Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 728

 

 

 

 

 

 

 

2019 оны 10 сарын 25 өдөр             Дугаар 128/ШШ2019/0728             Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ч.А ,

Хариуцагч: Гаалийн ерөнхий газар,

Нэхэмжлэлийн шаардлага: “Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/240 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, урд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилж, албан тушаал буурсан тухайн үеийн цалингийн зөрүүг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг нөхөн төлүүлэх” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бумчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/240 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, урд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилж, албан тушаал буурсан тухайн үеийн цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/240 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, албан тушаал буурсан тухайн үеийн цалингийн зөрүүг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байна.

Нэхэмжлэгч Ч.А нь 2017 оноос Өмнөговь аймаг Гурвантэс сумын Шивээ хүрэн боомтын Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан. Улсын байгууллагад нийт 18 жил ажилласан бөгөөд гаалийн байгууллагад 8 жил ажилласан. Тэрээр энэ хугацаанд ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй бөгөөд үр дүнгийн гэрээний биелэлт 90-ээс дээш хувиар үнэлэгдэж байсан. Гэтэл Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/240 дүгээр тушаалаар түүний саналыг харгалзан үзэлгүй албан тушаал бууруулж, Дорнод аймгийн Матад сумын Гаалийн газарт сэлгэн ажиллуулах тушаал гаргасан. Уг тушаалыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй. 

Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагаа явуулаагүй бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1-д “хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” гэсэн асуудал тавьж байгаа боловч үр дүнгийн гэрээ хангалтай гэж дүгнэгдсэн байна. Сэлгэн ажиллуулах асуудлаа хариуцагч тайлбарлахдаа ажлын зайлшгүй шаардлага гарсан гэдэг. Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно.” гэж заасныг зөрчсөн.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 34/31 дүгээр тушаалаар батлагдсан “Төрийн албан хаагчийг өөр ажил албан тушаалд шилжүүлэх буюу сэлгэн ажиллуулах журам”-д заасан “өөртэй нь харилцан тохиролцох” болон журмын 2.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчтай харилцан тохиролцсон тухай баримтыг бичгээр үйлдэж баталгаажуулсан байна.” гэдгийг тус тус зөрчсөн. Мөн ажлын зайлшгүй шаардлага гэдгийг Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх заалтыг “Энэ хуулийн 44.1-д заасан албан ажлын зайлшгүй шаардлага гэдэгт тухайн байгууллагад шаардлагатай байгаа мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага бүхий хүний нөөцийг бүрдүүлэх, онцгой чухал буюу онц түвэгтэй албан даалгавар биелүүлэх, байгууллагын үйл ажиллагаа, зохион байгуулалт, үйлчилгээний чанарыг сайжруулах зэрэг нөхцөл, байдлыг ойлгоно.” гэж тайлбарласан байна.

Шивээ хүрэн боомтын Гаалийн газар алслагдмал байдаг, хүн очдоггүй газарт ажиллаж байсан. Тухайн үед нэхэмжлэгчийг сэлгэн ажиллуулах үед улсын ахлах байцаагчийн нэг орон тоо байсан. Тийм байхад нэхэмжлэгчийг шилжүүлж улсын байцаагчийг ахлах байцаагч болгосон атлаа шилжүүлэн томилж, үүгээрээ түүний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байна. 10 ба түүнээс дээш жил гэж хуульд заажээ. Гэтэл нэхэмжлэгчийн хувьд 7-8 жил Шивээ хүрэн боомтод ажилласан.

