Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 1333

 

 

 

 

 

 

 

 

 

“МЖ-мөнхбаясгалант” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2017/01004 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч “МЖ-мөнхбаясгалант” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Квом” ХХК-д холбогдох

Харуул хамгаалалтын ажлын хөлс 16 694 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн төлөөлөгч М.Жаргалсайханы гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Хариуцагчийн төлөөлөгч: М.Жаргалсайхан

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай “МЖ-мөнхбаясгалант” ХХК нь 2014 оны 05 дугаар сараас эхлэн өнөөдрийг хүртэл гэрээт харуул, хамгаалалтын үйл ажиллагаа явуулж ирсэн. Манай компани Цавчит овоот нэртэй байхдаа “Квом” ХХК-тай 2014 оны 06 дугаар сараас харуул хамгаалалтын гэрээгээр түүний барьж байгаа барилгын харуул хамгаалалтын ажлыг хариуцаж ажилласан. Компанийн нэр солигдсон тул 2015 оны 05 дугаар сарын 30-ны өдөр дахин 15/021 тоот гэрээг байгуулж, гэрээт харуул, хамгаалалтын үйл ажиллагааны үйлчилгээг 3, 4 дүгээр цахилгаан станцын ажилчдын орон сууцны 12 давхар 3 барилгыг хамгаалах болсон. Хамтран ажиллах хугацаанд гэрээнд заасан ажлын хөлсийг хариуцагч цаг тухайд нь өгч байсан боловч сүүлдээ санхүүжилт орж ирээгүй байна гэх шалтгаанаар 3, 4 сарын ажлын хөлсийг төлөөгүй. Эцэст нь хулгайн асуудал ярих болсон. Эд хөрөнгөө алдсан гэдгээр шалтгаалж, 2015 оны 07 дугаар сараас 12 сарыг хүртэлх ажлын хөлснөөс 9 254 000 төгрөгийг төлөөгүй. Хулгайн асуудлыг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж, эд хөрөнгөө алдсан үндэслэл нотлогдохгүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон. “Квом” ХХК-ийн захирал н.Жаргалсайханд ажлын хөлсийг төлөхийг амаар болон бичгээр удаа дараа шаардсан боловч төлөөгүй. 2016 оны 01 дүгээр сараас 05 дугаар сарын 01-ний хүртэл хугацааны ажлын хөлс 8 200 000 төгрөгийг төлөөгүй. Ажлын хөлсийг төлөхгүй байсан тул 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр харуул, хамгаалалтын үйлчилгээг үзүүлэхээ больсон. Тэр өдрөөс хойш цувуулж, 760 000 төгрөгийг төлсөн. Иймд “Квом” ХХК-иас ажлын хөлс 16 694 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “МЖ-мөнхбаясгалант” ХХК нь манай байгууллагатай харуул, хамгаалалтын гэрээ байгуулж ажилласан. Гэтэл харуул, хамгаалалтын үйлчилгээ үзүүлж байхдаа удаа дараа бараа, материал алдаж, зөрчил гаргасан. Алдагдсан бараа материалын эзэд нь баримтаар нотлогдож, уг компанийн үндсэн ажилчид үйлдсэн байсан тул “МЖ-мөнхбаясгалант” ХХК-ийн захирал Н.Магнайбаяртай харилцан тохирч, ажлын хөлсийг хохиролдоо суутгаж авсан. “МЖ-мөнхбаясгалант” ХХК нь хамтран ажиллаж байх хугацаандаа гэрээний үүргээ ноцтой зөрчсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Квом ХХКомпаниас 15 824 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч МЖ-мөнхбаясгалант ХХК-д олгож, нэхэмжлэлээс 870 000 төгрөгийг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, Монгол улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.2, 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 241 420 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 237 070 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч М.Жаргалсайхан давж заалдах гомдолдоо “...Хариуцагч надад шүүх хуралдааны товыг надад мэдэгдээгүй, миний биеийг шүүх хуралдаанд оролцуулаагүй, шүүх хуралдаанд биечлэн оролцож мэтгэлцэх боломжоор хангаагүй атлаа хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь анхан шатны шүүх 2017 оны 03 дугаар сарын 30, 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрүүдэд 2 удаа шүүх хурал зарласан байх бөгөөд нэгнийх нь ч товыг надад мэдэгдээгүй. Хэдийгээр мэдэгдэх арга хэмжээ авсан боловч тов нь надад хүрээгүй болох нь хэргийн материалаас харагдаж байна. Тухайлбал: 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 10 цагт хийхээр товлосон шүүх хуралдааны мэдэгдэх хуудсыг шуудангаар явуулсан баримтыг хэргийн материалд хийснээс үзэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.3, 77.5, 77.6-д заасан шаардлагуудыг хангаагүй байна. Энэхүү шүүх хурлыг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлт хойшлуулсан байх ба намайг ирээгүй гэж хойшлуулаагүй байгаа. Шүүх хурлын тэмдэглэлээс харахад нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хүсэлт ирсэн учраас шүүх хурлыг хойшлуулсан атлаа шүүгчийн захирамжид "хариуцагч нэхэмжлэлд заасан хаягтаа байрлахаа больсон гэх шалтгаанаар хурлын тов хүргэгдээгүй байна" гэж дурьдсан нь тэмдэглэлтэйгээ зөрчилдөж байх тул үндэслэлгүй байна.

