Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2021/ШЦТ/763

 

 

                                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Баасандорж хөтлөн,

улсын яллагч Ц.Батбямба /томилолтоор/

шүүгдэгч Д.*******, түүний өмгөөлөгч П.Амгаланбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.*******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2102003810255 дугаартай эрүүгийн  хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 01 дүгээр сарын 04-нд Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, архитектур мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 3 настай охин, 5 настай хүүхдүүдийн хамт ******* дүүргийн *******, ******* ******* /*******/ *******од оршин суух бүртгэлтэй боловч одоогоор , оршин суудаг, урьд ял шийтгэлгүй /РД:УП/, ******* овогт *******ийн *******.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Шүүгдэгч Д.******* нь 2021 оны 8 дугаар сард Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай “конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж, бэлтгэж олж авсан,

Улмаар дээрх хууль бусаар түүж, олж авсан Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай “конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан делта 9 тетрагидроканнабинолын  агууламжтай өвс гэх нэршилтэй, 497 грамм цэвэр жинтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд өөрийн эзэмшлийн улсын дугаартай Тоёота Чейзер Х100 загварын тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.******* шүүх хуралдаанд “Дархан руу машин үзэх гэж яваад буцах замдаа тухайн өвсийг түүж авсан. Түүсэн өвсөө машинд үлдээсэн байхад хатчихсан болохоор нь нэг удаа хэрэглэсэн. Дахин мансууруулах бодис хэрэглэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 Хавтаст хэргээс:

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл“...Д.******* нь хар өнгийн савхин куртик, дотуураа хар өнгийн цамц, хар саарал өнгийн фудволк, цэнхэр өнгийн жинсэн өмд, саарал дотуур өмд, хар хөх өнгийн куртик, бор өнгийн пүүз, ногоон өнгийн оймс 26 настай, 176 см өндөртэй, 76 кг жинтэй гэх эрэгтэй хүн байх бөгөөд согтууруулах ундааны зүйл үнэртэхгүй байна. Д.*******ий биед үзлэг эхлэхийн өмнө түүнд ямар нэгэн хэрэгт сэрдэгдэн цагдаагийн байгууллагад хүргэгдэн ирсэн талаар нь тайлбарлаж түүнд өөрийн биед байгаа хууль бус эд зүйл, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг сайн дураараа гаргаж өгөхийн ач холбогдлыг тайлбарлав. Түүний өмсөж явсан хувцасны халаасанд үзлэг хийхэд ямар нэгэн хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй...” гэсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-19/

Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай “...1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 дугаар баганад 2 улаан зураас тодорч  сөрөг зураас 5 дугаар багананд 1 улаан зураас тодорч эерэг илэрснийг тэмдэглэлд тусгаж, Д.*******ий шээсийг хаяглаж, битүүмжлэн мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг агууламж илрэх эсэхийг тогтоолгохоор Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнд шинжээч томилж хүргүүлэхээр тогтоов...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 20-21/

Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 83-р байрны баруун хойд талд байрлах гараашны дунд зогсох улсын дугаартай Тоёота Чазер Х100 загварын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн “...суудлын хойд хэсэг арын салхины шилний дотор хэсэгт хар хөх өнгийн цүнхтэй өвс, ургамал мэт зүйл байсныг хураан авав...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 04-10/

Хураан авсан цүнхэнд үзлэг хийсэн “...Уг цүнхийг Д.*******өөр онгойлгуулж доторх эд зүйлсийг гаргуулахад хар өнгийн гялгар ууттай “өвс” мэт зүйлийг “1" гэж дугаарлаж, цэнхэр ууттай дотуураа цагаан өнгийн гялгар ууттай өвс” мэт зүйлийг “2” гэж дугаарлаж, /Реасе Теа/ гэсэн бичиглэлтэй хуванцар савтай “өвс” мэт зүйлийг “3” гэж дугаарлаж албаны цахилгаан жингээр жинлэхэд “1” гэж дугаарласан хар өнгийн гялгар ууттай өвс, ургамал мэт зүйл уутны хамт 145 грамм, “2” гэж дугаарласан цэнхэр өнгийн ууттай, дотуураа цагаан өнгийн гялгар ууттай өвс, ургамал мэт зүйл гялгар уутны хамт 356.4 грамм, “3” гэж дугаарласан /Реасе Теа/ гэсэн бичиглэлтэй хуванцар савтай өвс, ургамал мэт зүйл савны хамт 69.1 грамм жинтэй байсныг гэрэл зургаар бэхжүүлэв..” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-17/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 4143 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Д.******* /РД:УП/ 2021.09.06 гэж хаягласан шээсний дээжээс тетрагидрокканабинол /ТНС/ илэрсэн. Тетрагидрокканабинол /ТНС/ нь НҮБ-ын Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтад хамаарна.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 30-32/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 4144 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйлүүд нь шинжилгээнд тэнцэнэ. “1” гэж дугаарласан хар өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл, “2” гэж дугаарласан цэнхэр өнгийн гялгар ууттай /дотроо цагаан өнгийн гялгар ууттай/ ургамал мэт зүйл, “3” гэж дугаарласан хуванцар савтай ургамал мэт зүйл тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн. Дельта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна. “1” гэж дугаарласан хар өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 137.5 грамм, “2” гэж дугаарласан цэнхэр өнгийн гялгар ууттай /дотроо цагаан өнгийн гялгар ууттай/ ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 325.5 грамм, “3” гэж дугаарласан хуванцар савтай ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 34,0 грамм байсан ба шинжилгээнд 0,1 граммыг зарцуулав.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 35-39/

