ганбаяр гараад ээж байхгүй гэж хэлсэн явахгүй байхаар нь манай хүү Ж.Э гараад намайг байхгүй гэж хэлсэн байсан. Тэгэхэд С.Б нь явахгүй байсан ба манай охин Нандин-Эрдэнэ гараад болиочээ гээд орилоод байхаар нь би ард талаас нь гарсан чинь манай хүү Ж.Э цохичихсон нүдээ дарчихсан зогсож байсан ба манай хүргэнтэй заамдалцаад зогсож байсан. Тэгээд би болиоч гэж хэлээд Ж.Э-г оруулаад С.Б-тай хэрэлдэж байгаад цагдаа дуудсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дэх тал), гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал) болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Дугаар 3918 тоот дүгнэлтээр тогтоогдсон Ж.Э-н биед учирсан гэмтлийг шүүгдэгч С.Б нь түүний биед халдаж учруулсан болох нь хангалттай, хөдөлбөргүйгээр нотлогдон тогтоогдож байна.
3. Шүүгдэгч нь өөрийн хууль зөрчиж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, хүнийг зодсон үйлдэлд хандаж буй сэтгэхүйн харьцаа нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэн. С.Б нь хохирогчийн нүүр, толгой хэсэгт чулуугаар цохиж зодсон улмаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь хохирогчтой маргалдсан, таарамжгүй харилцаа үүсгэсэн хувийн сэдэлттэйгээр гэмт хэрэг үйлдсэн байна.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ. Үүнд: Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол (хавтаст хэргийн 49 дэх тал), хохирогч Ж.Э, шүүгдэгч С.Б нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар ирүүлсэн хүсэлтүүд (хавтаст хэргийн 47-48 дахь тал), яллагдагчид оногдуулах ялын төрөл хэмжээний тухай прокурорын санал (хавтаст хэргийн 55 дахь тал) зэрэг болно.
5. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч С.Быг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэн халдаж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
6. Хохирогч Ж.Э нь мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн “...надад учирсан гэмтэлтэй холбоотой ямар нэгэн зардал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэх (хавтаст хэргийн 5 дахь тал), Чингэлтэй дүүргийн прокурорын газарт хандсан хүсэлтдээ “...надад учирсан гэмтэлтэй холбоотой гомдол санал байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх хүсэлт гаргасан байх тул шүүгдэгч С.Б нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
7. Улсын яллагчаас шүүгдэгч С.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулахаар ялын төрөл, хэмжээг тохиролцсон, энэхүү саналаа шүүхийн хэлэлцүүлэгт дэмжиж оролцсон, шүүгдэгч нь улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх саналыг хүлээн зөвшөөрсөн болно.
8. Шүүгдэгч С.Б нь дээрх гэмт хэргийг санаатайгаар үйлдсэн хэдий боловч урьдаас төлөвлөсөн шинжгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
9. Улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын талаар урьд тохиролцсоны дагуу саналаа гаргасан, санал нь гэмт хэрэг үйлдэгдсэн хэргийн нөхцөл байдалд тохирсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
10. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэгдээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, мөн хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч С.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.Б-д сануулсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд шүүгдэгч С.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ГАЛБАДАР