Энэ хурлаас дараагийн хурлыг 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 09 цагт хийхээр дахин товлосон байх бөгөөд дээрх үндэслэлгүй дүгнэлтийнхээ дагуу манай компанийг нүүсэн гэж үзээд энэ удаагийн шүүх хурлын товыг миний гэрийн хаягаар явуулсан байх бөгөөд энэ мэдэгдэх хуудас надад ирээгүй. Миний бие гэрийн хаягаа буруу тэмдэглүүлсэн учраас хурлын тов ирээгүй бололтой. Хэргийн 37 дугаар хуудсанд авагдсан Хорооны Засаг даргын тодорхойлолтын огноо нь засвартай, 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр гарсан тодорхойлолт тэр өглөөнийхөө 09 цагийн шүүх хурал эхлэхээс өмнө шүүхэд ирсэн эсэх нь эргэлзээтэй, сүүлд ирсэн учраас огноог засварласан байх магадлалтай байна.

Мөн хуулийн этгээдэд холбогдох нэхэмжлэл байхад хуулийн этгээдийн хаягаар хүргүүлэх, утсаар холбогдох бүрэн боломжтой байсан гэж миний бие үзэж байна. Гэтэл хэргийн материалын 38 дугаар хуудсанд шүүгчийн туслах нь тэмдэглэл үйлдэж хийсэн байна. Үүндээ "...хариуцагч компани нүүсэн гэсэн" гэж нотлогдоогүй, үндэслэлгүй зүйл бичсэн байна. Мөн миний 96633435 тоот утсыг "байнга холбогдох боломжгүй байдаг, мессеж бичихээр хариу ирүүлдэггүй, хааяа холбогддог боловч утасаа авдаггүй, 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 09 цаг 07 минутад залгахад эмэгтэй хүн аваад тийм хүн байхгүй гэж хэлсэн" гэх мэтээр тэмдэглэжээ. Шүүгчийн туслах нь хэзээ, ямар дугаарын утаснаас залгахад холбогдохгүй байсан болох, хэдэн удаа залгасан болох, хэзээ мессеж бичсэн талаараа тухай бүрд нь тэмдэглэл хийж байгаагүй атлаа нотлоогүй, үндэслэлгүй зүйл бичиж хэрэгт хийсэн нь намайг оролцуулахгүй хурал хийхэд нөлөөлсөн гэж үзэж байна. ...Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч “МЖ-мөнхбаясгалант” ХХК нь хариуцагч “Квом” ХХК-д холбогдуулан харуул, хамгаалалтын ажлын хөлс 16 694 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчид 2015 оны 05 дугаар сарын 30-ны өдөр “Гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагааны гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр “МЖ-мөнхбаясгалант” ХХК нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо ДЦС-3, ДЦС-4 ТӨХК-ийн ажилчдын 198 айлын орон сууцны 3 барилгад харуул хамгаалалтын ажил үйлчилгээг 6 хамгаалагчаар гүйцэтгүүлэх, нэг ажилтны ажлын хөлсийг 500 000 төгрөгийг сар бүрийн 15, 30-ны дотор төлөх, нийт 3 000 000 төгрөгөөр тохиролцсон болох нь дээрх гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хх 6-9/

 

Шүүх харуул, хамгаалалтын ажил, үйлчилгээг гүйцэтгэсэн “МЖ-мөнхбаясгалант” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн үндэслэлийн талаар Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь зөв байна.

 

2015 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө нэхэмжлэгчийн хамгаалж буй обьектоос барилгын материал алдагдсан шалтгаанаар гэрээний дагуу гүйцэтгүүлсэн харуул, хамгаалалтын ажлын хөлс 9 254 000 төгрөгийг хариуцагч олгоогүй, алдагдсан гэх материалын үнэнд суутган тооцсон, 2016 оны 01 дүгээр сараас 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны ажлын хөлс 8 200 000 төгрөгийг төлөөгүйгээс гэрээний талууд харилцан тохирч, харуул хамгаалалтын ажлын гэрээг заасан хугацаанаас өмнө 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр цуцалсан болох нь хэрэгт авагдсан 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн харуул хамгаалалтыг буулгах тухай проткол, хариуцагч “Квом” ХХК-ийн 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2016/002, 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 2016/002 тоот албан бичгүүдээр нотлогдож байна. /хх 10, 11, 28/

 

Нэхэмжлэгч “МЖ-мөнхбаясгалант” ХХК-ийн харуул, хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан обьектоос эд зүйл хулгайд алдагдсан асуудлыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, 15 ширхэг хар цаас алдагдаж 870 000 төгрөгийн хохирол учирсныг тогтоосон байх бөгөөд өөр бусад эд зүйл хулгайд алдагдсан болох нь тогтоогдоогүй гэх үндэслэлээр тус дүүргийн прокурорын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 568 тогтоолоор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. /хх 7/

 

Хариуцагч “Квом” ХХК нь гэрээний дагуу гүйцэтгүүлсэн ажлын хөлсийг төлөхөөс татгалзаж, хамтран ажиллаж байх хугацаандаа гэрээний үүргийг ноцтой зөрчсөн гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй тул олгогдоогүй ажлын хөлснөөс учруулсан хохирол 8 700 000 төгрөгийг хасч, хариуцагч “Квом” ХХК-иас 15 824 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “МЖ-мөнхбаясгалант” ХХК-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 10 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдааны мэдэгдлийг 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хариуцагчид компанийн хаягаар баталгаат шуудангаар хүргүүлсэн, мөн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 09 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдааны мэдэгдлийг М.Жаргалсайханы гэрийн хаягаар хүргүүлсэн шүүхийн ажиллагааг буруутгах боломжгүй байна. Иймд шүүх нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч М.Жаргалсайханы гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2017/01004 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “Квом” ХХК-ийн төлсөн 237 100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Н.БАТЗОРИГ

                                           ШҮҮГЧИД                                   Г.ДАВААДОРЖ

                                                                                   Д.ЦОГТСАЙХАН