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн  тогтоолд “...ШШҮХ-ийн 4144 дугаартай дүгнэлтээр мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай нь тогтоогдсон 32-51 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслээс хураан авсан “1” гэж дугаарласан хар өнгийн гялгар ууттай цэвэр жин нь 137.5 грамм өвс мэт зүйл, “2” гэж дугаарласан цэнхэр өнгийн гялгар ууттай /дотроо цагаан өнгийн гялгар ууттай/ ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 325.5 грамм, “3” гэж дугаарласан хуванцар савтай ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 34,0 грамм савнаас гаргаж тунгалаг гялгар уутанд савны хамт хийсэн ургамал мэт зүйлийг эд мөрийн баримтаар тооцсугай” гэсэн тогтоол /хх-ийн 67/

Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчдийн 773 дугаартай “Д.******* нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Д.******* нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Д.******* нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Д.******* эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Д.******* нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Д.******* нь мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 80-81/

Дамно ХХК-ийн автомашинд үнэлгээ хийсэн “...Тоёота Чейзер Х100 маркийн тээврийн хэрэгсэл 2.833.976 төгрөг” гэсэн дүгнэлт /хх-ийн 73-76/

улсын дугаартай Тоёота Чейзер Х100 маркийн тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 47/  

Яллагдагчаар Д.******* мөрдөн байцаалтанд “...Өмнө нь өгсөн мэдүүлэгтээ болсон асуудлын талаар дэлгэрэнгүй ярьсан. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би Дарханы зам дээрээс 8 дугаар сард өөрөө түүж ирсэн. Түүж ирсэн цүнхэн дотроо өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд хадгалж байсан. Түүж ирээд машин дотроо ууттай нь амыг нь дэлгээд үлдээхэд хэсэг хугацааны дараа өвс хатчихсан байсан. Анх удаа ийм гэмт хэрэгт холбогдсондоо маш их харамсаж байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 62/, болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор түүний иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 50/,  ял шалгах хуудас /хх-ийн 41/,  зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүхийн дүгнэлт

Шүүгдэгч Д.******* нь 2021 оны 8 дугаар сард Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай өвс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж, бэлтгэж олж авсан,

Улмаар дээрх хууль бусаар түүж, олж авсан Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан делта 9 тетрагидроканнабинолын  агууламжтай өвс гэх нэршилтэй, 497 грамм цэвэр жинтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд өөрийн эзэмшлийн улсын дугаартай Тоёота Чейзер Х100 загварын тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн Д.*******ий “...Би Дарханы зам дээрээс 8 дугаар сард өөрөө түүж ирсэн. Түүж ирсэн цүнхэн дотроо өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд хадгалж байсан. Түүж ирээд машин дотроо ууттай нь амыг нь дэлгээд үлдээхэд хэсэг хугацааны дараа өвс хатчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 62/, Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай гэсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-20/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 4143 дугаартай дүгнэлт гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 30-32/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 4144 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 35-36, 37-39/, Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 67/, Хураан авсан цүнхэнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-17/, Тоёота Чазер Х100 загварын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 04-10/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай учир тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамааруулж үндэсний хууль тогтоомж болон Олон улсын гэрээ, конвенцид заасан.

Иймээс энэ төрлийн эм, бэлдмэл, бодисыг хууль ёсны буюу зөвхөн зохих байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нийлүүлэх, онцгой тохиолдолд хувь хүмүүст эмнэлгийн зорилгоор хэрэглэхэд зориулж эмчийн жороор, эрүүл мэндийг хариуцдаг эрх бүхий байгууллагаас томилсон тусгай зөвшөөрөл бүхий зөвхөн эмийн сан, эмнэлгийн байгууллагаар дамжуулан олж авахаас бусад аргаар олж авсныг хууль бус гэж үзнэ.

Түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж үзнэ.

Байгальд ургадаг мансууруулах үйлчилгээ бүхий ургамлыг түүж цуглуулах, тарьж ургуулах, хураан авах, цэвэршүүлэх, дахин боловсруулж хувирган өөрчлөх, бэлэн бүтээгдэхүүн, түүхий эд хэлбэрээр гаргаж авахыг “хууль бусаар бэлтгэсэн” гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Д.******* нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн олж авсан, хадгалсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тооцогдоно.      

