Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 670

 

          Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, шүүгч П.Болор, Л.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: И.Г,

        Нэхэмжлэгч: С.Т нарын нэхэмжлэлтэй,

       Хариуцагч: Я.Д-д холбогдох,

      Гэм хорын хохирол 2.412.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Т, И.Г, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.Бунжаа, хариуцагчийн өмгөөлөгч Б.Лхагважав, иргэдийн төлөөлөгч Д.Шинэхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ё.Мөнхгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:  

     Нэхэмжлэгч И.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдөр “Алтан дуулга” ХХК-ийн эзэмшлийн талбайд 1,3 га газарт тариа тарьсан. Манайх ам бүл олуулаа, ажил эрхлэх хүн байхгүй, амьдрахын эрхэнд хүний талбайд тариа тарьсан. Бид нар тарьсан тариагаа байнга эргэж тойроод, усалгааг байнга хийдэг байсан ба бид нарын ургац хэвийн ургаж байсан. Тэгтэл 2017 оны 7 дугаар сарын 17-ны шөнө 12 цагийн үед Я.Д гэдэг хүний 44 тооны адуу манай талбайд орж, толгой хаяж, маш сайн ургаж байсан 1.04 га газрын ургац идэж, 1.872.000 төгрөгийн хохирол учруулсанд маш их гомдолтой байна. Я.Д гэгч нь өөрийнхөө адууг хариулалгүй орхиж, хүний талбай руу оруулан ургаж байсан ургац идүүлж, өөрөө адуугаа хариулах үүргээ биелүүлээгүй. Тэдний адуунууд талбайд орсон нь Я.Д-тай шууд холбоотой. Тухайн үед Я.Д-ийн адуу талбайд орсныг өөрт нь мэдэгдэхэд бид нарыг доромжилсон бөгөөд эхнэр Ц.Н гэгч нь тухайн үед ирээд өөрийн нүдээр үзээд бид нар тэмдэглэл үйлдэхэд өөрийн адуу гэдгээ хүлээн зөвшөөрч, тэмдэглэлд гарын үсэг зурсан юм. Бид нар хавар тариа тарих бэлтгэл ажил их хийсэн, түүнд зохих хэмжээний хохирол бас гарсан байсан. Иймд Я.Д-аас гэм хорын хохирол 1.872.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ. 

       Нэхэмжлэгч С.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдөр “Алтан дуулга” ХХК-ийн эзэмшлийн талбайд 0,3 га газарт тариа тарьсан. Манайх ам бүл олуулаа, ажил эрхлэх хүн байхгүй, амьдрахын эрхэнд хүний талбайд 0,3 га газарт тариа тарьсан. Бид нар тарьсан тариагаа байнга эргэж тойроод, усалгааг байнга хийдэг байсан ба бид нарын ургац хэвийн ургаж байсан. Тэгтэл 2017 оны 7 дугаар сарын 17-ны шөнө 12 цагийн үед Я.Д гэдэг хүний 44 тооны адуу манай талбайд орж, толгой хаяж, маш сайн ургаж байсан 0,3 га газрын ургац идэж, 540.000 төгрөгийн хохирол учруулсанд маш их гомдолтой байна. Я.Д гэгч нь өөрийнхөө адууг хариулалгүй орхиж, хүний талбай руу оруулан ургаж байсан ургац идүүлж, өөрөө адуугаа хариулах үүргээ биелүүлээгүй. Тэдний адуунууд талбайд орсон нь Я.Д-тай шууд холбоотой гэж үзэхээс өөр аргагүйд хүрч байна. Тухайн үед Я.Д-ийн адуу талбайд орсныг өөрт нь мэдэгдэхэд бид нарыг доромжилсон бөгөөд эхнэр И.Н гэгч нь тухайн үед ирээд өөрийн нүдээр үзээд, бид нар тэмдэглэл үйлдэхэд өөрийн адуу гэдгээ хүлээн зөвшөөрч, тэмдэглэлд гарын үсэг зурсан юм. Бид нар хавар тариа тарих бэлтгэл ажил их хийсэн. Түүнд зохих хэмжээний хохирол бас гарсан байсан. Иймд Я.Д-аас гэм хорын хохирол 540.000 төгрөгийг хуулийн дагуу гаргуулж өгнө үү” гэжээ.   

