Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 1021

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонбямба даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах, “Э” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Түнэл сумын 6 дугаар багт байрлах, Хөвсгөл аймгийн Т.... сумын Засаг даргын тамгын газар,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Түнэл сумын 6 дугаар багт байрлах, Хөвсгөл аймгийн Т..... сумын Ерөнхий боловсролын сургуульд тус тус холбогдох

NP10 төхөөрөмжийн үнийн үлдэгдэл төлбөр 4.400.000 /дөрвөн сая дөрвөн зуун мянга/ төгрөг, алданги 2.200.000 /хоёр сая хоёр зуун мянга/ төгрөг, нотариатын хөлс 7.000 /долоон мянга/ төгрөг, бүгд 6.607.000 /зургаан сая зургаан зуун долоон мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 155/2017/0794/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, нэхэмжлэгч байгууллагын захирал Д.Г нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч байгууллагын захирал Сэлэнгэ аймгийн Зүүн хараа суманд 1980 онд төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “Жи-Мобайл” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Хөвсгөл салбарын эрхлэгч ажилтай, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн 2 дугаар байрны 16 тоотод оршин суух, ЕА...... дугаар регистртэй, Б овогт Д.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч болох Хөвсгөл аймгийн Т... сумын Засаг даргын тамгын газар 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр, Хөвсгөл аймгийн Т.... сумын Ерөнхий боловсролын сургууль 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр тус тус “Жи-Мобайл” хязгаарлагдмал хариуцлагатай компанитай зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 240.000 төгрөгийн үнэ бүхий 22 ширхэг NP10 төхөөрөмж буюу модемыг 12 сарын хугацаатай, хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутам 0.3 хувийн алданги тооцох, тус төхөөрөмжийн үнийг сард 220.000 төгрөг төлж барагдуулахаар тохирсон байдаг.

Гэтэл Хөвсгөл аймгийн Т.... сумын Засаг даргын тамгын газар 11 ширхэг NP10 төхөөрөмж буюу модемын үнэ 2.640.000 төгрөгөөс 480.000 төгрөг төлж, үлдэгдэл төлбөр 2.160.000 төгрөгийг, Хөвсгөл аймгийн Т.... сумын Ерөнхий боловсролын сургууль 11 ширхэг NP10 төхөөрөмж буюу модемын үнэ 2.240.000 төгрөгийг тус бүр өдий хүртэл төлөөгүй. Энэ хугацаанд олон удаа төхөөрөмжийн төлбөр төлөхийг шаардаж байсан боловч үр дүнд хүрээгүй учир шүүхэд хандаж, Хөвсгөл аймгийн Т... сумын Засаг даргын тамгын газраас төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 2.160.000 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд тооцсон алданги 1.080.000 төгрөг, нийт 3.240.000 төгрөг, Хөвсгөл аймгийн Т..... сумын Ерөнхий боловсролын сургуулиас төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 2.240.000 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд тооцсон алданги 1.120.000 төгрөг, нотариатын хөлс 7.000 төгрөг, нийт 3.367.000 төгрөг тус тус гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Хөвсгөл аймгийн Т.... сумын Засаг даргын тамгын газраас нэхэмжлэлийн шаардлага болох 3.240.000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн тайлбар ирүүлсэн тул маргах зүйлгүй.

Харин Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ерөнхий боловсролын сургууль 11 ширхэг NP10 төхөөрөмж буюу модемын үнийг төлөхийг зөвшөөрдөггүй. Мөн 10 ширхэг төхөөрөмж авсан гэдэг. Тухайн гэрээг сургуулийн захирал Д.Мягмарнарантай байгуулж, 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр нийт 22 ширхэг модемыг савлаад Түнэл сумын Засаг даргын тамгын газарт явуулж, тус модемоос 11 ширхэгийг Төмөрбаатар дарга өөрийн биеэр Хөвсгөл аймгийн Т.... сумын Ерөнхий боловсролын сургуульд хүлээлгэж өгсөн байдаг. Бид энэ хугацаанд сургуулийн багш нар руу байнга ярьдаг байсан. Багш нар өөр сум руу шилжүүлсэн талаар хариу тайлбар хэлдэг юм. Мөн шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч төлбөр төлөгдөөгүй. Иймд одоо тус сургуулиас 11 ширхэг төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 2.240.000 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд тооцсон алданги 1.120.000 төгрөг, нотариатын хөлс 7.000 төгрөг, нийт 3.367.000 төгрөг гаргуулж авна гэв. 