Ингээд Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан. Төрийн албаны зөвлөлөөс 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 763 тоот албан бичгээр хуулийг хэрэгжүүлж ажиллаж, тушаалаа хүчингүй болгохыг мэдэгдсэн. Засгийн газрын 2019 оны 02 дугаар сарын 24 дүгээр Төрийн тусгай алба хаагчийн цалингийн сүлжээ, жишиг тогтоосон тогтоол байгаа. Үүн дээр цалинг 852.212 гэж заасан. Гаалийн улсын ахлах байцаагч байхдаа ТТ-12-5-аар цалинжиж байсан. Одоо туслах түшмэл болохоор ТТ-10-5-аар цалинжиж байгаа. Энэ хоёрын цалингийн зөрүү нь 120.579 төгрөг гарсан. Нийт 5 сарын цалингийн зөрүү нь 602.895 төгрөг болж байна. Гаалийн улсын ахлах байцаагч байхдаа туслах түшмэлийн тэргүүн зэрэг дэвийн 25 хувийн нэмэгдэл авдаг байсан. Одоо үүнийг авахгүй байгаа. Хилийн 25 хувь, онцгой албаны 25 хувь, төрийн алба хаасны 15 хувь гэсэн нэмэгдлүүд байгаа. Гаалийн улсын ахлах байцаагч байхдаа зэрэг дэвийн 25 хувийн нэмэгдэл цалин авдаг байсан. Улсын байцаагч болсноос хойш уг 25 хувийн нэмэгдэлийг авахаа больсон. Үүнийг 5 сараар үржүүлэхээр 1.056,515 төгрөг болно. Цалингийн зөрүүг нэмэхээр  1.659.410 төгрөг болно.

Иймд нэхэмжлэгчийн өмнө эрхэлж байсан Гаалийн ерөнхий газрын Өмнөговь аймгийн Гурван тэс сумын Шивээ хүрэн боомтын Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагчийн орон тоонд томилуулж, цалингийн зөрүү 1.659.410 төгрөгийг гаргуулж, мөн дээрх хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг нөхөн төлүүлж өгнө үү.

Нэхэмжлэгч 2009 онд цагдаагийн байгууллагаас чөлөөлөгдөөд 2011 онд төрийн албаны шалгалт өгсөн. Энэ талаар баримт өөрт нь байхгүй. Хаана шалгалт өгснийг нь мэдэхгүй. Нэхэмжлэгч хэлэхдээ төрийн албаны шалгалт 2011 оны намар өгсөн гэж хэлсэн. Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн тодорхойлолтод 2012 оноос хойш эхлэн бүртгэсэн гэж байна. Төрийн албаны зөвлөлөөс бүртгэлгүй гэсэн хариу өгсөн бөгөөд түүнийг төрийн албаны шалгалт өгөөгүй гэсэн агуулга биш юм. Хэрэв шалгалт өгөөгүй байсан бол Төрийн албаны зөвлөлөөс хуулийн дагуу шийдвэрлэх тухай мэдэгдэл өгөхгүй. Нэхэмжлэгчийг төрийн жинхэнэ албан хаагч мөн биш гэдэгтэй холбоотой маргаан үүсээгүй. Түүнийг шилжүүлэн ажиллуулсан тухай тушаалтай маргаж байгаа. Төрийн жинхэнэ албан хаагч биш байсан бол төрийн албанд томилохгүй байсан.

            Нэхэмжлэгч гаалийн улсын байцаагчийн шалгалт 2012 оны 5 дугаар сард өгсөн. Улсын ахлах байцаагчийн шалгалт гэж өгдөггүй. Ажилтан өөртөө тушаал шийдвэр гаргахгүй. Төрийн албаны тухай хуульд тухайн байгууллагад ажиллаж байсан хүнээс сонгохоор заасны дагуу Ч.Аийг сонгон ажиллуулсан гэж хэлдэг. Ахлах байцаагч байсныг өөртэй нь хэлэлцэхгүйгээр улсын байцаагч болгож зэрэг дэв бууруулсанд гомдолтой. Хариуцагч сэлгэн ажиллуулсан гэж яриад байна. Сул оронтой байхгүй учраас гэж тайлбарлаад байна. Улсын хоёр ахлах байцаагч байлаа гэхэд уг хоёр албан тушаалтны байрыг нь солихыг сэлгэх гэж хэлэх байх. Түүнээс биш чөлөөлөөд, албан тушаал зэрэг дэвийг нь бууруулж томилчихоод сэлгэсэн гэж ярьж болохгүй байх.” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Гаалийн тухай хуулийн 273 дугаар зүйлийн 273.4 дэх хэсэгт заасны дагуу гаалийн улсын байцаагч “Гаалийн улсын байцаагч би, Монгол Улсын тусгаар тогтнол, эдийн засгийн аюулгүй байдлыг хангахын төлөө үнэнчээр зүтгэж, гаалийн хяналт, бүрдүүлэлт хийхдээ хууль, шударга ёсыг дээдлэн, гаалийн улсын байцаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, хэний ч нөлөөнд үл автахаа батлан тангараглая. Өргөсөн тангаргаас няцвал төрийн хуулийн хариуцлага хүлээнэ" гэсэн тангаргийг өргөсөн, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.6 дахь заалт, Гаалийн тухай хуулийн 273 дугаар зүйлийн 273.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу төрийн тусгай албан тушаалд хамаардаг.