        Хариуцагч Я.Д, түүний өмгөөлөгч Б.Лхагважав нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “И.Г болон С.Т нарын гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Манайх Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар багийн нутаг, Хөндлөн хэмээх газарт оршин суудаг. Миний бие ажилгүй, мал маллаж амьдардаг. Манайх зуны улиралд Тариалан сумын Хар толгой багийн зуслан болох Гурван тээлийн ганц улиасны урд талд гарч зусдаг. Манайх 50 тооны адуутай. Адуугаа оройд Тээлийн боомын гүүрний хажууд шахдаг бөгөөд өглөө нь бэлчээрт гаргадаг. Бидний хувьд адуугаа энэ 2 айлын талбайд оруулж, хадлан, тариа будааг нь идүүлж, сүйтгэсэн асуудал гаргаагүй. Адуугаа өглөөд бэлчээрт гаргаад орой хурааж авдаг. Адууг өдөржин хүн дагаж хариулдаггүй. Нэхэмжлэгч нар манай адууг орж талбай сүйтгэснээс ургац аваагүй мэтээр нэхэмжлэл гаргасныг миний бие хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь тухайн хүмүүсийн тариан талбайд ямар нэгэн мал амьтнаас хамгаалсан хамгаалалтын тор, хашаа байхгүй. Тэгээд ч тэр талбай 3 тээлийн зусланд байдаг учир тэр хавийн айл өрхүүдийн бүх мал тухайн талбайн хажуугаар бэлчээрэлдэг. Үнэхээр их зардал гаргаж тариа ургуулсан бол манаач байлгах, мал амьтнаас хамгаалж хамгаалалтын тор татсан байх ёстой. Манай адууг нэхэмжлэгч нар талбайдаа орсон гэдгийг тогтоосон баримт байхгүй. Нэхэмжлэгч нар бэлчээрт байсан манай адууг Тариалан сумын нэг айлын хашаанд аваачиж хашсан байсан юм. Тэр үед би гэртээ байгаагүй, Тэс сум руу явсан байсан. Харин манай эхнэр Норовт “Адуугаа ирж ав” гэж нэг танихгүй залуу хэлж, манай эхнэр очиход “Манай адуу мөн байна” гэж гарын үсэг зуруулсан байсан. Тэгтэл “Яг манай адуу тарианы талбай сүйтгэсэн” гэх бичиг хийж өгөөгүй. Хэрэв манай адуу 2 айлын тарианы талбай руу орж, сүйтгэсэн юм бол адуу тухайн талбайд байхад нь зургийг нь дарж баталгаажуулсан зүйл байх байсан. Гэтэл Тариалан сумын төвд нэг айлын хашаанд аваачиж хашиж байгаад зургийг нь дарсан байсан. Манайх 50 тооны адуутай байхад манай эхнэрт 44 тооны адуу хүлээлгэн өгсөн. 6 адууг нэхэмжлэгч нараас төлүүлж авна. Манай адуу ижлээсээ ерөөсөө тасардаггүй, энэ хүмүүс бэлчээрт байсан адууг дураараа авч хашсан. Үүнээс болж манай 6 адуу алга болж, нэг гүү муудаж, гэмтсэнийг эм тариа хийж босгож авсан. Иймд дээрх хүмүүсийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өөрсдөө тайлбараа хамгаалахгүй, хэний буруутай үйлдлээс болж ургац алдсанаа тогтоож чадаагүй байж надаас их хэмжээний мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Ямар хохирол, хэн учруулсан нь тодорхойгүй, яг манай адуунаас болж ургац алдагдсан гэдэг нь тодорхойгүй байх тул И.Г, С.Т нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.   

          Иргэдийн төлөөлөгч Д.Шинэхүү шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “2017 оны 7 дугаар сарын 17-ны шөнө 24 цагийн орчим И.Г, С.Т нарын тариан талбайд хэсэг адуу орж, ургаж байсан тариаг нь сүйтгэсэн байна. И.Г, С.Т нар нь тогтоон, өглөө нь сумын зохих ёсны хариуцлага бүхий удирдлагад хүлээлгэн өгч, Я.Д адуу гэдгийг тогтоосон юм байна. Иймд Я.Д дээрх 2 иргэдэд хохирлыг төлөх ёстой гэж үзэж байна” гэжээ.

             Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч И.Г, С.Т нар хариуцагч Я.Д-д холбогдуулан гэм хорын хохирол 2.412.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Хариуцагч “Манай адуугаас болж үр тариа алдагдсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж маргаж байна.

            Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд И.Г, С.Т нар “Алтан дуулга” ХХК-ийн эзэмшлийн 1,3 га болон 0,3 га газарт тус тус арвай, улаан буудай тариалсан нь Увс аймгийн Тарилан сумын Хөхөө багийн Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 301 тоот тодорхойлолт, нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.

            Мөн тухайн иргэдийн тариалсан тариаг 2017 оны 7 дугаар сарын 17-ны шөнө 44 тооны адуу идэж, талхалснаас И.Г 1.872.000 төгрөгийн, С.Т 540.000 төгрөгийн хохирол учирсан хэмээн тус сумын Хөдөө аж ахуйн тасгийн менежер Ц.Баазаржав 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 04, 06 тоот дүгнэлтийг тус тус гаргажээ.