Хариуцагч Хөвсгөл аймгийн Т... сумын Засаг даргын тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүхэд гаргасан тайлбартаа: Т.... сумын Засаг даргын тамгын газрын 11 албан хаагч нь “Эгшиглэнт-Үйлс” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Жи-Мобайлын модем авсан бөгөөд одоо 3.240.000 төгрөг төлж барагдуулахаар болсон тул зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн гэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Д.Мягмарнаран шүүхэд гаргасан тайлбартаа: Тус сургуулийн багш ажилтнаас зээлээр авсан NP10 төхөөрөмжийн эзэмшигчдийг тодруулж тайлбар авлаа. Үүнд: П.Н, Б.Э, Д.О, Ц.О, Б.О, С.О, Д.Ө, Ц.Б, А.Ж, М.М гэх нэр бүхий 10 багш, ажилтан нар авсан бөгөөд эргэн төлөлтийн хувьд алданги төлөхгүй гэдэг асуудал тавьж байна. Авсан эзэд нь тодорхой болсон тул хүн тус бүрээр төлбөрийг шүүхээр шийдвэрлэн гаргуулж өгнө үү. Тус төхөөрөмжийг сургуулийн захиргаагаар биш өөр хүнээр дамжуулан олгосон тул сургуулийн захиргаа хариуцахгүй өөрсдөөр нь төлүүлэх саналтай байна гэжээ.

Зохигчийн тайлбар болон хэрэгт байгаа, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч “Э” хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Хөвсгөл аймгийн Т... сумын Засаг даргын тамгын газар, Хөвсгөл аймгийн Т сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдуулан NP10 төхөөрөмжийн үнийн үлдэгдэл төлбөр 4.400.000 /дөрвөн сая дөрвөн зуун мянга/ төгрөг, алданги 2.200.000 /хоёр сая хоёр зуун мянга/ төгрөг, нотариатын хөлс 7.000 /долоон мянга/ төгрөг, бүгд 6.607.000 /зургаан сая зургаан зуун долоон мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар шаардах эрхтэй.

      Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

      Нэхэмжлэгч “Э” хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Хөвсгөл аймгийн Т сумын Засаг даргын тамгын газраас NP10 төхөөрөмжийн үнийн үлдэгдэл төлбөр 2.160.000 /хоёр сая нэг зуун жаран мянга/ төгрөг, алданги 1.080.000 /нэг сая наян мянга/ төгрөг, бүгд 3.240.000 /гурван сая хоёр зуун дөчин мянга/ төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Хөвсгөл аймгийн Т сумын Засаг даргын тамгын газар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрчээ.  

     Харин хариуцагч Хөвсгөл аймгийн Т сумын Ерөнхий боловсролын сургууль нь 10 ширхэг NP10 төхөөрөмжийг нэр бүхий 10 багш, ажилтан нар авсан бөгөөд эргэн төлөлтийн алданги төлөхгүй, авсан эзэд нь тодорхой болсон тул хүн тус бүрээс төлбөрийг гаргуулах нь зүйтэй, нэхэмжлэгч “Эгшиглэнт-Үйлс” хязгаарлагдмал хариуцлагатай компани нь 11 ширхэг NP10 төхөөрөмжийг зээлээр худалдах, худалдан авах гэрээг тус сургуулийн захирал Д.Мягмарнаран  төлөөлөн байгуулсан тул төлбөр буюу алдангийг гаргуулна гэж маргаж байна.

Хөвсгөл аймгийн Т сумын Ерөнхий боловсролын сургуулиас 10 ширхэг NP10 төхөөрөмжийн үнийн үлдэгдэл төлбөр 2.000.000 /хоёр сая/ төгрөг, алданги 1.000.000 /нэг сая/ төгрөг, нотариатын хөлс 7.000 /долоон мянга/ төгрөг, бүгд 3.007.000 /гурван сая долоон мянга/ төгрөг гаргуулж, “Эгшиглэнт-Үйлс” хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгох үндэслэлтэй.

Учир нь хариуцагч Хөвсгөл аймгийн Т сумын Ерөнхий боловсролын сургууль, нэхэмжлэгч “Эгшиглэнт-Үйлс” хязгаарлагдмал хариуцлагатай компани /оператор “Жи-Мобайл” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг төлөөлж/-ийн хооронд бараа материал /гар утас, төхөөрөмж, дугаар...бусад/-ыг зээлээр худалдах, худалдан авах, худалдан авагч нь гэрээнд заасан төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр тохиролцон 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулжээ. 

