| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2022/0269/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/294 |
| Огноо | 2022-03-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Я.Мөнхзаяа |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 2022/ШЦТ/294
2022 03 22 2022/ШЦТ/294
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Улсын яллагч: Я.Мөнхзаяа,
Шүүгдэгч: Э.Б /өөрөө өөрийгөө өмгөөлж/,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг нар оролцсон эрүүгийн ...................дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1980 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Төв аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, ам бүл 2, эгчийн хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ................. тоотод оршин суудаг, урьд:
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 94 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2 дугаар зүйлд зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн,
Мөн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 212 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 129 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 294 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож буюу 37 хоногийн хугацаагаар хорих ялаар сольж шийдвэрлэсэн.
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 14 цагийн үед Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, “Тэс петролиум” шатахуун түгээх станцын урд талын замын гэрлэн дохионы хажууд хохирогч Н.Бтэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж архины шилний хагархайгаар түүний цээжний ар хэсэгт хатгаж, эрүүл мэндэд нь цээжний зүүн ар хэсэгт шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...”гэв.
Эрүүгийн ....................... дугаартай хэргээс:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9 дүгээр хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,
Хохирогч Н.Б-гийн “...Би тэр өдөр согтуу явж байгаад таньдаг хүнээрээ нэг шил архи авхуулаад дэлгүүрээс гараад ирсэн чинь хажуу талын Бат-Эрдэнэ дэлгүүрээс гараад ирсэн тэгснээ Бат-Эрдэнэ “чи үлд" гэж намайг хэлэхээр нь би Бат- Эрдэнийн өөдөөс “андаа би чиний архинаас хороогоод байх юм байхгүй ээ” гээд урд нь ороод алхсан чинь Бат-Эрдэнэ араас хагархай шил бариад хүрч ирээд миний зүүн талын хавирга орчим руу нэг удаа цохьсон. Би гарыг нь барьж авах гэсэн чинь барьж авч амжаагүй тэр үедээ юм мэдээгүй жоохон явж байсан чинь хавирганы орчим халуун оргиод байхаар нь нээх тоогоогүй байсан чинь манай хөрш Улаанаа надтай таараад намайг цагдаад аваад ирсэн юм. Зүүн талын хавирганд хоёр оёдол тавиулсан. Намайг Бат-Эрдэнэ архины шил хагалаад шилээр цохьсон. Надад тогтоол өгсөн. Би гэмтлийн эмнэлэгт үзүүлж оёдол тавиулсан. Надад гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,
Гэрч Э.Э-н “...Би өөрийн төрсөн дүү Бат-Эрдэнэ Давхраа Баараа бид хэд 0.75 грамм архи дамбын хийдийн хажууд архи уучхаад бид хэд нилээн муудсан байсан. Тэгсэн Баараа намайг шаавал шаа гээд Бат-Эрдэнийн өөдөөс далчиганаад байсан. Тэгсэн Бат-Эрдэнэ архины шил хагалж байгаад Баараа буюу Баярхүүгийн зүүн суга орчим нь хагархай шилээрээ хатгасан. ...Бат-Эрдэнэ Баярхүүг “зайл чамд архи өгөхгүй” гэсэн чинь Баярхүү “манай найз намайг цохихгүй ээ” гээд байсан. Тэгэхээр нь би “наадах чинь согтуу байгаа чамайг шаана шүү” гэсэн чинь Баараа миний найз намайг шаахгүй гэж байгаад цохиулсан. Ер нь бол архинаас болж ийм зүйл болсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/
Шүүгдэгч Э.Б-н яллагдагчаар өгсөн “....Би хүлээн зөвшөөрч байна...Хэдний өдрийг санахгүй байна тэр өдөр Баараа буюу Баярхүү Дамбын гэрлэн “Тэс петролиум” шатахуун түгээх станцын гэрлэн дохионы тэнд нэг шил архи өвөртөө хийчихсэн явж байсан тэгээд бид хоёр архинаас нь болж маргалдаад би замын хажууд байсан архины шилийг аваад замын брожур дээр хагалаад хагархайг нь бариад Баярхүүгийн араас очоод маргалдаад шилээрээ хатгасан, тэгээд би буцаад яваад өгсөн Баярхүү цаашаа яваад өгсөн... би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлье...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-7 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн №2238 дугаартай шинжээчийн дүгнэлт:
Шүүгдэгч Э.Б-н иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 40 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 27 дугаар хуудас/, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн хуулбар /хх-ийн 29-30 дугаар хуудас/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 33-34 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 14 цагийн үед Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, “Тэс петролиум” шатахуун түгээх станцын урд талын замын гэрлэн дохионы хажууд хохирогч Н.Б-тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж архины шилний хагархайгаар түүний цээжний ар хэсэгт хатгаж, эрүүл мэндэд нь цээжний зүүн ар хэсэгт шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч Э.Бат-Эрдэнийн мэдүүлэг, хохирогч Н.Бгийн мэдүүлэг, гэрч Э.Энхтуяагийн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №2238 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Э.Б нь хохирогч Н.Б-гийн биед хүч хэрэглэсэн байдал, хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч хохирогчийг гэмтээснийг тэдгээрээс болон гэрчээс мэдүүлсэн, хохирогчийн бие махбодод нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас хэрэг болсон цаг хугацаанд эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тогтоогдсон.
Тодруулбал Э.Б нь хохирогчийг цохиж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, цохих үед эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж биеэр үйлдсэний улмаас Н.Бгийн биед хөнгөн гэмтэл учруулан эрүүл мэндэд хохирол, хор уршигт зориуд хүргэжээ.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн /хохирогчоос гомдол саналгүй талаар илэрхийлсэн/, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүх шүүгдэгч Э.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Хохирол, төлбөрийн талаар:
Хохирогч Н.Б-гээс “..надад гомдол санал байхгүй...” гэж хүсэлтээ /хх-ийн 16 дугаар хуудас/ илэрхийлсэн мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй тэдгээр нь хоорондоо эвлэрсэн гэж үзэхээр байна.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Э.Б-г гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид төлөх төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Э.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналын хүрээнд 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар:
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдлаа.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Э.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-г 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН