Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 697

 

            Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

         Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах, 9016001007 улсын бүртгэлийн дугаартай, 2578697 регистрийн дугаартай, Хас банкны нэхэмжлэлтэй,

         Хариуцагч: Л.Ц, 

        Хариуцагч: Б.С нарт холбогдох, 

    Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу 1660007193 тоот гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 19.889.468 төгрөг, зээлийн хүү 5.530.774,47 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 229.689,19 төгрөг, нотариатын зардал 15.500 төгрөг, нийт 25.665.431,66 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч нарын бүх төрлийн бизнесийн орлого, барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, хариуцагч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ё.Мөнхгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

     Нэхэмжлэгч Хас банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч тус банкны Увс салбарын захирал Ю.Нэргүй шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Л.Ц нь тус банкнаас 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 1660007193 тоот зээлийн гэрээг байгуулан 21.000.000 төгрөгийн зээлийг 365 хоногт 24 хувийн хүүтэйгээр бараа татах зориулалтаар 36 сарын хугацаатай буюу 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгээр авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангуулах баталгаа болгон Увс аймаг, Улаангом сумын 6 дугаар баг, 1-05 тоотод байрлах, 772.1 м.кв талбай бүхий газар өмчлөх эрх /ГД-000047351, УБД-1520001451/, мөн Увс аймаг, Улаангом сумын 6 дугаар баг, 1-05 тоотод байрлах, 80 м.кв талбай бүхий хувийн орон сууц /ГД-000061474, УБД-1520002485/, тэмээ-2, адуу-7, үхэр-13, ямаа-40, хонь-150 зэргийг тус тус зээлийн барьцаанд барьцаалсан. Зээлдэгч эргэн төлөлтийг 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс хойш төлөлтөө хийхгүй байгаа. Зээлдэгч болон түүний гэр бүлийн гишүүнтэй зээл төлүүлэх талаар удаа дараа шаардан уулзсан боловч, зээлдэгч “Би энэ зээлээ аваад эхнэрт өгсөн, эхнэр Б.С нь хүнд зээлдүүлсэн, мөнгөө авч чадахгүй байгаа, ажилд орохоор болсон, цалингийн зээл авч зээлээ хаана, байраа зарахаар хөөцөлдсөн боловч авах хүнтэйгээ урьдчилгаа дээрээ тохирч чадахгүй байна. Шүүхэд өгөхөө түр хүлээлгэж байна уу” гэх зэргээр худал хэлж зээлээ төлөхгүй хойшлуулж өнөөг хүрсэн. Зээлдэгч зээлийн төлбөрөө хугацаанд нь төлөхгүй байгаа нь энэхүү гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүргээ зөрчсөн байх тул банкны зүгээс гэрээний 5 дугаар зүйлийн 5.1, Иргэний хуулийн 451.1, 221.3, 225.2-д заасны дагуу зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: Зээлдэгчээс зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу хийхгүй байгаа нь Хас банктай байгуулсан зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтад заасан үүргийг зөрчиж байгаа бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн /2017.09.05/ байдлаар Л.Ц болон түүний хамтран үүрэг гүйцэтгэгч Б.С нарын төлөх ёстой 1660007193 тоот бичил зээлийн үндсэн үлдэгдэл нь 19.889.468 төгрөг, зээлийн хүү 5.530.774,47 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 229.689,19 төгрөг, нийт 25.649.931,66 төгрөг төлөх үүрэгтэй байгаа, мөн холбогдох материал нотариатаар баталгаажуулсны зардал 15.500 төгрөг зарцуулсан тул нийт 25.665.431,66 төгрөгийг зээлдэгчээс гаргуулах, түүнчлэн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч нарын бүх төрлийн бизнесийн орлого, барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү” гэжээ.

     Хариуцагч Б.С шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Хас банкнаас нэхэмжилсэн нийт 25.665.431,66 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгө нь өөр хүний эд хөрөнгө байгаа. Би одоо ажилд орсон байгаа, 6 сар болоогүй байгаа тул надад зээл олгохгүй байна. Гэхдээ би аль болох цалингийн зээл авч энэ төлбөрийг төлнө. Нөхөр маань хөдөө явсан учир шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Гэхдээ миний гаргаж буй тайлбартай адил байр суурьтай байгаа. Зээлээ төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг зарж борлуулан үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг мэдэж байгаа” гэжээ.

       Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч Хас банк нь хариуцагч Л.Ц, Б.С нарт холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу 1660007193 тоот гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 19.889.468 төгрөг, зээлийн хүү 5.530.774,47 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 229.689,19 төгрөг, нотариатын зардал 15.500 төгрөг, нийт 25.665.431,66 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч нарын бүх төрлийн бизнесийн орлого, барьцаа хөрөнгөөр хангуулах тухайнэхэмжлэлийн тус шүүхэд гаргажээ.