Зохигч гэрээнд заасан дээрх гол нөхцлийг тохиролцсон байх тул  нэхэмжлэгч алданги авах эрхтэй байна. Хөвсгөл аймгийн Т сумын Ерөнхий боловсролын сургууль NP10 төхөөрөмж зээлээр худалдах, худалдах авах гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, тогтоосон хугацаанд зээлийн эргэн төлөлтийг хийгээгүй тул гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-д “Худалдан авагч нь энэхүү гэрээнд заасан төлбөрийг төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлнө” гэсний дагуу хуулинд зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй хэмжээний алданги төлнө. Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчид 7.000 төгрөгийн хохирол учирсан болох нь Монголын нотариатчдын танхимын мөнгөний тасалбараар нотлогдож байна.

Хэргийн зохигч NP10 төхөөрөмж худалдан авсан тооны талаар маргаантай байгаа бөгөөд нэхэмжлэгч нь 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний “Зээлээр авсан бараа материалын нэр төрөл, тоо, үнэ” гэх 1 дүгээр хавсралт, “Зээлээр авсан бараа материалын үнийг эргэн төлөх хуваарь”-ийн хуулбаруудыг нотлох баримтаар ирүүлсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий бичгийн хэлбэртэй баримтыг бичмэл нотлох баримт гэнэ”, 44 дүгээр зүйлийн 44.2-д “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө...” гэж заасан шаардлагыг хангаагүй, нотариатаар гэрчлээгүй тул үнэлэх боломжгүй байх ба мөн 11 ширхэг NP10 төхөөрөмж өгсөн гэдгээ нотлож чадахгүй учир хариуцагчийн зөвшөөрснөөр 10 ширхэг төхөөрөмж авсан гэж дүгнэв.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Т сумын Ерөнхий боловсролын сургуулийн шүүхэд “...нэр бүхий 10 багш, ажилтан нар авсан бөгөөд эргэн төлөлтийн хувьд алданги төлөхгүй гэдэг асуудал тавьж байна...Тус төхөөрөмжийг сургуулийн захиргаагаар биш өөр хүнээр дамжуулан олгосон тул сургуулийн захиргаа хариуцахгүй...”  гэх тайлбар гаргаж байгаа ч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүргээ биелүүлээгүй болно.

Иймд хариуцагч Хөвсгөл аймгийн Т  сумын Засаг даргын тамгын газрын зөвшөөрсөн NP10 төхөөрөмжийн үнийн үлдэгдэл төлбөр 2.160.000 /хоёр сая нэг зуун жаран мянга/ төгрөг, алданги 1.080.000 /нэг сая наян мянга/ төгрөг, бүгд 3.240.000 /гурван сая хоёр зуун дөчин мянга/ төгрөгийг, хариуцагч Хөвсгөл аймгийн Т сумын Ерөнхий боловсролын сургуулиас нэхэмжилсэн 10 ширхэг NP10 төхөөрөмжийн үнийн үлдэгдэл төлбөр 2.000.000 /хоёр сая/ төгрөг, алданги 1.000.000 /нэг сая/ төгрөг, нотариатын хөлс 7.000 /долоон мянга/ төгрөг, бүгд 3.007.000 /гурван сая долоон мянга/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Э” хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгон, нэхэмжлэлийн шаардлагаас 360.000 /гурван зуун жаран мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 135.612 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Түнэл сумын Засаг даргын тамгын газраас 3.240.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 66.790 төгрөгийг, хариуцагч Хөвсгөл аймгийн Т сумын Ерөнхий боловсролын сургуулиас 3.007.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 63.062 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Э” хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгох нь зүйтэй байна.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, Д.М нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар тэдний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т зааснаар хариуцагч Хөвсгөл аймгийн Т сумын Засаг даргын тамгын газраас NP10 төхөөрөмжийн үнийн үлдэгдэл төлбөр 2.160.000 /хоёр сая нэг зуун жаран мянга/ төгрөг, алданги 1.080.000 /нэг сая наян мянга/ төгрөг, бүгд 3.240.000 /гурван сая хоёр зуун дөчин мянга/ төгрөгийг, хариуцагч Хөвсгөл аймгийн Т сумын Ерөнхий боловсролын сургуулиас NP10 төхөөрөмжийн үнийн үлдэгдэл төлбөр 2.000.000 /хоёр сая/ төгрөг, алданги 1.000.000 /нэг сая/ төгрөг, нотариатын хөлс 7.000 /долоон мянга/ төгрөг, бүгд 3.007.000 /гурван сая долоон мянга/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Э” хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 360.000 /гурван зуун жаран мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 135.612 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Т сумын Засаг даргын тамгын газраас улсын тэмдэгтийн хураамж 66.790 төгрөгийг, хариуцагч Хөвсгөл аймгийн Т сумын Ерөнхий боловсролын сургуулиас улсын тэмдэгтийн хураамж 63.062 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Э” хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.ОТГОНБЯМБА