Мөн түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар төрийн тусгай албан тушаалтан Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан журмын дагуу үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, хууль дээдлэх үндсэн зарчмыг сахиулах, нийгмийн хэв журмыг хамгаалахтай холбогдсон төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг.

Гаалийн улсын байцаагч Ч.Аийг 2017 оны Б/221 дүгээр тушаалаар гаалийн улсын ахлах байцаагчаар томилсон шийдвэр 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасан “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө." гэсэн эрх зүйн зохицуулалтыг хэрэгжүүлээгүй гаргасан гэж шийдвэр гаргагч эргэж үзэн маргаан бүхий захиргааны актаар гаалийн улсын ахлах байцаагчийн албан тушаалаас гаалийн улсын байцаагчаар томилсон.

Мөн түүнчлэн гаалийн улсын байцаагчаар томилох шийдвэр гаргахдаа 2012-2019 оноос хойш /7 жил/ Шивээхүрэн дэх гаалийн газар ажиллаж байсан Ч.Аийг нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлаас урьдчилан “Гаалийн улсын байцаагчийг гаалийн газар, хороодод 2 жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно.” гэж заасныг үндэслэн Дорнод аймаг дахь Гаалийн газарт сэлгэн ажиллуулж байгаа болно.

Иймд хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж боломжгүй гэж үзэж байгаа бөгөөд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гаалийн ерөнхий газраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг судалсан. Ингээд түүнтэй холбогдох мэдээллийг хувийн хэргээс авч үзэхэд төрийн албан хаагчийн шалгалт өгсөн талаар баримтууд гарч ирээгүй. Зөвхөн эрүүл мэндийн үзлэгт орсон тухай эрүүл мэндийн хуудас байсан. Урьдчилсан хэлэлцүүлгээр Ч.Аийн төрийн албаны шалгалтад оролцсон талаарх лавлагааг Төрийн албаны зөвлөлөөс гаргуулах хүсэлт тавьсны дагуу ирүүлсэн албан бичигт нэхэмжлэгчийг төрийн албаны шалгалт өгсөн болон төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд бүртгэлтэй тухай мэдээлэл байхгүй байна.

Иймд нэхэмжлэгчийг гаалийн улсын байцаагчийн хувьд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж үзэхгүй байгаа учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Шийдвэрт Гаалийн тухай хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3-т заасныг баримталж сэлгэн ажиллуулахаар томилсон. Өмнө нь нэхэмжлэгчийн тухайн албан тушаалд сонгон шалгаруулалтгүйгээр гаалийн улсын ахлах байцаагч болгосон байсан.

Гаалийн улсын байцаагчийн шалгалт өгсөн тухай баримт хувийн хэрэгт байхгүй. Тухайн шалгалтыг өгөхийн тулд эхлээд төрийн албан хаагчийн шалгалтад тэнцсэн байхыг шаарддаг.

