Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 702

 

            Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

          Нэхэмжлэгч: Б.М-ын нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Б.Ц-д холбогдох,  

        Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цагцалмаа, хариуцагч Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тамираа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

         Нэхэмжлэгч Б.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Б.М эхнэр Б.Ц-тай сургуульд байхаасаа үерхэж байгаад 2002 онд сайн дурын үндсэн дээр гэр бүл болсон. Бид хоёр оюутан байхдаа 2002 онд охин М.С-ийг төрүүлсэн. Бид хоёр эхний 3-4 жил хэл, ам хэрүүл маргаангүй сайхан амьдарч байсан. Тэгээд 2010 онд хувийн хашаа, өөрийн гэрээ зараад 35 сая төгрөгөөр 2 өрөө байр худалдаж авсан. Би 3 дугаар 10 жилийн сургуульд багшийн ажил хийдэг, хүн шиг сайхан, тав тухтай орчинд амьдрах хүсэл мөрөөдлөөр байр худалдан авсан. Байранд ороод 1-2 жилийн дараа эхнэрийн ааш зан эвдэрч өглөө, орой гадуур явах, хэл ам хэрүүл маргаан хийх зэрэг асуудал гаргадаг болсноос болж бид хоёрын дунд нэгнийгээ үл ойлголцох явдал гарч эхэлсэн. Би гэрээс явснаас хойш 3 жил гаруй хугацаанд ээжтэйгээ цуг амьдарч байгаад эхнэр, хүүхэдтэй болсон. 2010 онд байр худалдаж авснаас хойш байрны зээлээ би өөрөө төлсөөр ирсэн. Би гэрээсээ гарахдаа худалдан авсан орон сууц, Хонда-Фит 12-21 УВХ маркийн авто машинаа эхнэртээ өгсөн. Миний хувьд эд хөрөнгийн маргаан байхгүй. Шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид гомдол гаргасан боловч амжилтгүй болсон. Би залуу хүн бас амьдрал зохиож, хүүхэдтэй болсон тул Б.Ц бид хоёрын гэрлэлтийг хуулийн дагуу цуцалж өгнө үү. Хариуцагчийн гаргаж байгаа сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байна” гэжээ.   

       Хариуцагч Б.Ц шүүхэд гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: “Б.М-ын нэхэмжлэлтэй танилцлаа. Бидний охин М.С нь одоо 15 настай. Аав, ээжтэйгээ хамт амьдрахыг хүсдэг. Охиноо өнчрүүлэхийг би хүсэхгүй байна. ... Бид шүүхээс өгсөн эвлэрэн хэлэлцэх нэг сарын хугацаанд орон сууц болон бусад асуудлын талаар харилцан ярилцаж тохиролцсон. Одоо гэрлэлт цуцлахыг хүлээн зөвшөөрч байна. Харин би охиноо 18 нас хүртэл нь хуулийн дагуу тэтгэлэг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Өөр маргаан байхгүй” гэжээ.

          Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

      Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч Б.Ц-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан “Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.    

        Гэрлэгчид 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч уг ажиллагаа амжилтгүй болж, нэхэмжлэгч нь шүүхэд ханджээ. Өөрөөр хэлбэл, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэглэсэн байх тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хуульд заасан журмын дагуу хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

       Нэхэмжлэгч, хариуцагч нар 2002 оны 7 дугаар сарын 30-ний өдөр гэр бүл болж, тэдний дундаас 2002 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр охин  овогтой М-ын С төрсөн болох нь талуудын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн  лавлагаа болон хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудаар тогтоогдож байна.   

        Хэдийгээр охин М.С шүүхэд өгсөн саналдаа “Эцэг, эхийн хамтаар амьдрах хүсэлтэй байна” гэсэн боловч нэхэмжлэгч, хариуцагч нар 2014 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа, шүүхээс эвлэрэн хэлэлцэх хугацаа өгсөн ч амжилтгүй болсон, нэхэмжлэгч нь өөр гэр бүлтэй болсон гэх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Б.М, Б.Ц нарын гэрлэлтийг цуцалж шийдвэрлэлээ.

       Мөн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин М.Сарангэрэлийг 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Б.М-оор тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

       Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б.М-оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөг, хариуцагч Б.Ц-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 46.918 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ц-с 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.М-д, нэхэмжлэгч Б.М-с 46.918 төгрөгийг гаргуулж хариуцагч Б.Ц нарт тус тус олгох нь зүйтэй.

          Хэдийгээр шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж шийдвэрлэсэн боловч Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглодог болохыг дурдав.  

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

        1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Б.М, Б.Ц нарын гэрлэлтийг цуцалсугай.

        2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин М.С-ийг 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Б.М-р тэжээн тэтгүүлсүгэй.

        3. Зохигчид эд хөрөнгийн болон бусад маргаангүй гэснийг дурдсугай.

     4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглодог болохыг дурдсугай.

       5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б.М-с улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөг, хариуцагч Б.Ц-с улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46.918 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ц-с 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.М-д, нэхэмжлэгч Б.М-с 46.918 төгрөгийг гаргуулж хариуцагч Б.Ц нарт тус тус олгосугай.    

         6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газрын Иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг Ерөнхий шүүгчийн туслах Б.Сарантуяад даалгасугай.  

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

                                       ДАРГАЛАГЧ,

                                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Н.ГЭРЭЛТУЯА