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Д.*******ийг  “мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, олж авсан, хадгалсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч хэргийн үйл баримт, хэргийн зүйлчлэл, гэм буруу дээр маргаж, мэтгэлцээгүй хүлээн зөвшөөрч оролцов. 

Хяналтын прокуророос Д.*******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон гэж шүүх дүгнэж, улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх тул шүүх хүлээн авч шүүгдэгч Д.*******ийг мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, олж авсан, хадгалсан  гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ял оногдуулах” шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ял оноож өгнө үү...” гэсэн санал дүгнэлтүүдийг тус тус гаргалаа.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.*******д Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгч Д.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тус тус тогтоогдоогүй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг нь хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байхыг шаардах бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийн хувьд бусдад төлөх бодит хохиролгүй боловч олон нийтийн аюулгүй байдалд хохирол, хор уршиг учруулах нөхөн төлөх боломжгүй хор уршигтай тул бусдад төлөх бодит хохиролгүй үндэслэлээр шүүгдэгч Д.*******д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж зааснаас тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын болон хор уршгийн шинж чанарыг харгалзан хорих ялыг сонгож, шүүгдэгч Д.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар /1/ нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулав.

Иймд өмгөөлөгчөөс гаргасан “...хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, эхсүл зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү” санал дүгнэлтийг шүүх хүлээн аваагүй болно.

Шүүгдэгч Д.*******д оногдуулсан хорих ялыг түүний анх удаа гэмт хэрэг үйлдэж, үйлдсэн гэмт хэргийнхээ талаар шударгаар мэдүүлж, гэмшиж байгаа хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно гэж заасан байна.

Энэ хэргийн хувьд Д.******* нь хууль бусаар түүж бэлтгэсэн мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг өөрийн эзэмшил, өмчлөлийн 2.833.976 төгрөгийн үнэлгээ бүхий улсын дугаартай Тоёота Чизер Х100 тээврийн хэрэгсэлд хадгалж байсан нь тухайн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 04-10/, уг тээврийн хэрэгслээс хураан авсан цүнхэнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-17/, шинжээчийн 4144 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 35-39/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн  тогтоол /хх-ийн 67/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон тул тухайн автомашиныг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл гэж үзнэ.

Иймд хяналтын прокурорын 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 37 дугаартай тогтоолоор битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж, ******* дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн Ерөнхий газрын харьяа Санхүү хяналтын хэлтсийн хашаанд байгаа шүүгдэгч Д.*******ий эзэмшлийн улсын дугаартай Тоёота Чейзер Х100 маркийн тээврийн хэрэгслийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хураан авч улсын төсөвт шилжүүлэхээр шүүх шийдвэрлэв.

Хяналтын прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “1” гэж дугаарласан хар өнгийн гялгар ууттай цэвэр жин нь 137.5 грамм өвс мэт зүйл, “2” гэж дугаарласан цэнхэр өнгийн гялгар ууттай /дотроо цагаан өнгийн гялгар ууттай/ ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 325.5 грамм, “3” гэж дугаарласан хуванцар савтай ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 34,0 грамм савнаас гаргаж тунгалаг гялгар уутанд савны хамт хийсэн ургамал мэт зүйлийг Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгааг дурдсан байна.

Эдгээр эд мөрийн баримтуудыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, шилжүүлсэн эд мөрийн баримтын жагсаалт болон хэрхэн устгагдсан баримтыг хэрэгт хавсаргахыг Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгав.

Мөрдөн шалгах ажиллагаануудыг бэхжүүлсэн бичлэг бүхий сиди хоёр ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар тогтоов.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг үгүй, шүүгдэгч Д.******* цагдан хоригдсон хоноггүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ нь:

1. ******* овогт *******ийн *******ийг үргэлжилсэн үйлдлээр мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Д.*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Д.*******д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Д.******* бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэргийн хамт ирүүлсэн бичлэг бүхий сиди хоёр ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

5. Д.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн тоолсугай.   

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа “1” гэж дугаарласан хар өнгийн гялгар ууттай цэвэр жин нь 137.5 грамм өвс мэт зүйл, “2” гэж дугаарласан цэнхэр өнгийн гялгар ууттай /дотроо цагаан өнгийн гялгар ууттай/ ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 325.5 грамм, “3” гэж дугаарласан хуванцар савтай ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 34,0 грамм савнаас гаргаж тунгалаг гялгар уутанд савны хамт хийсэн ургамал мэт зүйлсийг тус тус устгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, шилжүүлсэн эд мөрийн баримтын жагсаалт болон хэрхэн устгагдсан баримтыг хэрэгт хавсаргахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгасугай. 

7. Д.*******ий өмчлөлийн улсын дугаартай Тоёота Чейзер Х100 загварын 2.833.976 төгрөгийн үнэлгээ бүхий автомашиныг битүүмжилсэн  прокурорын тогтоолыг хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар улсын төсөвт шилжүүлэх ажиллагаа хийхийг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.     

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.*******ийг цагдан хорьсныг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                       

 

                                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ц.ДАЙРИЙЖАВ