            Гэвч хариуцагч Я.Д-ийн 44 тооны адуу 2017 оны 7 дугаар сарын 17-ны шөнө нэхэмжлэгч нарын үр тариа тариалсан талбай руу орж, ургац сүйтгэсэн гэх мэдээллийг Тариалан сумын Хэсгийн төлөөлөгч, Хөхөө багийн Засаг дарга, Байгаль орчны улсын байцаагч нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг талбайд ирж үзлэг хийж, гэрэл зураг авч бэхжүүлсэн гэж тайлбарлаж байгаа боловч хэний гомдол мэдээллийн дагуу, ямар үндэслэлээр, хэн хэний бүрэлдэхүүнтэй, хаана, хэний эзэмшлийн талбайд хэдийд үзлэг хийсэн, үзлэгээр ямар ямар нөхцөл байдал тогтоогдсон, тухайн нөхцөл байдлыг ямар багаж хэрэгслээр бэхжүүлж авсан талаар албан ёсны тэмдэглэл, нотлох баримт үйлдээгүй байна.

          Иймд Увс аймгийн Тариалан сумын Хөхөө багийн Засаг дарга, Байгаль орчны улсын байцаагч, Газрын даамал болон Хэсгийн цагдаагийн үйлдсэн гэх тэмдэглэл, тодорхойлолтыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.

            Хэрэгт авагдсан Байгаль орчны улсын байцаагч Ч.Цогоогийн үйлдсэн гар тэмдэглэл, мөн сумын Хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Т.Ганбаатарын 2017 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн тодорхойлолт нь “Иргэн Я.Д-ийн 44 тооны адуу дээрх иргэдийн эзэмшлийн талбай руу орж, тариаг идсэн, тухайн 44 тооны адууг Я.Д-ийн эхнэр И.Норовт хүлээлгэн өгсөн” гэсэн агуулгатай байгаа боловч дээрх баримтуудыг эрх бүхий этгээдийн дүгнэлт гэж үзэх үндэслэлгүй байна.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д “Нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж заасан бөгөөд 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд цагдаагийн байгууллага, мэргэжлийн хяналтын болон байгаль орчны улсын байцаагч нар хэрэг, учрал болсон газарт үзлэг, нэгжлэг хийж, холбогдох нотлох баримтуудыг яаж бэхжүүлж авах, гомдол, мэдээллийг хэрхэн, хэдий хугацаанд шалгах, ямар шийдвэр гаргах талаар нарийвчлан зохицуулж өгсөн байдаг.

        Тухайлбал, мэргэжлийн хяналтын улсын байцаагч нь Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан “Бэлчээрийг зохистой ашиглах, эсхүл хамгаалах журам зөрчсөн эсэх”, мөн 13.1-д заасан “Тариалангийн тухай хууль зөрчсөн эсэх”, цагдаагийн байгууллагын эх бүхий албан хаагч нь мөн хуулийн 8.8 дугаар зүйлд заасан болон Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлд заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” зөрчил, эсхүл гэмт хэрэг үйлдэгдсэн эсэхийг тус тус шалган тогтоох, уг зөрчил, гэмт хэргийг хэн, хэрхэн, ямар аргаар үйлдсэн, эсхүл эс үйлдэхүй байсан эсэхийг шалгахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслээр нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх шаардлагатай байжээ.

            Түүнчлэн нэхэмжлэгч нараас “Я.Д-ийн 44 тооны адууг сумын төвийн хашаанд хашиж байгаад зургийг нь авч бэхжүүлсэн, эхнэрт нь тухайн адууг хүлээлгэн өгсөн” гэх боловч хэргийн 27 дугаар хуудаст авагдсан адууны гэрэл зургийг авч бэхжүүлсэн арга хэрэгсэл нь тодорхой бус, тухайн адууны тоо, зүс, им гэх мэт шинж байдлаар хүлээлгэн өгч, тэмдэглэл үйлдээгүй байна.

            Мөн тус сумын Хөдөө аж ахуйн тасгийн менежер тариалангийн талбайд учирсан хохирлын тооцоог гаргах эрх бүхий субъект мөн эсэх нь тодорхойгүй, түүнд тооцоо гаргах эрхийг олгосон байгууллага, албан тушаалтны шийдвэр хавтаст хэрэгт авагдаагүй байгааг дурдах нь зүйтэй.

            Иймд хариуцагч Я.Д-ийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байсан эсэх нь тогтоогдоогүй, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу бэхжүүлээгүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хариуцагч Я.Д-аас гэм хорын хохирол 2.412.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч И.Г, С.Т нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

         Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч И.Г-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 44.902, нэхэмжлэгч С.Т-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16.850  төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

      1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан хариуцагч Я.Д-аас гэм хорын хохирол 2.412.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч И.Г, С.Т нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

        2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч И.Г, С.Т нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 61.752 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл  гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

                                  ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Н.ГЭРЭЛТУЯА

                                            ШҮҮГЧИД                                          П.БОЛОР

                                                                                                      Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