     Зээлдэгч буюу хариуцагч Л.Ц, Б.С нар Хас банктай 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 1660007193 тоот “Зээлийн гэрээ” байгуулж, 21.000.000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 29,4 хувийн хүүтэй зээлж авсан байх ба мөн өдрийн 1660007193-01 тоот “Барьцааны гэрээ”-ээр зээлийн барьцаанд: Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар баг, 01-05 тоотод байрлах, 772,1 м.кв талбай бүхий газар /улсын бүртгэлийн Г-1520001451, гэрчилгээний 000047351 дугаартай/, уг газар дээр байрлах 80 м.кв талбай бүхий хувийн орон сууц /улсын бүртгэлийн Ү-1520002485, гэрчилгээний 000061474 дугаартай/, 40 тооны ямаа, 150 тооны хонь, 2 тооны тэмээ, 7 тооны адуу, 13 тооны үхэр зэргийг барьцаалсан байна.

    Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т  заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөн хэдийгээр зээлийн гэрээний хугацаа 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр дуусах боловч зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, эргэн төлөлт хийхгүй байгаа нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын тайлбар, хэрэгт авагдсан зээлийн дансны хуулга зэргээр нотлогдож байх тул Хас банк гэрээг цуцалж, хариуцагч нараас үүргийн гүйцэтгэлийг хангуулах, мөн гэрээг цуцалснаас учирсан хохирол тус тус нэхэмжлэх эрхтэй байна.

       Хариуцагч нар Хас банкны нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэг болон нотариатын зардал нийт 25.665.431,66 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байгааг дурдах нь зүйтэй.  

      Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч Л.Ц, Б.С нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 19.889.468 төгрөг, зээлийн хүү 5.530.774,47 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 229.689,19 төгрөг, нотариатын зардал 15.500 төгрөг, нийт 25.665.431,66 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хас банкинд олгож шийдвэрлэлээ.  

       Түүнчлэн хариуцагч нар сайн дураар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2, 158 дугаар зүйлийн 158.1, 159 дүгээр зүйлийн 159.1, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч Л.Ц, Б.С нарын зээлийн барьцаанд тавьсан Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар баг, 01-05 тоотод байрлах, 772,1 м.кв талбай бүхий газар /улсын бүртгэлийн Г-1520001451, гэрчилгээний 000047351 дугаартай/, уг газар дээр байрлах 80 м.кв талбай бүхий хувийн орон сууц /улсын бүртгэлийн Ү-1520002485, гэрчилгээний 000061474 дугаартай/, 40 тооны ямаа, 150 тооны хонь, 2 тооны тэмээ, 7 тооны адуу, 13 тооны үхэр зэргээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй.

         Харин нэхэмжлэгч “зээлдэгч нарын бүх төрлийн бизнесийн орлогоос зээлийн төлбөрийг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх боловч хариуцагч Л.Ц, Б.С нар зээлийн барьцаанд тавьснаас өөр ямар бусад эд хөрөнгөтэй, бизнесийн орлоготой болох талаар нотлох баримт хэрэгт ирүүлээгүй, барьцааны гэрээнд “Бизнесийн орлого” барьцаалаагүй байна.  

      Нөгөө талаар, нэхэмжлэгч Хас банк, хариуцагч Л.Ц, Б.С нартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдахдаа банкны зүгээс тэднийг үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд банкны шаардлагыг хангах боломжтой үнийн дүн бүхий эд хөрөнгийг барьцаалан авсан нь дээрх гэрээнүүдээс тогтоогдож байгаа бөгөөд гэрээгээр тохиролцоогүй, Л.Ц, Б.С нарын зээлийн барьцаанд барьцаалаагүй “бүх төрлийн бизнесийн орлого”-оос шүүх үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзэж, нэхэмжлэлийн энэхүү хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.   

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Хас банкнаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 286.277 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Ц, Б.С нараас 286.277 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.   

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

       1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч Л.Ц, Б.С нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг болон нотариатын зардал нийт 25.665.431 /хорин таван сая зургаан зуун жаран таван мянга дөрвөн зуун гучин нэг/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хас банкинд олгосугай.

     2. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2, 158 дугаар зүйлийн 158.1, 159 дүгээр зүйлийн 159.1, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч Л.Ц, Б.С нарын зээлийн барьцаанд тавьсан Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар баг, 01-05 тоотод байрлах, 772,1 м.кв талбай бүхий газар /улсын бүртгэлийн Г-1520001451, гэрчилгээний 000047351 дугаартай/, уг газар дээр байрлах 80 м.кв талбай бүхий хувийн орон сууц /улсын бүртгэлийн Ү-1520002485, гэрчилгээний 000061474 дугаартай/, 40 тооны ямаа, 150 тооны хонь, 2 тооны тэмээ, 7 тооны адуу, 13 тооны үхэр зэрэг үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх “зээлдэгч нарын бүх төрлийн бизнесийн орлогоос зээлийн төлбөрийг гаргуулах тухай” хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.  

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Хас банкнаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 286.277 /хоёр зуун наян зургаан мянга хоёр зуун далан долоо/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Ц, Б.С нараас 286.277 /хоёр зуун наян зургаан мянга хоёр зуун далан долоо/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хас банкинд олгосугай.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

                                   ДАРГАЛАГЧ,

                                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Н.ГЭРЭЛТУЯА