Тухайн газарт удаан жил ажилласан учраас ашиг сонирхлын зөрчил үүсэх магадлалтай гэдэг үндэслэлээр түүнийг сэлгэн ажиллуулахаар томилсон. Шивээ хүрэн боомтын Гаалийн газарт олон жилийн хугацаанд ажилласан учраас шилжүүлэн томилсон. Шинээр очиж байгаа албан тушаалд нь ахлах байцаагчийн орон тоо байхгүй байсан. Гаалийн ерөнхий газрын даргын 2014 оны 106 дугаар тушаалаар батлагдсан “Гаалийн улсын байцаагчийг сэлгэн ажиллуулах журам”-ыг баримталсан. Дорнод аймагт 2 жил ажиллуулсны дараа Шивээ хүрэн боомтын Гаалийн газарт томилно.

Тухайн үед түүнийг төрийн албан хаагчийн шалгалт өгсөн эсэхийг судалж үзээгүй болов уу. Сүүлд нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах үед судалж үзэхэд нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэх болсон. Тухайн үед шийдвэр гаргахдаа төрийн албаны шалгалт өгөөгүй гэдэг зүйлийг хөндөөгүй. Төрийн албаны төв байгууллагын хоёр удаагийн тодорхойлолтоор шалгалт өгсөн баримт байхгүй, нөөцөд байхгүй гэж ирсэн. Төрийн албаны шалгалтын журмаар төрийн албанд анх орж байгаа иргэний шалгалтыг ярилцлага, сорилго, эрүүл мэндийн шалгалт гэсэн цогц шалгалт авдаг.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.А нь Гаалийн ерөнхий газрын даргын 2012 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн Б/347 дугаар тушаалаар Шивээхүрэн дэх Гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар анх томилогдож, 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Б/221 дугаар тушаалаар тус газарт гаалийн хяналт шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагчаар томилогдон ажиллаж байгаад Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/240 дүгээр тушаалаар түүнийг чөлөөлж, Дорнод аймаг дахь Гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар томилжээ.  

Нэхэмжлэгч нь ийнхүү шилжүүлэн томилсон тушаалыг “өөртэй тохиролцоогүй, албан тушаал бууруулж томилсон, албан тушаал бууруулсантай холбоотой цалин зэрэг дэвийн нэмэгдэл буурсан” үндэслэлээр “Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/240 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, урд эрхэлж байсан Шивээхүрэн дэх Гаалийн газарт гаалийн хяналт шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагчийн албан тушаалд эгүүлэн томилуулах, албан тушаал буурсан тухайн үеийн цалингийн зөрүүг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг нөхөн төлүүлэх”-ээр нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн  13.1.6, Гаалийн тухай хуулийн 273 дугаар зүйлийн 273.2-т зааснаар гаалийн улсын байцаагч нь улсын тусгаар тогтнол, үндэсний эдийн засгийн болон хүн амын аюулгүй байдлыг хангах чиг үүргийг  гүйцэтгэдэг төрийн тусгай албан хаагчийн хувьд түүний эрх зүйн байдлыг Төрийн албаны тухай хуулиар, тэр дундаа гаалийн улсын байцаагчийг томилох, чөлөөлөх, сэлгэн ажиллуулах харилцааг Гаалийн тухай хуулиар зохицуулахаар байна. 

Тухайлбал, Гаалийн тухай хуулийн гаалийн улсын байцаагчийн эрх зүйн байдлыг зохицуулсан 274 дүгээр зүйлийн 274.3-т “гаалийн улсын байцаагчийг гаалийн газар хороодод 2 жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно.” гэж, мөн Гаалийн ерөнхий газрын даргын 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн А/106 дугаар тушаалаар батлагдсан “Гаалийн улсын байцаагчийг сэлгэн ажиллуулах журам” –ын 2.1-д “гаалийн байгууллагын газар зүйн байршил, дэд бүтэц зэргийг харгалзан гаалийн улсын байцаагчийг хамгийн багадаа 6 жилд зайлшгүй нэг удаа Гашуунсухайт, Шивээхүрэн дэх Гаалийн газруудад ажлын 252 хоног буюу 1 жил, Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Булган, Орхон, Дархан-уул, Сэлэнгэ, Сайншанд, Дорнод аймаг дахь Гаалийн газар, Завхан аймгийн Арцсуурь, Говь-Алтай, Хөвсгөл аймгийн Ханх, Сүхбаатар аймгийн Бичигт дэх Гаалийн хороонд ажлын 504 хоног буюу 2 жил сэлгэн ажиллуулах”-аар тус тус заажээ.

Өөрөөр хэлбэл улсын тусгаар тогтнол, үндэсний эдийн засгийн болон хүн амын аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий гаалийн байгууллагын болон гаалийн улсын байцаагчийн эрх зүйн байдлыг нарийвчлан зохицуулсан гаалийн тухай хууль тогтоомжоор “гаалийн улсын байцаагчийн мэргэжлийн мэдлэг, ур чадвар, ажил үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, ажлын байран дахь суралцах тогтолцоог хэвшүүлэх, ажлын дадлага, туршлага эзэмшүүлэх, зохион байгуулалтын бүтцийн нэгжийн ажлын ачааллыг тэнцвэржүүлж, хүний нөөцийг оновчтой зөв байршуулах зорилгоор гаалийн улсын байцаагчийг сэлгэн ажиллуулахаар журамласан байна.

Нөгөө талаас хариуцагч нь 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/240 дүгээр тушаалын хууль зүйн үндэслэлээ дээрх журмаар сэлгэн ажиллуулсан хэмээн тайлбарлаж, харин “Ч.А нь 2012 онд гаалийн улсын байцаагчаар анх томилогдохдоо төрийн албаны шалгалт өгөөгүй, төрийн жинхэнэ албан хаагч биш тул сэлгэн ажиллуулсан шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг Төрийн албаны тухай хуулийн шаардлагад нийцээгүй, төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг зөрчсөн гэж маргах эрхгүй” гэж тайлбарлажээ.

Төрийн албаны стандарт удирдлагыг хэрэгжүүлдэг, төрийн албаны шалгалтыг зохион байгуулж, төрийн албан хаагчийн нөөцийн бүртгэлийг хөтлөх чиг үүрэг бүхий Төрийн албаны зөвлөлөөс 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 01/1207, 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 04/1295 тоотоор шүүхэд ирүүлсэн лавлагаанаас үзэхэд нэхэмжлэгч Ч.А төрийн албанд анх орох иргэдээс авах төрийн албан шалгалтад ороогүй, нөөцөд бүртгэгдээгүй байна. Өөрөөр хэлбэл тэрээр төрийн төрийн албаны мэргэшлийн шалгалт өгөөгүй, төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөөгүй байна.

Иймд Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар “өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр, албан тушаал, цалин хөлс бууруулсан” гэсэн үндэслэлээр сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгуулахаар төрийн жинхэнэ албан хаагчийн эдлэх нэмэгдэл баталгааг шаардаж маргах эрхгүй гэх хариуцагчийн тайлбарыг үгүйсгэхээргүй байна. Учир нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан “сэлгэн ажиллуулах”-д тавигдах  “өөрийнх нь зөвшөөрснөөр, албан тушаал, цалин хөлс бууруулахгүй” гэх хуулийн шаардлагууд нь төрийн жинхэнэ албан хаагчийг сэлгэн ажиллуулахад тавигдах ба төрийн албан хаагчийн шалгалтад тэнцэж, төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөөгүй албан хаагчийн нэхэмжлэлээр хуулийн дээрх шаардлагыг хангуулах үндэслэлээр нэхэмжлэлийг хангах боломжгүй байна.

Шүүхийн энэ шийдвэр нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэгдсэн болохыг дурьдах нь зүйтэй.                                                                                                                                                                                                                                           

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 13 дугаар зүйлийн 13.1.6,  Гаалийн тухай хуулийн 273 дугаар зүйлийн 274.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.Аийн гаргасан “Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/240 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урд эрхэлж байсан Шивээхүрэн дэх Гаалийн газарт гаалийн хяналт шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагчийн албан тушаалд эгүүлэн томилуулах, албан тушаал буурсан тухайн үеийн цалингийн зөрүүг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг нөхөн төлүүлэх” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ХАЛИУНА